Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
Хэргийн индекс | 120/2020/0006/З |
Дугаар | 9 |
Огноо | 2020-04-09 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 9
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаатарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М Т Т” ХХК,
Хариуцагч: Ө а З д,
“Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “М Т Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “М Т Т” ХХК-ийн захирал Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“М Т Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ханбогд сумын засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамж гарч 20 га талбайг манай компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Э-1112000019 дугаарт бүртгэгдэж газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгогдсон.
Бид ийнхүү эзэмшсэн газартаа зориулалтын дагуу гаалийн хяналтын талбай үүсгэн байгуулахаар 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулсан.
Гэтэл Ө а З д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/1106 тоот захирамж гаргаж манай компанийн эзэмшил газрын гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Хариуцагч Ө а З дас маргаан бүхий 2019 оны А/1106 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн заалтуудыг үндэслэсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжийг бус, манай компанид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн эдгээр хуульд заагдсан урьдчилсан нөхцөл бүрдээгүй буюу нэхэмжлэгч нь хууль тогтоомж зөрчөөгүй, өөр бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Ө а З д 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/1106 тоот захирамжийн 1 дэх хэсэгт “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн ...” гэж заажээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь заалтад “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох” нөхцөлүүдийг заасан байдаг. Хуулийн эдгээр заалтад “газар эзэмшигч нь газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн бол” гэдэг үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл байдаггүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл, болзлын талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд үүнд “газар эзэмшигч нь газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн бол” гэдэг нөхцөл мөн л байхгүй.
Ханбогд сумын Засаг даргаас газар эзэмшүүлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 тоот захирамж гарсны дагуу бид төслөө хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналтын талбай байгуулж ажилласан.
Нэгэнт манай компани хэн нэгнийг хуурч мэхлээгүй, үгсэж хуйвалдаагүй, төрийн хуулийн дагуу томилогдсон сумын Засаг дарга гэгч албан тушаалтанд хандаж газар эзэмших хүсэлтээ төслийн хамт гаргасны дагуу уг албан тушаалтан манай компанид газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тул бид хуулийн дагуу шударгаар тус газрын эзэмшсэн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” нь захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим байхаар, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан. Хуулийн энэ заалтын дагуу Ө а З д нь манай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулахгүйгээр гаргаж, хууль зөрчсөн.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сард газар эзэмших захирамж гарсны дараагаар Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гашуун сухайт гаалийн газар дээр очиж эхлүүлэх гэж байгаа ажлаа танилцуулахад манай сайтад байгаа журмын дагуу материалаа бүрдүүлээд ир гэж хэлсэн. Гаалийн ерөнхий газарт Гаалийн хяналтын талбайгаар бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан байсан. Гашуун сухайтын гаалийн газрын хүмүүс ирээд бидний хийсэн ажлын үр дүнг үзээд болж байна гэж хэлсэн.
Бид өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд нь нэмж 500 гаруй сая төгрөгийн зээл авсан. Гэнэт танай газрыг цуцаллаа гэх асуудал гарч ирээд дунд нь бид хохирч байна.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “М Т Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар Гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг нэхэмжлэгч “М Т Т” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг зөрчиж дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмыг хэрэглэлгүй, хуулийн этгээдийн хүсэлтээр газар эзэмшүүлсэн нь тогтоогдсон тул 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэснийг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/1106 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль ёсны шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй.
Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 онд Таван толгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компанийн газар эзэмших эрхэд хяналт шалгалтыг хийж 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийсэн ажлын тайлан, дүгнэлтүүд гарсан. Энэхүү ажлын тайлан, дүгнэлтээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулах журмаар газар эзэмшүүлэх хуулийн заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн 11 хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагатай байна гэсэн тайлан, дүгнэлтийг гаргаж Ө а З дд ирүүлсэн.
Ханбогд сумын засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар “М т т” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү захирамжийн гаргахдаа нэхэмжлэгч “М Т Т” ХХК нь нэхэмжлэлдээ газар эзэмшүүлэх хүсэлтийг төслийн хамт хүргүүлээд Ханбогд сумын Засаг даргын захирамж гарсан гэдэг.
Гэтэл Газрын тухай хуулийн заалтыг зөрчиж шууд газар эзэмшүүлсэн учраас Захиргааны актыг хууль бус гэж үзээд Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий захиргааны актыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д зааснаас илүү хэмжээгээр газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны журмыг мөрдөж ажиллана гэсэн зохицуулалт байдаг. Тэгэхээр дуудлага худалдаа явуулахгүйгээр энэхүү журмыг зөрчсөн учраас хүчингүй болгосон.Нэхэмжлэгч хөрөнгө оруулалтыг хийсэн асуудалтай байна гэдэг. Хууль бус захиргааны акт гарсны дараагаар газар эзэмшигч нь хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна.
Газрын дуудлага худалдаа нь орон нутгийн төсөв бүрдүүлдэг нэг хэрэгсэл учраас хэн нэгэн мөнгө төлөлгүйгээр 20 га газрын эзэмшиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Энэхүү газрын хэн нэгэн дуудлага худалдаагаар авах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М Т Т” ХХК нь Ө а З дд холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “М Т Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...газар эзэмших эрхийг хуулийн дагуу олж аваагүй гэсэн үндэслэлээр манай компанид мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус...” гэж тодорхойлжээ.
Хариуцагчаас “... анх эрх олгосон шийдвэр нь хууль бус” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон...” гэж маргасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/22 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасныг үндэслэн “М Т Т” ХХК-д нэгж талбарын 601009066 дугаар бүхий 20 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгожээ.
Улмаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжаар нэхэмжлэгч “М Т Т” ХХК-д гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн 20 га газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаас “М Т Т” ХХК-нд олгосон 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар дугаартай захирамж нь чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл бүхий “захиргааны акт” бөгөөд, уг актын үйлчлэл нь эрх бүхий этгээдүүдээс байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээгээр тус тус баталгаажсан байх тул хариуцагчийн “...аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналт шалгалтын тайлан, дүгнэлтэд ...хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй байх тул газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгах шаардлагатай болсон...” гэх үйл баримт нь дээр дурдсан эрх бүхий этгээдийн баталгаажуулсан гэрээ, гэрчилгээгээр үүссэн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч “М Т Т” ХХК нь тухайн газар дээрээ барилга, байгууламж барьж, үйл ажиллгаа явуулж байсан нь барилга байгууламжийн зураг төсөл, байршил, газрын хэмжээ зэргийг харуулсан тойм зургууд, барилга байгууламжийн фото зураг, 900м урттай 3-5 м өндөр торон хашааг хийлгэх 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 31/2019 дугаар бүхий ажил гүйцэтгэлийн гэрээ, 2 ширхэг автопүүг худалдан авсан гэрээ, хоногт 5-10 тонн бохир ус цэвэрлэх систем хийж гүйцэтгэх 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр “Т Х К” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч “М Т Т” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ҮХХ-72 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай зээлийн гэрээгээр 150 000 000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн зээл авч, мөн 2019 оны санхүүгийн тайлангаар эзэмшиж буй газартаа хөрөнгө оруулалт хийсэн байна.
Захиргааны байгууллага ийнхүү нэхэмжлэгчид тухайн газрыг ашиглах эрхтэй гэх итгэл, үнэмшлийг төрүүлсэн атлаа “анх олгосон шийдвэр хууль бус байжээ” гэх үндэслэлээр “М Т Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчихөд хүргэжээ.
Түүнчлэн, “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх” журмыг зөрчсөн гэх үндэслэл нь холбогдох захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамааралтай байх тул энэ нь дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарахгүй юм.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан, хариуцагчаас энэ талаарх хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1-2074 дүгээр “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай албан бичгийг хэрхэн, яаж хүргүүлж, мэдэгдсэн талаар нотлоогүй, баримт байхгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргасны дараа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1-2722 дугаар албан бичгийг хүлээн авч мэдсэн гэж нэхэмжлэгчийн маргаж буй нь үндэслэлтэй.
Эдгээр үндэслэлүүдээр, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн “М Т Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М Т Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/1106 дугаар захирамжийн нэхэмжлэгч “М Т Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА