Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

 

 

 

 

 

    2022       02         17                                   2022/ШЦТ/152

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч С.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Бэд холбогдох эрүүгийн 2111 01528 0084 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Хадаг овгийн СБ, 1989 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 13 дугаар гудамжны 93 тоотод оршин суух,

Урьд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 сарын 29-ний өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих,

- 2014 оны 09 сарын 09-ний өдрийн 1024 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай /РД:............................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 13 дугаар гудамжны 93 тоотод хамтран амьдрагч Б.Отгонтунгалагтай маргалдан улмаар биед нь зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч С.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 29 дүгээр тал/ “2021 оны 11 дүгээр сарын 23-нд би ажлаа тараад иртэл гэрт Б.Отгонтунгалаг нь байхгүй байхаар нь гар утас руу нь залгасан ахынхаа гэрийн гадаа байна гэхээр нь яваад очтол би нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг ах хоёр эгчтэй 4-үүлээ пиво уугаад сууж байхаар нь би ууж байхаар нь хариад байж байя гээд гэртээ хариад хоёр 2,5 литрийн пиво аваад сууж байтал гаднаас Б.Отгонтунгалаг хамт пиво уугаад сууж байсан эгч нартайгаа орж ирээд бид нар тухайн хоёр пивоо хувааж уучихаад гэрт ирсэн хүмүүс яваад өгөхөөр нь одоо унтах уу хоёулаа гэсэн чинь би явлаа гэхээр нь чи харанхуй шөнө хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь харилаа гээд гэрээс гараад явах гэхээр нь би барьж аваад явуулахгүй харанхуй болсон байна гээд татсан чинь гадуур хувцас нь урагдчихсан юм. Тэгээд би тэвэрч аваад орон дээр хэвтүүлээд гутлыг нь тайлах гэтэл над руу өшиглөөд гутлаа тайлуулахгүй байхаар нь хоёр хөлийг нь дарж байгаад нэг гутлыг нь тайлсан чинь чи миний хөлийг мушгисан би чамайг цагдаад өгнө би өөрөө гутлаа тайлъя гээд хэрүүл хийж байгаад унтсан юм. Тэгээд өглөө миний утасны сэрүүлэг дуугараад ажилдаа явах гээд гарах гэтэл Б.Отгонтунгалаг нь чи надад таксины мөнгө өг би гэртээ харимаар байна чи намайг шөнөжингөө зодсон би чамайг цагдаад барьж өгнө гэхээр нь би тэгээ тэг гэж хэлчихээд гэрээсээ ажилдаа гараад яваад өгсөн юм ...намайг хэл амаар доромжлоод хөлөөрөө тийрээд байхаар нь би барьж авч дарж байгаад өмсөж явсан гутлыг нь тайлах гээд хөлийг нь мушгисан татаж аваад ор руу түлхсэн юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Отгонтунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 13 дугаар гудамжны 93 тоотод гэртээ байхдаа манай нөхөр С.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үед “ядуу хүний хүүхдийг төрүүлдэггүй” гэх шалтгаанаар надтай муудалцаад миний толгой руу гараараа цохиод “алаад хаячихий” гээд миний хүзүүг боосон, тэгэхээр нь би өшиглөхөд миний зүүн талын хөлийг “хугалаад хаячихий” гээд мушгисан юмаа тэгээд би гэрээсээ гарч явах гэсэн чинь хөл доголоод явж чадахгүй байсан болохоор эгч рүүгээ залгаад “өглөө эрт ирчихээрэй” гэж хэлээд унтаад өгсөн юмаа. Тэгээд 06 цаг 35 минутанд манай нөхрийн гар утасны сэрүүлэг дугарахаар нь сэрээд би нөхрөөсөө таксины мөнгө олоод өгчих гэхэд “хохь чинь, чадахгүй” гээд муухай хараалын үгээр хараагаад байсан. Тэгээд миний үснээс зулгаагаад чадахгүй, больсныхоо дараа намайг цагдаагийн байгууллага руу дуудлага өгч байхыг сонсоод “эмээ, ээж хоёр маань сэрчихнэ” би өөрөө цагдааг тосоод “уулзаадахъя” гэж хэлээд цагдаагийн алба хаагчийг ирэхээс өмнө гараад яваад өгсөн юмаа” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: /хавтаст хэргийн 15 дугаар тал/ “...2021 оны 11 дүгээр сарын 23-нд би ажлаа тараад иртэл гэрт Б.Отгонтунгалаг нь байхгүй байхаар нь гар утас руу нь залгасан чинь ахынхаа гэрийн гадаа байна гэхээр нь яваад очтол би нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг ах хоёр эгчтэй дөрвүүлээ пиво уугаад сууж байхаар нь хариад байж байя гээд гэртээ хариад хоёр 2,5 литрийн пиво аваад сууж байтал гаднаас Б.Отгонтунгалаг хамт пиво уугаад сууж байсан эгч нартайгаа орж ирээд бид нар тухайн хоёр пивоо хувааж уучихаад гэрт ирсэн хүмүүс яваад өгөхөөр нь “одоо унтах уу, хоёулаа” гэсэн чинь “харилаа” гээд гэрээс гараад явах гэхээр нь би барьж аваад “явуулахгүй, харанхуй болсон байна” гээд татсан чинь гадуур хувцас нь урагдчихсан юм. Тэгээд би тэвэрч аваад орон дээр хэвтүүлээд гутлыг нь тайлах гэтэл над руу өшиглөөд гутлаа тайлуулахгүй байхаар нь хоёр хөлийг нь дарж байгаад нэг гутлыг нь тайлсан чинь “чи миний хөлийг мушгисан, би чамайг цагдаад өгнө, би өөрөө гутлаа тайлъя” гээд хэрүүл хийж байгаад унтсан юм. Тэгээд өглөө миний утасны сэрүүлэг дуугараад ажилдаа явах гээд гарах гэтэл Б.Отгонтунгалаг нь “чи надад таксины мөнгө өг, би гэртээ харимаар байна, чи намайг шөнөжингөө зодсон, би чамайг цагдаад барьж өгнө” гэхээр нь би “тэгээ” гэж хэлчихээд гэрээсээ ажилдаа гараад яваад өгсөн юм” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №11774 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ “1.2.Б.Отгонтунгалагийн биед зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3.5.6.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.7. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 8.9.дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 10.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч С.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 44 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 33-41 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Сурагчийн 13 дугаар гудамжны 93 тоотод хамтран амьдрагч Б.Отгонтунгалагтай маргалдан улмаар биед нь зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Хадаг овгийн СБийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН