Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 909

 

Д.Чад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Пүрэвтогтох,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б ,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Т.М ,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 944 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Чын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1710000000110 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн  Д.Ч, 1982 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Азийн соёл” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./;

Д.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” хотхонд өөрийн гэртээ эхнэр Д.Бтай маргалдаж, улмаар хүч хэрэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 63б байрны 32 тоотод эхнэр Д.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газар: Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Чыг 1600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь хохирлын талаарх баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Чаас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Намайг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан хотхонд эхнэр Д.Бтай маргалдан, улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэтэл энэ өдөр Д.Бг зодсон асуудал байхгүй болохыг гэрч Н.Ц мэдүүлэхдээ “...102 дугаар утас руу нөхөр эрүүл мөртлөө зүхээд байна гэх дуудлага ирсэн. ...Дуудлага өгсөн утас чинь холбогдохгүй байна гэж асуухад эхнэр нь манай нөхөр миний утсыг аваад сим картыг буцааж өгсөн, одоо би утсаа аваад ярьж байна гэхэд нөхөр нь утсыг авч өгсөн эхнэр нь уйлаад байсан. ...” гэсэн. Мөн Д.Б нь энэ маргаан болохоос хэд хоногийн өмнө машин барьж, хүүхэдтэйгээ хамт явж байхдаа Олимп хорооллын дундах замын хашлагыг мөргөж осол гаргасан. Тэр үед тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй байхад прокурор, шүүх миний үйлдэл гэж дүгнэснийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Намайг жил гаруй хугацаанд гүтгэж байна. Д.Б нь анхнаасаа хүүхдээ булаацалдах зорилгоор зохиомол хэрэг үүсгэсэн. Намайг 10 сар гаруй хүүхэдтэй минь уулзуулаагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хүүхэдтэйгээ уулзах хүсэлт гаргаад, шүүгч шийдвэрлэсэн боловч Д.Б нь намайг гэр бүлийн дарамтлагч, өөр дээр нь ирж айлгаж, дарамталдаг гэх зэргээр худлаа хэлж шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулсан. Зөвхөн хүүхдээ өөр дээрээ авах зорилгоор намайг энэ хэрэгт гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Энэ хэрэгт гэрч байдаггүй. Ямар нэгэн байдлаар зодоон хийж, элдэв янзын асуудал үүсгээгүй. Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө Д.Б бид хоёр муудалцаад салах дээрээ хүртэл тулсан. Тэр үедээ “би чамд охиноо өгөхгүй. Өөр дээрээ авна” гэсэн зүйл ярьсан. Би үнэхээр Д.Бд гар хүрсэн бол хариуцлагаа хүлээх ухамсартай хүн. Гэтэл намайг ор үндэслэлгүйгээр гүтгэсэн явдалд маш их гомдолтой байна. Хэрүүл маргаан болох үед Д.Б зориудаар гар утсан дээрээ бичлэг хийсэн байдаг. Тухайн үед би хоол идэж байсан бөгөөд миний гарт шүдний чигчлүүр байсан. Хэрүүл маргаан болох үед Д.Б “хөөе чи нүд сохоллоо” гэж хэлэхэд нь “би чиний нүдийг сохолно гэж юу байх вэ. Хүүхдийнхээ эхийг сохолно гэдэг чинь охиноо хохироож байна гэсэн үг биз дээ” гэж хэлсэн бичлэг нь байсаар байтал Д.Б “миний нүдийг сохлох гээд дайрч байсан” гэж худал мэдүүлэг өгсөн. ...” гэв.

          Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэгсэхгүй болгох саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар тоолно” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр болоогүй байгаа. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

          Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Д.Чтай гэрлэснээс хойш маш их сэтгэл санааны дарамт дор амьдарч байсан. Хүүхдээ бодоод маш их тэссэн. Өмнө нь надад хүч хэрэглэж байсан боловч хүнд хэлэлгүй нууж байсан. Хүүхдээ авахын тулд энэ хэргийг зохиосон юм шиг зүйл ярьж байна. Аргаа бараад цагдаад хандсан. Хоёр дахь тохиолдлын хувьд Д.Ч согтуу, 18 цагаас эхэлж уугаад тасрах хооронд нь утсаа авч тусламж дуудсан. Хүчирхийлэгч эцэгт нь 1 нас 1 сартай охин хүүхдийг өгөх шүүх байхгүй байх гэж бодож байна. Охиноо Д.Чаас авахын тулд зохиомол хэрэг үүсгэж, танил талаа ашигласан зүйл байхгүй. ...” гэв.

           Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гаргаж байгаа гомдлын үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заагдсан үндэслэлүүдийн аль хэсгийг нь ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй байна. Гэрчийн мэдүүлгүүд, нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Д.Чын үйлдсэн хэрэг тогтоогдож байна. Машин барьж яваад осол гаргасан гэх асуудал ярьж байна. Гэтэл тээврийн хэрэгслийн урд хэсгээр бага зэрэг юм шүргэсэн асуудал байдаг. Энэ үед Д.Ч өөрөө хамт явж байсан. Хүн гэмтэж бэртэхээр хэмжээний асуудал байхгүй гэдэг талаар миний үйлчлүүлэгч хэлдэг. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр 6 дугаар сарын 27-ны өдөр гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй. ...” гэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Д.Чад холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Д.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” хотхонд өөрийн гэртээ эхнэр Д.Бтай маргалдаж, улмаар хүч хэрэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 63б байрны 32 тоотод, эхнэр Д.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бгийн “... 2017 оны  8 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед Д.Ч нь намайг машин барьж явна гэснээс болж “... эргүү новш минь, чи юу гээд байгаа юм, амаа хамих, пизда минь чи ур чадваргүй машин барьдаг, новш чамтай яах гэж сууваа, анх чамтай танилцаад чамайг ажлын байрны бэлгийн дарамт гэж хэлэхэд чинь суухгүй байсан...” гэхээр нь миний амнаас “а” гэсэн авиа гарахад чамд хуцаж байгаагаар сонсогддог юм уу гэхэд “... тийм, яах гэж чам шиг хөгийн амьтантай сууваа, яах гэж чамтай холбогдвоо, чи бол хөгийн новш, ална шүү, алаад хаячихмаар пизда вэ” гээд шүдний чигчлүүрээр миний нүдний шилний гаднаас хатгаад байхаар нь “чи яагаад байгаа юм бэ, намайг сохлох гэж байгаа юм уу” гэж асуутал “эргүү юм уу, охиныхоо ээжийг сохолчихвол надад ямар хэрэг байх юм, иймхэн юм ойлгохгүй эргүү малтай юу ярих юм” гэж хэлээд миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохиод авсан. ... охиныг надаас авах гээд дух руу няслаад, баруун хавирга хэсгээс базаад, мөн хүзүүнээс гараараа базсан, би охиноо өгөхгүй байсан чинь толгойн баруун хэсэг рүү гараараа 2 удаа цохиод, намайг газарт унагаагаад охиноо надаас авсан. ...” /1хх-7-9, 116-119/,

“... 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 32 тоотод нөхөр Д.Ч болон хүүхдийнхээ хамт байж байтал Д.Ч надад “чи намайг худлаа хэрэгт гүтгэлээ, миний хэргийг шалгаж байсан байцаагч Н надад “Га даргын захиас” гэж хэлсэн. Г даргыг танай ээж эмчилж байсан. Бүртгэгдэхээргүй хэрэг байсан юм, чиний толгой руу цохичихвол гэмтэл гарчихдаг” гээд архи задлаад нэг балгасныхаа дараа зүүн өвдөг, баруун гуя, эрүүний хэсэг рүү нүцгэн хөлөөрөө өшиглөж, хацар луу гараараа алгадаж, хоолойноос баруун, зүүн гараараа багалзуурдаж, 2-3 удаа унагаасан. Миний толгой руу баруун, зүүн гараараа ээлжлэн чичилж дайрч эхэлсэн. ...” /2хх-11-13, 14, 76/,

гэрч Н.Ц-ын “... эхнэр нь уйлаад байсан. Би гомдол саналтай юм уу, манай хэлтэст урд нь хандаж байсан уу гэхэд “манай нөхөр урд нь хэд хэдэн удаа дарамталж байсан гэж хэлсэн. ...” /1хх-20-22/,

гэрч Т.П-ын “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д.Бгийн гэрт очиход Д.Б уйлсан байдалтай, хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхаар нь “яасан юм бэ” гэж асуухад “Д.Ч намайг хана руу шахаж, толгой руу цохисон. Миний харвингаас базсан, шүдний чигчлүүрээр 2 нүд рүү чичлээд байсан.” гэж хэлсэн. ...” /1хх-104-106/,

гэрч Т.Н-ын “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д.Бгийн гэрт очиход над руу хүрч ирээд “Д.Ч миний толгой руу цохиод, элдэв янзаар доромжлоод байна. Би гар утсандаа доромжилж байгаа бичлэгийг нь хийсэн гэж хэлээд уйлаад байсан. ...” /1хх-125-127/,

гэрч Б.На-ын “... 2018 оны 1 дүгээр сарын 6-ны шөнө 02 цаг өнгөрч байхад нагац эгч Д.Б мессеж бичээд “Д.Ч гэртээ ганцаараа архи уугаад, агсам согтуу тавиад болдоггүй, ална тална гэж хараагаад байна” гэж хэлэхээр нь “одоо очоод авъя” гэхэд “одоо гайгүй байх, битгий хамаагүй юм бичээрэй, миний мессежийг уншаад байнга занаад байна. Тэр мэдүүлэг өгдөг хамаатан садангуудыг чинь ална гэж хэлсэн. Миний нүүр лүү өшиглөсөн, толгой руу чинь цохичихоор гэмтэл гарчихдаг билүү гээд өвдөг, гуя руу өшиглөсөн” гэж хэлсэн. ...” /2хх-16-17/,

гэрч Б.О-ын “... 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 63-б-32 тоотод “эгчийн нөхөр агсам тавиад байна” гэх дуудлагын дагуу очиход хэрүүл маргаан болж байсан. Хаалгыг тогшиход нэг эрэгтэй хүн хаалганы цаанаас хэн бэ гэхээр нь цагдаа байна гэхэд “3 сарын курсэд суусан, гуйлгачин цагдаа нар минь яах гэж байгаа юм бэ, чаддаг юм бол эвдээд ороод ир” гэж хэлээд хаалгаа тайлаагүй ба цаашаа эхнэр дээрээ очоод “чи цагдаа дуудсан юм уу, хоёр гөлөг ирээд хаалга нүдээд байна, алнаа энэ хоёрыг чинь” гээд орилж, хашгираад байсан. Хэсэг хугацааны дараа эхнэр нь бололтой, хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хаалга онгойлготол Д.Ч шалан дээр байсан бор иштэй сүхийг авахаар нь тусгай мэх хэрэглэж гавласан. Бидний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн орилж хашгираад байсан. Машинд суулгатал миний толгой руу 4-5 удаа мөргөсөн. Яагаад ийм үйлдэл гаргаад байгаа талаар нь асуухад “би толгойдоо доргилт авч, шүүх эмнэлэгт үзүүлж, та хоёр дээр гомдол гаргана” гэх мэтээр дарамталсан. Эхнэр Д.Б нь “... Д.Ч өчигдөр архи уугаад, чиний толгой руу цохихоор толгой чинь доргиод байдаг биз дээ гээд гуя руу өшиглөөд байсан. ...” гэж ярьсан. ...” /2хх-61/,   

шинжээч Г.Э-ын “... Д.Б нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ирж үзүүлэхдээ тархины томографийн зураг авахуулаад ирсэн бөгөөд зурган дээр тархины бор цагаан эдийн няцрал буурсан буюу бага зэргийн хавантай гэсэн хариу гарсан байна. Энэ нь тархи доргилтын үед гарах 1 өөрчлөлт гэж үздэг тул мэдрэлийн ерөнхий үзлэгээр нүдний алимны чичирхийлэлтэй, дагзны булчин 2 хуруу хөшсөн зэрэг тархи доргилтын үед гардаг өөрчлөлтүүд илэрч байсан. ...” /1хх-28-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10619 дугаартай Д.Бгийн биед үзлэг хийсэн дүгнэлт /1хх-25/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1222 дугаартай Д.Бгийн биед үзлэг хийсэн дүгнэлт /1хх-238-239/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 1200 дугаартай дүгнэлт /2хх-84/,

 “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /1хх-71, 2хх-85/, Аюулын зэргийн үнэлгээ /2хх-70/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд тэгш эрхтэй оролцох субъектуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Д.Ч нь “... 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан хотхонд эхнэр Д.Бг зодсон асуудал байхгүй. Хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Д.Бг зодсон болох нь дээр дурдсан хохирогч Д.Б, гэрч Н.Цэ , Э.Ө , Т.П , Т.Н , шинжээч эмч Г.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10619 дугаартай “Д.Бгийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1222 дугаартай “Д.Бгийн биед 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгээр тархи доргилт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болох үед буюу 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой ба толгой руу нь гараараа цохиж учруулсан бол толгойн гадна хэсэгт ил гэмтэл үүсэхгүйгээр тархи доргилт гэмтэл учрах боломжтой. Шинжээч эмч Г.Э-ын гаргасан 10619 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Дахин гаргасан шинжээч М.Э , Ц.Б , Г.Х  нарын гаргасан 1051 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна.” гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн прокуророос Д.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэл бүхий байх ба зүйлчлэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.   

Мөн шүүгдэгч Д.Чын өмгөөлөгч Т.М нь “... Миний үйлчлүүлэгч 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн үйлдлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэгсэхгүй болгох саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. ...” гэсэн тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан.

Д.Чын хувьд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Д.Бтай маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн  хугацаа өнгөрөөгүй байхад дахин 2018 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө эхнэр Д.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай гэмт хэрэг үйлдсэн тул хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.

Иймд шүүгдэгч Д.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 944 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 944 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       М.АЛДАР

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН