Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/296

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Н

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан нээлттэй хийж, Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Гт холбогдох эрүүгийн 2125000000379 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овгийн О-ын Г,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос, шүүгдэгч О.Гыг 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-104 тоот байрны орцонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнх-Эрдэнийг зодож баруун хөлийг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч О.Гын мэдүүлсэн:  Тэр өдөр 10 сарын 23-нд хөдөөнөөс ирээд Мтэй уулзаж архи уусан. Мөнх-Эрдэнийг шатны уруу түлхчихсэн юм. Миний буруу, маргах зүйлгүй. Эмчилгээнд нь 850,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,    

Хавтаст хэргээс:

         -хохирогч Б.Мийн мэдүүлсэн...Миний биеийн байдал хэвийн байна. Миний хөл шөнө болохоор жаахан өвдөж байгаа. Би хөлөө гэртээ эмчилж байгаа. Би хэнд зодуулсан талаараа сүүлд санасан. Г бид хоёр орцонд маргасан. Шалтгаан нь Г намайг өөртэйгөө уулзаагүй удсан гэж уурлан шатан дээр хавсарч унаган дээрээс дэвссэн. Тэгээд Г намайг өргөж дотогш оруулсан. Эмчилгээний зардлаа төлүүлэх хүсэлтэй өөр гомдол санал байхгүй..... Миний биед Г бэртэл гэмтэл учруулсан хэдий ч миний хохирол болох 850,000 төгрөгийг төлж барагдуулсан тул надад гомдол санал байхгүй, би шүүх хуралдаанд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10, 12хуудас/,

-гэрч А.Бын мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 07 цагийн үед манай хүү М нь ааваа би хөлөө хугалуулчихлаа, та 1-3-8 дугаар орцны 104 тоотод хүрээд ир гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт тухайн хаягт очсон. Тэгсэн тэр айлд нь очоод хаалгыг нь тогшиход Очоо гэх залуу хаалгыг нь онгойлгосон. Ороод хартал коридорт нь манай хүү М хаалга руу толгой нь харчихсан ёолоод хэвтэж байсан. Тэгээд би Очоотой босгох гэтэл буцаж унаад байсан. Тэгээд түргэн дуудаж, цагийн дараа эмнэлэг  ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-гэрч Д.Оын мэдүүлсэн... Тухайн өдөр манай гэрт манай эхнэр Бундхорол, Очироо ах найз охин болох Отгончимэгтэй байсан. Тэгтэл гаднаас М дүү ганцаараа орж ирсэн. 2 шил 0.75 соёрхол, 0.5 соёрхол гэх нэртэй архитай байсан…Г нь гар утсаа тавьсан гээд 2 шил 0.75 хараатай ирсэн.  Тэгээд гал тогоонд ууж байгаад М нь нэлээд согтоод агсан тавих гээд байхаар нь манай эхнэр Бундхорол уурлаад Мөнх-Эрдэнийг гар гэсэн. Тэгээд М орц руу гарсан...харин өглөө нь 07-08 цагийн хооронд байсан байх М нь ёолоод байхаар нь яваад очтол  “миний хөл хугарсан юм шиг байна. та утсаараа залгуулаад өгөөч, миний гар утас цэнэггүй болсон юм шиг байна” гэсэн. Тэгээд би утсаараа яриулсан. Удалгүй аав, ээж нь ирээд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 21-р хуудас/,

рхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 649 дугаартай… Б.Мөнх-Эрдэний биед баруун шаант ясны дунд 1/3, доод 1/3 -ийн дундуур ташуу зөрөөтэй далд хугарал, баруун тахилзуур ясны доод 1/3-ээр ташуу зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/

 

-шүүгдэгч О.Гын сэжигтнээр мэдүүлсэн...тухайн үед бид нар нийлж архи уусан. Би Б.Мтэй орой нь орцонд маргалдсан. Намайг М нь хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Мөнх-Эрдэнийг шат руу түлхчихсэн. Тэгээд М ёолоод байсан. Би хөл нь хугарсан талаар мэдээгүй. Бид хоёр хоёулаа согтуу байсан. Тэгээд би Мөнх-Эрдэнийг өргөөд гэр лүү нь оруулаад үүдэнд нь тавьчихсан. Тэгээд би унтсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

-шүүгдэгчийн согтуурал шалгасан баримт /хх-ийн 47-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-60-р хуудас/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч О.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-104 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Б.Мтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж шат руу түлхэн унагаж биед нь баруун шаант ясны дунд 1/3, доод 1/3 -ийн дундуур ташуу зөрөөтэй далд хугарал, баруун тахилзуур ясны доод 1/3-ээр ташуу зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт  зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

О.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-104 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мтэй маргалдан улмаар орцонд гаргаж шатан дээр түлхэж унагасан биед нь халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Мийн... Г бид хоёр орцонд маргасан. Шалтгаан нь Г намайг өөртэйгөө уулзаагүй удсан гэж уурлан шатан дээр хавсарч унаган дээрээс дэвссэн... гэх мэдүүлэг, гэрч О.Бын ....Тэгээд ороод хартал коридорт нь манай хүү М таалга руу толгой нь харчихсан ёолоод хэвтэж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Оын ... М нь ёолоод байхаар нь, яваад очтол М нь “миний хөл хугарсан юм шиг байна. та утсаараа залгуулаад өгөөч, миний гар утас цэнэггүй болсон юм шиг байна” гэсэн. Тэгээд би утсаараа яриулсан..” гэх мэдүүлэг, шинжээчийн 649 дугаартай “ .. Б.Мөнх-Эрдэний биед баруун шаант ясны дунд 1/3, доод 1/3 -ийн дундуур ташуу зөрөөтэй далд хугарал, баруун тахилзуур ясны доод 1/3-ээр ташуу зөрөөтэй далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо...“ гэсэн дүгнэлт, шүүгдэгч О.Гын... Тэгэхээр нь би Мийг шат руу түлхчихсэн. Тэгээд М ёолоод байсан. Би хөл нь хугарсан талаар мэдээгүй. Бид хоёр хоёулаа согтуу байсан....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 Шүүгдэгч О.Гын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.Г нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-104 тоот байрны орцонд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнх-Эрдэнийг зодож баруун хөлийг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-шүүгдэгч О.Г, гэм буруугаа хүлээж байна дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч О.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд хуульд заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Мд учирсан хохирол эмчилгээний зардал 850,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.М шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримт хэрэгт авагдаж энэ тухай шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч З овгийн О-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдьсугай.

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.А