| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2022/0046/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/52 |
| Огноо | 2022-01-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/52
2022 01 10 2022/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч О.Нандинцэцэг,
Шүүгдэгч О.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Л.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ОБт холбогдох эрүүгийн 2011 017820811 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт ОБ, 1995 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26-26тоотод оршин суух,
- Урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 602 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 480 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/;
Шүүгдэгч Боржигон овогт Оюун-Эрдэнийн Бямбагарав нь Л.Гантулгын итгэмжлэн хариуцуулсан буюу “машиныг очиж аваад баримт бичгийг нь өөр дээрээ шилжүүлээд авчих” гэж хэлсэн эд хөрөнгө болох 18-11 УНР улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн Лексус-470 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нет капитал” ББСБ-ын хашаанд байхад нь очиж аван автомашины нэрийг Ц.Цэрэнбатад шилжүүлэн улмаар “Жастифай вид ю” ХХК-д тухайн тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр барьцаалж хохирогч Л.Гантулгад 22.644.023 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Тухайн үед мөнгөний асуудал гараад н.Тулгаа ахын машиныг нь найзаараа дамжуулан Банк бус санхүүгийн байгууллагад тавьчихсан юм. н.Цэрэнболд гэдэг найзаасаа машиныг нь гуйгаад н.Тулгаа ахад өгөх гэсэн чинь Тулгаа ах миний бодсон үнэлгээгээр авахгүй гэхээр нь би буцаагаад н.Цэрэнболдод машиныг нь өгсөн юм. Гэтэл мэдүүлэг дээрээ 14 хоног утсаа аваагүй гээд мэдүүлчихсэн байсан” гэв.
Хохирогч Л.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “О.Б нь 2017 оноос хойш надад туслаад явдаг байсан бөгөөд би энэ хүнд итгэдэг байсан. О.Б нь өөрөө найзууд гэж их явдаг бөгөөд найзуудаасаа болоод буруу замаар орчихдог. Би зөндөө хэлж байсан. Одоо хохирол төлбөр барагдсан. Гомдолгүй байгаа” гэв.
Хохирогч Л.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хувиараа автомашин зарж борлуулдаг бизнес эрхэлдэг хүн байгаа юм. 2018 онд өөрийн танил Билгүүн гэх залуугаар дамжуулан түүний найз гэх Бямбагарав гэх залуутай танилцсан юм. Ингээд Бямбагарав нь түүнээс хойш надтай ойр ойрхон уулздаг болсон бөгөөд миний ойр зуурын ажилд тусалдаг, зарж байгаа машиныг нь зөөж машин сонирхож байгаа хүнд үзүүлж өгдөг байсан. Бямбагарав нь удаа дараа надаас автомашин хэрэглүүлээч гэж гуйж авч хэрэглээд буцаагаад аваад ирдэг байсан бөгөөд би түүнд итгэн өөр дээрээ байгаа зарагдаж байгаа машинуудыг хэрэгтэй үед нь унуулж тусалдаг байсан юм. 2020 оны 04 дүгээр сарын дунд үеэр би өөрийн эзэмшилд байсан 1811 УНР улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагад 20.000.000 төгрөгөнд барьцаалсан байсан бөгөөд тухайн үед би автомашинаа бэлэн 20.000.000 төгрөг төлж суллан авсан байдаг юм. Үүнээс хойш миний машин тус банк бус санхүүгийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах салбарын хашаанд ойролцоогоор нэг сар орчим болсон байдаг юм. Улмаар тухайн байгууллага нь машинаа аваарай хашаа чөлөөл гэж хэлсэн бөгөөд тухайн үед би Бямбагаравтай хамт явж байсан бөгөөд Бямбагаравыг “ахынхаа машиныг авчих шилжүүлэх бичгийг нь өөр дээрээ авчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь Бямбагарав “тэгье ахаа” гээд явсан. Ингээд тухайн 1811 УНР улсын дугаартай Лексус машиныг Бямбагарав очиж авсан бөгөөд мөнгө шилжүүлэх бичгийг авсан байсан. Тэгээд тэрнээс хойш хоёр хоногийн дараа Бямбагарав нь манай зуслан дээр ирж надтай уулзсан бөгөөд уулзахдаа ахаа би таны 1811 УНР улсын дугаартай автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад 8.000.000 төгрөгөнд барьцаалсан байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад надад хэлэхгүй хүний эд хөрөнгийг барьцаалж байгаа юм” гэсэн чинь Бямбагарав ...” Говьсүмбэр аймагт онхолдсон нэг машин байгаа юм. Манай найз практикал даатгалын газар үнэлгээчин хийдэг би тухайн машиныг худалдаж аваад даатгал хийлгээд даатгал хийлгэснийхээ дараа Улаанбаатар хотод унагасан болгоно, ингээд даатгалаас 100 хувь мөнгийг гаргуулж авах гэж байгаа юм. Тэгээд таны машиныг барьцаалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад асуудал чинь надад хамаагүй барьцаалсан банк бусаа чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд нилээн хугацаа өнгөрсний дараа Бямбагарав руу залгаж асуухад одоо удахгүй бүтлээ болж байна гэх зүйлийг ярьж байсан. Ингээд удаа дараа худал ярьж зугтаагаад байхаар нь би автомашинаа зарна гэсэн зар тавьсан тэгсэн нэг хүн үзээд авахаар болсон бөгөөд тухайн хүн Бямбагаравтай уулзаж машин шилжүүлэхээр болоход Бямбагарав Банк бусаас чөлөөлж чадахгүй байна та 14 хоног хүлээчих би энэ 1811 УНР улсын дугаартай Лексус-ийг чинь худалдаж авъя гэж хэлсэн. Ингээд би за тэг гэж хэлээд 14 хоног хүлээсэн боловч машиныг маань өгөөгүй. Тэгээд оронд нь машин өгье гээд Митсубиши Л-200 маркийн машин оронд нь өгчихье гэхээр нь за тэг гэсэн нөгөө машин нь нэр шилжүүлэх гэсэн чинь эзэмшигч байхгүй гэсэн. Тэгээд Бямбагарав надад таньдаг нотариатаар янзлаад авчих гэхээр нь би үгүй гэж хэлээд салсан үүнээс хойш удаа дараа шалтаг тоочиж миний автомашиныг өгөхгүй намайг эд хөрөнгөөр хохироож байна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 17-19 дугаар тал/, мөн түүний дахин өгсөн: “Би Бямбагаравт машинаа барьцаанд тавихыг зөвшөөрөөгүй. Би тухайн үед хүнд зодуулаад нүүр аймаар болчихсон байсан болохоор өөрөө Нэт капитал руу орохоос санаа зовоод Бямбагаравыг оруулаад нэр дээр нь машинаа шилжүүлж авсан. Бямбагарав тухайн үед надаас мөнгө зээлэх талаар яриагүй. Энэ асуудал болохоос өмнө унасан машин аваад даатгалаас мөнгө гаргуулж авах гээд байна, та мөнгө зээлээч гэж асууж байсан. Би мөнгө байхгүй гээд зээлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,
Гэрч Э.Энхманлай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Нэт капитал ББСБ-д 2015 оны 9 дүгээр сараас эхлэн ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа гарсан юм. Гантулга гэх хүнийг би танина, уг хүн манай байгууллагын харилцагч болоод 7-8 жил болж байгаа хүн юм. Миний санаж байгаагаар хар өнгийн Лексус 470 маркийн 1811 УНР улсын дугаартай автомашиныг Гантулга нь барьцаалсан байдаг. Тухайн машины үнэлгээ нь 20.000.000 төгрөгөөр бодогдсон бөгөөд тухайн автомашины үнэ зах зээлээс хамааран 20 сая төгрөгт хүрэхгүй болсон учир би уг машиныг чөлөөлж аваарай, барьцаа хөрөнгө шинэчилж сайжруулж болно гэсэн. Ингээд Гантулга нь тухайн 1811 УНР улсын дугаартай автомашиныг хавар чөлөөлсөн байх. Тэгээд Гантулга нь “өөрөө ирж чадахгүй шүү Бямбагарав гэх хүн очно шилжүүлэх бичиг хийгээд өгчихөөрэй” гэж хэлсэний дагуу би Бямбагарав гэх хүнд бичгийг нь хийж өгөөд 1811 УНР улсын дугаартай автомашиныг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,
Гэрч Ц.Цэрэнбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 1811 УНР улсын дугаартай автомашиныг мэдэж байна. Лексус 470 маркийн машин байсан. Тухайн автомашин нь одоо манай гэрийн хашаанд байгаа. Уг автомашиныг Бямбагарав гэх хүн надад зарсан гэж хэлж болно. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Бямбагарав над руу залгаад “надад Лексус 470 маркийн машин байна, уг машиныг банк бус санхүүгийн байгууллагад тавиад өгөөч найзад нь мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Ингээд би “уулзъя машиныг чинь хармаар байна” гэсэн чинь Бямбагарав тухайн 1811 УНР улсын дугаартай машиныг унаад цайз 16 дугаар хорооллын Сайн ломбардны урд ирсэн бөгөөд би машиныг үзээд чадвал барьцаалаад өгье гэсэн. Ингээд банк бусын хүнд үзүүлсэн чинь болно гэж хэлсэн. Тухайн банк бус намайг таньдаг болохоор чиний нэр дээр зээл гаргана өөр хүн дээр гаргахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Бямбагарав “машиныг чи нэр дээрээ шилжүүлж байгаад барьцаалчих” гэж хэлсэн бөгөөд би тухайн автомашиныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим Амгалан авто тээврийн газар очиж миний нэр дээр 1811 УНР улсын дугаартай машиныг шилжүүлсэн бөгөөд миний нэр дээр 1811 УНР улсын дугаартай автомашиныг “Жастифай Вид Ю” гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан. Бямбагарав сар болгон төлөлтийг хийхээр тохирч машиныг би авч үлдсэн тухайн автомашиныг барьцаалж нийт 8.500.000 төгрөг авснаас 500.000 төгрөг нь даатгалд орсон 200 гаран мянган төгрөг татварт төлөгдсөн бөгөөд би Бямбагаравын 5374465443 гэсэн дансанд 7.730.000 төгрөгийг орлого гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг юм. Ингээд бид 2 салсан. Үүнээс хойш 2 сар орчим хугацаа өнгөрсөн эхний сар зээлээ төл гэхэд мөнгөгүй байна дараа сар өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би банк бусаасаа гуйгаад түр хойшлуулсан бөгөөд дараагийн сар өнгөрсөн боловч Бямбагарав мөнгөө төлөөгүй тухайн банк бус санхүүгийн байгууллага нь намайг шүүхэд өгсөн байдаг юм. Би Бямбагаравт банк бус намайг шүүхэд өгсөн гэсэн чинь гайгүй байлгүй дээ найзаа гээд өнгөрсөн. Тэгээд сонгуулийн үе байсан Бямбагарав над дээр зарагдаж байсан Митсубиши загварын машиныг 7 хоногийн хугацаатай зээлээр өгөөч гэж гуйсан бөгөөд яах гэж байгаа юм гэсэн чинь 470 авсан хүнд аваачиж өгөхгүй бол болохгүй байна гэсэн. Тэгэхээр нь би дахин итгэж машинаа өгсөн бөгөөд 14 хоног өнгөрөөд өгөхгүй болохоор машинаа хайж байгаад илүү түлхүүрээр онгойлгоод авсан. Тухайн үед мөнгө машинаа авахаар залгахад утсаа авахгүй байсан. Ингээд би надаар барьцаалуулсан 470-ын мөнгөө өгөөч ээ гэж удаа дараа шаардлага тавьсан надад асуудал үүсээд байна гэхэд тоохгүй байсан тэгээд аргаа бараад гэрт нь очоод уулзахад Бямбагарав наад 470 машиныг чинь ченжид өгчих үү эсвэл чи авчих дээр нь 1.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд саяхан 7 хоногийн өмнө над руу залгаад 700.000 төгрөг өгчих шүүхээс данс хаачлаа гээд байсан тэгээд эхнэрийнх нь данс руу мөнгийг хийсэн. Би 1811 УНР улсын дугаартай автомашиныг барьцаалсан банк бустай очиж уулзсан чинь алданги бүх зээлтэйгээ нийлээд нийтдээ 13.000.000 төгрөг болсон байсан. Би бэлэн 6.000.000 төгрөг өгөөд тухайн автомашиныг графикт оруулаад одоог хүртэл сар сард нь тухайн машины мөнгийг өгөөд явж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 74-76 дугаар тал/,
Ц.Цэрэнбатын “ЖАСТИФАЙ ВИД Ю” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/,
Ж.Оюун-Эрдэнийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 65-68 дугаар тал/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 80-95 дугаар тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Боржигон овогт Оюун-Эрдэнийн Бямбагарав нь Л.Гантулгын итгэмжлэн хариуцуулсан буюу “машиныг очиж аваад баримт бичгийг нь өөр дээрээ шилжүүлээд авчих” гэж хэлсэн эд хөрөнгө болох 18-11 УНР улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн Лексус-470 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нет капитал” ББСБ-ын хашаанд байхад нь очиж аван автомашины нэрийг Ц.Цэрэнбатад шилжүүлэн улмаар “Жастифай вид ю” ХХК-д тухайн тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр барьцаалж хохирогч Л.Гантулгад 22.644.023 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Гантулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19, 21 дүгээр тал/, гэрч Э.Энхманлайгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, гэрч Ц.Цэрэнбатын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 74-76 дугаар тал/, Ц.Цэрэнбатын “ЖАСТИФАЙ ВИД Ю” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хавтаст хэргийн 69-70 дугаар тал/, Ж.Оюун-Эрдэнийн дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 65-68 дугаар тал/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 80-95 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дугаар тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Б нь Л.Гантулгын итгэмжлэн хариуцуулсан буюу “машиныг очиж аваад баримт бичгийг нь өөр дээрээ шилжүүлээд авчих” гэж хэлсэн эд хөрөнгө болох 18-11 УНР улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн Лексус-470 загварын тээврийн хэрэгслийг “Нет капитал” ББСБ-ын хашаанд байхад нь очиж аван автомашины нэрийг Ц.Цэрэнбатад шилжүүлэн улмаар “Жастифай вид ю” ХХК-д тухайн тээврийн хэрэгслийг 8.500.000 төгрөгөөр барьцаалсан хохирогч Л.Гантулгад 22.644.023 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч О.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй болно.
Хохирогч Л.Гантулгаас: “... Одоо хохирол төлбөр барагдсан. Гомдолгүй байгаа” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, Нарантуул худалдааны төв дээр ажил хийдэг, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын ...нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ..
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ОБг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 22.644.023 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН