Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/130

 

 

 

    2022       02         14                                   2022/ШЦТ/130

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч С.Солонго,

Шүүгдэгч Ч.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ад холбогдох эрүүгийн 2211 00000 0065 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн ЧА, 1997 оны 09 дүгээр сарын 02ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тнгри инвест” ХХК-д операторч ажилтай гэх, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 13 дугаар гудамж 191 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Урьд: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................................

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Чинболдын Анар-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1-2 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдарч байсан Б.Мөнхнаранг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч  Ч.Аэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Аэс мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: /хавтаст хэргийн 38 дугаар тал/ “...2021 оны 12 дугаар сарын 23-ны орой би гэртээ ганцаараа байхдаа 0,75 литрийн Голд Чингис архи худалдаж авч ганцаараа уугаад Мөнхнаран руу залгаж охинтойгоо ярих гэсэн боловч шууд утсаа тасалчихсан. Тэгэхээр нь шууд тэдний гэр лүү 02 цагийн үед явж очоод хаалгыг нь нүдтэл хэсэг хугацааны дараа хадам ээж Наранцэцэг онгойлгосон ба хүмүүс унтаж амардаг юм байгаа биз дээ гээд надтай маргалдахаар нь би маргаснаа санаж байна. Тэгээд Мөнхнарантай маргалдаж цохисон ба яг хаашаа яаж цохисноо сайн санахгүй байгаа. Гэхдээ би цохисноо хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Мөнхнарангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ “...би Анар-Эрдэнэтэй 2018 оноос хойш хамтран амьдраад дундаасаа 4 настай нэг охинтой, бид хоёр 2021 оны 09 сараас хамт амьдрахаа больсон. 2021 оны 12 сарын 24-ний 23 цагийн үед залгаад охинтойгоо яръя гэхээр нь яриулчихаад байж байтал дахин, дахин манай ээж Наранцэцэг, дүү Давааням нар луу залгаад байсан ба 02 цагийн үед манай гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-1-2 тоотод ирээд хаалгыг нүдээд өшиглөөд хаалгаа тайлтал Анар-Эрдэнэ нэлээн согтуу орж ирээд намайг өөрийнхөө найзтайгаа хардаж агсан тавиад “янхан минь” гэж доромжилж байгаад миний хөл рүү мод шидээд толгой хоёр хөл, баруун гарын бугалга хэсэг рүү гараараа цохиж, баруун гарын сарвуу хэсэг рүү бас өшиглөж, нүүр лүү гараа атгаж байгаад олон удаа цохисон. Тэгээд охиноо авч явна гээд хуучин амьдарч байсан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1176 тоот руу аваад явсан. Тухайн үедээ хүүхдээ авч үлдэх гэсэн боловч ална шүү гээд ойртуулаагүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Наранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 28 дугаар тал/ “...Миний охин Мөнхнаран нь 2017 оноос хойш Анар-Эрдэнэтэй хамтран амьдарч байгаа. Дундаасаа 3 настай нэг охинтой. 2021 оны 10 сараас хойш тусдаа амьдарч 3 настай охин Нандин-Эрдэнэ ээж дээрээ буюу Мөнхнаран дээр байгаа. Анар-Эрдэнэ нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Мөнхнаран луу залгаад охинтойгоо утсаар ярих гэж залгатал охин Нандин-Эрдэнэ нь утсаар ярихгүй яваад байсан. Тэгтэл 01 цагийн үед Анар-Эрдэнэ над руу залгаад манай хүү 13 настай Давааням руу залгаад байхаар нь согтуу байна гэж бодоод утсыг нь аваагүй юм. Тэгтэл 02 цагийн үед хүн хаалга аймаар хүчтэй нүдээд байхаар нь онгойлготол Анар-Эрдэнэ “гөлөгнүүдээ яагаад утсаа авахгүй байгаа юм, та нар унтаагүй л байгаа ш дээ” гэж бид нар луу аашлаад манай охин Мөнхнарангийн цээж рүү гараараа нэг удаа цохиход Мөнхнаран миний хажууд ирж суусан. Анар-Эрдэнэ “янхан, банзал, шаалтуур” гэх мэт олон янзаар доромжилж толгой руу нь гараараа 2, 3 удаа цохиод хөлөөрөө хөл рүү нь өшиглөж баруун гар луу нь мөн цохиж үсдэж татсан. Цээж рүү нь цохиод байхад Мөнхнаран амьсгаа давчдаад чичрээд байхаар нь би “Мөнхнаран сая хагалгаанд орсон болиоч ээ” гэтэл Анар-Эрдэнэ “чи зүрхний хагалгаанд ороогүй худлаа ярьсан” гээд цээж рүү нь гараараа цохиод байсан. Тэгээд Анар-Эрдэнэ хэсэг сууж байгаад “би ходоодны хорт хавдартай болсон” гэж ярьж байснаа дахиад босож байснаа зуухны хажуу талд байсан дөрвөлжин модноос аваад Мөнхнаран руу шидэхэд гар хөл рүү нь оносон. Тэр үед Мөнхнарангийн гар нь гэмтсэн байна лээ. Тэгээд гэр дотор нусаа нийгээд зуухан дээр нулимж есөн үеэр чинь устгана гэж доромжлоод хэсэг сууж байснаа би охиноо аваад явлаа гэхээр нь харанхуй болсон байна, миний хүү хэрэггүй гэтэл авч явна гээд байхаар нь за за аав нь авч явж байгаа юм байна гээд хувцасыг нь өмсүүлээд явуулсан” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №885 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ “Б.Мөнхнарангийн биед дух, зүүн нүдний зовхи, баруун мөр, баруун шуу, зүүн гарын сарвуу бугуй, баруун гуя, шилбэнд цус хуралт, хоёр гарын сарвуу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1-2 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдарч байсан Б.Мөнхнаранг зодож түүний эрүүл мэндэд дух, зүүн нүдний зовхи, баруун мөр, баруун шуу, зүүн гарын сарвуу бугуй, баруун гуя, шилбэнд цус хуралт, хоёр гарын сарвуу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Анар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Аэс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Анар-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Анар-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Шүүгдэгч Боржигон овгийн ЧАийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Анар-Эрдэнийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ад оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН