Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

Улсын яллагч Б.Чинзориг,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттулгын Мд холбогдох эрүүгийн 2203 00000 0039 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овогт Баттулгын М, /РД:./, Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачин 1 -24 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 48 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 11 дүгээр дунд сургуулийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 80-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана”, 16.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай, эмэгтэй Ш.Солонгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар  цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч  Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 48 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 11 дүгээр дунд сургуулийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 80-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана”, 16.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай, эмэгтэй Ш.Солонгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар  цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 3-11 дүгээр тал/,

Хохирогч Ш.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явган хүний гарцаар найз Номинзулын хамтаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд ногоон өнгийн явганы гэрэл дохио асах үед бид хоёр гарч явтал явган хүний гарцан дээр улаан өнгийн гэрэл дохио солигдохыг хүлээгээд зогсож байгааг би харсан тэгээд яг урдуур нь гарсан чинь хөдлөөд миний зүүн талын өвдөг хэсэгт мөргөсөн. Би газар унаагүй тэр үедээ яая гээд гэж орилоод арагшаа машин руу нь харсан чинь жолооч ах над руу муухай хараад сууж байсан. Тэр жолооч намайг мөргөчихөөд муухай хараад шууд яваад өгсөн машинаас бууж ирээгүй. ...” гэх /хавтаст хэргийн  14 дүгээр тал/,

Гэрч Б.Номинзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...явган хүний гарцаар найз Солонгын хамтаар зүүнээс баруун чиглэлд ногоон өнгийн явган гэрэл дохио асах үед бид хоёр гарч гарч явтал Солонго яая гэсэн би яасан гэж асуусан чинь машин мөргөчихлөө гэсэн...” гэх /хавтаст хэргийн 22 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт

1. Ш.Солонгын биед зүүн өвдөгний гадна, дотор мөргөөрсөн жийргэвчийн арын эвэрийн урагдал, зүүн өвдөгний урд, арын чагтан холбоосын суналт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 223410 дугаартай шинжээчийн дүгнэлт

Тоёота Приус” маркийн 80-53 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын ойрын их гэрлийн тусгалын чадал 9100 cd /стандарт 10000-225000/ стандартын шаардлага хангахгүй байна гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 51 -56 дугаар тал/,

Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 66 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр тал/,  

Хохирогч Ш.Солонгын эмчилгээний зардалд зарцуулсан баримтууд /хавтаст хэргийн 80-82 дугаар тал/

Хохирогч Ш.Солонго эмчилгээний зардалаа хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 83 дугаар тал/

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 950,000 төгоөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 108 дугаар тал/

 

 

Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 114-115 дугаар тал/

Шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр би урдаас хойш чиглэлд 11 дүгээр сургуулийн зүүн талын замаар яваад уулзвар дээр улаан гэрэл дохио асах үед нь зогсож байтал явган зорчигч машины урдуур гарсан тэгээд ногоон гэрэл асаад явган зорчигч гараад өнгөрсөн гэж бодоод машинаа хөдөлгөсөн чинь машины зүүн урд талаар явган зорчигчийг мөргөсөн тэгсэн тэр явган зорчигч хөөе гэж орилоод цааш баруун талруу гараад явсан. Явган зорчигч нар эмэгтэй хүүхдүүд харагдсан. Тэгээд тэр хоёр эмэгтэй хүүхэд яваад өгөхөөр нь би зүгээр юм байна гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд яваад өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 11 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим замын цагдаагийн газраас миний 89744137 дугаарын гар утас руу залгаад та 2021 оны 12 дугаар сарын 02-ний өдөр 19 цаг өнгөрч байхад зам тээврийн осол гаргаад явсан байна гэж хэлээд би замын цагдаа орсон. Намайг цагдаа дуудсан би очоод хохирогч эмэгтэй хүнтэй уулзаад буцаад осол болсон газарлуу очиж нөхөн хэргийн газрын үзлэг хийлгүүлсэн байгаа...” гэх / хавтаст хэргийн 73 дугаар тал/,

Хохирогч Ш.Солонгын мэдүүлэг, гэрч Б.Номинзулын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт тус бүр агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 48 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 11 дүгээр дунд сургуулийн зүүн замд “Тоёота Приус” маркийн 80-53 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: “Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана”, 16.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай, эмэгтэй Ш.Солонгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн дүрмийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар 117 цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг орхиж зугтаасан болох нь тогтоогдож байна.

Иймд Б.Мыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Улмаар хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэснийг журамлан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Б.М баримтаар авагдсан хохирол төлбөр бүрэн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баттулгын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  П.АРИУНБОЛД