| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02488/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02044 |
| Огноо | 2017-07-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 19 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02044
| 2017 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2017/02044 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, стадион оргил хотхон, 6Е байрны 69 тоотод байрлах Ньюс ремикон ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, Тээвэрчдийн гудамж-6, ССS-MGL ХХК-ийн байр 4 давхарт байрлах 405 тоотод байрлах Ганьт ХХК-д холбогдох 67 687 590 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ньюс ремикон ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ганьт ХХК-тай байгуулсан 2016 оны 7-р сарын 08-ны өдрийн Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 6.4-т заасны дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Харилцагч тал гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй мөн 2017 оны 4-р сарын 11 өдрийн №17/68 тоот албан бичиг, 2017 оны 5-р сарын 16-ны өдрийн №16/81 тоот албан бичгүүдээр ирүүлсэн хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадаагүй тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Ганьт ХХК-аас ажил үйлчилгээ үзүүлсэн болон бараа материал нийлүүлсэн төлбөрийн үлдэгдэл 35 346 000 төгрөг мөн төлөгдөөгүй үнийн дүнд тооцогдох алданги 32 341 590 төгрөг нийт 67 687 590 төгрөгийн төлбөртэй байна. Иймд дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ньюс ремикон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компани нь хариуцагч Ганьт ХХК-д холбогдох бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 67 687 590 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ганьт ХХК үндсэн төлбөр 35 346 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул манай компани алданги 32 341 590 төгрөгөөсөө татгалзаж байна. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ньюс ремикон ХХК нь хариуцагч Ганьт ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35 346 000 төгрөг мөн төлөгдөөгүй үнийн дүнд тооцогдох алданги 32 341 590 төгрөг нийт 67 687 590 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь алданги болох 32 341 590 төгрөгөөс татгалзаж үлдэх 35 346 000 төгрөгийг хариуцагч Ганьт ХХК нь бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ганьт ХХК-д холбогдох 67 687 590 төгрөг гаргуулахыг хүссэн Ньюс ремикон ХХК нь 32 341 590 төгрөгөөс татгалзаж, үлдэх 35 346 000 төгрөгийг хариуцагч Ганьт ХХК нь төлж барагдуулсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 388 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 248 194 төгрөгийг, хариуцагч Ганьт ХХК-иас 248 194 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА