Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01712

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01712

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхон, ..дугаар байрны .. тоотод оршин суух, эрэгтэй, 31 настай, Эх мэргэд ургийн овогт Э.Т-н,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг /цаашид “УБТЗ” ХНН гэх/-т холбогдох,

         Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Т, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, С.Наранбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Э овогтой Тнь 2014 онд УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилд орж, ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэж ирсэн. Намайг ажиллах хугацаанд ажлын байрны хууль бус дарамт шахалтыг байнга үзүүлдэг байснаас болж би сэтгэл санаа, ажлын байрандаа байнгын хямралтай ажиллаж байсан. Энэ дарамт шахалт хэрээс хэтэрч намайг хуулийн үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдууллаа. УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсан. Энэхүү тушаалаар миний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоогүй асуудлаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халж, хууль ёсны эрх ашиг сонирхлыг маань ноцтойгоор хохироосонд гомдолтой байна. Уг тушаалд “Удаа дараа сахилгын зөрчлийг давтан гаргасан, сахилгын зөрчилтэй байх хугацаандаа бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь Цагдаагийн байгууллагаар шалгагдан тогтоогдож, төмөр замын болон харуул хамгаалалтын ажилтны ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан тул... ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн байдаг. Тушаалын нэг дэх заалтанд удаа дараа сахилгын зөрчил ногдуулсан талаар би өнөөдрийг хүртэл мэдэх, ойлгох зүйл байдаггүй. Урьд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрийг надад танилцуулан гардуулж, юунд буруутгасан талаар хэлж ярьсан тохиолдол байхгүй. Иймд удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийгөө ямар зөрчил гарган хэрхэн буруутгагдсанаа мэдэж байж түүнд гомдол гаргах эрхтэй гэж бодож байна. Мөн бусдын эд зүйлийг хулгайлсан гэж үзэж ажлаас халж буйд үнэхээр гомдолтой байдаг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүх тогтооно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалттай. Бусдын эд зүйлийг хулгайлсан хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж Монгол Улсын шүүхийн шийдвэргүйгээр тогтоож, гэмт хэрэгтэн болгон миний нэр төрд халдсан, хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироосон шийдвэрийг гаргасан.

Миний хувийн алдаан дээр үндэслэж намайг буруутгадаг байсан. Албаны дарга салааны дарга нарынхаа үгэнд ороод ажилчдынхаа үгийг үл ойшоодог байсан. Миний халагдах болсон үндэслэл нь бусдын эд зүйлсийг хулгайлсан нь цагдаагийн байгууллагаар тогтоогдож харуул хамгаалалтын ажилтны ёс зүйд нийцэхгүй үйлдэл гаргасан гэснийг би эсэргүүцэж байна. Би иргэн хүнийхээ хувьд тухайн үед Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд 263 дугаар галт тэргэнд зорчиж байсан. Би нийгмийн харилцаанд орж, галт тэргэнд үйлчлүүлээд явж байсан. Намайг удаа дараа сахилгын шийтгэл авсан гэж байгаа боловч УБТЗ-Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 5.2 дахь заалтанд ачаа хамгаалагч, паркын харуулуудын товыг тодорхойлж, анги салааны дарга ээлжийн ахлагч нар товыг тодорхойлж, ачааны дарааллыг мэдэгдэх ёстой гэж заасан байдаг. Намайг 1 жил гаруй хугацаанд ажиллахад Дархан хотод ийм ажиллагаа хийгдээгүй. Бид өөрсдөө утсаар ярьж ажлаа амжуулдаг байсан. Дандаа хугацаа тулгаж биднийг дууддаг байсан. Хэрэгт байгаа тодорхойлолтуудыг Дархан цэрэгжүүлэлтийн албаны дарга н.Гансүх намайг тодорхойлолт бичиж өгөхөөр “болохгүй байна” гээд өөрөө үг хэлж бичүүлдэг байсан. Мөн намайг цагдаа нартай найзлахгүй гэж тодорхойлолт хүртэл бичүүлж авч байсан. Намайг 2 сард ээлжийн амралттай байхад хүртэл сахилгын арга хэмжээ авсан. Ямар шалтгаанаар ингэж ханддаг байсныг мэдэхгүй. Би ажилтай байвал болох байх, бүтэх байх гээд дуугүй явж байгаад өнөөдөр ажлаас халагдсан. Би сарын 800,000 төгрөгийн цалинтай байсан тул дундаж цалингаа энэ хэмжээгээр тооцон 1,600,000 төгрөг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна. Би хүний коридорт байсан түрийвчийг олоод, аваад буучихсан нь миний амьдралдаа хийсэн ганц том алдаа юм. Энэ алдаандаа гэмшиж байгаа. Би хулгай хийгээгүй. Цагдаа намайг хулгай хийсэн гэж тулгасаар байгаад Эрүүгийн хуулийн 145.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний цалинг 8 сар дарааллан хасахаар нь би албаны дарга дээр ороход “ажиллаж чадахгүй бол зайл” гэж хэлж байсан. Би шинэ ажилтанд хатуурхаж байгаа юм боловч уу гэж бодоод тухайн үед гомдол гаргалгүй гүрийгээд яваад байсан. Намайг дандаа хална гэж сүрдүүлдэг байсан. Би нийгмийн даатгалын дэвтрээ гэнэт халагдсаны тэтгэмж авах гээд Нийгмийн даатгалд өгсөн байгаа гэв.

Хариуцагч “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.Т нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн албаны даргын №138 тоот тушаалаар ачааны дараалал зөрчин ажил тасалж үндсэн цалинг 1 сар 20% бууруулах сахилгын шийтгэл, 2016 оны 8 дугаар сард ажил таслах зөрчлийг давтан гаргасан. Э.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар “Захиргааны санаачилгаар шууд цуцлах үндэслэл” буюу 6.3-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах сахилгын зөрчлийг жилийн дотор давтан гаргасан бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлахаар заагдсан байдаг. Тухайн үел албаны дарга уулзаж ярилцсаны эцэст Э.Тулгыг ажлаас халах ёстой байсан ч 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 216 тоот тушаалаар үндсэн цалинг 2 сар 20% бууруулах сахилгын шийтгэл болгон өөрчилсөн юм. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны 261 тоот тушаалаар ажлын технологи, галт зэвсэг хүлээлцэх журам зөрчсөн шалтгаанаар мөн үндсэн цалинг 1 сар 20% бууруулах сахилгын шийтгэл авагдсан байна. Төмөр зам дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэгчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3 тоот мэдэгдэл, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 68 тоот, Тээврийн прокурорын тогтоолоор Э.Т нь 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатараас Сүхбаатарын чиглэлийн 263 дугаар галт тэрэгний 3 дугаар вагоны 9 дүгээр байрны зорчигч Э.Билгүүний 90,000 төгрөг, 38,000 рубль, 1 ам.доллар бүхий түрийвчтэй эд зүйлийг хулгайлсан болох нь хохирогч Э.Билгүүн, Э.Тн нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Э.Т нь сахилгын зөрчил давтан гаргасан., сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаандаа бусдын эд зүйлийг хулгайлсан нь тогтоогдсон ч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Сахилгын зөрчил гаргаж байснаа Э.Т мэдэж байсан бөгөөд сахилгын шийтгэлийг тэр болгон ногдуулж байгаагүй. Шагналт цалингаас 5-10 хувиар хасч байсан байх. Шагналт цалин хассан нь сахилгын зөрчил гэж тооцоогүй. Шийтгэл ногдуулсан сахилгын зөрчлийг харахад 1 жилийн дотор 3,4 удаа сахилгын зөрчил гаргасан байдаг. Энэ нь Э.Тулгыг хийж байгаа ажилдаа хариуцлагагүй, хамгаалагчийн ажилд тэнцэхгүй гэдгийг харуулж байна. Байгууллага бол энэ хүнийг харж үзсэн байдаг. Сахилгын зөрчлийг давтан гаргасан бол захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болдог. 2 дахь удаа ачааны дараалал зөрчихөд ажлаас халагдах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй байсан боловч түүнийг харж үзсэн байхад энэ хүн засрах нь бүү хэл, хүний эд зүйл хулгайлсан тул цаашид ажиллуулах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ачаа хамгаалагчийн зааврын дагуу ачааны дарааллыг хэлж хувийн бэлтгэлийг хангуулах ёстой гэж нэхэмжлэгч хэлж байгаа боловч 1 цаг 30 минутын өмнө утас руу нь залгахаар утсаа салгасан байдаг. 24 цаг амарсан, хамгаалалтын ажил гэнэт ачаа буудаг, хэзээ ч дуудаж магадгүй тул байгууллагаас өгсөн утсыг байнга нээлттэй байлгах үүрэгтэй байдаг. Гэтэл Э.Т дуртай үедээ утсаа нээгээд, дургүй үедээ утсаа хаагаад явчихдаг байсан. Энэ нь ачааны дараалал зөрчигдөх, ачаа хамгаалалтгүй явах эрсдлийг хүлээж байдаг. Мөн галт зэвсгийн журам зөрчиж сум алга болгож нуун дарагдуулсан тул сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Наранбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Э.Тулгын хувьд 2015 оноос ажилд орсон. Хувь хүний хувьд цагаахан, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэдэг байсан. Өөрөө “ажил үүргээ алдаагүй гүйцэтгэдэг байсан” гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар хэрхэн ажил үүргээ гүйцэтгэдэг байсан гэдэг нь харагдаж байна. Нэг жишээ хэлэхэд хулгайн хэргээр шалгагдаж, цагдаад мэдүүлэг өгч байхдаа “Хэрвээ тэнд 3000 ам.доллар байсан бол энэ мөрдсийг урж хаяад гадагшаа гараад зугтахад бэлэн байсан” гэсэн тайлбар өгсөн нь энэ хүний ямар ёс зүйтэй вэ гэдгийг харуулж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч “УБТЗ” ХНН-д холбогдуулан, “УБТЗ”-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Ачаа хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,600,000 төгрөг гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 Хариуцагч “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Э.Тулгыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажлын технологи, галт зэвсэг хүлээлцэх журам зөрчсөн бөгөөд сахилгын зөрчилтэй байх хугацаандаа бусдын эд зүйл хулгайлсан болох нь тогтоогдсон учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй болсон гэж тайлбарлан маргасан.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч Э.Т нь 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс “УБТЗ” ХНН-д ажиллаж эхэлсэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй ч хариуцагч талаас үүнтэй маргаагүй бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан “Зааварчилгааны хяналтын хуудас”, зааварчилгаа, дүрэм танилцуулсан маягт, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтооогдож байна.

Э.Т нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-гээр “УБТЗ” ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны ачаа хамгаалагчаар томилогдон ажиллаж, тийнхүү ажиллах хугацаандаа УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргын 2016 оны 5 дугаар 12-ны өдрийн 138, мөн оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 216 дугаар тушаалуудаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ачааны дараалал зөрчиж ажил тасалсан” сахилгын зөрчилд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 261 дүгээр тушаалаар “ажлын технологи, галт зэвсэг хүлээлцэх журам зөрчсөн” гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус хүлээж, улмаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, албаны Ёс зүйн дүрмийн 2.2, 2.3, 4.7 дахь заалтуудыг үндэслэн Э.Тулгыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 17-23/   

         Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Э.Тулгыг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 56 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гомдлоо 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

         Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч, өөрт өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэрүүдтэй танилцаж байгаагүй учир  удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж, мөн бусдын эд зүйлийг хулгайлсан гэх үндэслэлийг тухайн үед ажил үүргээ гүйцэтгээгүй байсан бөгөөд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн болгосонд гомдолтой гэж тайлбарласан.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс нэхэмжлэгч Э.Тулгыг сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан болох нь тогтоогдсон гэж тайлбарлан, түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд болон Э.Тулгын өөрийнх нь бичсэн тодорхойлолт хүсэлтүүд, байгууллагын дотодо дүрэм, ёс зүйн дүрэм зэргийг нотлох баримтаар гарган, тэдгээрийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ... бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно” гэж заасан. Хуульд зааснаар сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тэдгээрт заавал сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардахгүй.

         Нэхэмжлэгч нь Дархан цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ачаа хамгаалагчаар томилогдон ажилласнаас хойш хэд хэдэн удаа сахилгын зөрчил гаргаж, үндсэн цалингаас тодорхой хувийн суутгал хийх арга хэмжээ авагдаж байсан болох нь зохигчдын тайлбар, түүнд сахилгын шийтгэл ногдуулж байсан тушаалууд, Э.Тулгын гаргаж байсан тодорхойлолт, баталгаа, тайлбар, Э.Тд сахилгын арга хэмжээ авахуулах тухай санал, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгүүдэд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн байна. /хх 21, 43-46, 47/

         Дээрх “тайлбар, баталгаа, тодорхойлолт” гэх гар бичмэлүүдийг нэхэмжлэгч Э.Т өөрөө бичээгүй гэж, мөн Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ёс зүйн дүрэмтэй танилцаагүй, хэрэгт авагдсан танилцуулсан гэх маягтад зурагдсан гарын үсэг өөрийнх нь биш гэж маргах боловч өөрийн тайлбар, татгалзлыг баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “УБТЗ” ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ачаа хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг “УБТЗ” ХНН-д даалгах тухай Э.Тулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ                А.САРАНТУЯА