Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/295

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Х.С, Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С, Э.Э нарт холбогдох эрүүгийн 2125002320345 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Х овогт Х-ын С 

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн,  Г ургийн овогт Э-ийн Э Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.С, Э.Э нарыг бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багт оршин суух Н.Бтой түүний найз Хонгорзул гэх хүний нэрээр утсаар ярьж хуурч 340,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Х.Сувд-Эрдэнийн мэдүүлсэн: Урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Э.Эын мэдүүлсэн: Үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

  Хавтаст хэргээс:

-Н.Бын эзэмшлийн 5372023799 тоот ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 9-р хуудас/

-хохирогч Н.Бын мэдүүлсэн...Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед хөдөө гэртээ байсан. Тэгтэл Орхон аймагт байдаг найз Хонгорзул 85368543 дугаарын утсаар холбогдож мөнгө асуусан. Би 5090532476 дугаарын дансанд 255,000 төгрөгийг 18 цагийн үед шилжүүлсэн. Дараа нь 22 цагийн үед дахин 5033179299 дугаарын дансанд 80,000 төгрөг шилжүүлсэн юм. Мөн таксинд 5000 төгрөг шилжүүлсэн нийт 340,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 15-ны өглөө би Хонгорзул /Зулаа/-аас фейсбүүк чатаар холбогдож өгсөн мөнгөө буцааж авах талаар асуухад “би мөнгө аваагүй” гэсэн. Уг мөнгийг би хэнд шилжүүлсэн талаараа бол мэдэхгүй байна. Өмнө нь Зулаа надаас бол мөнгө асууж байгаагүй болохоор нь би мөнгө шилжүүлсэн юм... Би хохирол болох 340,000 төгрөгийг хамтран амьдрагч Амаржаргал гэх хүний 5381092479 дугаарын Хаан банкны дансаар хүлээн авсан надад гомдол санал байхгүй, Би Дорноговь аймгийн Хөвсгөл суманд хөдөө мал маллаж амьдардаг болохоор Орхон аймагт очиж хэргийн материалтай танилцах боломжгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-19-р хуудас/

 

-гэрч М.Нарангэрэлийн мэдүүлсэн ...Намайг тэнд байхад 20 гаруй насны 2 эмэгтэй хоол идээд сууж байгаад хоолны мөнгө гэж найз Ганчимэгийн данс руу мөнгө хийлгээд тооцоогоо хийсэн юм. Тооцоо хийгээд үлдсэн мөнгийг нь тэр хоёр охинд Ганчимэг өгөх гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй байсан болохоор нь намайг явах гэж байхад Ганчимэг намайг данснаасаа энэ хоёр охинд мөнгө аваад өгчих гээд миний эзэмшдэг Хаан банкны 5094615102 тоот данс руу 230,700 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд би найз Ганчимэгийн ажиллуулдаг “Найзууд” хоолны газраас тэр хоёр эмэгтэйтэй хамт гараад Согоот багт үйл ажиллагаа явуулдаг төв Хаан банкны АТМ-с 230.000 төгрөг бэлнээр аваад тэр хоёр охинд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

-гэрч Р.Ганчимэгийн мэдүүлсэн ...2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн үед хоёр залуухан охин миний ажиллуулдаг Уртбулаг баг 5-1-132 тоотод байрлах Найзууд нэртэй хоолны газар орж ирж хоол идсэн юм. Тэгээд манай хоолны газар нилээд удаан суугаад би тооцоогоо хийгээрэй гэсэн чинь одоо хүнээс мөнгө ирэх ёстой гээд сууж байгаад “хүнээс мөнгө ирнэ таны данс руу хийгээд тооцоогоо хийгээд үлдсэн мөнгийг нь авчих уу” гэхээр нь их биш юм байгаа биз дээ гэсэн чинь их мөнгө биш гээд байсан юм. Тэгээд тэр хоёр охины дээгүүрээ цагаан өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй туранхай охин нь нэг хүнтэй утсаар ярьж байгаад миний Хаан банкны 5090532476 тоот данс руу “хувцас” гэсэн утгаар 255,000 төгрөг хийлгэсэн юм. Тэгээд би тооцооны мөнгө болох 24.300 төгрөгийг суутгаад үлдсэн мөнгийг нь бэлнээр өгөх гэсэн чинь бэлэн мөнгө хүрэхгүй байхаар нь найз Нарангэрэлийн Хаан банкны 5094615102 тоот данс руу АТМ-ээс замаараа аваад өгчих гээд 230,700 төгрөгийг нь шилжүүлсэн юм. Манай найз Нарангэрэл тухайн үед надтай уулзахаар ирчихсэн байсан юм. Тэгээд 18 цаг өнгөрч байхад манай найз Нарангэрэл тэр хоёр эмэгтэйтэй хамт АТМ-ээс мөнгөө авахаар манай хоолны газраас гараад явсан юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/

 

-гэрч Д.Батболдын мэдүүлсэн ... Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багаас үл таних хоёр эмэгтэй /нэг нь махлаг биетэй, нэг нь туранхай биетэй байсан/ таксинд явах гээд гар өргөөд зогсож байхаар нь би машиндаа суулгаж авсан юм. Тэр хоёр Эрдэнэтийн төв буюу Город орох гэсэн юм таны дансанд мөнгө хийгээд авчихаж болох уу гэж асуусан юм. Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлээд өөрийнхөө ашигладаг Хаан банкны 5033179299 дугаарын дансаа хэлтэл миний дансанд 80,000 төгрөг орж ирсэн юм. Тэгээд тэр хоёр эмэгтэй дэлгүүр орох хэрэгтэй байна гэхээр нь Оюут баг 2 микр 23 дугаар байрны хажууд байрлах хүнсний дэлгүүр рүү туранхай биетэй эмэгтэй нь надтай хамт орсон юм. Тэгээд тэр эмэгтэй тэр дэлгүүрээс пиво болон ойр зуурын идэж уух юм зэрэг худалдаж аваад мөнгөн дүн нь ойролцоогоор 35,000 төгрөг орчим болж миний данснаас зарлага гарсан. Тэгээд цаашаа тэр хоёр эмэгтэй Оюут багийн 2 дугаар микрт байрлах Хаан банкны АТМ-с туранхай биетэй эмэгтэй нь надтай хамт явж 40,000 төгрөг аваад дансанд ойролцоогоор 5000-6000 төгрөг үлдсэн мөнгийг таксигаар үйлчлүүлсний мөнгөнд тооцож үлдээсэн юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/

-Р.Ганчимэгийн эзэмшлийн 5090532476 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 41-42-р хуудас/,

-Д.Батболдын эзэмшлийн 5033179299 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 43-р хуудас/,

-М.Нарангэрэлийн эзэмшлийн 5094615102 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 47-р хуудас/,

-ХААН банкны АТМ1154, АТМ1327 төхөөрөмжөөр гүйлгээ хийсэн үеийн зураг /хх-ийн 50-53-р хуудас/

-шүүгдэгч Х.Сувд-Эрдэнийн яллагдагчаар мэдүүлсэн... Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багт түрээсэлж байсан гэртээ найз Э.Эын хамт байж байгаад бид 2-т хувцас авах, хүнсний бүтээгдэхүүн авахад мөнгөний хэрэг болсон тул хүмүүсээс мөнгө асууж байгаад олдохгүй байхаар нь өмнө нь танилцаж 1 өдөр хамт архи ууж байсан танил Хонгорзул гэх охины танил Н.Б гэх залуу руу залгахаар шийдсэн. Хонгорзулын танилын дугаар манай найз Э.Эын утсан дээр байсан ба өмнө нь Хонгорзул бид 2-той хамт архи ууж байхдаа Н.Б руу Э.Эын утсаар ярьж мөнгө авч байсан болохоор нь залгасан. Н.Б руу эхлээд би утасдаж “Хонгорзул байна хувцас авч өмсөхөд мөнгөний шаардлага гараад байна” гэж худал хэлэхэд дансаа явуулчих гэж хэлсэн.Тэгэхээр нь Э.Э бид 2 такси бариад город орж таксины жолоочийн дансыг явуулан 5,000 төгрөг Н.Б гэх хүнээр таксинд шилжүүлэн өгүүлсэн. Бид 2-т данс байхгүй байсан тул Урт булаг багт үйл ажиллагаа явуулдаг Найзууд гэх кафед очиж эзнийх нь данс руу мөнгө хийлгэж бэлнээр авахаар болсон. Бид 2-т Н.Б гэх хүн 245,500 төгрөг шилжүүлж өгсөн ба хоол идчихээд үлдсэн 230,000 төгрөгийг кафены эзэн эгчид бэлэн мөнгө байхгүй байсан тул найзынх нь картаас нь Согоот багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны төв салбарын АТМ-с гаргуулан авсан. Тэгээд бид 2 уг мөнгөөр Bozzolo гэх хувцасны дэлгүүр орж 2-уулаа хувцас авч дуусгасан ба дараа нь бид 2 архи уумаар байсан тул Э.Э утсаараа “би Хонгорзулын найз нь байна, Хонгорзулыг нөхөр нь зодоод байна, зочид буудалд хонуулах гэсэн юм, хоол, зочид буудлын мөнгө 80,000 төгрөг явуулаач” гэж хэлэн таксины жолоочийн дансаар 80,000 төгрөг шилжүүлж авсан. Уг мөнгөөр Оюут багт байрлах хүнсний дэлгүүрээс таксины жолоочийн картыг уншуулан архи, ундаа авсан ба үлдэгдэл 45,000 төгрөг байснаас 40,000 төгрөгийг АТМ-с бэлнээр гаргуулан авч 5,000 төгрөгийг таксины хөлсөнд дансанд нь үлдээсэн. Э.Э бид 2 бэлнээр авсан 40,000 төгрөгөөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/

 

-шүүгдэгч Э.Эын яллагдагчаар мэдүүлсэн... Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр найз Х.С бид 2-т мөнгөний хэрэг гарсан тул шинэ танил Хонгорзул гэх эмэгтэйд мөнгө өгөөд байсан найз руу нь Хонгорзулын нэрийг барьж утасдаж мөнгө авахаар шийдсэн...Н.Б урдаас нь зөвшөөрч дансаа явуулчих гэж хэлсэн...Н.Бод кафены эзний дансны дугаарыг өгч 255,000 төгрөг шилжүүлж хийлгэсэн. Тэгээд бид 2 хоол идчихээд үлдсэн 230,000 төгрөгөө бэлнээр авах гэхэд кафены эзний бэлэн мөнгө нь хүрэхгүй байсан тул уг эгчийн найзыг нь дагаж яван Согоот багт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны АТМ-с 230,000 төгрөг бэлнээр гаргуулж авсан... Дараа нь би Н.Б руу “ Хонгорзулын найз нь байна, цаадихыг чинь нөхөр нь зодоод байх газаргүй болчихлоо” гэж ярихад Н.Б зочид буудалд хонох болон хоолны мөнгө гэж 80,000 төгрөг таксины жолоочийн дансанд шилжүүлэн хийсэн ба уг мөнгөнөөс 35,000 төгрөгөөр нь Х.С таксины жолоочийн хамт дэлгүүр орж архи, пиво авсан ба үлдсэн мөнгөнөөс 40,000 төгрөгийг нь бэлнээр авч 5,000 төгрөгийг таксины жолоочийн дансанд таксины зардалд үлдээсэн. Бид 2 бэлнээр авсан 40,000 төгрөгөөрөө нэмж архи, пиво авч уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч Х.С, Э.Э нар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үгсэн ярилцаж Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багт оршин суух Н.Бтой түүний утасны дугаар байсныг ашиглан найз Хонгорзул гэх хүний нэрээр ярьж хувцас авах гэсэн юм мөнгөний хэрэгтэй байна гэж хуурч 340,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч хоол унд идэх, хувцас авч өмсөх, таксигаар явах, архи уух зэргээр хувьдаа хэрэглэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, дансны хуулганууд, шүүгдэгч нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Х.С, Э.Э нь бүлэглэн хохирогч Н.Бтой түүний найз Хонгорзул гэх хүний нэрээр утсаар ярьж хуурч 340,000 төгрөгийг шилжүүлэн авч эд хөрөнгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Н.Бын...Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед хөдөө гэртээ байсан. Тэгтэл Орхон аймагт байдаг найз Хонгорзул 85368543 дугаарын утсаар холбогдож мөнгө асуусан би 5090532476 дугаарын дансанд 255.000 төгрөгийг 18 цагийн үед шилжүүлсэн, дараа нь 22 цагийн үед дахин 5033179299 дугаарын дансанд 80.000 төгрөг шилжүүлсэн юм. Мөн таксинд 5000 төгрөг шилжүүлсэн нийт 340.000 төгрөг шилжүүлсэн.... гэх мэдүүлэг, гэрч М.Нарангэрэлийн ...Намайг тэнд байхад 20 гаруй насны 2 эмэгтэй хоол идээд сууж байгаад хоолны мөнгө гэж найз Ганчимэгийн данс руу мөнгө хийлгээд тооцоогоо хийсэн юм.....гэх мэдүүлэг, гэрч Р.Ганчимэгийн “..Тэгээд тэр хоёр охины дээгүүрээ цагаан өнгийн цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй туранхай охин нь нэг хүнтэй утсаар ярьж байгаад миний Хаан банкны 5090532476 тоот данс руу “хувцас” гэсэн утгаар 255,000 төгрөг хийлгэсэн юм. Тэгээд би тооцооны мөнгө болох 24.300 төгрөгийг суутгаад үлдсэн мөнгийг нь бэлнээр өгөх гэсэн чинь бэлэн мөнгө хүрэхгүй байхаар нь найз Нарангэрэлийн Хаан банкны 5094615102 тоот данс руу АТМ-ээс замаараа аваад өгчих гээд 230,700 төгрөгийг нь шилжүүлсэн юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Батболдын... Тэгэхээр нь би тэг тэг гэж хэлээд өөрийнхөө ашигладаг Хаан банкны 5033179299 дугаарын дансаа хэлтэл миний дансанд 80.000 төгрөг орж ирсэн юм” гэх мэдүүлэг,дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар эргэлзээгүй бүрэн тогтоогдсон ба хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

 Шүүгдэгч Х.С, Э.Э нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжтэй, өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Х.С, Э.Э нар нь бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 14-ны өдөр иргэн Бой түүний найз Хонгорзулын өмнөөс утсаар ярьж 340 000 төгрөгийг залилан авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар батлагдаж, тогтоогдож байх тул шүүгдэгч Х.С, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай гэж,

 

-шүүгдэгч Х.С хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би мөнгийг нь олж өгчихөөд хот явна. Тиймээс Орхон аймагт байх боломжгүй гэж

-шүүгдэгч Э.Э: Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус санал дүгнэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Х.С, Э.Э нар нь бүлэглэж бусдыг залилсан болох нь дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.С, Э.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн шүүгдэгчийн хувийн байдал болон бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Э.Э хохирогч Н.Бод учирсан хохирлоос 170,000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Х.С хохирлыг төлж барагдуулаагүй байх тул 170,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бод олгуулахаар шийдвэрлэв. 

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.Э төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт Х-ын С, Г овогт Э-ийн Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.С-ийг 6 сарын хугацаагаар Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э, Х.С нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын биелүүлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар тус тус солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Э.Эд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүгдэгч Х.Сд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сэс 170,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Бод олгосугай.

6. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,шүүгдэгч Э.Э төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдьсугай.

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ