Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

 

    2022       01         20                                   2022/ШЦТ/88

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч О.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн 2211 00000 0023 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Мөрдэндэв овгийн ОА, 1994 оны 01 дүгээр сарын 04ий өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль экологийн менежер мэргэжилтэй, Монгол Алтай ЗЭТ ХХК-д ерөнхий менежерээр ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 55 дугаар байр 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:............................../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.А /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөргүнт дэх зуслангийн байшинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Баасандуламыг зодож түүний эрүүл мэндэд нь нүүр, хуйх, баруун зүүн чихний дэлбэн, хүзүү, нуруу, дээд, доод мөчдөд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

           

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Ааас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хавтаст хэргийн 47 дугаар тал/ “...Маргааш буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өглөө сэрээд хүүхдүүдээ хувцасыг нь өмсгөөд хот орох гэж байхад Б.Баасандулам нь надад хандаж лалрын ээжтэйгээ зайл гэж хэлэхээр нь би хүүхдийн өмд шидэх гэж байгаад болиход над руу ном шидэхээр нь би баруун хацар луу нь нэг удаа алгадсан чинь Б.Баасандулам намайг зодох гэж дайраад бид хоёр хоорондоо ноцолдож байхдаа би хамар луу цохичих шиг болсон ...би ямар нэгэн эд зүйл барилгүйгээр гараараа л нэг удаа алгадаж, ноцолдож байхдаа хамар луу нь цохисон ...” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Баасандуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/ “...Манай хамтран амьдрагч О.А нь гэрт муур авчирч тэжээгээд долоо хонож байхад манай хадам ээж Байгаль манай гэрт ирж хонохдоо гэртээ муур байлгалаа гээд дургүйцэж байгаад явсан. Хадам ээж Байгаль нь тухайн муурнаас болж над руу дургүйцлээ илэрхийлээд наад муураа аваачиж өг гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О.А нь ажилтай байж байгаад оройхон 23 цагийн үед ирсэн ба тухайн үед би бухимдалтай байсан учраас О.Атай юм ярилгүйгээр унтаад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өглөө сэрээд хүүхдүүдийн хамт цайгаа уучихаад байж байгаад би хүүхдүүдийнхээ хувцсыг өмсүүлээд хоёр давхарт байж байхад О.А нь надад хандаж чи ер нь яагаад энэ муурыг ад үзээд байгаа юм гээд хэрүүл хийж эхлэхээр нь би уурандаа “чи лалрын ээжээсээ асуу” гэж хэлсэн чинь намайг үстэж орон дээр дарахаар нь би хүүхдийн ном аваад шидээд уурлахад “чи муу намайг зодох юм уу” гээд би аав ээж рүүгээ явлаа гэхэд, намайг явуулахгүйгээр 12 цагаас 17 цаг хүртэл хүүхдийн хажууд зодож цохиод явуулахгүй байсан. Тэгээд би тухайн үед аав Батбаатарыг дуудсан байсан ба 17 цаг өнгөрч байхад аав ирээд намайг болон хүүхдүүдийг авч явсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №105 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/ “Б.Баасандуламын биед нүүр, хуйх, баруун зүүн чихний дэлбэн, хүзүү, нуруу, дээд доод мөчдөд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч О.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 22 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 20 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А нь 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөргүнт дэх зуслангийн байшинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Б.Баасандуламыг зодож түүний эрүүл мэндэд нь нүүр, хуйх, баруун зүүн чихний дэлбэн, хүзүү, нуруу, дээд, доод мөчдөд цус хуралт, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ааас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч О.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Шүүгдэгч Мөрдэндэв овгийн ОАыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН