| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06162/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02033 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02033
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/02033 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БНСУ-ын Сөүлтигбёл хот, Жунру дүүрэг, Шинмүнрү 1, Гуанхуамүн оффис, 1324, 1325 тоот, Ёнжин глобал ложистик ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 1005 тоот, Глобал ложистик ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 23 646 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг. Глобал ложистик ХХК нь манай компаниас 40, 60 тн-ын чингэлэг түрээслэн ажилладаг. Түрээсийн төлбөрийн тооцоо хийж 2016 оны 01-р сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Хэлцлээр 11 000 ам.долларын үлдэгдэл гарсан бөгөөд үүнээс хойш 100 доллар буюу 200 000 төгрөг төлж, өөр төлбөр хийгээгүй. Хариуцагч компани энэ төлбөрийг төлөх график гаргасан 2016 оны 2-р сарын 25-наас 2017 оны 4-р сарын 25-ны дотор төлж дуусгахаар болсон. Иймд Глобал ложистик ХХК-иас 10 900 доллар буюу 23 646 000 төгрөг гаргуулж Ёнжин глобал ложистик ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ мөнгийг Глобал ложистик компани төлөхгүй, зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээ хэлцэл хийгээгүй, 2016 оны 1-р сарын 12-ны өдрийн баримтад гарын үсэг зурхад Глобал ложистк ХХК дээр гадны олон орны жуулчид ирсэн байсан, тэгэхэд 11000 долларыг төлөхгүй бол энд орилж өртэй гэдгийг чинь зарлана гэж сүрдүүлсэн байдаг. Тухайн үед нягтлангууд шалгаж үзээгүй гарын зурсан, нягтлан н.Алтансувд нь 73 870 доллар төлсөн гэдэг. Санхүүгийн баримтаас үзэхээр Ёнжин глобал ложистик ХХК-д түрээсийн төлбөрт 86 000 долларыг төлсөн байдаг. Эдгээр нь шүүхэд өгсөн нотлох баримтаас харагдана. Бид тооцоо нийлэх хэрэгтэй гэж үзэж байна. Харин ч бид баримтаас үзэхэд илүү мөнгө төлсөн байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ёнжин глобал ложистик компани нь Глобал ложистик ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 10900 ам доллар буюу 23 646 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ёнжин глобал ложистик компани болон Глобал ложистик ХХК-иуд нь 2005 оны 09-р сарын 29-ний өдөр байгуулсан “Тээвэр зуучийн гэрээ”-ний дагуу тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг /хх 48-51/ байна.
Глобал ложистик ХХК нь гадаад худалдаа, импорт, экспорт, орон нутгийн ачаа, дотоодын болон олон улсын чингэлэг эрхлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн /хх 44/ байна.
Энэхүү гэрээ болон эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Глобал ложистик ХХК нь Ёнжин глобал ложистик компаниас чингэлэг түрээслэн ажиллаж, түрээсийн төлбөр төлж байсан нь төлбөр төлсөн тухай 2016 оны 9-р сарын 15-ны өдрийн тооцоо /хх 22/, 2010 оны 4-р сарын 1-ний өдрийн “Хэлцэл” төлбөр барагдуулах тухай /хх 24/, 2009 оны 6-р сарын 27-ны өдрийн төлбөр төлөх талаарх цахим шуудан /хх 28/, Ёнжин глобал ложистик ХХК-ний Монгол дахь төлөөлөгчийн газраас Глобал ложистик ХХК-д хүргүүлсэн 2009 оны 11-р сарын 15-ны өдрийн 091215/1 тоот албан бичиг, Глобал ложистик ХХК-иас Ёнжин глобал ложистик ХХК-д хүргүүлсэн төлбөр барагдуулах тухай 2009 оны 12-р сарын 16-ны өдрийн албан бичгүүд зэрэг баримтуудыг хүргүүлж байжээ.
Үүнээс дүгнэвэл, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгэгч нь төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн гэж үзнэ.
Глобал ложистик ХХК нь 2016 оны 1-р сарын 12-ны өдрийн Ёнжин глобал ложистик компанид 01/03 тоот албан бичгээр /хх 11/ гаргасан “Хүсэлт”-д заасан “2009 оны чингэлэгийн түрээсийн үлдэгдэл 11 000 ам.долларын үлдэгдэл төлбөрийг 2016 оны 2-р сараас эхлэн 2017 оны 04-р сарын 25-ны дотор графикаар төлөхөөр мэдэгдсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч маргаж, үүнээс хойш төлсөн 100 долларыг хасч 10 900 доллар гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “...гадны хүмүүс ирсэн байхад дарамталж гарын үсэг зуруулсан, манайх түрээсийн төлбөрт 86 000 доллар төлсөн, илүү мөнгө төлсөн” гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Нөгөө талаас, 86 082 ам.доллар төлсөн нь чингэлэгийн түрээсийн төлбөрийг илүү төлсөн, 2016 оны 01-р сарын 12-ны өдрийн төлбөр төлөх графикаар тохирсон төлбөрийг төлснийг нотлоогүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага 10 900 долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны зарласан ханш 2 169.44 төгрөгөөр тооцож бшхэлд нь хангалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Глобал ложистик ХХК-иас 23 646 000 /хорин гурван сая зургаан зуун дөчин зургаа мянга/ төгрөг гаргуулж Ёнжин глобал ложистик ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 276 180 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Глобал ложистик ХХК-иас 276 180 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА