Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

 

   2022        02         08                                   2022/ШЦТ/98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Т.Даваажав, Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ДОд холбогдох эрүүгийн 2111 00000 1131 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт ДО, регистрийн дугаар ..........................................................,

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 1 дүгээр гудамж 3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 9-25 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Дагвын Отгонтуяа нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 47 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны үүд хэсэгт нэр бүхий иргэдийг суллуулах шаардлага бүхий жагсаал, цуглаанд оролцож байхдаа Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн тусгай хамгаалалтад байнга байх шаардлагатай объект Хууль зүй, дотоод хэргийн яамны хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хууль сахиулагч болох Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын захирал О.Анхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн гараараа нүүр орчимд нь маажиж баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой иргэн н.Ган-Очирыг хууль бусаар хорьсон гэдгийг сонсоод н.Монголхүү, н.Одбаяр нарыг суллахыг шаардсан хүмүүс дээр очиж нэгдсэн. Тэгээд тэнд очиж хоноод маргааш өглөө нь 8 цагийн үед н.Одбаяр, н.Монголхүү, н.Ган-Очир нарыг сулла гэсэн бичгээ бичээд картон цаас дээр бичээд Хууль зүй дотоод хэргийн яамны үүдэнд наасан. Нааж байх үед дотроос нь хүмүүс гарч ирээд Энийгээ боль гэсэн. Надад тэр үед хууль сануулаагүй. Би тухайн картон цаас дээрх бичгийнхээ учрыг тайлбарлаад наана, наахгүй гээд маргалдаж байх явцад О.Анхбаяр тохойгоороо миний хацар тус газарт цохисон. Тэр үед хойшоо унахгүйн тулд гар маань сарвалзаад санамсаргүй нүүрийг нь маажсан байж магадгүй. Түүнээс би өөрөө маажсан үгүйгээ мэдэхгүй байна. Дараа нь удалгүй цагдаа нар ирээд гар, хөлийг минь өчиж ёс бусаар авч явсан. Тэр үед миний гар гэмтсэн” гэв.

Хохирогч О.Анхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 сарын 05-ны өдөр хүртэл 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үед хариуцаж байсан объектын шалган нэвтрэх хамгаалалтын ажилтны үүрэг, ажлыг шалгах явцад шалган нэвтрэх хамгаалалтын ажилтан н.Билгүүн “Хууль зүйн дотоод хэргийн яамны гадаа хэсэг бүлэг хүмүүс бөөгнөрч байна, Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагч н.Одхүү, н.Монголхүү нарыг суллахыг шаардсан хэсэг бүлэг хүмүүс 16 цагийн үед ирж магадгүй” гэсэн. Тэр даруйд би объектоо эргэсэн. Тэр үед 10 гаруй хүмүүс ирсэн бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч байсан. Хажуугаар нь өөрсдөө лайв хийж байсан. Ямар нэгэн байдлаар шаардах бичиг болон яамны ажилтан, мэргэжилтэн бид нартай орж ирж уулзаагүй. Гадаа үүдэндээ хэвлэлийнхэнд яриа өгөөд байж байсан. Хэсэг хүмүүс бөөгнөрч нэмэгдсэн бөгөөд орой хоноцгоосон. Өглөө 8 цаг 30 минутын үед Д.О гэх эмэгтэй н.Нямбаатар огцор, н.Монголхүүг сулла гэсэн утга бүхий бичгийг картон цаасан дээр бичиж хаалган дээр нааж эхэлсэн. Шөнө хонож байх явцад шатан дээр 4,5 хүмүүс хоносон. Зарим нь машиндаа орж, гарч дулаацах үйлдэл гаргаж байгаа харагдсан. Бид нар камерын хяналтаар хянаж байсан бөгөөд 1 цагийн зайтай орж, гарцгааж байсан. Тухайн үед нэр бүхий хүмүүс тэдгээр хүмүүстэй ирж машинд уулзацгаасан. Тухайн өдөр Ардчилсан намын дарга н.Тулгат гэх хүн ирж уулзаж байсан. Мөн н.Эрдэнэ гуай ирж тэдгээр хүмүүстэй уулзаж байгаа харагдсан. Тэр шөнө хүйтэн хонож байсан учраас би иргэн хүний үүднээс даарч байгаа эсэхийг нь тухайн хүмүүсээс асуусан. Өглөө 7 цаг 30 минутын үед өөрсдийнхөө барьж байсан картон цаасаа нааж эхэлсэн. Би тухайн үед Д.Од “төрийн тусгай хамгаалалттай газарт ийм зүйл нааж болохгүй” гэж хууль ёсны шаардлага тавьсан бөгөөд миний шаардлагыг хүлээж аваагүй. Хаалга дарчихаад ажилдаа ирсэн мэргэжилтнүүдийг ажилд нь оруулахгүй байсан. Мөн наасан зүйлсийг нь хуулж авах гэж оролдсон мэргэжилтэн залуугийн нуруу руу нь цохиж байгаа харагдсан. Наасан зүйлсийг нь хуулах гэхэд ёс бус үгс хэлж байсан. Скочдсон зүйлсийг хуулахын тулд би гурван албан хаагчийн хамт гарсан. Дэд ахлагч н.Билгүүн энгэрийн камераа ажиллуулаад миний хойноос гарсан. н.Батдорж, н.Бямбасүрэн хоёр миний хажуу талд зэрэгцэж гарсан. Гараад Д.О гэх иргэнийг хаалганаасаа холдуулсан байгаа. Холдуулахдаа хүч хэрэглээгүй, зүгээр зайг нь барих байдалтай холдуулсан. Тухайн үед гэрч гэх Г.Хажидмаа гар утсаараа лайв хийгээд байж байсан. Д.О миний нүүрийг маажсан нь үнэн. Тухайн үед 40.000 төгрөгөөр сорвины тос авсан. Мөнгөний хувьд хэрэггүй гэж бодож байна. Гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад ингэж хохирсондоо гомдолтой байна” гэв.

Гэрч Г.Хажидмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр газарт өглөө нь очсон. Урд өдөр нь тэр газарт Д.О гэх эмэгтэй болон тэнд байсан хүмүүс хоносон байсан. Тэнд эрээн хувцастай хүмүүс шатан дээр байсан хүмүүсийг бос гэх зэргээр харьцаж байсан. Би очоод эрээн хувцастай хүмүүст Та нар бид нарын хэлж байгаа зүйлсийг дотогш дамжуулж хэлээч. Харилцаанаас харилцаа үүсдэг юм гээд тайлбарлаад уйлж хэлж байсан. Намайг байх үед ямар ч үймээн, самуун болоогүй. Тэр залууст үг хэлж дуусаад шатан дээр 30-аад цагдаа нөмрөөд ороод ирсэн. Тэгээд шууд баривчилж эхэлсэн. Шүүх эмнэлэгт би очиж үзүүлсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь миний гаргасан хүсэлтийг хангаж, шалгаж өгөөгүй. Би эрэгтэй хүний хүчирхийлэлд өртөж үзээгүй. Тухайн үед маш аймшигтай байсан. Намайг очих үед эрээн хувцастай хүмүүс миний урд ирсэн. Уйлаад гуйтал дарга нь өөдөөс сая ийм зүйл болчихлоо гээд надад үзүүлсэн. Тухайн үед нүүр нь улаан байдалтай байсан” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Анхбаярын “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг 30 минутаас хэлтсийн даргаас үүрэг чиглэл аван өөрийн хариуцсан объектуудаар орж шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтнуудад хяналт тавин, үүрэг чиглэл өгч ажилласан. Үдээс хойш 15 цагийн үед Хууль зүйн яамны шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтан дэд ахлагч Билгүүнийг шалгаад тэнд хяналт тавин ажиллаж байхад 16 цаг 20 минутын үед Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд 10 гаруй хүн ирчихсэн хэвлэлийнхэнд яриа өгөөд өөрсдөө утсаараа лайв хийгээд зогсож байсан. Тэдний яриагаар “Монголхүү, Э.Одбаяр нарыг суллахыг шаардаж байна, Хууль зүйн сайд Нямбаатартай уулзахыг шаардаж байна” гэсэн зүйлийг ярьж орилж хашгирч байсан. Гэхдээ яг албан ёсоор дотогш орж ирээд шаардах бичиг, гомдол, хүсэлт зэрэг бичиг өгөөгүй. Энэ талаар би нэмэгдлээр ахмад Сансарыг явуулсан байсан. Ингээд цуглаан зохион байгуулж байгаа 7-10 хүмүүс “Монголхүүг сулла, Одбаярыг сулла, сайд Нямбаатар огцор” гэх утга агуулга бүхий цаасан самбар барьсан байдалтай яамны үүдний шатан дээр сууж, зарим нь машин дотроо хоноцгоосон. Бидний тухайд тэдгээр хүмүүсийн үйл ажиллагааг ажиглах, хянах байдлаар яаман дотроос харж хоносон. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 07 цагийн үед жагсаал цуглаан үргэлжилж магадгүй гээд ахмад Сансар нэмэгдэл алба хаагч нарыг дуудуулснаар шалган нэвтрүүлэх хамгаалалтын ажилтан Бямбасүрэн, Батдорж нар ирсэн. Ингээд 08 цаг 20 минутын үед нөгөө хүмүүс зарим нь шатан дээр суусан байдалтай, харин цагаан өнгийн юүдэнтэй куртиктэй эмэгтэй цаасан дээр бичсэн зүйлээ яамны орох хаалган дээр скочоор наагаад, хаалга дарж зогсоод яамны ажилчдыг дотогш оруулахгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлсэн ба би гарч тэр эмэгтэйг “та энд юм нааж болохгүй, энэ бол төрийн тусгай хамгаалалттай объект, бүс, та энэ наасан зүйлээ ав” гэдэг шаардлагыг тавихад шаардлагыг хүлээж авахгүй, тоохгүй, нөгөө зүйлээ үргэлжлүүлэн давхарлаж наагаад байсан. Тэгэхээр нь би хамт хоносон дээлтэй залууд “та нар энэ хүндээ хэлээчээ, тусгай хамгаалалттай бүсэд ийм юм нааж болохгүй шүү дээ” гэхэд тэр залуу “наад эмэгтэй чинь урьд шөнө энд хоносон болохоор жоохон бухимдалтай байгаа биз дээ” гэж хэлсэн. Ингээд би тэр эмэгтэйг үйлдлээ зогсоочих болов уу гэж бодоод дотогш ороход нөгөө эмэгтэй гадаа хаалган дээр үргэлжлүүлээд наагаад байгаа бололтой скочны чимээ гараад байхаар нь дахиад шаардлага тавихаар гарах гэтэл хаалга дарчихаад онгойлгохгүй, ажилчдыг дотогш оруулахгүй байсан. Тэгэхээр нь манай ажилчид бөөндөө хаалга түлхэж гараад би нөгөө цагаан куртиктай эмэгтэйд хандаж “та наад хаалган дээр наасан зүйлээ ав, төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийм зүйл нааж болохгүй, бидний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүл” гэж хууль ёсны шаардлага тавихад тэр эмэгтэй “танай гэрийн хаалган дээр нааж байгаа юм уу, чамд хамаагүй” гээд тавьсан шаардлага биелүүлэхгүй болохоор нь хаалган дээр наасан зүйлийг хуулах гэхэд гараас татаж эсэргүүцэн миний нүүр рүү гараараа маажсан. Энэ үед хажууд хар куртиктэй эмэгтэй “та нар болиоч ээ” гэх зэргээр нөгөө эмэгтэйг өдөөсөн байдалтай гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Харин миний зүүн гар талд Бямбасүрэн, баруун гар талд Батдорж нар зогсчихсон тухайн эмэгтэйг хориглож тайвшруулаад холдуулсан. Би тухайн эмэгтэйд маажуулсан газраа тэмтэрч үзэхэд цус гарч байсан ба ахмад Сансарт үзүүлэхэд цааш нь Төрийн тусгай хамгаалалтын газрын жижүүрт мэдэгдэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...Төрийн тусгай хамгаалалттай бүсэд буюу Хууль зүй дотоод хэргийн яамны гадна хаалган дээр “Монголхүү, Одбаяр нарыг сулла, Нямбаатар огцор” гэсэн утгатай кардонон цаас бичиж наагаад байхаар нь энэ объект бол Төрийн тусгай хамгаалалтын бүс, барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын үүднээс бичсэн зүйлийг нааж болохгүй гэдэг шаардлага тавьж, наасан цаасыг хуулж авах гэтэл миний гараас татаж, танай гэрийн хаалган дээр нааж байгаа юм уу, чамд ер нь ямар хамаа байна гэж хэлж байсныг нь санаж байна өөр юу юу гэж хэлж байсныг тодорхой санахгүй байна үг хэлээрэй доромжилж дайрч, эрх чөлөөнд халдаж  миний нүүрийг маажиж эсэргүүцэл үзүүлсэн. Миний хувьд албан үүргээ гүйцэтгэж яваад нүүрэнд шарх сорвитой болсонд гомдолтой байгаа. Энэ хүн миний хууль ёсны шаардлагыг биелүүлсэн бол өдийд ийм зүйл болохгүй ... Би нүүрэндээ маажуулсны улмаас шарх, сорви үүссэн. Үүнд би тухайн өдрөө буюу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 48.000 төгрөгийн сорвины тос авч эмчилгээ хийлгэсэн. Баримт нь байгаа учраас энэ мөнгийг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27, 189 дүгээр тал/,

Гэрч Я.Батдоржийн “...нөгөө цагаан хувцастай эмэгтэй та нарын гэрийн үүдэнд нааж байгаа биш наана чинь юм наахаар яадаг юм наад цаас аваад ир гээд бид нар руу дайраад харуулын захирал Анхбаярын баруун нүдний хавьд гараараа самардсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

Гэрч Д.Бямбасүрэнгийн “...Уг хоёр эмэгтэй дайраад хэл амаар доромжилж байхад бид нар наасан зүйлсийг нь авч байсан. Тэгтэл цагаан өнгийн куртиктай эмэгтэй нь Анхбаярын нүүрний хэсгийг нь маажсан юм ...миний биед бол ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Гэхдээ тэр 2 эмэгтэй хувцаснаас бол татаж чангаагаад байсан. Бид нар тэр 2 эмэгтэйн биед огт халдаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/,

Гэрч Л.Сансарын “...ахлах дэслэгч О.Анхбаяр, шалган нэвтрүүлэгч хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Бямбасүрэн, ахлагч Я.Батдорж, дэд ахлагч Б.Билгүүн нарт хаалган дээр нааж байгаа зүйлүүдийг болиул гэж үүрэг өгсний дагуу манай алба хаагчид гараад наасан бичгүүдийг хуулж авах үед дээгүүрээ цагаан өнгийн куртиктай эмэгтэй эсэргүүцэж, ахлах дэслэгч О.Анхбаярыг нүүрийг самардсан юм. Түүнийг самардах үед би дотроос гарч ирж таарсан. Намайг гарахад цагаан өнгийн куртиктай эмэгтэй, хар өнгийн хүрэмтэй 2 эмэгтэй байсан бөгөөд хаалган дээр наасан цааснуудаа хуулуулахгүй гэж манай алба хаагчдын өөдөөс эсэргүүцэл үзүүлж байсан. Ахлах дэслэгч О.Анхбаярын баруун нүдний зовхины доор нэлээд гүн маажуулсан шарх үүссэн байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

Гэрч В.Даваадоржийн “...Хууль Дотоод хэргийн яамны гадна хоносон гэх 7-8 иргэдээс яамны хаалгыг дарж орох, гарах хөдөлгөөнийг хаах үед Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдаас хаалгыг чөлөөлөх явцад тухайн иргэдийн дундаас цагаан өнгийн куртиктэй Отгонтуяа гэх эмэгтэй нүүрийг нь самардсан гэсэн ...Тэнд цугласан иргэдэд төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, Хууль зүй Дотоод хэргийн яамны хаалгыг чөлөөлөх талаар шаардлага тавьж, төрийн алба хаагчийн бие, эрх чөлөөнд халдсан иргэн Отгонтуяа гэгчийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлэх ажиллагааг зохион байгуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

Гэрч Ц.Баярмагнайгийн “...тус яам нь Засгийн газрын 2012 оны 65 дугаартай Жагсаалт батлах тухай тогтоолоор батлагдсан Төрийн тусгай хамгаалалтад байнга байх объектод хамаарна. Эдгээр бүлэг бөөгнөрөл үүсгэсэн хүмүүс нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/,

Гэрч Г.Хажидмаагийн “...би тийм үйлдэл гаргаагүй. Би тухайн үед лайв хийж байсан ба миний лайв дээрээс энэ талаар харагдах байх. Намайг тэнд очиход Төрийн хамгаалалтын газрын ажилтны нүүрийг самардсан бололтой улайчихсан байсан. Намайг ирэхээс өмнө тэр залууг самардчихсан юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9586 тоот дүгнэлтэнд:

“1.О.Анхбаярын биед баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хавтаст хэргийн 12-18 дугаар тал/ “... бичлэгийн 00 минут 16 секундэд Хууль зүй, дотоод хэргийн яамны хаалганаас ногоон алаг хувцастай Төрийн тусгай хамгаалалтын дөрвөн ажилтан гарч ирэн үүдэнд зогсож байгаа хоёр эмэгтэйг холдуулаад цааш түлхэж байх ба энэ үед цагаан куртиктэй эмэгтэй нь төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтны нүүрэн тус газар гараараа самардаж байна ... /зураг 5/” болон бусад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд  /хавтаст хэргийн 6-9, 150-159 дүгээр тал/,

Төрийн тусгай хамгаалалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 716 дугаар албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 99-108 дугаар тал/,

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/4445 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоол, хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 126-130 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/1358 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 131 дүгээр тал/,

Хохирлын баримт /хавтаст хэргийн 190 дүгээр тал/,

Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-9, 12-18, 150-159 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, 

Шүүгдэгч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...тухайн Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан намайг түлхэх үед унахгүй тулд гараа савчихдаа тухайн ажилтны нүүрийг самардсан байх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 177 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 116 дугаар тал/, Баянгол дүүргийн 5 дугаар хороонд түр оршин сууж байгаа гэх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хавтаст хэргийн 208-209, 210,  дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

 Шүүгдэгч Дагвын Отгонтуяа нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 47 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны үүд хэсэгт нэр бүхий иргэдийг суллуулах шаардлага бүхий жагсаал, цуглаанд оролцож байхдаа Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн тусгай хамгаалалтад байнга байх шаардлагатай объект Хууль зүй, дотоод хэргийн яамны хамгаалалтыг хариуцан ажиллаж байсан хууль сахиулагч болох Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын захирал О.Анхбаярыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн гараараа нүүр орчимд нь маажиж баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Анхбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27, 189 дүгээр тал/, гэрч Б.Билгүүний мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34 дүгээр тал/, гэрч Я.Батдоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/, гэрч Д.Бямбасүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дугаар тал/, гэрч Л.Сансарын мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/, гэрч В.Даваадоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал, гэрч Ц.Баярмагнайн мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дугаар тал/, гэрч Г.Хажидмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9586 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/, Төрийн тусгай хамгаалалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 716 дугаар албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 99-108 дугаар тал/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/4445 дугаартай албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоол, хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 126-130 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/1358 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 131 дүгээр тал/, Хохирлын баримт /хавтаст хэргийн 190 дүгээр тал/, Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хавтаст хэргийн 12-18 дугаар тал/ “... бичлэгийн 00 минут 16 секундэд Хууль зүй, дотоод хэргийн яамны хаалганаас ногоон алаг хувцастай Төрийн тусгай хамгаалалтын дөрвөн ажилтан гарч ирэн үүдэнд зогсож байгаа хоёр эмэгтэйг холдуулаад цааш түлхэж байх ба энэ үед цагаан куртиктэй эмэгтэй нь төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтны нүүрэн тус газар гараараа самардаж байна ... /зураг 5/” болон бусад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 6-9, 150-159 дүгээр тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 47 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны үүд хэсэгт нэр бүхий иргэдийг суллуулах шаардлага бүхий жагсаал, цуглаанд оролцож байхдаа хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн гараараа нүүр орчимд нь маажиж баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав, Б.Балжидмаа нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ог цагаатгах байр суурьтай оролцож хохирогч болох О.Анхбаярыг ажилд томилсон тушаал хавтаст хэрэгт авагдаагүй, түүнийг хууль сахиулагч мөн гэдэгт эргэлзээ төрж байна, шүүгдэгч нь хүч хэрэглэсэн үйлдэл тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй ...байх тул Д.Ог цагаатгаж өгнө үү  “ гэх хүсэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Билгүүн, Я.Батдорж, Д.Бямбасүрэн, Л.Сансар нарын мэдүүлгээр хохирогч О.Анхбаяр нь Төрийн тусгай хамгаалалтын албаны харуулын дарга, ахлах дэслэгч цолтой болох нь тогтоогдож байх ба Төрийн тусгай хамгаалалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 716 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын томилгооны хуулбар /хавтаст хэргийн 99-108 дугаар тал/ зэрэг бусад баримтаар нотлогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар шинжлэн судласан камерын бичлэгт шүүгдэгч Д.Огийн хохирогч О.Анхбаярыг түлхэж байгаад гараараа маажиж байгаа дүрс бичигдсэн байх ба шүүгдэгч нь үйлдэлдээ шууд санаатай ханджээ.    

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 1 жилийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газарт зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын ... нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгаж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч О.Анхбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын 49900 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 192 дугаар тал/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Анхбаяр нь хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн.

         Иймд шүүгдэгч Д.Ог бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ДОг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь эрх бүхий байгууллагын хяналтан дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

4. Шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, “Улаанбаатар хот”-оос гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН