Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

 

 

    2022       02         10                                   2022/ШЦТ/109

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч А.Азжаргал,

Шүүгдэгч С.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Эд холбогдох эрүүгийн 2106 04025 0134 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Боржигин овогт СЭ, регистрийн дугаар ..............................................,

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хүчит шонхор” худалдааны төвд тэрэгчнээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайз 21а гудамж 528 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Булгийн 19 дүгээр гудамжны 1179В тоотод оршин сууж байгаа гэх,

Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1677 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож түүний урьд 69 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоож хорих ял шийтгүүлсэн,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1056 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, спортын дэд мастер.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд “Pokerrr2” нэртэй апплейкшн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5017346558 тоот дансаар дамжуулан 5.018.897 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Э нь ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 5.018.897 төгрөгийн ашиг олсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

           

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч С.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хавтаст хэргийн 84 дүгээр тал/ “Би 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд “Pokerrr2” гэсэн нэртэй апплейкшныг ашиглаад айпони загварын гар утасны аппли сторигоос өдөрт 58.000 төгрөгөөр bambar гэх нэртэй клубыг түрээслүүлээд 9 хүн тоглох зориулалттай нээлгэж байсан. Тухайн цахим мөрийтэй покер тоглоом тоглох 9 хүн нь орж ирээд мөнгөн дүнгийн доод тал нь 30.000 дээд тал нь 200.000 төгрөгөөр тоглодог байсан юм. Би өөрийн айпони 8 загварын гар утсан дээрээ апплейкшныг ашиглаад цахим мөрийтэй покер тоглоом зохион байгуулж тоглуулахдаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж 1179в тоот гэртээ тоглуулдаг байсан юм. Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5017346558 тоот дансаар дамжуулан цахим мөрийтэй тоглоом тоглох гэж байгаа хүмүүсийн мөнгийг нь хүлээн авч тоглуулдаг байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс миний 5017346558 тоот данс ашиглах боломжгүй болоод би цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж тоглуулахаа болисон юм. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж 5.018.897 төгрөгийн ашиг олсон ...миний 5017346558  тоот данс ашиглагдах боломжгүй болоод Хаан банкнаас битүүмжлэгдсэн байгаа юм . Иймд дээрх мөнгө миний 5017346558 тоот дансанд битүүмжлэгдсэн байгаа юм. Pokerrr2” гэсэн нэртэй апплейкешнийг ашиглаад bambar гэх клуб байгуулаад хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж иргэдээс Хаан банкны 5017346558 тоот дансаараа дамжуулан мөнгө авсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч бас гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ “...би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ хийх юм олдохгүй фейсбүүк ухаад байж байтал “Pokerrr2” гэсэн нэртэй апплейкшн дээр цахим мөрийтэй прокер тоглоом тоглоод мөнгө хожоорой гэх утгатай зар байхаар нь дарж ороод сонирхоод “bambar” /бамбар/ гэх нэртэй клуб руу орсон юм. Тухайн “bambar” /бамбар/ гэсэн нэртэй клубд покер тоглоход нэг ширээнд 9 хүн суугаад доод тал нь 30,000 төгрөгөөр тоглодог байсан юм” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Шийтэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ “...би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өөрийн гар утсан дээрээ “Pokerrr2” гэсэн апплейкшнийг татаж аваад “bambar” /бамбар/ гэсэн нэртэй клубд покер тоглоход нэг ширээнд 9 хүн суугаад доод тал нь 30.000 төгрөгөөр тоглодог байсан юм. Би покер тоглоомыг тоглохдоо өөрийнхөө 5946092707 тоот данснаас 5017346558 тоот данс руу мөнгө шилжүүлж ширээнд суух эрхээ аваад тоглодог байсан. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 14 удаагийн нийт 960.000 төгрөгийг 5017346558 тоот данс руу шилжүүлсэн нь би  bambar гэсэн нэртэй цахим мөрийтэй покер тоглоомыг тоглохдоо шилжүүлсэн мөнгөнүүд юм” гэх мэдүүлэг,

 

СиДи-нд үзлэг хийсэн талаар “...5,018,897 төгрөгийн ашиг олсон болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

 

С.Эы Хаан банкны 5017346558 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 92-241 дүгээр тал/,

 

шүүгдэгч С.Эы иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 34-47 дугаар тал/ зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд “Pokerrr2” нэртэй апплейкшн ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулж өөрийн эзэмшлийн Хаан банкны 5017346558 тоот дансаар дамжуулан 5.018.897 төгрөгийн ашиг олсон болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 5.018.897 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Эаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 5.018.897 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.5 дахь хэсгүүдэд “... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна;

“гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно;

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг төлүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч С.Эаас 5.018.897 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгчийн Хаан банкны 5017346558 тоот дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хязгаарласныг хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Шүүгдэгч Боржигин овогт СЭыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 5.018.897 төгрөгийн ашиг олсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Эаас 5.018.897 төгрөгийг гаргуулан Улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгчийн Хаан банкны 5017346558 тоот дахь мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хязгаарласныг хэвээр үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН