Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

   2022        01         10                                   2022/ШЦТ/53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Ц.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

  хохирогч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агуут овогт ЦЭд холбогдох эрүүгийн 2111 00000 1338 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Агуут овогт ЦЭ, регистрийн дугаар .........................................................

Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дом Брско коллежид гагнуурын мэргэжлээр сурдаг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 48-1030 тоотод оршин суух,

Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1650 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссан.  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Цасчихэрийн Энхтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гахайн байрны эцсийн буудал орчимд хохирогч Б.Батцэнгэлийг “уусан юмаа шингээж чадахгүй бол битгий уу” гэж хэллээ гэх шалтгаанаар гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би найзыгаа дуудсан байсан. Манай найз Батцэнгэлийг дуудчих гэсэн. Тэгээд энэ хэд ирээд бид нар уусан. Тэгээд Батцэнгэлийг жирэмсэн болохоор нь манайд хоноод яв гэсэн чинь өөрөө би нөхрөөсөө салчихлаа гээд байсан. Тэгээд н.Хулан чи маргааш нөхөртэй нь яриарай гээд байсан. Тэгэхэд хойноос Б.Батцэнгэл намайг цохисон” гэв.

Хохирогч Б.Батцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “144.000 төгрөгийн хохирол төлбөр баримттайгаар нэхэмжилж байна” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Батцэнгэлийн “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 18 цагийн үед мөнгөлөг саарал өнгийн хашаагаар ороход 1 давхар байшингийн хаалгаар ороод 2 дахь хаалгаар ороход гэрт нь Энхтөгсийн эхнэр жирэмсэн Хулан байж байсан. Энхтөгс, Батчимэг, Хувиа авчирсан пиво ууж дуусгаад дахин дэлгүүр орж уух юм авахаар бид 4 гарсан. Дэлгүүр рүү Батчимэг, Хувиа 2 ороод 1 том 2,25 литрийн хэмжээтэй пиво, 1 вино бууз аваад гэртээ ирээд тэр 3 юмаа ууж дуусаад харихаар болохоор гаргаж өгнө гээд гэрт байсан 5 хүмүүс бүгд гарсан. Батчимэг нилээн согтсон, Хувиа Батчимэгийг түшээд би Хулантай хойно нь явж байсан. Бид хоёрын ард Энхтөгс алхаж байгаад Хуланг нааш ир гэж дуудаад тэр 2 хоорондоо юм яриад алхаж байсан. Гэнэт Хулан “аниа нааш ир, намайг цохих гээд байна” гэж дуудахад нь очиход Энхтөгс Хулан руу уурлаад агсраад байхаар нь өмөөрөөд тэр хоёрын дундуур орж Энхтөгсөд “уусан юмаа шингээж чадахгүй бол битгий уу” гэж хэлэхэд намайг чи илүү хойшоо бай гээд гэж хэлээд миний нүүр рүү зангидсан гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гарч, газар унасан. Шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна. Өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг нөхөн төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/,   

Гэрч Э.Батчимэгийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн найз Батцэнгэлийн хамт найз Төгсөөгийн гэрт очсон. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба орой 20 цагийн үед гэрээс нь гараад явж байхад Төгсөө, Батцэнгэл, Хулан нар хойно нь үлдсэн. Тэгээд явж байтал хойноос Батцэнгэл орилоод уйлсан. Би гүйгээд очтол Батцэнгэл уйлаад сууж байсан. Би Хулангаас асуутал “Төгсөө Батцэнгэлийг цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11095 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“1.2. Б.Батцэнгэлийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Эийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр найз охин Хулангийн хамт гэртээ байж байгаад найз Хувьтөгөлдөр лүү залгаж манайд хүрээд ир гэж хэлсэн мөн Батчимэг рүү залгатал Батцэнгэл гэх найзын хамт байхаар нь манайд хүрээд ирээ гэж дуудчихаад хүлээж байтал 18 цагийн үед Хувьтөгөлдөрийг автобусны буудлаас тосож аваад удаагүй байтал Батчимэг Батцэнгэл нар ирээд дэлгүүр хамт ороод 2 ширхэг 2,25 литрийн хэмжээтэй пиво аваад ороод хуваан ууцгаасан. Тухайн үед бид нар хоорондоо маргасан асуудал огт байгаагүй. 20 цагийн үед ууж байсан пивоо дуусгаад дахин дэлгүүр орж вино 2,25 литрийн хэмжээтэй 2 пиво аваад буцаж ирээд хувааж ууж дуусгасан. 23 цагийн үед бүгдээрээ гэрээс гараад байж байтал Батцэнгэл нөхөртэйгөө утсаар ярихад нөхөр нь наанаа хоночихоо чи согтуу байна гэж хэлж байх сонсогдсон. Тэгтэл Хулан намайг маргааш Батцэнгэлийн нөхөртэй яриарай гэхээр нь би “яах гэж хүний нөхөртэй ярих бэ” гэчихээд зам дагуу харих гээд алхаад явж байтал ардаас Батцэнгэл гүйж ирээд намайг нүүр лүү алгадаад цохиод байхаар нь би уурласан нүүр лүү нь гараараа нэг удаа цохичихсон юм. Тэгтэл хамраас нь цус гараад зам дагаад алхаад яваад өгсөн ... тухайн үед танил найз Батцэнгэлд гэмтэл учруулсандаа гэмшиж, гэм буруугаа ойлгож байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 54-68 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Цасчихэрийн Энхтөгс нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гахайн байрны эцсийн буудал орчимд хохирогч Б.Батцэнгэлийг “уусан юмаа шингээж чадахгүй бол битгий уу” гэж хэллээ гэх шалтгаанаар гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Батцэнгэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/, гэрч Э.Батчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-10 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11095 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Э нь “уусан юмаа шингээж чадахгүй бол битгий уу” гэж хэллээ гэх шалтгаанаар хохирогч Б.Батцэнгэлийг гараараа нэг удаа цохисоны улмаас түүнд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Ц.Э нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч Ц.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Батцэнгэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 144.000 төгрөгийг баримтаар нэхэмжилж, хохирлоо барагдуулж авах талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Ц.Э нь төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эөөс 144.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батцэнгэлд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Агуут овогт ЦЭийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эөөс 144.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батцэнгэлд олгосугай.

5. Шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН