Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Сүхбаатарын Уд холбогдох эрүүгийн 2211 00019 0136 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овгийн Сүхбаатарын У /./, Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, ах, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 2-574 тоотод оршин суудаг,

урьд 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй.

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч С.У нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын “UB” нэртэй дугуй засварын газрын үүднээс зарж байсан “Бреж” нэртэй таван нүхтэй машины 1 ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.У нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын Юуби нэртэй дугуй засварын газрын үүднээс зарж байсан Бреж нэртэй таван нүхтэй машины 1 ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь

Шүүгдэгч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би дахин архи авч уухаар болж долоон буудал орж архи аваад доошоо алхсан. Тэгээд обуд байхаар нь түүнийг 10,000 төгрөгөөр зарах гэж байхад эзэн нь ирж аваад цагдаа дуудсан...” гэв.

Шүүгдэгч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2021 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 2-574 тоотод байх гэртээ ганцаараа 0,33 граммтай “Өргөө” нэртэй архи ганцаараа уучаад, гэрээсээ гараад дахиад архи уумаар санагдаад, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 7-н буудал дээр зүс таних Ганхүү гэдэг залуутай тааралдаад мөнгөө нийлүүлээд 0.75 граммтай “Стандарт” нэртэй архи гудамжинд ороод хувааж ууцгаасан юм. Тэгээд тэндээсээ Ганхүүгээс салаад доошоо алхаад явсан юм. Тухайн үед би нэлээн согтчихсон байсан ба Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн тийшээ явж байтал 5-н буудал орчимд дугуй зардаг бололтой жижиг цагаан өнгийн байшин байсан ба уг байшингийн гадаа нь зөндөө олон дугуй обуд болон дугуй байхаар нэг обудыг нь хулгай хийж аваад архи авч уумаар санагдаад эргэн тойрон хүн байгаа эсэхийг харж байгаад хажууд байх дэлгүүр дотор нь орчхоод гарахдаа гадаа байсан 16-тай 1 ширхэг гялгар обудыг аваад явсан ба тухайн үед намайг обудаа аваад доошоо алхсаар байгаад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 32-н автобусны буудал дээр ирээд ойролцоо байсан дугуй засварын газарт 10,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцоод байж байтал обудны эзэн болох залуу ирээд цагдаа дуудаад обудаа надаас аваад явсан...” гэх /хх-ийн 64-66 дугаар тал/,

Хохирогч Г.Нарангарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:“...Энэ газартаа бүх төрлийн дугуй, обуд зардаг. 2021 оны 12 дугаар сарын 5-ны орой 18 цагийн орчимд ажиллаж байгаад, гадаа үүдэнд дугуй болон обудаа байрлуулан тавьсан байсан. Тухайн үед машин угаалгын газар луу машинууд орж үйлчлүүлэх гээд харагдахгүй хүн их байсан, хөл хөдөлгөөн багатай болсны дараа нэг хүн обуд асуугаад үнийг нь хэлж өгөөд хартал 4 ширхэг “Бреж” нэртэй 5 нүхтэй гоёлын обуднаас 1 ширхэг обуд алдагдсан байсан, тэгээд нөхөртөө хэлж, цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /хх-ийн 14-15 дугаар тал/, 

Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Бреж нэртэй ойр таван нүхтэй машины дугуйг 420,000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх-ийн 26-27 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30-32 дугаар тал/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар тал / болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч С.У нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын “UB” нэртэй дугуй засварын газрын үүднээс зарж байсан “Бреж” нэртэй таван нүхтэй машины 1 ширхэг обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Энхбаатар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүгдэгч С.У бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж овгийн Сүхбаатарын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уд 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Уд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД