Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

   2022         01         19                                    2022/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхай овогт ОЧд холбогдох эрүүгийн 2111 01404 0011 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Урианхай овогт ОЧ, регистрийн дугаар ...........................................................,

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 10-157 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 4-54 тоотод О.Өлзийбуянг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Өлзийбуянгийн “Би 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 4-54 тоот гэртээ ганцаараа байсан. Эхнэр хүүхэд маань Ар согоот руу аавынх руугаа явчихсан байсан юм. Тэгээд би гэртээ унтах гэж байтал миний багийн найз О.Ч орой 20 цагийн үед гаднаас согтуу орж ирээд “чамайг алчихъя л даа, нүдийг чинь ухна” гээд шилээр миний зүүн тохой руу цохисон чинь архины шил нь хагарчихсан тэгээд хагархай шилээрээ миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод нурууг бас цохиод эхлэхээр нь гарч зугатаагаад Ар согоот руу эгч дээрээ очсоны дараа эмнэлэг явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,  

Гэрч О.Нэргүйгийн “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед манай төрсөн дүү О.Өлзийбуян нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамж 102 тоотод байх манай гэрт нүүр нь хавдсан, нүүрнээс нь цус гараад гоожсон, зүсэгдсэн, жоохон архи үнэртүүлсэн байдалтай ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь Өлзийбуян “Чинбат манай гэрт ирээд архины шилээр миний нүүрийг зүсээд гэмтээсэн, би арай хийж зугтаж гарч ирсэн, одоо манай гэрт байгаа” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10492 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. О.Өлзийбуянгийн биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүүр, нуруунд шарх, зулай, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зулай, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

5. Зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүүр, нуруунд үүссэн шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“1. 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10492 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан О.Өлзийбуяны нүүрэнд учирсан шарх гэмтэл нь бүдгэрч сорви болж эдгэрнэ, сорви нь бүрэн арилахгүй. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй” гэжээ /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Шүүгдэгч О.Чын “...би Өлзийбуянгийн гэрт нь байсан архины шилээр нүүр болон нурууг нь гэмтээсэн юм шиг байгаа юм. Миний буруу, би согтуу байснаасаа болж Өлзийг манай хуучин эхнэр Номиотой хардаад маргаладсан юм аа ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 88 дугаар тал/, хохирлын баримт болон 13 кадр зураг /хавтаст хэргийн 61-64 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч О.Ч нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 4-54 тоотод О.Өлзийбуянг зодсоны улмаас “...зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүүр, нуруунд үүссэн шарх гэмтлүүд” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Өлзийбуянгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, гэрч О.Нэргүйгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10492 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Ч нь хохирогч О.Өлзийбуянг зодсоны улмаас түүнд зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, нүүр, нуруунд үүссэн шарх гэмтлүүдийг учруулсан ба дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр “ ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн;

Иймд шүүгдэгч О.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан нь тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч О.Ч түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүх шүүгдэгч О.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч О.Өлзийбуян нь “...эмчилгээний зардал, эд зүйлийн үнэлүүлсэн хохирол болох 400.000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно. Иймд миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” /хавтаст хэргийн 101 дүгээр тал/ гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт ОЧыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ё.ЦОГТЗАНДАН