| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00383/И |
| Дугаар | 130/ШШ2017/00416 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 130/ШШ2017/00416
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 130/ШШ2017/00416 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, утас 9******, РД:БЮ********* М******* овогт М.Х ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Булган сумын Цөнхөл багийн эмнэлэгт асрагчаар 1978 оны 7 дугаар сарын 05-наас 1986 оны 3 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан хугацааг тогтоолгох тухай.
Хүсэлт гаргагч М.Х шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Булган сумын Цөнхөл багийн эмнэлэгт асрагчаар ажлын гараагаа 1978 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхлэн 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 жил ажилласан. Улмаар 1986 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 30 жил ажилласан ба нийт улсад 38 жил ажиллаж тэтгэвэр тогтоолгоход Булган сумын Цөнхөл багт ажилласан үеийн материалууд архиваас шүүлгэхэд тэр чигээрээ байхгүй байсан учир ажилласан жилийнхээ 8 жилийг хасуулж тэтгэвэр тогтоолгон хохироод байна. Иймд тухайн үед ажиллаж байсан хугацааг Үйлдвэрчний эвлэлийн үнэмлэх, Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүдийг тус тус үндэслэн Булган сумын Цөнхөл багийн эмнэлэгт 1978 оны 7 дугаар сарын 05-наас 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл асрагчаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүсэлт гаргагч М.Хд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч М.Хы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 245 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын тасгийн лавлагаагаар Булган сумын Хүн эмнэлгийн баримтыг архивд шилжүүлээгүй тул М.Хд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн тул хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч М.Хы улсад ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна. Үүнд:
Хүсэлт гаргагч М.Хы 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээлгэсэн №350364 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхэд М.Х нь гишүүний татвараа 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, мөн 1985 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлж байсныг тэмдэглэн тэмдэг дарж баталгаажуулсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан М.Хы 1976 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн 6-7 хуудасны ажлын тухай мэдээнд Булган сумын намын хорооны 1978 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 тоот тушаалаар 1978 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Булган сумын Цөнхөл бригадын хүний бага эмчийн салбарын асрагчаар томилов, мөн сумын намын хорооны 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 6 тоот тушаалаар 1986 оны 3 дугаар сарын 15-нй өдөр өөр газарт шилжих болсон тул асрагчийн ажлаас чөлөөлөв гэж тус тус бичиж тэмдэглэн боловч Баян-Өлгий аймгийн Шүвдэр бригадын хүн эмчийн салбарын тамгыг дарж баталгаажуулсан нь эргэлзээтэй байгаа тул энэ Хөдөлмөрийн дэвтэр нь ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд хүсэлт гаргагч М.Хы 1979 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нээлгэсэн №350364 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхийг үндэслэн хүсэлт гаргагч М.Х нь Булган сумын Цөнхөл багийн эмнэлэгт асрагчаар 1978 оны 7 дугаар сарын 05-наас 1986 оны 3 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:БЮ59052902 Молхы хул овогт М.Х нь Баян-Өлгий Булган сумын Цөнхөл багийн эмнэлэгт асрагчаар 1978 оны 7 дугаар сарын 05-наас 1986 оны 3 дугаар сарын 15-ны хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч М.Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК