Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

    2022         02         10                                   2022/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ц.Ж /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Жд холбогдох эрүүгийн 2211 00000 0173 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цэцэг овогт ЦЖ, регистрийн дугаар .....................................,

Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа мужааны ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34-17б тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудалд шалтгаангүйгээр хохирогч Ц.Биндэръяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”  гэв.

 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Ц.Биндэръяагийн “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим над руу Мөнхнаран, Цолмон-Очир нар утсаар залгаад саяхан Цолмон-Очирын төрсөн өдөр болсон, шинэ жилээ тэмдэглээд уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд тэр 2 манайд ирж намайг авахдаа өмнө нь жилийн өмнөөс таних болсон Жаргалсайхан гэх настайвтар ахтай ирсэн бөгөөд тэд нарын машиныг нэг танихгүй залуу бариад ирсэн. Тэгээд 5-уулаа ЭБО төвийн хоол унд нь гайгүй гээд намайг дагуулан уг төвийн караокед орж хоол идэж нэг шил архи ууж байтал хаах цаг нь болоод Батсүх яваад Цолмон-Очир, Жаргалсайхан, Мөнхнаран бид 4 үлдэж дээр нь байрлах буудлын нэг өрөөнд орж 4-үүлээ нэг шил архи уусан ...би 00 өрөө рүү ороод бие засаад охинтойгоо утсаар яриад удахгүй очлоо гэж хэлээд байж байтал араас Жаргалсайхан орж ирээд үгийн зөрүүгүй миний хамар, зүүн нүдний орчим гараараа нэг удаа цохиод баруун шанаа руу нэг удаа алгадаад миний үснээс чирээд 00-ын өрөөнөөс гаргатал Мөнхнаран, Цолмон-Очир нар өрөөнөөс гараад явсан байсан. Намайг чирээд явж байхад нь би чангаар орилсон бөгөөд миний баруун хөлийн гуя руу гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед гаднаас Цолмон-Очир, Мөнхнаран нар ороод иртэл Жаргалсайхан миний үснээс тавиад зөрөөд гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

  

Гэрч Л.Мөнхнарангийн “...Цолмон-Очир бид хоёр өрөөнөөс гарч хажуу талд байсан өрөө рүү орохоор гарч байх үед Биндэръяа нь бид нарыг хүргэж ирсэн Батсүх гэх залуу руу утсаар яриад “хүйтэн шөнө хаачих гээд явчихсан юм бэ хүрээд ирж болдоггүй юм уу” гэж хэлээд 00-ын өрөө рүү орж байсан. Цолмон-Очир бид 2 хажуугийн өрөөнд ороод удаагүй байтал хажуугийн өрөөнөөс Биндэръяа орилох чимээ гарахаар нь хамтдаа буцаад ортол Биндэръяа хамраас нь цус гарсан байдалтай уйлаад зогсож байсан бөгөөд Жаргалсайхан ах 00-ын өрөөнөөс гараад шууд явсан. Биндэръяа “Жагаа ах намайг цохичихлоо” гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1481 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“1.2. Ц.Биндэръяагийн биед хамрын ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, зүүн бугалга, шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.4.5.6.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

8.9. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

10.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ц.Жы “...би Ц.Биндэръяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... надаас нэхэмжилсэн 700.000 төгрөгийг төлж барагдуулсан ...” гэх гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч Ц.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эбо” төвийн зочид буудалд шалтгаангүйгээр хохирогч Ц.Биндэръяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Биндэръяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, гэрч Л.Мөнхнарангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11095 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч Ц.Биндэръяаг зодож хамрын ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хэвлий, зүүн бугалга, шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлийг учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч Ц.Ж нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, учруулсан хохирол төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.Биндэръяа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын 700.000 төгрөгийг хүлээн авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хавтаст хэргийн 50 дугаар тал/ гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цэцэг овогт ЦЖыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН