Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

    2022       02         14                                   2022/ШЦТ/131

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Д.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Бөд холбогдох эрүүгийн 2111 01368 0101 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Чой овгийн ДБ, 1975 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуу 10-8 тоотод оршин суух,

Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 492 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...............................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 4-8 тоотод Т.Төмөрсүхтэй маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь дээд урууланд шарх, дух баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Д.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/ “2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цагийн үед танил Төмөрсүхийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 4-8 тоотод байх гэрт нь очсон юм. Тэгээд Төмөрсүхийн гэрт очиход найз Даваабаяр, Төмөрсүх нар байсан ба бид 1 шил архи уугаад хоноцгоосон юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 08 цаг 30 минутанд сэрэхэд Даваабаяр явсан ба удалгүй гаднаас Төмөрсүхийн найз гэх Цэнд-Очир орж ирсэн юм. Тэгээд Цэнд-Очир, Төмөрсүх бид гурав дахиад 2 шил архи хувааж уусан ба Төмөрсүх, Цэнд-Очир хоёр муудаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би Төмөрсүхийн гэрээс гараад охин Номингийн гэрт очиход эзэнгүй байсан тул буцаад Төмөрсүхийн гэрт очиход Төмөрсүх, Цэнд-Очир хоёр унтаж байсан ба намайг ороход Төмөрсүх сэрээд надаас архи асуугаад түүнээс болж бид хоёр хоорондоо маргалдсан ба гэнэт миний уур хүрээд би ширээн дээр байсан шилэн аягийг аваад Төмөрсүхийн уруул руу цохисон юм ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Төмөрсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/ “2021 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим хүргэн ах Даваабаяртай ажлаа тараад замаараа хүнсний дэлгүүр ороод Хараа” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи 2 шилийг аваад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 4-8 тоотод байх гэртээ ирсэн. Тэгэж байтал 23 цагийн үед гаднаас танил Батмөнх орж ирсэн ба бид хоёртой 1 шил архи уугаад унтаж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 8 цаг 30 минутад сэрэхэд Даваабаяр явсан ба удалгүй гаднаас Цэнд-Очир орж ирсэн юм. Тэгээд Цэнд-Очир, Батмөнх бид гурав дахиад 2 шил архи хувааж уугаад Цэнд-Очир бид хоёр муудаад унтсан ба Батмөнх гараад явсан. Нэг сэрсэн чинь Батмөнх гаднаас орж ирсэн надтай маргалдаад байсан ба тэгэж байгаад миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тухайн үед Цэнд-Очир унтаж байгаад босож ирээд бид хоёр хоорондоо барьцалдсан байхад салгасан. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийнхан ирсэн ...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Цэнд-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ “Миний бие 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 07 цаг өнгөрч байхад хуурай ах болох Төмөрхуягийн гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усан сангийн ард талд байрлах гэрт нь очиход Төмөрхуяг болон түүний найз нь болох нэрийг нь сайн мэдэхгүй 40 орчим насны эрэгтэй хүн цугтаа байсан. Тэгээд бид гурав Төмөрөө ахын гэрт нь 0,75 литрийн агууламжтай Хараа гэх нэртэй архийг хувааж ууцгаасан ба би тэр үед нилээн согтчихсон байсан тул унтаад өгсөн. Тэгээд намайг сэрэхэд Төмөрөө ахын уруулнаас нь цус гарчихсан, толгойны дух хэсэг нь хавдчихсан байдалтай байсан бөгөөд Төмөрөө ахаас юу болсон талаар нь асуухад “манай найз намайг чулуу барьж орж ирээд нүүр лүү цохичихлоо” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №10430 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ “Т.Төмөрсүхийн биед дээд урууланд шарх, дух, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 4-8 тоотод Т.Төмөрсүхтэй маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж биед нь дээд урууланд шарх, дух баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогчтой маргалдсаны улмаас түүний нүүр лүү нь цохиж, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Чой овгийн ДБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН