| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02502/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02036 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02036
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/02036 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 19-р гудамж 273 тоотод оршин суух, регистр ХМ87010816, Алаг адуут овогт Ядамсүрэнгийн Очирын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 60-1-3 тоотод оршин суух, регистр УС80052214, Хөх лэгцэг овогт Баатаржавын Эрдэнэбаярт холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Их хүрээ тооцооны төвд теллерээр ажилладаг бөгөөд 2016 оны 11-р сарын 28-ны өдөр ажиллаж байх үедээ Ө.Энхтуяа харилцагчийн ойрын хүний хугацаатай хадгаламжийн дансруу хийгдэг 5 000 000 төгрөгийн гүйлгээг андуурч Баатаржавын Эрдэнэбаяр гэх хүний дансанд шилжиж орсныг 2017 оны 6-р сарын 15-ны өдөр харилцагч Ө.Энхтуяа мэдэж банкинд гомдол гаргаснаар мэдсэн ба банкны зүгээс миний нэр дээр авлага үүсгэн харилцагч Ө.Энхтуяагийн 5 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч хадгаламж алдагдсан хугацааны хүү болох 409 000 төгрөгийг нэмж төлөх шаардлагатай болсон. Данс андуурагдаж орсон Б.Эрдэнэбаяр гэх хүнээс таны дансанд 5 сая төгрөг андуураад хийчихжээ. Банкинд энэ мөнгийг хагас жилийн тооцооны энэ үед дариу буцааж төлөхгүй бол ажлын арга хэмжээ авахуулж, ажлаас халагдах хүртэл нөхцөл байдал үүсээд байна. Та энэ мөнгийг буцааж өгөөч хэмээн учирлан гуйсан боловч миний дансанд их хэмжээний мөнгө орж гардаг хэзээний юм юу яриад байгаа юм, өгч чадахгүй гэх зэргээр хариулж ихээхэн хүндрэл учруулж байна. Иймд данс андуурагдан орсон 5 000 000 төгрөгийг Б.Эрдэнэбаяраас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Я.Очирын нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ мөнгийг энэ он дуустал цувуулж өгье гэж Их хүрээ Хаан банкны салбарын ахлах теллертэй тохиролцсон юм. Нэхэмжлэгч нь өөрийн ажлын хариуцлагагүй үйлдлээс болж ийм үйлдэл хийчихээд 7 сар өнгөрсний дараа гэнэт энэ мөнгийг одоо төлж дуусга гэсэн утгатай зүйл ярьсан. Нэхэмжлэж буй мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй байна. Сар сард 1 000 000 төгрөгөөр төлөх хүсэлттэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Я.Очир нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Эрдэнэбаяраас 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Эрдэнэбаяр нь уг төлбөрийг төлөхийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч асуудалд нааштай хандсанд баяртай байна. Өнөөдрийн хүртэл тохиролцоонд хүрч чадахгүй байсан билээ. Б.Эрдэнэбаяр нь уг мөнгөнөөс 1 сая төгрөгийг өнөөдөр төлж, үлдэгдэл 4 сая төгрөгийг цувуулж өгөх санал гаргаж холбогдох банкны холбогдох данс мэдээллээ өгч үлдсэн 4 сая төгрөгийг 3 сарын дотор буюу 10 сард багтааж дуусгуулахаар 2 тал эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Очир нь Б.Эрдэнэбаярт холбогдох 5 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Эрдэнэбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Очирын нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Эрдэнэбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 47 250 төгрөг, хариуцагч Б.Эрдэнэбаяраас 47 250 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Я.Очирт олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА