Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

 

2022         01           04                                           2022/ШЦТ/18

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Е 

Улсын яллагч Г.Э

Хохирогч Б.Г 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э, М.Э

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 2025001900142 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Б ургийн овогт Г Б, Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 17-27 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгайн 26-13 тоот иргэн Б.Болорцэцэгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч Самсунг загварын 43 инчийн ЛСД зурагт, ДДШ-н төхөөрөмж зэргийг хулгайлж 970 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 17-9 тоот иргэн Б.Эрдэнэцэцэгийн байшинд хууль бусаар нэвтэрч Эл Жи загварын 32 инчийн зурагт, зурагтын удирдлага, хөлдөөгч, ДДШ-н төхөөрөмж зэргийг хулгайлж 730 000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 5-46 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн бэрх” махны дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Л.Нарангэрэлийн Самсунг А50 загварын гар утас, панта ундааг  нууцаар хууль бусаар хулгайлан авч 456 500 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 2 156 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                       ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн прокурорын газраас Г.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар:

Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2015 оноос эхнэртэйгээ танилцаад цагаан идээ хийгээд хашаа байшинтай, хүүхэдтэй болоод сайхан амьдарч байсан. Тухайн өдөр найзуудтайгаа архи ууснаас болж эхнэртэйгээ маргалдаж зодсон. Тэгээд эхнэр гэрээ аваад Заамарлуу явсан. Тэрнээс болоод архи ууж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Одоо эхнэртэйгээ эвлэрч цуг амьдарч байгаа. Хэрэг хийснээс хойш архи уухгүй, ажил хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Хохирлыг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдол санал байхгүй. Бие биенээ уучлаад хамт амьдарч байгаа. Нөхөртэйгээ танилцсанаас хойш Тэшиг суманд цагаан идээ болон хуушуур хийж зардаг байсан. Тэгээд Орхон аймагт ирээд шинжлэх ухаан технологийн паркаас зээл аваад цагаан идээ хийж амьдарч байсан. Корона гараад цагаан идээгээ зарахаа больсон. Тэгээд цагаан сар өнгөрөөд найзуудтайгаа архи уугаад ийм үйлдэл гарсан. Тэгээд би гэрээ аваад эгчийнх рүүгээ явсан. Миний зан авир түргэдсэн байсан. Намайг явснаас хойш хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байсан” гэв.

Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байна.

Хохирогч Л.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байна.

Хохирогч Б.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 4-7 тал/

          2. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8,9-р тал/

          3. Хохирогч Б.Б-гийн2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай ээж рүү хажуу айлын хүн залгаад танай хүүгийн гэрт хулгай орчихсон байх шиг байна цонхыг нь хөшчихсөн байна гэж хэлсэн. Тэгээд би ээжтэй цуг байсан тул мэдээд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед гэрийг нь ороод хартал цонхны гадна төмрийг нь хөшөөд цонхыг нь хагалчихсан байсан тэгээд хаалганы илүү түлхүүр нь гэр дотор байгаа гэж манай дүү утсаар хэлсэн. Тэгээд тэр хагархай цонхоор ороод илүүл түлхүүрийг хувцасны шүүгээн дотроос түлхүүрийг нь аваад тэгээд гадна хаалга дотор талаас нь онгойлгосон. Тухайн үед гэр рүү нь ороод зурагт, хүлээн авагч нар нь байхгүй байсан. Манай дүүгийн гэр байгаа юм. Манай дүү Өлзийдэмбэрэл гэдэг хүн байдаг өөрөө Төв аймгийн Заамар суманд дэлгүүр ажиллуулдаг тэндээ байдаг. Энд байгаа гэртээ байдаггүй юм.Яг гэрт нь ямар ямар зүйл байдаг талаар бид нар сайн мэдэхгүй өөрөө ирж байж л хэлэх байх. Эхний ээлжиндбид нар цагдаад мэдэгдээд зурагт, хүлээн авагч байхгүй байгааг хэлсэн. Өөр юу алга болсныг мэдэхгүй байна. Хулгайд алдсан зурагт нь Самсунг брэндийн 43 инчийн хар өнгөтэй зурагт байсан. Харин хүлээн авагч нь ДДШ маркийн хавтгай хар өнгийн төхөөрөмж байдаг юм. Манай дүү зурагтаа 2016 онд 800,000 төгрөг хавьцаа Номин электрониксоос авч байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 15-р тал/

4. “Далай ван Аудит” ХХК-ий шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-50 дугаартай “2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Самсунг маркийн 43 инчийн LCD зурагт 800,000 төгрөг DDSH-ийн төхөөрөмж 170,000 төгрөг 1*1,40 хэмжээтэй цонхны хаалт төмөр 70,000 төгрөг, 0,55*1,0 хэмжээтэй цонхны шил 27,5 мянган төгрөг, хаалганы цүү 6000 төгрөг, дунд зэргийн хэмжээтэй хятад цоож 7000 төгрөг тус тус болж нийт 1,080,500 төгрөг болж байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 25-30-р тал/

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 81 дугаартай “илрүүлж бэхжүүлсэн 12 дугаартай гарын мөр М1М00302001030 дугаартай санд бүртгэгдсэн Гүнгэрэгжавын Бийн зүүн гарын алганы, 13 дугаартай гарын мөр нь Гүнгэрэгжавын Бийн баруун гарын алганы хээний дардастай папилляр шугамын нийлэлт. эхлэл, төгсгөл, сорви зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-н 35-36-р тал/

6. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/1-р хх-ийн 64-65-р тал/

7. Гэрч Б.Ө-ийн “Манай эгч ДДШ-ийн төхөөрөмж зурагт хоёрыг хүлээн аваад над руу явуулсан би хүлээж аваад ажиллуулж үзсэн ажиллаж байна лээ  гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 122-р тал/

8. Хохирогч Б.Ггийн “Би Бтэй 2016 онд танилцаад 2017 оноос цугтаа амьдарч эхэлсэн. 2019 онд дундаасаа нэг хүүтэй болсон. Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай нөхөр найзуудтайгаа нийлж архи ууж хоносон. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр босоод дэлгүүр лүү яваад гар утас болон цахим үнэмлэхээ дэлгүүрт барьцаанд тавиад архи, тамхи аваад ороод ирсэн. Согтоод чи надад утсаа өг би аваачиж барьцаанд тавьж архи ууна гэхээр нь би гар утсаа өгөхгүй гэсэн чинь гэрт намайг чирж оруулаад ор луу түлхэж унагаагаад гурилын бөөрөнхий модоор миний гар, хөл хэсэгт олон удаа цохисон, тэгээд мийний зүүн хацар луу 2 удаа алгадсан, тэгээд утсаа өг тэгвэл би чамаас салаад зайлаад өгье гээд байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-н 137-138 тал/ “Б миний биед 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний баруун шуу зуухны янданд гаднаас чирж орох үед хайрагдсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-н 141-142 тал/

9. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 285 дугаартай “Б.Ггийн биед баруун шуунд 1-р зэргийн түлэгдэлт, зүүн бугалга баруун хөлөнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Түлэгдэлт нь өндөр хэмийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Түлэгдэлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 146-147 тал/

10. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хх-ийн 9-11 тал/

11. Уртын гол баг 5-4б тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн бэрх” махны дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 12-13 тал/

12. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 14-21 тал/

13. Хохирогч Л.Н-ийн “гар утсаа лангууны баруун гар талын хэсэгт байх компьютерийн дэлгэцийн хажууд тавьчихаад мах бэлтгэлиин өрөө орж махаа янзалж бэлдэж байгаад 17 цаг өнгөрөөгөөд лангуун дээрээ иртэл миний Самсунг А-50 маркийн гар утас алга болсон байсан...Би гайхаад хяналтын камераа шалгаж үзэхэд намайг ажилтай байх хойгуур дундаж нуруутай эрэгтэй хүн 17 цаг 01 минутад миний гар утсыг авч явж байгаа бичлэг байсан ...Би Самсунг А50 маркийн гар утсаа 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Эрдэнэт их дэлгүүрийн 1 давхарт байх утасны худалдаанаас 650,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний утасны ар тал хар хөх өнгөтэй, бор шаргал өнгийн хавтастай байсан. Тус хавтас дотор миний иргэний цахим үнэмлэх Төрийн болон Хаан банкны карт, Номин дэлгүүрийн хөнгөлөлтийн карт байсан. Миний утас ямар ч эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай сэв зураасгүй шинээрээ байсан. Би өөрийн утсаа анх авсан үнээрээ буюу 650,000 төгрөгөөр үнэлж байсан.Мөн иргэний үнэмлэх болон картуудаа үнэлэхгүй. Хэрэв буруутай этгээд олдвол банкны карт болон иргэний үнэмлэх захиалсан зардлаа нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 23-25-р тал/

14. Гэрч Б.Д-ын 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Теби гар утасны худалдааны төвийн урд ажил дээрээ байж байсан чинь 17 цагаас 18 цагийн үед цэнхэр өнгийн хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй цагаан фүүзтэй, саарал өнгийн фудволктой өндөр шаргал өнгийн царайтай, зүс таних 30-33 настай залуу утас авах уу гэж ирсэн. Тэгээд би утсыг нь үзсэн чинь кодтой утас байсан. Тэгээд тухайн залуу 0000 гэж пасс код хийж утасны түгжээг гаргасан чинь тухайн залуугийн зураг дэлгэцэн дээр байсан. Тэгээд би галарей хэсэгт нь орж үзсэн чинь өөрийнх нь зургууд байсан. Тэгээд би хулгайн утас гэж мэдээлгүй Сайн ломбард дотор утас зардаг Анхаа ахийн эхнэрийг Самсунг А-50 маркийн гар утсыг зуучилж 260.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тухайн залуу би эхнэр хүүхэдтэйгээ уулзах гэсэн мөнгөгүй болчлоо хөдөө Архангай аймаг Жаргалант суманд байгаа очих гэсэн мөнгөний хэрэг гараад гэж яриаж байсэн” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 28-р тал/

          15. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №ОРХ-20/75 дугаартай Самсунг А50 маркийн гар утас элэгдэл тооцсон үнэ 455000 төгрөг гэх дүгнэлт. /2-р хх-ийн 42-44-р тал/

          16. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хх-ийн 140-142-р тал/

          17. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 143-147-р тал/

18. Хохирогч Б.Э-гийн “2020 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдөр би Булган аймаг Тэшиг сум явсан.Тэгээд би 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Булган аймаг Тэшиг суманд байж байсан чинь Яргуйт багийн хэсгийн ахлагч над руу залгаж Яргуйт толгод тоот танай гэрт хулгайч орсон байж магадгүй танай гэрийн хаалга онгорхой байна гэхээр нь би Булган аймгийн Тэшиг сумаас 2020 оны 5 дугаар сарын 30-нь өдөр шөнийн 02 цагийн үед Орхон аймагт орж ирсэн юм. Тэгээд би гэртээ иртэл LG маркийн зурагт авдрын хажууд байсан цагаан өнгийн хөлдөөгч дээшээ хаалга нь онгойдог байсан марк загварын мэдэхгүй байна. Манай гэрээс зурагт, хөлдөөгч, ДДШ төхөөрөмж, зурагтын удирдлага зэрэг эд зүйлүүд алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 149-р тал/

          19. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №ОРХ-20/55 дугаартай “LG маркийн 32 инчийн зурагт 280,000 төгрөг, хөлдөөгч 250,000 төгрөг, ДДШ хүлээн авагч 180000 төгрөг нийт 710 000 төгрөг” гэх дүгнэлт /2-р хх-ийн 162-164-р тал/

          20. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №ТХХ/21-133 дугаартай LG маркийн 32 инчийн зурагтын удирдлага 20000 төгрөг гэх дүгнэлт /2-р хх-ийн 216-р тал/

21. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /2-р хх-ийн 244-247-р тал/

22. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 1-р тал/

23. Гэрч З.Ганболдын “2020 оны 06 дугаар сард байхаа хугацаагсайн санахгүй байна, ямартайч 1 жилийн емнө болсон асуудал. Би 06 дугаар сарын дундуур шиг санагдажбайна, Орхон аймаг Баян- Эндөр сум Баруун дэнжийн 2-14 тоотоос 08 цагийн үед гэрээсээ гараад зах орох гээд явж хашаанаасаа гартал манай гудамжинд /Өндөр 180 сантиметр гаран өндөртэй, шар залуу / буюу Б нь намайг дуудаад ахаа ддишийн хүлээн авагч төхөөрөмж зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай ддишийн хүлээн авагч юм бэ? хулгайн эд зүйл биш биз гэхэд үгүй ахаа, манайх энүүхэн энд байдаг юм би гэрээсээ аваад гараад ирлээ. Гэртээ талх, боов, ундаа авах гэсэн юм гэж хэлэхээр нь буцаж гэр рүүгээ ороод эхнэрт хэлтэл, эхнэр гарч ирж үзээд авахаа болих юм уу гэж нэг хэлснээ, за яахав яахав гэр оронд нь идэж уух юм байхгүй байгаан бол авчихдаа гэж хэлэхээр нь би ддишийн хүлээн авагч төхөөрөмжийг тэр залуугаас 10,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед би хулгайн эд зүйл гэж би мэдээгүй” гэсэн мэдүүлэг. /3-р хх-ийн 3-р тал/

 

24. Гэрч Д.Б-ийн “2020 оны 06 дугаар сард хугацааг сайн санахгүй байна. Би өглөө 06 цагийн үед таксинд явах гээд Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг толгодын 7-4 тоотоос 79-51 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад гарсан. Сонор хайрхан дээр иртэл Б гэх хүн өндөр шар залуу над дээр ирээд өчигдөр тантай уулзаад байсан таксины жолооч ахын машинд би хөлдөөгчөө үлдээсэн юм. Би өчигдөр хөлдөгчөө ломбардад тавих гэсэн  аваагүй гэж хэлсэн. Тэгээд би Бийн сууж явсан гэх таксины жолооч руу залгаад чиний машинд нэг хүн хөлдөөгч тавьсан юм уу гэж асуутал тиймээ өчигдөржингөө надтай цуг явсан хүн 30,000 төгрөгийг өгөөгүй болохоор надаа хөлдөөгчөө үлдээгээд явсан. Маргааш ирээд хөлдөөгчөө авна гэж хэлсэн байсан. Б гэх залуу нь надад хандаж та надаа нэг тус болооч би одоо хот руу ажилд явах гэж байгаа гэж хэлээд надтай цуг Дэнж рүү явсан, нэг айл руу орчхоод гарч ирсэн. Б гэх залуу нь надад хандаж та надаа 30,000 төгрөг өгчих, гэхээр нь би өгөөгүй юм. Тэгээд тухайн үед манай эхнэр нь өндөр шар залууд 5000 төгрөг өгөөд ядахдаа хоол авч идээрэй гэж хэлсэн. Б нь хотоос юм уу бүү мэдээ нэг газраас залгаад миний хөлдөөгчийг аваад гэртээ тавчих би очиж байгаад авъя, хэрэв очихгүй бол зарчхаарай гэж хэлсэн. Б нь надад хандан та миний хөлдөөгчийг авчих надаа 35,000 төгрөг өгчихөө гэж хэлсэн . Би хөлдөөгчийг нь ямар учиртайг хөлдөөгч юм бэ гэж асуухад би хот руу шилжих гэж байгаа болохоор гэрийнхээ эд зүйлийг зараад явж байна гэсэн. Би Б гэх хүний таксидаж явсан, машины жолоочоос очиж Бийн таксины мөнгө гэж 30,000 төгрөгийг өгөөд цагаан өнгийн жижиг хөлдөөгчийг нь авсан. Б гэх хүн над руу залгаад ахаа яаралтай 50,000 төгрөг хэрэг болоод байна над руу шилжүүлээч гэхээр нь ахад нь 35,000 төгрөг байна, чиний хөлдөөгч 50,000 төгрөг хүрэхгүй шүү дээ гэж хэлээд 35000 төгрөгийг шилжүүлсэн. Би тэр хөлдөөгчийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 5-р тал/

25. Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-204-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-179-р тал/,

26. Яллагдагч Г.Бийн “Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 26-13 тоот ногоон өнгийн хашааны хаалгатай, ногоон дээвэртэй дүнзэн байшин байсан юм. Тэгээд би хашааны гаднаас харсан чинь хүнгүй байсан. Би хашааны хаалгыг түлхсэн чинь онгорхой байсан. Дотогшоо ногоон өнгийн жижиг хаалга онгойлгож хашаан дотор ороод ертөнцийн зүгээр зүүн урд талийн цэнхэр өнгийн эмжээртэй төмөр хаалтай вакум цонхны хаалтыг гараараа татсан чинь төмөр нь наашаа болсон юм. Би гараараа цохиж хагалаад дотогш орсон чинь зүүн урд хананд шаргал өнгийн зурагтын тавилга байсан юм. Тэгээд тухайн тавилган дээр хар өнгийн Самсунг маркийн 43 инчийн зурагт, хар өнгийн “ДДШ” маркийн хүлээн авах байхаар нь аваад тухайн байшингийн дотор хаалган онгорхой байсан. Тэгээд гаднах бор өнгийн бүргэд хаалгыг дотор талаас нь онгойлгож гадагшаа зурагт, хар өнгийн “ДДШ” марк хүлээн авах зэрэг эд зүйлийг авч гарсан юм. Тэгээд шанд багийн 40-р гудамжны эзэн хашаа руу орж цагаан өнгийн байшингийн ард хэсэгт хулгайлсан хар өнгийн 43 инчийн зурагтаа үлдээсэн юм. Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор тоотыг сайн санахгүй байна. Тэгээд би дэлгүүр орж тамхи авах гээд хашаанаас гарсан юм. Би 40-р гудамжны хажуугийн төв замын дэлгүүрээс тамхи авах гэж очсон боловч надаа мөнгө байхгүй байсан. Тэгээд би дэлгүүр орох замдаа хар өнгийн төрөөрөмжийг дэлгүүр орох үедээ хаясан байсан. Тэгээд би хулгайлж авсан зурагтаа авах гээд буцаад нөгөө хашаагаа олоогүй юм” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 18-19 тал/ ... “Би 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би өглөө гэртээ байж байгаад ганцаараа дэлгүүр ороод нэг шил архи аваад уусан. Гэтэл Г намайг би өөрийнхөө гар утсыг барьцаанд тавьж архи уулаа хүүхдүүддээ нэг шил сок ч авсангүй гэж уурласан. Тэгэхээр нь би ямар байнга архи уугаад байгаа биш гээд бид хоёр маргалдсан. Гэтэл Г гадаа гараад хашиграад байхаар нь чирч оруулаад 2 удаа өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйлгүй. Намайг оруулах гэтэл орохгүй гээд байсан тэгэхдээ гар хөлөө хаалганд цохисон. Би бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155-156 тал/ ... “Би 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Яргуйт багт байх өөрийн хашаан дээр очтол манай эхнэр гэрээ аваад нүүчихсэн байсан, тэгээд буцаад алхаад явж байтал замд дэлгүүр таарсан, тэр дэлгүүр лүү ороход дотор нь хүн байгаагүй, намайг ороход хаалганы хонх дугарсан боловч хүн гарч ирээгүй тэгэхээр нь би лангуун дээрээс нэг ширхэг жижиг панта нэртэй ундаа аваад гарах гэж байтал ширээн дээр компьютерын хажууд Самсунг А50 маркийн гар утас байсан, тэр гар утсыг аваад гараад явсан. Гар утсыг аваад город руу ороод Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Сонор хайрхан худалдааны төвийн гадаа очсон, гадна нь очтол гар утас худалдаж авна гээд танихгүй эрэгтэй хүн зогсож байсан, би энэ хүнд зарах гар утас байна гэж хэлтэл тэр эрэгтэй гар утсыг надаас аваад, Сонор хайрхан худалдааны төвд суудаг эмэгтэй хүн дээр очоод тэр хүнээс 260,000 төгрөгийг надад авч өгсөн. Түүнээс өмнө би тэр хүнтэй 260,000 төгрөгөөр зарахаар ярьж тохирсон байсан. Би тухайн гар утсыг зарсан 260,000 төгрөгийг ойр зуурын хоол хүнс болон бусад хэрэгцээндээ зарцуулсан, манай эхнэр байхгүй, манай гэр байхгүй байсан учир би Дэнжид байх дүүгийндээ ирж 3 хоносон юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтүүд:

        Улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, нийт 3 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлж 2 156 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй. Эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э “Энхтуяа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

        Шүүх хавтаст хэрэг авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийг шинжлэн судалж, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад хэргийн үйл баримт, гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

        Үйл баримтын талаар:

        Хохирогч Б.Ггийн “чи надад утсаа өг би аваачиж барьцаанд тавьж архи ууна гэхээр нь би гар утсаа өгөхгүй гэсэн чинь гэрт намайг чирж оруулаад ор луу түлхэж унагаагаад гурилын бөөрөнхий модоор миний гар, хөл хэсэгт олон удаа цохисон, тэгээд мийний зүүн хацар луу 2 удаа алгадсан, тэгээд утсаа өг тэгвэл би чамаас салаад зайлаад өгье гээд байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 285 дугаартай “Б.Ггийн биед баруун шуунд 1-р зэргийн түлэгдэлт, зүүн бугалга баруун хөлөнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Түлэгдэлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 17-27 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт,

        Хохирогч Б.Б, Л.Н, Б.Э нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, “Далай ван Аудит” ХХК-ий шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 02/02-50 дугаартай Самсунг маркийн 43 инчийн LCD зурагт 800,000 төгрөг DDSH-ийн төхөөрөмж 170,000 төгрөг 1*1,40 хэмжээтэй цонхны хаалт төмөр 70,000 төгрөг, 0,55*1,0 хэмжээтэй цонхны шил 27,5 мянган төгрөг, хаалганы цүү 6000 төгрөг, дунд зэргийн хэмжээтэй хятад цоож 7000 төгрөг тус тус болж нийт 1,080,500 төгрөг болж байна” гэх дүгнэлт, Хэргийн газраас бэхжүүлсэн гарын хээг Г.Бийн гэрийн хээтэй харьцуулсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №ОРХ-20/75 дугаартай Самсунг А50 маркийн гар утас элэгдэл тооцсон үнэ 455000 төгрөг гэх дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №ОРХ-20/55 дугаартай “LG маркийн 32 инчийн зурагт 280,000 төгрөг, хөлдөөгч 250,000 төгрөг, ДДШ хүлээн авагч 180000 төгрөг нийт 710 000 төгрөг” гэх дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн №ТХХ/21-133 дугаартай LG маркийн 32 инчийн зурагтын удирдлага 20000 төгрөг гэх дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Баруун задгайн 26-13 тоот иргэн Б.Болорцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч Самсунг загварын 43 инчийн ЛСД зурагт, ДДШ-н төхөөрөмж зэргийг авч 970 000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 17-9 тоот иргэн Б.Эрдэнэцэцэгийн байшинд нэвтэрч Эл Жи загварын 32 инчийн зурагт, зурагтын удирдлага, хөлдөөгч, ДДШ-н төхөөрөмж зэргийг авч 730 000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 5-46 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Дөрвөн бэрх” махны дэлгүүрийн лангуун дээрээс иргэн Л.Нарангэрэлийн Самсунг А50 загварын гар утас, панта ундааг  авч 456 500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

        Гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, хохирол хор уршигийн талаар:

        Шүүгдэгч Г.Б нь нийтээр тогтоосон хорио цээрийн үед ажил эрхлээгүй, орлогогүй болсон гэдгээр шалтаглан архи согтууруулах ундаа олон хоногоор хэрэглэж, архи худалдаж авах мөнгө хэрэг болсон шалтгаанаар хамтран амьдрагч Б.Ггийн гар утсыг авахаар маргалдаж, санаатай хүч хэрэглэн зодсон, мөн үргэлжлүүлэн согтуурч, согтууруулах ундаа авах шунахай зорилгоор бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь авсан байна. Шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, 3 хохирогчид нийт 2 156 500 төгрөгийн хохирол учирсан байна.

        Гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

        Шүүгдэгч Г.Бийн иргэн Б.Гг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, 2 удаагийн үйлдлээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан, 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.      

        Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршигийн талаар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй болно.

        Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Шүүх Г.Бд оногдуулах эрүүгийн хариуцлага, хохирол төлөлт, иргэний нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад зүйлийн талаар дараах дүгнэлтийг хийв. Үүнд:

        Эрүүгийн хариуцлагын талаар

        Шүүгдэгч Г.Бд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

        Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт торгох ял, орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт хорих ял оногдуулж, хуульд заасны дагуу нэмж нэгтгэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй” гэсэн байна. Шүүгдэгч Г.Б нь ДЭХАШ 1-р шүүхийн 2015 оны 05 сарын 29-ний өдрийн 719 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хорих ялаас суллагдсан байх тул 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлийн хуульд хамрагдахгүй гэж үзлээ.

        Шүүгдэгч нь Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэв.

        Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 63 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

        Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

        Хулгайлах гэмт хэргийн хохирогч Б.Болорцэцэг, Л.Нарангэрэл, Б.Эрдэнэцэцэг нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч “нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна. Хохирогч Б.Г нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.        Иймд шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

        Хэрэгт хамааралтай бусад зүйлийн талаар:

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Гын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийн цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.А