Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтайваны Чингис |
Хэргийн индекс | 105/2022/0020/Э |
Дугаар | 2022/ШЦТ/29 |
Огноо | 2021-12-27 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/29
g
2021 12 27 2022/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
улсын яллагч Б.Батцэцэг,
шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Э-, Э.Амархүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 2106 02752 2234 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Монгол Майнинг” ХХК-д хангамжийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн наадамчдын зам гудамжны 404 дүгээр байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай хх000000, А ургийн овгийн Н-ын Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Э-той маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөн, эрүүл мэндэд нь “биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны эвэрлэг, склерийн урагдалт, судсан бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөнх мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-8-9, 11-14/, гэрч М.Төрболдын өгсөн мэдүүлэг /хх-33-34/, гэрч Б.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-37-38/, гэрч Э.Төрбаатарын өгсөн мэдүүлэг /хх-29-30/, гэрч Ц.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-16-18/, гэрч Ч.Баатарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч Д.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, гэрэл зураг гэх баримтууд /хх-43, 57-92/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7271 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-47-49/, шүүгдэгч Н.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээсэн байсан эсэхийг шалгах хуудас /хх-110/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Э-ы 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Э-той маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөн, эрүүл мэндэд нь “биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны эвэрлэг, склерийн урагдалт, судсан бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э-ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны үүрээр даараад машиндаа очиж унтъя, машин онгорхой гэж бодоод машин дээрээ очиход, машин байхгүй байхаар нь би гайхаад машинаа хайгаад явж байхад үл таних 30 орчим насны 2 залуу халамцуу та юу хайгаад яваад байгаа юм бэ? гэхээр нь ах нь машинаа хойно тавьсан чинь машинаа олохгүй байна гэж хэлэхэд, өөдөөс машиныг чинь аваад ирж болно шүү дээ гэж нэг нь хэлээд миний машиныг аваад ирсэн. Би ашгүй гэхэд машиныг чинь өгөхгүй, чи харах царайны хужаа зүстэй, хятадын эрлийз байна гэж хэлсэн. Би тэр хоёртой муудах сонирхол байхгүй байсан бөгөөд дүү нар минь та нар миний хүүхэд шиг хүн байна гэж хэлэхэд “битгий хуц харах царайны хятадын эрлийз хужаа зүстэй, хужаа чамайг ална” гээд тэр хоёр над руу дайраад, цамцны захаас нэг нь зуураад татаад нөгөө нь миний доор унахад, нөгөө залуу хажуугаас өшиглөөд зулгаагаад байсан. Би тэр хоёрт нэг ч удаа гар хүрээгүй бөгөөд Энхсайхан гэдэг шар залуу нь намайг тонгойгоод газар сууж байгаад босохын өмнө миний баруун нүд рүү өшиглөөд ална гэж дайраад би нүд сохлоод хаячихлаа, цагдаа дуудна гэхэд хохино гэж хэлсэн, ...цагдаа тухайн 2 залууг авч явсан, би нүд өвдөөд байхаар нь Хөлөнбуйрын багийн дарга, найзын гэрт цагдаагаар хүргүүлээд, манай эхнэр ирээд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өглөө ирсэн... Энхсайхан заамдсан гараараа угз татсан чинь миний өмсөж байсан фудволк урагдсан, хийндээ хойшоо саваад унасан, би дээрээс нь давхарлаад газар унасан. ...тэгсэн араас нэг залуу нь нуруу руу 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн нөгөө залуу нь намайг хажуу тийшээ татаад, Энхсайханы дээрээс буулгасан. Би босч амжаагүй байхад Энхсайхан гэх залуу босч ирээд чамайг ална гээд баруун нүд рүү өшиглөсөн чинь час гээд явчихсан. Миний баруун талын нүднээс шингэн юм гоожоод байхаар нь нүдээ гараараа дарсан чинь цус гараад байсан, юм харах гэсэн чинь харж чадахгүй болчихсон. ...2 дугаар эмнэлгийн эмч Батжаргал гэх хүнд үзүүлсэн. Эмч надад хэлэхдээ яаралтай хагалгаанд орох хэрэгтэй, айхтар гэмтсэн байна гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ...’’Сондро” нэртэй эмнэлэгт Мөнхзаяа эмчид үзүүлсэн. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Окулопластик” нэртэй эмнэлэгт хагалгаанд орсон. ...Энхсайхан, Баатарсүрэн нар нь архи уух нь уусан байсан, би өөрөө уусан байсан, ...би баруун нүдэндээ гэмтэл авч байгаагүй, харин баруун нүдэндээ болор суулгасан. ...нэг л удаа өшиглөсөн. Миний нуруунд гэмтэл шарх учраагүй.” гэх мэдүүлэг /хх-8-9, 11-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Төрболдын өгсөн мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн орчимд сумын төвийн урд хүмүүс зодолдоод, нүд сохолчихлоо гэсэн дуудлага надад өгсөн. ...ахлах дэслэгч Г.Ууганбаярт хэлээд бид хоёр хамт очсон. Хохирогч Б.Э-ыг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Бид хоёр сумын багийн дарга Батдуламын гэрт нь аваачиж өгөөд ...пост руугаа явсан. ...Б.Э- гэх хүн нь миний линзтэй нүдийг өшиглөөд сохолчихлоо гэж байсан. Баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Н.Э, Ч.Баатарсүрэн нарын биед ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-33-34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ууганбаярын өгсөн мэдүүлэхдээ: “...Б.Э- нь ...зодсон гэх Энхсайханыг өөрөө зааж өгсөн. Энхсайхантай уулзаж болсон асуудлыг тодруулахад, энэ хүн шөнө согтуу машинаа бариад явна гээд байхаар нь түлхүүрийг нь авсан чинь над руу агсраад намайг цохихоор нь би нүүр лүү нь өшиглөсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Төрбаатарын өгсөн мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн өглөөний 08 цагт ажил дээрээ ирэхэд, манай эмнэлгийн хүлээн авах дээр хүнд зодуулсан, нүд рүүгээ цохиулсан гээд Б.Э- гэх хүн ирсэн байхаар нь үзлэг хийхэд, ухаан эрүүл, баруун нүд хавдсан, баруун нүдний хүүхэн хараа гэрлийн урвалгүй, ...биед ил харагдах шарх сорви байгаагүй бөгөөд баруун нүд нь зовхио дагаад бага зэргийн цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 09 цаг 56 минутад иргэн Б.Э- нь надад үзүүлсэн. Үзлэгээр баруун харахгүй, зовхи хавдаж хавагнасан, хөхрөлт, няцралттай, нүдний алим хагарч урагдсан, нүдэнд битүү цус хурсан, нүдний даралт унасан байдалтай байсан. Тэр өдрөө яаралтай журмаар шархны анхдагч цэгцлэлт мэс засал хийсэн. Мохоо зүйлийн хүчтэй цохилтоор үүсдэг гэмтэл. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн болрын мэс заслын хагалгаанд одоо үүссэн дээрх гэмтэл ямар ч хамааралгүй. Нүдний шинэ гэмтэл байсан. ...эхний мэс заслын дараа нь нүдний бүтэц, үйл ажиллагаа нь сэргэхгүй, үрэвсэл, өвдөлт нэмэгдсэн, хараа сэргэх бололцоогүй болсон бөгөөд байнгын тогтвортой өвдөлт зовуурьтай энэхүү байдал нь нөгөө нүдэндээ нөлөөлөх өндөр эрсдэл үүссэн учраас нүдний алим ширгээх 1 нүдийг авах мэс заслыг хийлгэхээр мэргэшсэн эмчид илгээсэн...” гэх мэдүүлэг /хх-16-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Баатарсүрэнгийн өгсөн мэдүүлэхдээ: “...тэр ах миний машины урд салон дээр байсан өөрийнхөө машины түлхүүрийг авч цааш явахад, Энхсайхан араас нь очиж барьж автал тэр ах Энхсайханг газарт унагаасан. Би очоод тэр ахыг Энхсайханы дээр гарсан байхад нь холдуулж Энхсайханг татаж босгоход Энхсайхан баруун хөлөөрөө нөгөө ахын нүүрэн хэсэгт өшиглөсөн. Тэр хавьд явж байсан үл таних 2 хүн Энхсайханг цааш авч явсан. Би нөгөө ахыг хартал нүднээс нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/,
Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, гэрэл зураг гэх баримтууд /хх-43, 57-92/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 7271 дугаартай шинжээчийн:
1. “Б.Э-ын биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны эвэрлэг, склерийн урагдалт, судсан бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-47-49/,
Шүүгдэгч Н.Э-ы эрүүгийн хариуцлага хүлээсэн байсан эсэхийг шалгах хуудас /хх-110/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 08 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Э-той маргалдан улмаар нүүрэн тус газар нь өшиглөн, эрүүл мэндэд нь “биед баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны нэвт гэмтэл, баруун нүдний алимны эвэрлэг, склерийн урагдалт, судсан бүрхүүлийн хавчуулагдалт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэгт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Хохирогч Б.Э-ын зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч Н.Э нь хохирол төлбөрт 14.000.000 төгрөг төлсөн. Мөн хохирогч нь гомдол, саналгүй эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх байдлаар шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Хохирогч Б.Э- нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ургийн овгийн Н-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Н.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС