Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 112

 

“Шимт газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00013/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 604 дүгээр шийдвэртэй,

           Нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй

           Хариуцагч Жалайрид овогтой Б-гийн М-т холбoгдох

          “Түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 26.285.500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Б.М-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзиймаагаас:

Б.М- нь “Шимт газар” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнд хавсралт 1-ээр ажиллах цаг, төлбөр тооцоонд өөрчлөлт оруулан Daewoo Solar 300 LC-V экскаваторыг 3 сарын хугацаанд байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглана хэмээн түрээслэсэн. Daewoo Solar 300 LC-V эксковаторын 2016 оны 08 дугаар сарын 15-наас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх сарын түрээс 21.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 11 дүгээр сарын 10-ныг дуусталх хугацааны түрээс 16.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд 22 өдөр ажилласны 15.400.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 15.190.000 төгрөгийн төлбөр төлж, 210.000 төгрөг төлөгдөөгүй. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд 49 өдөр ажилласны 28.000.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс 16.350.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж, 11.350.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөөгүй болно. Гэрээний 7.5, 7.6 дахь заалтыг тус тус зөрчиж, нийт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.560.000 төгрөгийг барагдуулаагүй болно. Мөн гэрээний 6.1 дэх заалтыг зөрчин 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө ажиллаад, мөн жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр газар ухуулсанаас эксковаторыг явахын редуктор гэмтэж, 4 хоног ажилд гараагүй. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны оношлуулахад ихээхэн эвдрэл гэмтэл гарсан бөгөөд хуучин хэрэглэж байсан сэлбэг хэрэгсэл худалдаж авахад 7.353.000 төгрөг, засварын ажлын хөлс нь 1.750.000 төгрөг буюу нийт засварын хөлс нь 9.103.000 төгрөг байна. Гэрээний 7.8-д заасны дагуу алданги тооцож, эхний сарын түрээсийн төлбөрөөс дутуу 210.000 төгрөгийн алданги 56.700 төгрөг, сүүлийн сарын түрээсийн төлбөрөөс дутуу 11.350.000 төгрөгийн 36 хоногийн алданги 1.225.800 төгрөг, нийт 1.282.500 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Иймд иргэн Б.М-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 11.560.000 төгрөг, түрээсийн төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн 4.340.000, алданги 1.282.500 төгрөг, эксковаторын засварын зардал 9.103.000 төгрөг буюу нийт 26.285.500 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний 7.8-д зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул алдангийн хэмжээг нэмэгдүүлж 4.497.500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Түрээсийн гэрээний 4.3-т техник хэрэгслийн сул зогсолтын хугацаанд алдагдсан үйлдвэрлэлийн хохирлыг түрээслэгч хариуцахгүй гэж заасан тул нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М-аас:

Би 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлээд “Шимт газар” ХХК-аас Дево 300 маркийн эксковаторыг “Шимт газар” ХХК-ийн  захирал Амартүвшинтэй 1 сарын түрээсийн гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Могойтын ам гэдэг газар ашиглахаар авч явсан. Цаг хугацааны хувьд миний хийж байсан ажил оройтсон. Эхний гэрээ 21 сая буюу 400 мото цагаас хэтрүүлэхгүйгээр ажилуулна гэрээ хийсэн юм. Тэгээд сарын дараа түрээсийн төлбөрийг сарын 16 сая буюу 280 мото цагаар түрээслэнэ гэж гэрээний нөхцөлөө өөрчилсөн. Эксковатор 81-82 хоног ажиллах ёстой байсан боловч миний хувьд 60-61 хоног болсон гэж тооцож байгаа юм. Мөн 1000 мото цагаар ажиллах ёстой гэж тооцож авсан. Энэ цагаас 680 мото цаг ажилласан байдаг. Би төлбөрт 31.728.000 төгрөг бэлнээр өгсөн. Баримтаар нотлохгүй төлбөрүүд бас байдаг. Энэ төлбөр нь О.Өлзиймаагийн хувийн данс руу шилжүүлсэн нь баримтаар нотлогдоно. Цаг хугацааны байдал шахуу байсан эксковатор олдохгүй байсан учраас энэ компанитай түрээсийн гэрээ байгуулсан. Энэ компанид тохирох хэмжээний төгрөг төлсөн гэж бодож байна. Гэтэл надаас илүү мөнгө нэхэмжилсэн. Мөнгийг хувийн дансаар авсан учраас нэмэгдсэн өртгийн албан татвар нэхэмжлэх эрхгүй. Техникийн бүрэн гүйцэд байдлыг нэхэмжлэгч тал хариуцах ёстой гэж гэрээнд заагдсан байгаа тул засварын зардлыг нэхэмжлэх эрхгүй юм. Нийт 1000 мото цаг ажиллах ёстой байсан боловч 680 мото цаг ажилласан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс ажил дуустал манайхаас шалтгаалахгүй техник 20 хоног сул зогссон. Манай үйл ажиллагаа улирлын чанартай, хүйтнээс өрсөж ажиллах хугацаатай ажилд 20 хоногийн сул зогсолт бол их боломжоо алдаж байгаа юм. Энэ алдагдсан боломжийг зөвхөн техникт зарцуулсан шатахуун, түрээст төлсөн үнийн дүнгээр хязгаарлаж, багаар тооцоход үнэлгээчин өдөрт 861.330 төгрөг гэж үнэлсэн байна. Дээрх 2 тооцооноос гадна уг техникийг тээврийн хөлс 4 сая төгрөг, шатахуун хийнэ. Алдагдсан боломж 17.226.600 төгрөг “Шимт газар” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 604 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 22.092.401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8.642.299 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 17.226.600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ”Шимт газар”  ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.310 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 268.412 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.636 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.М- давж заалдсан гомдолдоо:

“Шимт газар” ХХК НӨТ тайлагнасан, төлсөн баримт байхгүй байхад нэмж төлөх нь зөв гэж шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирол гэж 7.353.000 төгрөг гаргасан нь үндэслэлгүй. Учир нь техникийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг “Шимт газар” ХХК өөрөө хариуцах үүрэгтэй. Миний зүгээс гэмтээж эвдсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүхийн хариуцагчаас 22.092.401 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс үндсэн төлбөрөөс 5 хоногийн 2.666.665 төгрөг, алданги 900.735 төгрөг, НӨТ 4.153.333 төгрөг, хохирол 7.356.000 төгрөг, нийт 15.076.733 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Шимт газар” ХХК хариуцагч Б.М-т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр 11.560.000 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 4.340.000 төгрөг, түрээсийн гэрээний үндсэн төлбөрийг төлөх гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 5.731.700 төгрөг, сэлбэгийн үнэ хохирол 9.103.000 төгрөг нийт дүнгээрээ 30.734.700 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.М- 20 хоног сул зогсож зөвхөн техникт зарцуулсан шатахуун, түрээст төлсөн үнийн дүнгээр хязгаарлаж тооцоход өдөрт 861.330 төгрөг алдагдсан тул хохирол 17.226.600 төгрөгийг “Шимт газар” ХХК-аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал техникийн гэмтлийг манай талд урьдчилан мэдэгдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Б.М- нь “Шимт газар” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2016/04 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээнд хавсралт 1-ээр ажиллах цаг, төлбөр тооцоонд өөрчлөлт оруулан Daewoo Solar 300 LC-V эксковаторыг 3 сарын хугацаанд байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглана хэмээн түрээслэсэн. Daewoo Solar 300 LC-V эксковаторын 2016 оны 08 дугаар сарын 15-наас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх сарын түрээс 21.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 15-наас 2016 оны 11 дүгээр сарын 10-ныг дуусталх хугацааны түрээс 16.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон ба талууд энэ талаар маргаагүй.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч Б.М- түрээсийн үндсэн төлбөрт 31.848.000 төгрөг төлж, 9.685.333 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Түрээсийн гэрээний үндсэн төлбөрийг бүрэн төлөөгүй нь түрээсийн гэрээний 7.5-д түрээслэгч нь түрээсийн гэрээг сунгахаас өмнө урьдах хугацааны түрээстэй холбоотой төлбөрүүд болон сунгалтын төлбөрийг төлнө, 7.6-д гарах төлбөр тооцоог уг түрээсийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө төлж барагдуулна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, түрээсийн гэрээний 7.8-д түрээсийн хугацааны эцэст төлбөр төлөх тал нь нэхэмжлэх авснаас ажлын 3 хоног дотор төлбөрийг гүйцэтгэнэ. Хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж зааснаар 31 хоногийн алдангийг 900.735 төгрөг гэж тооцсоныг үгүйсгэх баримтыг хариуцагч түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс ирүүлээгүй. 

Нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргийнхээ дагуу Daewoo Solar 300 LC-V эксковаторыг хариуцагч Б.М-т хүлээлгэн өгсөн ба хариуцагч Б.М- нь уг эксковаторыг нэхэмжлэгч талд эрсдэл гэмтэлгүй гэрээний хугацаанд буцаагаад хүлээлгэн өгсөн нь нотлогдоогүй, талуудын гэрээний 5.2-т заасан ...түрээслэгч техник хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй, ...эвдрэл гэмтэлтэй бол засварын зардлыг түрээслэгч талаас... үл маргах журмаар барагдуулна...гэж заасны дагуу нэхэмжлэгчийн сэлбэг хэрэгсэл худалдаж авсан 7.353.000 төгрөгийг гэрээний 3.4-т заасан ...техник хэрэгслийг түрээсийн гэрээнд заасан хугацаанд хэвийн ажиллагаатайгаар бүрэн бүтэн буцаан өгөх ... үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч “Шимт газар” ХХК нь зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7.1 болон гэрээний хавсралтын 2.2-т заасан түрээсийн төлбөрийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 4.153.333 төгрөг болсон гэж тооцож шаардсан боловч нэхэмжлэгч тал татварын газарт тайлан гаргаж  өгсөн баримт болон нэмэгдсэн өртгийн албан татвараа зохих журмын дагуу төлсөн болохоо хуульд заасан үүргийнхээ дагуу шүүхэд нотлоогүй юм.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн гэх 4.153.333 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй. 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.6-д зааснаар түрээслэн авсан эд хөрөнгөд доголдол илэрсэн тохиолдолд түрээслүүлэгчид нэн даруй мэдэгдэх үүргээ хариуцагч тал биелүүлснээ нотлоогүй, Түрээсийн гэрээний 4.3-т техник хэрэгслийн сул зогсолтын хугацаанд алдагдсан үйлдвэрлэлийн хохирлыг түрээслэгч хариуцахгүй гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн нийт 30.734.700 төгрөгийн шаардлагаас нэмэгдсэн өртгийн албан татвар 4.153.333 төгрөгийг хасч, түрээсийн төлбөр 9.685.333 төгрөг, алданги 900.735 төгрөг, хохирол 7.353.000 төгрөг нийт 17.939.068 төгрөгийг хариуцагч Б.М-аас гаргуулж нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.795.632 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

            “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 17.939.068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.795.632 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 17.226.600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж

Шийдвэрийн 2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ”Шимт газар”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376.310 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас төгрөг 247.645 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шимт газар” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.636 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61.214 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                       ШҮҮГЧИД                                               С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ