Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 113

 

“Практикал даатгал” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/0021/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 665 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч Хөхнуур овогтой Б-ын Т-т холбoгдох

          “Даатгалын нөхөн төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэргэнсанаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-аас:

2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг “Сэтэрхий Хөтөл” гэх газраас баруун хойд зүгт 11-69 СЭЗ улсын дугаартай мотоцикль жолоодож явсан Д.Баатархүү, 79-53 ДАР улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Т- нар нь мөргөлдөж ослын улмаас Д.Баатархүү нь нас барсан хэрэг гарч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлэгдэн Б.Т- буруутай нь тогтоогдсон. Д.Баатархүү нь манай компанитай гэрээ байгуулан иргэдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байдаг. Бид даатгалын гэрээний дагуу даатгуулагчийн ар гэрийнхэнд  5.000.000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Хохирогч Д.Баатархүүтэй байгуулсан гэрээний 7.1.9-д даатгуулагчид    учирсан    хохирлыг    нөхөн   барагдуулсны    дараа    буруутай этгээдээс     даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэхээр заасан. Иймд хариуцагчаас 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалаас:

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д даатгалын үйл ажиллагаа гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ гэж зааснаас үзэхэд даатгалын нөхөн төлбөрийг төлөх нь даатгалын үйл ажиллагааны үндсэн зарчим, зорилт болох нь тодорхой байна. Гэтэл гуравдагч этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь Даатгалын тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл даатгалын компани нь нөхөн төлбөр төлөх үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх гэж байгаа нь даатгалын компани өөрийн хүлээх үүрэгтэй эрсдлээ бусдад үүрүүлж, өөрөө ямар ч алдагдалгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж байна. Даатгалын гэрээний 7.1.9-ийн дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилж байна гэсэн боловч Б.Т- нь “Практикал даатгал”, Д.Баатархүү нарын хооронд байгуулагдсан гэрээнд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т-ээс 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ээс улсын тэмдэгтийн хураамжид 94.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

30C 16101776 тоот ГОД-ын гэрээ хэрэгт авагдаагүй байхад Даатгалын тухай хуулийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж зааснаар гэрээг үндэслэн олгосон нөхөн төлбөрийг Б.Т-ээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК Б.Т-т холбoгдуулан даатгалын нөхөн төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б.Т- нь “Практикал даатгал”, Д.Баатархүү нарын хооронд байгуулагдсан гэрээнд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд “Практикал даатгал” ХХК-аас иргэн Д.Баатархүүтэй 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 161411121130002 тоот иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна. /хэргийн 10 дугаар хуудас/

Энэхүү гэрээний даатгагчийн эрх үүрэг гэсэн 7 дугаар зүйлийн 7.1.9-д “Даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн барагдуулсны дараа буруутай этгээдээс даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой зардлыг нэхэмжлэх” гэж заасан бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж  заасны дагуу нэхэмжлэгч талд нэхэмжлэх эрх үүссэн гэж үзнэ.

2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр автын осол болж иргэн Б.Тэгшжаргал Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн Д.Баатархүүгийн амь нас хохирсон, Б.Тэгшжаргал гэм буруутай болох нь хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 20, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн үзлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Даатгуулагч Д.Баатархүүгийн Даатгалын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1-д “Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах” эрх нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх” гэж заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК нь даатгуулагч Д.Баатархүүгийн төрсөн охин Б.Баярмаад 5.000.000 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгожээ.

Д.Баатархүү гэнэтийн ослын даатгалд даатгасан болох нь баримтуудаар тогтоогдсон байх тул хууль хэрэглээний хувьд даатгалын байгууллага, Д.Баатархүү нарын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь оновчгүй болсон байна.

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д зааснаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээж нэхэмжлэгч нь даатгуулагч Д.Баатархүүгийн ар гэрт нөхөн төлбөрийг төлсөн байна.

Д.Баатархүү нь автын ослын улмаас түүний амь нас хохирсон болох нь баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжсэн байна.

Нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 30I1603475 тоот тушаалын үндэслэх хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 30C16101776 гэнэтийн ослын гэрээг үндэслэсэн хэдий ч бодит байдал дээр даатгуулагч Д.Баатархүүгийн амь хохирсон түүний охин Б.Баярмаад нөхөн төлбөр олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хууль хэрэглээний талаар дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 665 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Т-ээс 5.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Практикал даатгал” ХХК-д олгож” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ

                                           ШҮҮГЧИД                                            Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ОЮУНЦЭЦЭГ