| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0242/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/310 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/310
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Г.Э
Хэлмэрч Б.Б
Хохирогч Б.Ө, өмгөөлөгч Д.О
Шүүгдэгч Ж.М, өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Мод холбогдох эрүүгийн 2125001180280 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б ургийн, Ж-ны М /ИИ93090612/,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Мыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж 106-6 тоот хашааны гадна гудамжинд иргэн Б.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ж.Мын мэдүүлсэн: 2021 оны 3 дугаар сарын 18-нд гэртээ байхад баяр тэмдэглэе гэж дуудаад Снд очсон. Ө, С 2 миний утсыг авч явсан би араас нь очиж утсаа нэхэж Өлзийбуян бид 2 ноцолдож зодолдсон. Удаан хугацааны дараа миний утсыг гаргаж өгсөн. Миний утсыг хулгайлсан хэрэг гэж үзэж байна. Бид ноцолдож хамт давхаралдаж унасан. Миний буруу. Гэмтэл учруулсан буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Өгийн мэдүүлсэн:Тэр орой уусан. Эхнэр бид 2 гараад гэр рүүгээ явах гэтэл М “утас хаана байна” гээд мэдэхгүй гэхэд хэрүүл зодоон болсон. Би Мод цохиулаад 5 минут ухаангүй хэвтсэн. Сүрэнжавынд сэргэсэн. Нүд юм харахгүй байсан. Эмчилгээ, шинжилгээнд 700,000 төгрөг өгсөн. Одоо хагалгаа хийлгэх зардал 5,000,000 төгрөг, эм эмчилгээний зардал, чихний аппаратны үнэ, өмгөөлөгчийн хөлс нийт 2,724,306 төгрөг нэхэмжилнэ. Төлбөр төлчихвөл гомдолгүй гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан:
-Хохирогч Б.Өгийн мэдүүлсэн... М ирээд хамт явъя гэхээр нь би Мод хандан үгүй ээ чамтай хамт явахгүй чи Сүрэнжавынд орж унт гэхэд учир шалтгаангүй намайг хавсарч унагаагаад хөлөөрөө М миний толгой руу өшиглөсөн. Тухайн үед би газар унаад ухаан алдчихсан байсан...Одоо миний толгой их өвдөнө, 3 хиймэл шүд хугарсан, өөрийн 1 шүд унасан, нүд хамартаа нэлээн гэмтэл авсан Улаанбаатар хот руу явж нүдний эмчилгээнд орж хагалгаанд хурдан ормоор байна, хурдан хугацаанд хагалгаанд орохгүй бол нүдний хараанд нөлөөлнө гэж эмч хэлсэн... гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуудас/
-гэрч Х.Оын мэдүүлсэн ... Сүрэнжавын гэрт ороод Сүрэнжавыг сэрээх гээд татсан, миний араас 10-20 минутын дараа эхлээд М ганцаараа орж ирсэн. Тухайн үед Мын хоёр гар бие хөл гутал хэсэг нь цус болчихосн байсан. Мыг хараад их айсан.Нөхөр маань хаана байна гэж асуухад чимээгүй, юм ярихгүй байсан. Мын араас 5 минутын дараа манай нөхөр Өлзийбуян орж ирсэн ба хоёр нүд нь хавдчихсан, хамар амнаас нь цус гарчихсан уруул нь хавдсан, зүүн талын хөмсөг нь задарчихсан байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан. Хаана чамайг зодсон юм бэ гэж асуухад .. би юм харахгүй байна. М намайг өшиглөсөн, би ухаан алдсан гэж хэлсэн. Нандир өөрийнхөө гар устаар мессеж бичиж цагдаа дуудсан....” гэх мэдүүлэг /хх-н 25-28-р хуудас/
-гэрч С.Сын мэдүүлсэн ... шөнө манай гэрт эхнэр Нандир, М, Өлзийбуян түүний эхнэр Отгонжаргал бид нар хамт архи уусан. Би согтоод унтчихсан, намайг унтаж байхад эхнэр маань намайг сэрээрэй гээд сэрээсэн. Гаднаас Мын 2 гар болон хувцас нь нил цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би Моос Өлзийбуян хаана байгаа юм бэ гэтэл огт үг дуугараагүй. Өлзийбуян нүүр ам нь цус болчихсон 2 нүд нь хавдаад цус гоожсон юу ч харж чадахгүй байсан мөн хөмсөг нь задарсан байсан Уг шөнө гаднаас М манай гэрт орж ирэх үед дээгүүрээ хувцасгүй, нүцгэн, хоёр гар нь нийлэхүйдээ цус болчихсон, өмд гутал нь цус болчихсон байсан. Нүүр нь зүгээр байсан. Харин гараараа юм цохисон юм шиг хавдчихсан байсан. Гар нь маш их цус болчихсон байсан...цагдаа ирсний дараа Өлзийбуян гэдэг хүнийг хэн зодсон талаар асуухад М нь би зодсон гэж хэлээд гараа өргөсөн. Энэ үйл явдлыг дуудлагаар ирсэн хоёр цагдаа харсан...” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/
-гэрч О.Нандирийн мэдүүлсэн...Өлзийбуян эхнэртэйгээ манай гэрээс гарсны дараа М араас нь дээгүүрээ нүцгэн, өмд, гутлаа өмсөөд гүйгээд гарсан. Үүнээс хойш 5 минутын дараа Өлзийбуяны эхнэр орж ирээд манай нөхөр Сүрэнжавыг сэрээсэн. Тухайн үед манай нөхөр Сүрэнжав унтаж байсан юм. Өлзийбуяны эхнэр манайд орж ирснээс хойш нэлээд удсаны дараа М гаднаас ганцаараа орж ирсэн ба өмссөн хувцас, хоёр гар, гутал нь цус болчихсон байсан. Мын араас Өлзийбуян нүүр нь аймар цус болчихсон орж ирсэн. Бид нар Өлзийбуяныг хараад их айгаад уйлсан. Би өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэр үед М битгий цагдаад дуудлага өгөөрэй, би мөнгө өгнө гэж хэлсэн. ...эхлээд Өлзийбуяны гэрт байхад Өлзийбуян, М хоёр нэг нэгнийхээ хөмсөг хэсэг рүү нэг нэг удаа цохисон. Манай нөхөр Сүрэнжав тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36-р хуудас/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №228 дугаартай ...Б.Өгийн биед гавал тархины битүү гэмтэл: зүүн талд суурь ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, 1 шүд унасан, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун завжны дотор тал, зүүн хөмсөг няцарсан шарх, нүүр хүзүү баруун шуу, зүүн мөрний урд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Суурь ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, тархины эдийн дунд зэргийн няцрал, 1 шүд унасан, хамар ясны хугарал, тавславчийн муруйлт, зүүн нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун завжны дотор тал, зүүн хөмсөгт үүссэн няцарсан шарх нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. 1 шүд унасанд хөдөлмөрийн чадвар алдалт 5% байна. Гэмтэл нь хэрэг гарсан өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх-н 43-44-р хуудас/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай ...магадлуулагч Б.Ө нь сэтгэцийн хувьд эрүүл, харин мэдрэлийн хувьд Мод зодуулсны улмаас тархины хүндэвтэр гэмтэл авч эмчлүүлсний дараах байдалтай байна. Б.Ө нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хэрэг хариуцах чадвартай, магадлуулагч албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй” гэх дүгнэлт /хх-ийн 61-рхуудас/
- 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын №401 дугаартай ...Ж.М нь төрөлхийн хэлгүй, дүлий буюу мэдрэхүйн эрхтний дутмагшлаас шалтгаалсан оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Ж.Мын дээрх эмгэг нь төрөлхийн эмгэг болно. Ж.М нь дохионы хэлмэрчийн тусламжтай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.М нь хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Мод эмнэлгийн чанартай албадлагын хөнгөн зэрэгт байна. Орхон аймгийн БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн шинжээч нарын гаргасан шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн 1, 3-р дүгнэлт үндэслэлгүй байна. Харин 2, 4-р дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-н 87-89-р хуудас/
-Хохирогч Б.Өгийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, жагсаалт /хх-ийн 132-136, 146-р хуудас/
-Орхон аймаг дахь Цагдаагийн газар шуурхай удирдлагын тасгийн Иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах дэвтрийн хуулбар /хх-ийн 153-160-р хуудас/
-Шүүгдэгч Ж.Мын яллагдагчаар мэдүүлсэн... Би Өлзийбуяныг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгосон ялыг би ойлгож байна. Миний хайртай гар утсыг авч гарахаар нь би араас нь утсаа авах гэж гараад тэгээд утсаа асуухад Өлзийбуян “би аваагүй гээд маргалдсан” тэгээд Өлзийбуян намайг мөргөсөн тэгээд хамт хавсарч унасан. Би нэг удаа цохисон. Өлзийбуян намайг өшиглөсөн гэж худлаа ярьсан байна. Би Өлзийбуяны хамар нүдний орчим нэг удаа цохиод Өлзийбуянаас цус гарсан. Шөнө байсан учраас сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж 106-6 тоот хашааны гадна гудамжинд иргэн Б.Өгаас “гар утсаа авъя” гэж маргалдан улмаар толгой тус газар нь өшиглөж гавал тархины битүү гэмтэл зүүн талд суурь ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, 1 шүд унасан, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун завжны дотор тал, зүүн хөмсөг няцарсан шарх, нүүр хүзүү баруун шуу, зүүн мөрний урд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хүнд гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж 106-6 тоот хашааны гадна гудамжинд иргэн Б.Өтай гар утсаа авъя гэж маргалдан зодсоноос эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Өгийн.. Сүрэнжавын орж унт гэхэд учир шалтгаангүй намайг хавсарч унагаагаад хөлөөрөө М миний толгой руу өшиглөсөн. Тухайн үед би газар унаад ухаан алдчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Оын ... Мын араас 5 минутын дараа манай нөхөр Өлзийбуян орж ирсэн ба хоёр нүд нь хавдчихсан, хамар амнаас нь цус гарчихсан уруул нь хавдсан, зүүн талын хөмсөг нь задарчихсан байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан. Хаана чамайг зодсон юм бэ гэж асуухад .. би юм харахгүй байна. М намайг өшиглөсөн, би ухаан алдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч С.Сын ... шөнө гаднаас М манай гэрт орж ирэх үед дээгүүрээ хувцасгүй, нүцгэн, хоёр гар нь нийлэхүйдээ цус болчихсон, өмд гутал нь цус болчихсон байсан. Нүүр нь зүгээр байсан, харин гараараа юм цохисон юм шиг хавдчихсан байсан. Гар нь маш их цус болчихсон байсан...цагдаа ирсний дараа Өлзийбуян гэдэг хүнийг хэн зодсон талаар асуухад М нь би зодсон гэж хэлээд гараа өргөсөн. Энэ үйл явдлыг дуудлагаар ирсэн хоёр цагдаа харсан...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №228 дугаартай ...Б.Өгийн биед гавал тархины битүү гэмтэл: зүүн талд суурь ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, 1 шүд унасан, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун завжны дотор тал, зүүн хөмсөг няцарсан шарх, нүүр хүзүү баруун шуу, зүүн мөрний урд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Суурь ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, “ гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ж.Мын ... Би Өлзийбуяныг цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгосон ялыг би ойлгож байна. Миний хайртай гар утсыг авч гарахаар нь би араас нь утсаа авах гэж гараад тэгээд утсаа асуухад Өлзийбуян “би аваагүй гээд маргалдсан” тэгээд Өлзийбуян намайг мөргөсөн тэгээд хамт хавсарч унасан. Тэгээд би нэг удаа цохисон. Би Өлзийбуяны хамар нүдний орчим нэг удаа цохиод Өлзийбуянаас цус гарсан....гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч Ж.Мын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ж.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж 106-6 тоот хашааны гадна гудамжинд иргэн Б.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгой тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,
-хохирогчийн өмгөөлөгч:Гомдолгүй, хохирол төлбөрөө гаргуулна гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: Шалтгаан нөхцөлийн хувьд архинаас шалтгаантай. Гэм буруугаа хүлээж байгаа гэж тус тус санал дүгнэл гаргасан. Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Ж.М нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл болон хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн болон төрөлхийн хэлгүй дүлий оюуны хөнгөн хэлбэрийн хомсдолт өвчтэй байдал зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Өд төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн эмийн зардал, чихний аппаратны үнэ зэрэг 954,500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй ба, харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй. Нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал нь шүүгдэгчийн төлөх зардалд хамаарахгүй тул 1,000,000 төгрөг, мөн эмийн болон бусад хохирол 2,724,500 төгрөгнөөс хохирогч 770,000 төгрөг төлснийг тус тус хасаж, 954,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч төлжээ. Хагалгааны зардал 5,000,000 төгрөг нэхэмжилсэн ч шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь цаг хугацааны хувьд болон хэргийн зүйлчлэлийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байх тул Ж.Мод оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөг хасах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Ж-ны Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Мод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Ж.Мод оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.
5. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,хохирогчийн нэхэмжлэлээс 1,770,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ