Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02035

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02035

Улаанбаатар хот

                            

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13-р хороо, Хасбаатарын гудамж 20-р байранд байрлах Мон сант-Алдар хадгаламж зээлийн хоршооны хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мон сант-Алдар хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Л.Отгонгэрэл нь Мон сант-Алдар хадгаламж зээлийн хоршооноос 2013 оны 12-р сарын 10-ны өдөр 12/32 тоот зээлийн гэрээгээр 3 500 000 төгрөгийг 30 хоногт 3.10 хувийн урамшуулалт хүүтэй, 3.41 хувийн үндсэн хүүтэй ахуйн хэрэглээний зориулалтаар 18 сарын хугацаатай буюу 2015 оны 6-р сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээл авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 40-646 тоотод оршин суух хувиараа хувцас захиалгын газар ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцорч төлж байгаад 2016 оны 8-р сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрөө төлөхөө больсон. Одоо түүний оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Мон сант-Алдар хадгаламж зээлийн хоршоо нь Л.Отгонгэрэлийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

   Л.Отгонгэрэл нь Мон сант-Алдар хадгаламж зээлийн хоршооноос 2013 оны 12-р сарын 10-ны өдөр 12/32 тоот зээлийн гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг зээлжээ.  

 

    Л.Отгонгэрэл  нь уг төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 40-646 тоотод оршин суух хаягтай боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Л.Отгонгэрэл нь регистр ХМ85110261, Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 40-646 тоотод оршин суудаг байсныг дурьдах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Гаанжуур овогт Лувсангийн Отгонгэрэлийг  эрэн сурвалжилсугай.

 

            2. Л.Отгонгэрэлийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА