Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2023/0671

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч: Б.Н

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Булган сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэс, Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд аймгийн Шүүх шинжилгээний алба, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газар, иргэн Т.Б, Б.О

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Ж.Д

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Цогоо

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг даргын өмгөөлөгч Д.Эр

Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг

Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга Ц.Анхбаатар

Гуравдагч этгээд Ховд аймгийн Булган сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн өмгөөлөгч Б.Ганзориг, Д.Хуягбаатар

Гуравдагч этгээд Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э

 

Хэргийн индекс: 125/2021/6012/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/54 дүгээр захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/59 дүгээр захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” А/60 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж.”, 2 дахь заалтаар “ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Б.Нгийн өмчлөлд шилжүүлсэн 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахгүй байгаа Ховд аймгийн Булган сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсэг,2016 оны 03 дугаар сарын 04-ний А/16 дугаар захирамжийн Т.Бд холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн Б.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, 3 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар Шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 161 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэсэн байна.

2. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Н нь Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаартай “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай, Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлд шилжүүлсэн /Агуулах 1, 2, 3, Үрийн агуулах, Тэжээлийн үйлдвэрийн барилга, Уурын зуухны барилга, Харуулын байр 3-н ширхэг, Үрийн нөөцийн агуулах, Худаг 1 ширхэг, Боомтын зам, талбай/, хяналтын талбай зэрэг 9-н нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөнүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах тухай, Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймаг Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Булган сумын Засан даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаартай захирамжийн Булган сумын Цагдаагийн хэлтэст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/151 дүгээр захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн Бүрэнхайрхан багийн иргэн /ПБ64112472/ Хөх овогт Тавк Б эзэмшиж байсан Бүрэнхайрхан багийн эрчмийн 1-5а тоот 2784 м.кв талбай газыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/40 дүгээр захирамжаар Бүрэнхайрхан багийн иргэн /ПБ64112472/ Хөх овогт Тавк Б эзэмшиж байсан Бүрэнхайрхан багийн Эрчмийн 1-5а тоотод орших гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2784 м.кв талбай бүхий газрыг Бүрэнхайрхан багийн иргэн /ПБ90091176/ Хөх овогт Б Од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эрх шилжүүлэн эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/59 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Булган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн “Газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай” 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/60 дугаар захирамж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Газрыг албадан чөлөөлөх тухай” А/54 дүгээр захирамж тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зүйтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

1.1. Монгол улсын Засаг газрын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 232 дугаартай тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 117 дугаар “Дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор Гаалийн ерөнхий газрын харьяа, Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8-н нэр төрлийн 12 объектыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн байна.

1.2. Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 04 дүгээр сарын 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3170 “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл” 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаа явагдаж, дуудлага худалдаанд 3-н иргэн оролцсоноос 38.600.000 төгрөгийн үнийн саналаар Б.Н ялагчаар шалгарч, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай “Хөрөнгө хүлээлцсэн акт”-аар өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үл хөдлөх хөрөнгө болон боомтын зам талбайг газар эзэмших эрхийн №0235700 дугаартай гэрчилгээ болон холбогдох материалын хуулбарыг хавсралтаар Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Д.-д хүргүүлсэн.

1.3. Монгол улсын Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 0235700 дугаартай гэрчилгээгээр “...Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж тайлбарын 84210500094 дугаар бүхий 9,2 га газрыг 15 жилийн хугацаатай Булган сум, Ярант боомтод Эрчим 1-01 албаны зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ...”-г хавсралтаар Б.Нд өгсөн нь тогтоогдсон.

1.4. 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээнд “...газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 6,2 га үүнээс Эрчмийн 1 гудамжны Хяналтын талбайд байрлах 5.0 га Контор 690м2   агуулах 1930м2, дээрх гэрээг хавсралтаар Б.Нд шилжүүлсэн.

1.5. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай Хөрөнгө хүлээлгэх актаар “Агуулах 1, 2, 3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр 3-н ширхэг, үрийн нөөцийн агуулах, худаг 1 ширхэг, боомтын зам талбай” зэрэг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч Б.Нд хүлээлгэн өгсөн байна. Харин үл хөдлөх хөрөнгө болон боомтын зам талбай хэсэг газрын үнийн бүрэн төлсөн бөгөөд Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Нд шилжүүлж, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 00539 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

1.6. Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3170 дугаартай тогтоолоор “...дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдэд хамаарах газрын эзэмших эрхийг шинэ өмчлөгч Б.Нд шилжүүлэн өгөхийг хүссэн, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0235700 гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, хөрөнгө хүлээлцсэн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай акт, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

1.7. Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/311 дүгээр “Хөрөнгө данснаас хасах тухай” тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын балансд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хавсралтаар үндсэн хөрөнгийг хавсралтаар балансаас хассан байдаг. Мөн Ховд аймгийн Булган сум дахь гаалийн газрын балансаас хасах хөрөнгүүдэд Агуулах 1, 2, 3, үрийн агуулах, тэжээлийн үйлдвэрийн барилга, уурын зуухны барилга, харуулын байр, үрийн фондын агуулах, уурхайн худаг, боомтын зам, талбай зэрэг хөрөнгүүдийг Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн балансаас хассан байна.

1.8. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын хуучин хашаалсан газрыг хэмжиж үзэхэд нийт 64104 кв метр талбай бүхий хэмжээтэй байв. Дээрх 64104.0 м.кв бүхий хашаалсан талбайд Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн гэх 17023.0 м.кв газар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газарт эзэмшүүлсэн гэх 180 м.кв газар, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Булган сум дахь Шүүх шинжилгээний хэсэгт эзэмшүүлсэн гэх 150 м.кв газар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эзэмшүүлсэн гэх 150 м.кв газар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/161 дүгээр захирамжаар Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газарт эзэмшүүлсэн гэх 11821.0 м.кв газар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Ховд аймгийн Булган сумын иргэн Х.Бд эзэмшүүлсэн гэх 2787.0 м.кв газар тус тус багтаж байв. Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын хуучин хашаалсан гэх 64104.0 м.кв газраас дээр нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх нийт 31699.0 м.кв газрыг хасахад 32405.0 м.кв газар нь бусдын эзэмшилд шилжээгүй байв...” гэх шинжээчийн дүгнэлт нв авагджээ. Гэтэл 9-н объектын газар 2341 м кв байна. Шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг орхигдуулсан өөрөөр хэлбэл боомтын талбайд нь үзлэг хийсэн байтал гадна машины зогсоол авто зам зогсоол нь хэдэн м кв талбайтай талаар дүгнэлтдээ тусгалгүй орхигдуулсан байдаг.

Эрх зүйн дүгнэлтийн  хувьд анхан шатны шүүх нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 Захиргааны үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2.1 хуульд үндэслэнэ.

Нэхэмжлэгч гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн,эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгож захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэжээ. Гэтэл Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаартай захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Б.Нд мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд Оролцогчийн эрх, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоох, 24.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. 26.2 дэх хэсэгт Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа явуулаагүй  Учир нь одоо энэ газар үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл эзэмшиж хамгаалж ирсэн Гэтэл нийтийн эдэлбэр газар болгосноор 9-н нэр төрлийн 12 объект үл хөдлөх хөрөнгүүдийг захирамжуудаар шалтгаалж үл хөдлөх эд хөрөнгүүд нураагдах болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 Монгол улсад нийтийн болон хувийн өмч байна, 99.3 Хувийн өмч нь иргэнтэй болон дундын гэсэн хэлбэртэй байна, 99.4 Нийтийн болон хувийн өмч нь холимог хэлбэрээр байж болно. Мөн хуулийн 101.1 Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчилгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 103.1 Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж хуульчилжээ.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэд халдсан, хувийн өмчид хууль бусаар халдах, дайчлан авахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан гомдолтой байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэр “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар  сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Б.Нгийн өмчлөлд шилжүүлсэн 9-н нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн нийт 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахгүй байгаа Ховд аймгийн Булган сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаартай захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Булган сум дахь Цагдаагийн хэлтэст холбогдох хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дугаар захирамжийн Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох хэсэг, 2016 оны 03 дугаар сарын 04-ний А/16 дугаар захирамжийн Т.Бд холбогдох хэсэг, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн Б.Од холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Үндэслэл нь:

2.1. Нэхэмжлэгч нь нээлттэй дуудлага худалдаагаар Төрийн өмчийн хорооны 117 дугаар тогтоол болон хөрөнгө хүлээлцсэн актад үл хөдлөх хөрөнгийн нэрсийн жагсаалтаар /4 гэсэн дугаарлалтыг орхиж дугаарласан/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн 277 дугар тогтоол, өмчлөх эрхийн 00539 дугаар гэрчилгээнд 9-н нэр төрлийн үл хөдлөх хөрөнгө гэж бичигдсэн байх ч 8-н нэр төрлийн 12 үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан болох нь худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна. Мөн дээрх эд хөрөнгөнд боомтын зам, талбай орж байгаа бөгөөд талууд маргаагүй.

2.2. Үл хөдлөх хөрөнгийн нэр, төрөл, тоо ширхэг болон байршлыг тодруулахаар маргаан бүхий газарт үзлэг хийх талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч ирээгүй тул шүүхээс хэргийн оролцогчдын төлөөлөл болон мэргэжлийн байгууллагын туслалцаа авч 2 удаа үзлэг хийж, газрыг хэмжээ талбайн талаар шинжээч томилон ажиллуулж дүгнэлт гаргуулсан боловч боомтын талбайд үзлэг хийж дүгнэлт гаргасан байтал боомтын зам, зогсоолд үзлэг хийгээгүй, дүгнэлт гаргалгүй орхигдуулсанд гомдолтой байна.

2.3. 2023 оны 08 дугаар сарын 29-ний  өдрийн үзлэгийн тэмдэглэл “...Зураг:1 Худаг /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн объект 1-29 кв метр 1 гэж тэмдэглэв/, Зураг:2 Харуулын байр /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлт/ Зураг:3 худаг /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн объект 3-50 метр 3 гэж тэмдэглэв/, Зураг:4 Харуулын байр /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн объект 4-38 кв метр 4 гэж тэмдэглэв/, Үрийн агуулах /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийг объект 5-392 кв метр/ 5 гэж тэмдэглэв, Зураг:6 Тэжээлийн үйлдвэрийн барилга /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн объект 6-311 кв метр/ 6 гэж тэмдэглэв, Зураг:7 Үрийн нөөцийн агуулах /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өрийн дүгнэлтийн объект 7-1307 кв метр/ 7 гэж тэмдэглэв, Зураг:8 Харуулын байр /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өрийн дүгнэлтийн объект 8-36 кв метр/ 8 гэж тэмдэглэв, Зураг:9 Агуулах 1, 2, 3 /Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өрийн дүгнэлтийн объект 9а, 9б, 9в- нийт 307 кв метр/ 9а, 9б, 9в гэж тэмдэглэв, Зураг:10 Уурын зуухны барилгыг нураасан байдалтай шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байсан тул барилгаас үлдсэн суурийг үндэслэн хэмжилт хийж 27.3 кв метр байсныг баталгаажуулж 10 гэж тэмдэглэв, Зураг:11 Боомтын зам талбайг шинжээчийн 2022 оны 12 дугаар  сарын 16-ны өдрийн дүгнэлтэд дурдаагүй байсан тул газар дээр нь очиж үзлэг хэмжилт хийж 14706 кв байсныг баталгаажуулж ---гэж тэмдэглэв. Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Б.Нд шилжүүлсэн гэх агуулах 1, 2, 3 нь гуравдагч этгээд Б.Оы эзэмшлийн газар, 1 худаг нь Булган дахь Цагдаагийн хэлтсийн хашаа руу орсон байрлалтай байна...” гэх үзлэг хавтаст хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн  84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 84.3 Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 84.4 Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Мөн хуулийн 85.2 Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.4. 2021 оны өргөдөл, гомдлыг бүртгэлийн дэвтрийн 1195 дугаарт Б.Нгаас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Засаг даргад гаргасан газар эзэмшүүлэх агуулах бүхий өргөдөл бүртгэгдсэн байна. Гэтэл үе үеийн албан тушаалтнууд нэхэмжлэгч Б.Нд өргөдлийн хариу өгч байгаагүй.

2.5. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 “гаалийн зам” гэж гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг Монгол улсын хил, хилийн гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нөгөө байгууллагын хороонд тээвэрлэхээр гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон замыг, 3.1.18. “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгоно гэж тус тус зааснаар үзвэл Булган сумын төвд үйл ажиллагаа явуулж байсан Гаалийн газар нь гүний гаалийн байгууллагад хамаарч байх тул хашаалсан газарт тусгайлан зассан зам, талбай нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилготой байсан тогтоогдсон. Гэтэл тухайн үед гаалийн сахиулаар ажиллаж байсан иргэн Т.Б манай гэр бүл 2007 оноос эхлэн амьдарч эхэлсэн. Ингэхэд 2016 оны 03 сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхтэй болж улмаар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар өөрийн хүү Б.Од шилжүүлсэн. Гуравдагч этгээд Б.Оы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...

Манай нөхөр Т.Б нь 1990 оноос эхлэн Гаалийн газрын манаачаар ажиллаж байгаад одоо цахилгаанчаар ажиллаж байна. Б.О нь тус газрыг эзэмших хүсэлтээ сумын Засаг даргад гаргаж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар тус газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон ба 2018 онд тус хашааны газраа өмчилж байна...” гэх тайлбар гаргажээ.

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/3170 “Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдэл” 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуудлага худалдаа явагдаж, дуудлага худалдаанд 3-н иргэн оролцсоноос 38.600.000 төгрөгийн үнийн саналаар Б.Н ялагчаар шалгарч, 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай “Хөрөнгө хүлээлцсэн акт”-аар өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан үл хөдлөх хөрөнгө болон боомтын зам талбайг газар эзэмших эрхийн №0235700 дугаартай гэрчилгээ Б.Нд өгсөн нь тогтоогдсон бөгөөд 2016 онд Т.Б, Б.О нарын эзэмшлийн газар дээр Б.Нгийн агуулах 1, 2, 3 байдаг бөгөөд Т.Б, Б.О нар маргахгүй байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2.6. Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан нь “Булган сумын засаг дарга Ж.Дт” 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/1047 дугаартай шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хариу албан бичигт “...Монгол улсын Засгийн газрын 2014 оны 232 дугаар тогтоолын 4 дүгээр заалтад "Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрын өмчлөх, ашиглах, эзэмших эрхийг шинэ өмчлөгчид шилжүүлэн өгөхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, нийслэлийн, аймаг, дүүргийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан хөрөнгийг газрын хамт иргэнд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд уг тогтоолын хэрэгжилтийг хангаж гаргасан шийдвэрээ хууль тогтоомжид нийцүүлэхийг үүгээр мэдэгдье...” гэх албан бичиг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагджээ.

2.7. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтэст эзэмшүүлсэн гэх 17023.2 кв метр газар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундыг прокурорын газарт эзэмшүүлсэн гэх 180 кв метр газар, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Булган сум Шүүх шинжилгээний хэсэгт эзэмшүүлсэн гэх 150 кв метр газар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эзэмшүүлсэн гэх 150 кв метр газар дээрх газрууд давхцалтай байгаа нь үзлэг хийсэн тэмдэглэл болон шинжээчийн дүгнэлтээр давхацсан нь хавтаст хэрэгт авагджээ. 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл “...Монгол улсын төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоо Б.Нд шилжүүлсэн гэх агуулах 1, 2, 3 нь гуравдагч этгээд Б.Оы эзэмшлийн газарт, 1 худаг нь Булган дахь Цагдаагийн хэлтсийн хашаа руу орсон байрлалтай байна...” гэх үзлэг авагджээ.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино, мөн хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэх хуулийн шаардлага хангаагүйд гомдолтой байна.

... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай шийдвэртийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, зарим нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.Н нь Төрийн өмчийн хорооны 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар тогтоолоор Ховд аймгийн Булган сумын Гаалийн газрын өмч 9 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул гаалийн газрын эзэмшиж байсан нийт 6.2 га газрыг эзэмшүүлэх захиргааны акт гаргахгүй байгаа Ховд аймгийн Булган сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 6.2 га газар эзэмшүүлэх захиргааны акт гаргахыг даалгах, мөн тухайн газартай холбоотой гарсан дараах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны актуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.  Үүнд:

1.1. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/05 дугаар захирамжаар “... Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн хүсэлтийн дагуу сумын Засаг даргын 2010 оны 31 дүгээр захирамжаар Булган сум дахь Гаалийн газарт олгосон Бүрэнхайрхан багийн Эрчмийн 1-01 тоот дахь  51745 м.кв газраас Булган сумын Цагдаагийн хэлтэст / Бүрэнхайрхан баг Эрчмийн 1-01А тоот/ 1.7 га газрыг өргөтгөлийн барилга, ажилчдын орон сууц, автограж, жагсаалын талбай, техник тусгай хэрэгслийн агуулах, тээврийн хэрэгсэл түр хадгалах хашааны зориулалтаар  шилжүүлэн эзэмшүүлсэн,

1.2. 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/16 дугаар захирамжаар ... Бүрэнхайрхан багийн иргэн Т.Бд Бүрэнхайрхан багийн Эрчмийн 1-5а тоот дахь 2784 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн,

1.3. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/40 дүгээр захирамжаар Т.Бэс дээрх газрыг Б.Од шилжүүлсэн,

1.4. 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар  “... Сумын хэмжээнд хийсэн газрын тооллого, үзлэг, бүртгэл, хэмжилтээр эзэмшил, өмчлөлийн газраасаа илүү зөвшөөрөлгүй дур мэдэн ашиглаж байсан, нийтийн эзэмшлийн зам талбайн орц, гарцыг хаасан, бэлчээрийн газрыг дур мэдэн хашиж торлосон газруудыг албадан чөлөөлөхөөр” шийдвэрлэсэн,

1.5. 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар Гаалийн газрын эзэмшилд байсан ... албан хэрэгцээний зориулалттай 9,2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон,

1.6. мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “... Иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах, зорчих эрхийг хангах зорилгоор Гаалийн хашааны хойд хаалганаас нэвт урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй гудамж гаргах ажлыг зохион байгуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын жилийн эцсийн хуралдаанаа тайлагнаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосон,

1.7. мөн сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар захирамжаар дээрх Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу Гаалийн хашааны хойд хаалганаас шууд урагшаа 7 метр өргөнтэй, гэрэлтүүлэгтэй нийтийн эзэмшлийн зам хийхээр төлөвлөгдсөн тул уг газрын хуучин хашааг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн,

1.8. 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээ, хаягт өөрчлөлт орсонтой холбогдуулан, уг захирамжийн хавсралтаар “... Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын Ярант гэх хаягт байрлах 30000 м.кв, гаалийн хяналтын зориулалттай газрыг Ярантын хилийн боомт гэх хаягт 38000 м.кв”, “... Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн ажлын байрны зориулалттай, 17000 м.кв, Эрчмийн 1-6 тоот хаягт байрлах газрыг 17415 м.кв, төрийн байгууллагын зориулалттай, Бүрэнхайрхан баг Э.Шилэгбаатар 1-126 тоот гэж” тус тус өөрчилсөн,

1.9. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт 180 м.кв газрыг, Булган сум дахь шүүх шинжилгээний хэсэгт 150 м.кв газрыг тус тус төрийн захиргааны байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн,

1.10. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/151 дүгээр захирамжаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид 150 м.кв газрыг төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Нг 6,2 га газрыг бүхэлд нь эзэмших эрхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн “үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тул газрыг эзэмших эрхтэй” гэж үзсэнтэй холбоотой нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, мөн нэхэмжлэгч газар эзэмшихээр 2021 онд хүсэлт (1-р хавтас, 45 хуудас) гаргасан, түүнд хариуцагчаас  хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж татгалзсан хариу өгсөн (1-р хавтас, 49-50 хуудас) зэрэг нь тогтоогдож байхад “давхцаагүй” хэсгийг захиргааны байгууллага шийдвэрлэх боломжтой мэтээр дүгнэж “даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

3. Хэрэгт авагдсан  Төрийн   өмчийн   хорооны   2015   оны  117,  277  дугаар    тогтоолд “ ... Гаалийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтгүй байгаа, 9 нэр төрлийн, 37,996,298 төгрөгийн үлдэгдэл өртөгтэй “үл хөдлөх эд хөрөнгө”-ийг нээлттэй дуудлага худалдааны ялагч Батнасан овогтой  Нд шилжүүлсэн” гэж дурдсан,  мөн    “Нээлттэй  дуудлага худалдаагаар худалдах   Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын хөрөнгийн жагсаалт”-д   тухайн  хөрөнгүүд нь  1972-1997 онд  ашиглалтад  орсон,   8 ширхэг  нь  10969- 6,103255 төгрөгөөр  тус   тус  үнэлэгдсэн  байхад   “Боомтын зам талбай”  гэх  дээрээ  ямар  нэгэн  объектгүй  талбайг  19,6  сая  төгрөгөөр  үнэлсэн     (1-р хавтас,   1-8   хуудас),   мөн  шинжээчийн  дүгнэлтээр  нэхэмжлэгчийн  худалдан  авсан   “боомтын  зам  талбай”  гэх  хөрөнгийн  хэмжээ,  байршил  тогтоогдоогүй,  үзлэгийн тэмдэглэлд  тусгасан боловч маргаан бүхий актуудаар бусдад эзэмшүүлсэн газартай    давхцалтай     эсэх       зэргийг       бусад        хөрөнгийн         адил       тусгай      багаж,

 

хэрэгсэл ашиглаж хийх тусгай мэдлэг бүхий этгээдийн зураглал үйлдэж гаргах асуудал байх тул үнэлэх боломжгүй байна.

3.1. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн худалдан авсан бүх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө гэж үзэх эсэх, үнэлгээ нь эрс ялгамжтай хийгдсэн шалтгаан буюу цаашид үл хөдлөх хөрөнгийн зориулалтаар нь ашиглах боломжтой байсан эсэх, акталсан эсэх, объектуудын үнэлгээг хэрхэн тогтоосон (буулган авах барилгын материалыг, эсвэл үл хөдлөх хөрөнгийн зориулалтаар нь ашиглах боломж зэргийг харгалзан үнэлсэн эсэх), үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсэх, газар эзэмших асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тогтсон талаарх баримтуудыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий актуудаар нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг бусдад эзэмшүүлсэн эсэх, эзэмшүүлэхээс татгалзсан нь хуульд нийцсэн эсэх, тэдгээрийн улмаас үл хөдлөх хөрөнгө, түүнийг үндэслэн газар эзэмших эрх нь зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай. 

4. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна. Учир нь Н.О өмгөөлөгчийн хувьд хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх талаарх асуудлаас болж хурал завсарлаад дахиж шийдвэр сонсгоход дуудаагүй учраас хурал дуусчихсан юм байна гэж ойлгоод явчихсан юм шиг байна. Нэгэнт түүнийг оруулаагүй юм чинь өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна” гэж хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

5. Мөн шүүхийн шийдвэр гардуулсан, хүргүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Би одоо хүртэл шүүхийн шийдвэр гардан аваагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

5.1. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.6-д зааснаар хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчийн хэн аль нь шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд шүүх шийдвэрийг тэдгээрийн аль нэгэнд нь гардуулах бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож, шийдвэрийг гардан авсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрөө шүүхэд ирж гардан авах эрх нь нээлттэй байхад эдлээгүй байна.

6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах, холбогдох баримтуудыг бүрэн цуглуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

7. Маргаан бүхий захирамжуудаар бусдад эзэмшүүлсэн газрууд нэхэмжлэгчийн худалдан авсан “үл хөдлөх хөрөнгө”-тэй давхацсан эсэхээс хамаарч хэргийн нөхцөл байдлыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахтай холбоотойгоор хэргийг тусгаарлах эсэх, мөн хэргийн оролцогч нар нэхэмжлэгч нэхэмжлэлээ багасгах, ихэсгэх, хариуцагч нэхэмжлэлийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, эвлэрэх зэргээр маргаанаа шийдвэрлэх боломжтой талаар тайлбар гаргасныг шийдвэрлэхэд энэхүү магадлал саад болохгүй.

8. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Гаалийн ерөнхий газрын харъяа Ховд аймгийн Булган дахь Гаалийн газар, Булган сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс тус тус хариу тайлбарт хавсарган ирүүлсэн баримтууд болон Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанаас ирүүлсэн баримтууд нь (1 хавтас, 105-126, 173-207 хуудас) нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ