Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/309

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч С.Б

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Б.А, өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Б.О, өмгөөлөгч Т.Э, С.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Б.Од, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ат тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1925003400060 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бичигт овогт Б.О,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-гийн

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.О-ийг Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн эрхлэгчээр буюу төсвийн захирагчаар ажиллаж байхдаа 2018 оны 10, 11 дүгээр саруудад багш Ө.А-г арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалинг олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн тохижилтод зарцуулж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

- Нийтийн албан тушаалтанУнага” цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Сайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг “Унага” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг гэж шахаж шаардан хясан боогдуулж 449,900 төгрөгийн өнгөт принтер авхуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар,

2.Шүүгдэгч Б.Аыг “Сайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Унага” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль өгсөн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.О-ийн мэдүүлсэн: А багшид 2018 оны 9 сард арга зүйчээр хавсарч ажиллах санал тавьсан, зөвшөөрсөн. 40%иар цалинжихаар зөвшөөрсөн. 10 сарын 1-нээс ажилласан. Нягтлан бодогчид танилцуулсан. Сарын сүүлээр цалин өгсөн. Алимаа багш өрөөнд орж ирээд 90,0 төгрөг ширээн дээр тавьсан. Тэгээд эмч санал болгосны дагуу би хувиасаа 10,000 төгрөг нэмээд 100,000 төгрөгөөр багш ажилчдад зориулж тернежёрний нурууны татлагын хэрэгсэл авсан. 11 сард багш Алимаа үргэлжлүүлэн ажилласан. 11 сард боловсролын газраас СӨБ-ын мэргэжилтэн Тайвантуул ирж шалгалт хийсэн, сануулах арга хэмжээ авсан. 12 сараас Алимааг ажиллуулаагүй. 11 сарын цалин сарын сүүлээр буусан. Цэцэрлэгийн номын булан үүсгэнэ гэж ярьж байсан 1,2 хоногийн дараа цаасанд боосон мөнгийг би авахгүй гээд надад өгсөн яг хэдэн төгрөг байгааг нь тоололгүй 130 000 төгрөгийг би аваад 105 000 төгрөгөөр лед гэрэл авсан, 67,000 төгрөгөөр будгийн хэрэгсэл авсан нийт 305 мянган төгрөгийг зарцуулсан. 2019 оны 1 сард зургийн ажил эхэлж хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнээр зуруулсан. үйлчлэгч, туслах багш мөн миний бие хамтран энэ үйл ажиллагаа нийт 5 өдөр хийгдсэн. Тушаалууд маань хэргийн материалд байгаа Зураг зурсан хүнд 60 000 төгрөгийн хөлс тохирсон боловч сайн гүйцэтгэсэн гээд 80 000 төгрөг төлсөн.

2017-2018 оны хичээлийн жилд тус цэцэрлэгийн хоол хүнс худалдан авах тендер зарласан 5 хүнтэй ажлын хэсэг байгуулж “Сайн Амгалан” компанитай хамтарч ажилласан. Тус байгууллагын нягтлан Атай ямар нэгэн хувь уулзалт хийж байгаагүй. Багшийн хөгжлийн төвийг байгуулахад хандив дэмжлэг үзүүлнэ гэсэн албан тоот 5 газарт явуулсан. 4 компанид нэмэлт дансаа явуулсан. Атай цэцэрлэгийнхээ коридорт тааралдах үед  хүндэтгэлийн самбар хийх гэсэн юм, тусалж чадах уу гэхэд та хэлээрэй гэж байсан. “Сайн Амгалан” компанид принтер өгнө үү гэсэн утгатай албан бичгээр хүсэлт явуулсан. Нярав Б.Болормаагаар энэ хүсэлтийг хүргүүлсэн. 12 сард ямар принтер авах вэ гэж асуухаар нь өөрөө мэдээд ав хамгийн хямдыг нь авъяа гээд нярав Б.Болормаа, А бид гурав явсан. 4 газраар орсон. 5 дахь газраас авахаар болоод захиалаад А тооцоо хийгээд хэд хоногийн дараа ирж авсан. Одоо хүртэл ашиглагдаж байгаа, хөрөнгийн орлогод авсан байгаа” гэх мэдүүлэг,

 

     - шүүгдэгч Б.Аын мэдүүлсэн: 2018 оны 12 сарын 05-нд О утсаар дуудсан. Очиход принтер авч өг, гэрээ дуусаж байгаа шүү гээд үнийн дүнгийн 1-2%-д тааруулж шахаж шаардсан. Тооны машин дээр бодоод танайх хамгийн өндөр багц авсан гэсэн. Тэгээд шууд Гермес дээр ирсэн. Тэнд принтерээ сонгосон байсан. Тэгээд авч өгсөн. Гэрээний үнийн дүнгийн 1-2%ийг жилийн эцэст өгдөг гэж шахаж шаардсан. Надад ямар нэг хүсэлт ирээгүй, цэцэрлэг шинээр байгуулагдсан, техник хэрэгсэл хэрэгтэй байна гэсэн гэх мэдүүлэг,

 

    - хохирогч Б.Баттүвшиний мэдүүлсэн: Оюунбайгалийг гэм буруутайд тооцсон тохиолдолд төсөвт учирсан хохирол 230,000 төгрөг нэхэмжилнэ. Цалингийн данснаас гарсан боловч өөр байдлаар зарцуулагдсан байдаг гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс яллах болон цагаатгах талуудын шинжлэн судалсан:

 

            -Орхон аймгийн Унага цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай “Ажил хавсран гүйцэтгэсэн хөлс олгох тухай” тушаал /1-р хх-ийн 17-р хуудас/

         - Гэрч Э.Ө-гийн мэдүүлсэн... 2018 оны 11, 12 дугаар сард Ө.Алимаа багшийг ажил хавсран гүйцэтгэсэн гэж 40 хувь цалинг нэмчихээд, нэмсэн мөнгөө Ө.Алимаагаас авсан энэ талаар Ө.Алимаа надад хэлсэн... Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Сайн Амгалан" ХХК-иар 455,000 төгрөгийн принтерийг авхуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/

-гэрч Ө.А-гийн мэдүүлсэн ...2018 оны 09 сарын 20-ны орчим байхаа өдрийг нь сайн санахгүй байна ажил дээрээ байж байхад эрхлэгч Б.О намайг өрөөндөө дуудсан, орсон чинь арга зүйчийн ажпын байр хоосон байна миний таньдаг эрхлэгч нар гайгүй таньдаг багш дээрээ ажил хавсран гүйцэтгэх гээд тушаал гаргаад мөнгийг нь хуваагаад авдаг юм байна, би чамайг арга зүйчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн гээд тушаал гаргалаа, тэгээд хоёулаа мөнгийг нь хувааж авъя гээд хэлэхээр нь би түүнд за ч гэж хэлээгүй, тэгье ч гэж хэлээгүй өрөөнөөс нь гарсан. 10 дугаар сарын цалин дээр ажил хавсран гүйцэтгэсэн гээд мөнгө нэмэгдэж орсон байсан. Надад нэмэгдэж орсон мөнгөний тал нь болох 93.000 төгрөгийг надаас нэхээд байхаар нь өрөөнд оруулж өгсөн чинь яана аа би энэ мөнгийг идэж болохгүй шүү дээ гээд хажуугийн саарал шкафандаа хийж байсан. Миний хувьд арга зүйчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн нь үнэн. Ингээд 2018 оны 11 дүгээр сард мөн цалин дээр ажил хавсран гүйцэтгэсэн гээд мөнгө нэмэгдсэн байсан. Мөн тэрнээс гадна миний илүү цагийн 200.000 орчим мянган төгрөгийг нягтлан бодогч Өлзийнаран бодоогүй байсан учраас зээлэнд цалин маань тэр чигээрээ татагдаад орсон байсан. Тэгсэн чинь эрхлэгч Б.О манай анги руу 2-3 удаа орж ирээд нөгөө мөнгөө өг гээд нэхээд байсан. Би арга буюу өөрийн монетон ээмгийг 300.000 төгрөгөөр тавиад тэр мөнгөө өмнө нь буюу 10 дугаар сард авсан мөнгөө нийлүүлээд түүнд өгөх гэсэн чинь би авахгүй ээ чи өөрөө 50 хувиа ав гээд цаасан дээр бодож үзсэнээ чи надад 137.000 төгрөг өг гэж хэлэхээр нь би түүнд хэлсэн мөнгийг нь өгсөн. Ажил хавсран гүйцэтгэсэн гээд тушаал гаргуулаад би ажпыг нь хийсэн гэтэл надаас 10, 11 сард нийлээд 230.000 төгрөг авсан. Би эрхлэгч Од хандаж би энэ ажпыг чинь хийж чадахгүй шүү гэж хэлсэн чинь дараагийн сард буюу 12 сард намайг ажил хавсран гүйцэтгэхийг болиулсан...гэсэн мэдүүлэг/1-р хх-ийн 30-32-р хуудас/,

 

-Бээжин овогтой Аын эзэмшлийн 5090334757 тоот ХААН банкны дансны хуулга /1-р хх-ийн 124-р хуудас/

-Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунбайгалийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 61 дугаартай “Ажил хавсран гүйцэтгэсэн хөлс олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 227-р хуудас/

-Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунбайгалийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаартай “Ажил хавсран гүйцэтгэсэн хөлс олгох тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 228-р хуудас/

- Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн 2018 оны санхүүгийн тайлан төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн аудитын тайлан /1-р хх-ийн 229-250-р хуудас 2-рхх-ийн 1-11-р хуудас/

-Ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл /2-р хх-ийн 69-191-р хуудас/

- Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн 2015-2019 он хүртэл авсан эд хөрөнгийн жагсаалтууд /2-р хх-ийн 205-211-р хуудас/

-Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунбайгалийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай “Хөрөнгө бүртгэх тухай” тушаалын хуулбар /2-р хх-ийн 229-р хуудас/

- Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн 2018 оны 01 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл цалингийн товчоо /3-р хх-ийн 3-68-р хуудас/

-“Унага” цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаанд “Санхүү хяналт аудитын газар болон аймгийн Төрийн аудитын газраас хийсэн шалгалт болон акт” зэрэг материалын хуулбар /3-р хх-ийн 154-232 дугаар хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Б.Б-ий мэдүүлсэн...Унага цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт давуу байдал бий болгон багш Ө.Алимаад ажил хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байна. Ингээд түүнд хуульд заасны дагуу 40 хувийн нэмэгдэл цалинг олгож энэ мөнгөнөөс 20 хувь буюу 230,000 төгрөгийг өөртөө авсан байна. Ингэж хууль зөрчиж болохгүй. Ийм учраас дээрх 230,000 төгрөгийг Б.Оюунбайгалиас буцааж нэхэмжилж байна. Хохирлыг барагдуулсан тохиолдолд байгууллагын зүгээс гомдол санал гээд байх зүйлгүй” гэх мэдүүлэг  /3-р хх-ийн 241-242-р хуудас/

-“Унага” цэцэрлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 80-85-р хуудас/

-гэрч Н.М-ын мэдүүлсэн:....тэгээд би эхнэрээсээ ямар учраас яагаад өнгөт принтер авч өгсөн юм бэ гэж асуусан чинь “Унага” цэцэрлэгийн эрхлэгч нь өнгөт принтер авч өг гэж зогсоо зайгүй нэхээд байхаар нь арга буюу авч өгсөн гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /4-р хх-ийн 87-88-р хуудас/

-гэрч Б.Э-ний мэдүүлсэн.....Дээрх дасгалын төхөөрөмжийг нийт 105,000 төгрөгөөр худалдан авсан. Цэцэрлэгийн эрхлэгч Б.О намайг Улаанбаатар хотоос авчруулах ачааны зардлыг чи даагаарай гэж хэлж байсан. Тэгээд би өөрөөсөө ачааны 5000 төгрөгийг гаргасан. Энэ дасгалын төхөөрөмжийн мөнгийг Б.О эрхлэгч надад өгсөн ингэж өгөхдөө Ө.Алимаа багшийн арга зүйчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн мөнгөнөөсөө 90,000 төгрөг авсан. Энэ мөнгөөр дасгалын төхөөрөмж авъя гэж хэлээд өгөхдөө би өөрөөсөө 10,000 төгрөг нэмж өгч байгаа шүү гэж хэлээд надад 100,000 төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 99-10-р хуудас/  

-“Далайван аудит” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/02-40 хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай нурууны таталтын тоног төхөөрөмж 100,000 төгрөг, 4 салаа Лед гэрэл 35,000 төгрөг, EPSON Л380 маркийн өнгөт принтер 440,000 төгрөг болохыг тогтоов. Хамрагдсан эд зүйлсийн үнэлгээ 2018 оны 11, 12 дугаар сарын байдлаар 575,000 төгрөг... гэх дүгнэлт /4-р хх-ийн 109-114-р хуудас/

- “Далайван аудит” ХХК-ийн үнэлгээний тайлан засварлах тухай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/10 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 115-р хуудас/

-Орхон аймгийн Унага цэцэрлэгийн арга зүйчийн ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 129-132-р хуудас/

-Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/30 дугаартай “Б.Оюунбайгалийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай” тушаалын хуулбар /4-р хх-ийн 134-р хуудас/

-Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/431 дугаартай “Цэцэрлэг байгуулах тухай” тушаалын хуулбар, баримтын хамт /4-р хх-ийн 135-149-р хуудас/

-Зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5-р хх-ийн 194-196-р хуудас/

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/компаниуд руу явуулсан гэх/, /5-р хх-ийн 197-200-р хуудас/

-Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл/дэмжлэг хүсэх тухай/, /5-р хх-ийн 201-208-р хуудас/

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар мэдүүлсэн...Миний хувьд “Унага” цэцэрлэгийн эрхлэгч Б.Од өөрийн сайн дураараа принтер авч өгсөн юм байхгүй. Тэрээр өөрөө намайг дуудаад чи манай цэцэрлэгт 2 багц нийлүүлж байгаа юм чинь өнгөт принтер авч өг гэж хэлсэн. Ямар үнэтэй юм бэ гэсэн чинь 400.000-500.000 төгрөг дотор багтах байх гэхээр нь ямар үнэтэй юм бэ би авч өгч чадахгүй гэсэн чинь заавал авч өг гэж шахаж шаардсан...гэсэн мэдүүлэг /4-р хавтас 45-47-р хуудас/

- Шүүгдэгч Б.О-ийн  яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна Ө.Алимаа багшийн ангид орж уулзаад арга зүйч байхгүй байна чи надтай хамтран ажилла чи арга зүйчийн ажлыг хавсран гүйцэтгээч ээ багш нартай холбоотой заах аргын нэгдлийн ажпыг чи хий, харин би бичиг цаас, тайлан мэдээний ажлыг хийнэ. Ажил хавсран гүйцэтгэсэн ажлын 40 хувийг чамд нэмээд 20 хувийн нь би авна гэхдээ би энэ 20 хувийг өөртөө авахгүй ээ цэцэрлэгтээ зарцуулна багшийн хөгжил төв, ханан дээр зураг зурах ажлын хөлсөнд хийнэ чи зөвшөөрөх үү гэсэн чинь зөвшөөрч байна гэсэн тэгээд би ажил хавсран гүйцэтгэх тушаал гаргасан. 2018 оны 10 дугаар сарын 40 хувийн нэмэгдлийн мөнгөнөөс 90.000 төгрөгийг Ө.Алимаа багш надад оруулж ирж өгсөн энэ мөнгөн дээр би 10.000 төгрөг нэмсэн, харин эмч Б.Энхтүвшин 5.000 төгрөг нэмээд нийлээд 105.000 төгрөгөөр нурууны дасгал хийх төхөөрөмж аваарай гээд эмчид өгсөн энэ дасгалын төхөөрөмж одоо эмчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй үндсэн хөрөнгөндөө бүртгэсэн эсэхээ мэдэхгүй байна. 2018 оны 11 дүгээр сард цалин орсноос хойш надад Ө.Апимаа багш 20 хувийг өгөөгүй 2018 оны 12 дугаар сарын эхээр байхаа Ө.Апимаа багш надтай орж ирж уулзсанаа би ер нь энэ мөнгийг авч чадахгүй ээ гээд бичгийн цаасанд боосон мөнгө өгсөн би түүнээс хэдэн төгрөг бэ гэж асуусан чинь 300.000 орчим мянган төгрөг гэж хэлсэн тэгэхээр нь би түүнд хандаж чи ажил хийсэн юм чинь өөрөө ав би 20 хувиа авъя гэж хэлээд 130.000 орчим мянган төгрөгийг авч үлдсэн бусад мөнгийг нь Ө.Алимаад өгсөн. Би 130.000 орчим мянган төгрөгөөр ханан дээр зураг зурах будаг, шаардлагатай зүйлсийг 100 айл руу очиж авсан. Ө.Алимаа багш ханан дээр зураг зурж өгөөгүй учраас би өөрөө 80.000 төгрөгөөр хүнээр будуулсан мөнгийг нь би өөрөөсөө гаргасан ... гэсэн мэдүүлэг /4-р хавтас 3-7-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

ҮЙЛ БАРИМТ: 1.Орхон аймгийн “Унага” цэцэрлэгийн эрхлэгч Б.О нь 2018 оны 10, 11 дүгээр саруудад багш Ө.Алимааг арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалинг олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн дотоод тохижилтод буюу 105.000 төгрөгөөр нурууны дасгалын төхөөрөмж авч эмчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн, 130.000  төгрөгөөр ханан дээр зураг зуруулах будгийн хэрэгсэл,зураачийн ажлын хөлсөнд зарцуулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Сайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг “Унага” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг гэж 449,900 төгрөгийн өнгөт принтер авхуулж цэцэрлэгийн хэрэгцээнд ашигласан байна.

2.Шүүгдэгч Б.А нь “Сайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Унага” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгчээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтууд, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 10, 11 дүгээр саруудад багш Ө.Алимааг арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалинг олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн дотоод тохижилтод буюу 105.000 төгрөгөөр нурууны дасгалын төхөөрөмж авч эмчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн,130.000  төгрөгөөр ханан дээр зураг зуруулах будгийн хэрэгсэл, зураачийн ажлын хөлсөнд зарцуулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдсэнийг үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу Б.Оюунбайгалийн дээрхи үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Б.О нь 2018 оны 10, 11-р сард багш Ө.Алимааг арга зүйчийн албан тушаалыг хавсруулан гүйцэтгүүлэхээр тушаал гарган 40 хувийн цалинг олгож, түүнээс 20 хувийн цалин болох 230,000 төгрөгийг авч цэцэрлэгийн дотоод тохижилтод буюу 105.000 төгрөгөөр нурууны дасгалын төхөөрөмж авч эмчийн эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн, 130.000  төгрөгөөр ханан дээр зураг зуруулах будгийн хэрэгсэл, зураачийн ажлын хөлсөнд зарцуулсан үйлдлийн улмаас улсын төсөвт бодит хохирол учраагүй, тухайн цэцэрлэгийн дотоод тохижилтод зарцуулагдсан байдал нотлогдсон байна. Иймд шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин, шүүгдэгч Б.О нь “Унага” цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэгСайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “манайд 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг, гэрээний үнийн дүнгийн 1-2%-ийг жилийн эцэст өгдөг” гэж шахаж 449,900 төгрөгийн өнгөт принтер авхуулж цэцэрлэгийн хэрэгцээнд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд 2 дахь хэсэгт заасан “хахууль авах” гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

 НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн...3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1-д “Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:... 4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ...гэж, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл.Төрийн үйлчилгээний албан тушаал : ...14.1.2.боловсрол... зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж тус тус заасны дагуу цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан бөгөөд нийтийн албан тушаалтан мөн. Иймд тусгай субъектийн хувьд Эрүүгийн хуулийн “Авлигын гэмт хэргийн” субъект болно.

Шүүгдэгч  Б.О нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг,дансны хуулга, хөрөнгийн бүртгэл,үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт,хөрөнгийн бүртгэл,зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Б.О нь “Унага” цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Сайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогч Б.Аыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “манайд 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг,гэрээний үнийн дүнгийн 1-2%-ийг жилийн эцэст өгдөг” гэж шахаж 449,900 төгрөгийн өнгөт принтер авхуулж цэцэрлэгийн хэрэгцээнд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан...хахууль өгөхийг шаардсан, авсан...”гэмт хэргийн шинжтэй, төрийн албаны хэвийн үйл ажиллагаа, төрийн алба шударга, хууль ёсны байх зарчим, үнэт зүйлд халдсан, өөрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор үйлдсэн, санаатай үйлдэл мөн. Энэ гэмт хэрэг нь хахууль авснаар төгсөх бөгөөд хохирол учирсан эсэх нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй юм.

2.Шүүгдэгч Б.А нь “Сайн амгалан” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Унага” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Б.Од 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгсөн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь  “Унага” цэцэрлэгт эрхлэгч  Б.Оюунбайгалийг “манайд 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг,гэрээний үнийн дүнгийн 1-2%-ийг жилийн эцэст өгдөг” гэж шахахад нь зөвшөөрч 449,900 төгрөгийн өнгөт принтер худалдан авч өгсөн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, Б.Аын эзэмшлийн 5090334757 тоот ХААН банкны дансны хуулга,”Унага” цэцэрлэгийн хөрөнгийн бүртгэл,гэрэл зураг зэрэг нотлох баримтаар бүрэн нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Аын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан...хахууль өгөх” гэмт хэргийн шинжтэй, санаатай  үйлдэл мөн.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтууд зөрүүгүй, эргэлзээгүй, шүүгдэгч нар үйл баримтын талаар маргаагүй.

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч О цалингийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал үүсгэхийн тулд хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа: Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэл нотлогдон тогтоогдоогүй.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар хандив тусламж авах тухай зохицуулсан байгаа, хахууль аваагүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа: шүүгдэгч Б.А хахууль өгөөгүй, шахаж шаардаж авсан байдаг. Санаатай үйлдэл байхгүй гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хуулийн үндэслэл муутай гэж шүүх дүгнэсэн болно.               

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,гэм хэргийн улмаас учруулсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Бичигт овогт Б-гийн Од холбогдуулан Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2.Шүүгдэгч Б-гийн О-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      - шүүгдэгч Б- овогт Б-гийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан...хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянга төгрөгөөр торгох ялаар

-шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу хоёр сая долоон зуун мянга төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.О, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6.Шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ