Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
Хэргийн индекс | 186/2022/0154/Э |
Дугаар | 2022/ШЦТ/190 |
Огноо | 2022-02-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/190
2022 02 28 2022/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч Б.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 2211 00000 0209 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Бөх Мөрөн овгийн БЭ, 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, УБЦТС ТӨХК-д монтёр ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 47б-29 тоотод оршин суух хаягтай,
Урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 50 дугаар сургуулийн заалны гадна “цээж рүү түлхэж, согтуурхлаа” гэх шалтгаанаар Г.Цэрэнпунцагийн эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Эгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/ “...зүс таних Пуна гэх залуу манай ангийн Энхтайван гэдэг залуутай заалны үүдэнд зогсож байсан. Тэгээд би “сайн уу, юу байна” гээд мэндлэхэд миний цээж рүү гараараа түлхээд байхаар нь “яаж байна чи, яагаад цээж рүү түлхээд байна” гэхэд урдаас андуураад байгаарай, пизда минь” гээд согтуурхаад байхаар нь тохойгоороо эрүүн тус газар нь баруун болон зүүн гараараа нэг нэг удаа цохичихсон ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр манай сургуулийн үе үеийн төгсөгчдийн тэмцээн болсон. Тэр үед заалны үүдэнд би Г.Цэрэнпунцагтай таарсан. Тэгээд “Сайн уу? Юу байна” гэхэд Г.Цэрэнпунцаг өөдөөс согтуурхаад байхаар нь 2 удаа цохисон. Би гэмшиж байна” гэв.
Хохирогч Г.Цэрэнпунцагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 7-9 дүгээр тал/ “...2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр өөрийн хамт ажилладаг Энхтайван гэх залуутай утсаар холбогдоод “хаана байгаа” талаар асуухад “50 дугаар сургууль дээр байна, үе үеийн төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болж байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би “баяр хүргэе” гэж хэлээд утсаар ярьж байгаад “би жаахан согтуу байна тантай уулзъя” гэж хэлээд 50 дугаар сургууль дээр явж очсон. Тэгээд би оччихоод үе үеийн төгсөгч нарт баяр хүргээд заалны үүдэнд Энхтайван гэх ажлынхаа хүнтэй хамт зогсож байсан. Гэтэл Энхтүвшин гэх танил залуу ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхээр нь “би сайн байна уу, за баярын мэнд” гэж хэлээд тэврэлдэж мэндэлсэн. Гэтэл “за ахын дүү юу байна” гээд том дуугаар хэлэхээр нь би “за андуураад байгаарай” гэж хэлээд цээж рүү нь түлхчихсэн. Энэ үед Энхтүвшин гэх залуу надтай маргалдаж байгаад баруун болон зүүн тохойгоороо миний нүүрэн тус газар 2 удаа хүчтэйгээр цохисон. Тухайн өдөр надад жоохон томрох гээд байхаар нь “за андуураад байгаарай гээд цээж хэсэг рүү нь түлхчихсэн ... миний зүгээс гомдолтой байна. Нийт 3 сая төгрөг болон эмчилгээний зардлууд болох 878.000 төгрөг, нийт 3.878.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Цэрэнпунцаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 1 дүгээр сарын 08-ны орой н.Энхтайван гэх найзтайгаа уулзах гэж явахдаа үл ялих маргаанаас болж хамар тус газартаа цохиулж, хамар хугарч, шүд унасан. Хүмүүсээс шүүгдэгчийн хүний талаар асуухад угаасаа тогтворгүй зантай, түргэн ууртай хүн гэсэн. Би хэн хэндээ чирэгдэл болоод хэрэггүй гэж бодоод хохирол төлбөр төлөх 4-н хоногийн хугацаа өгөөд цагдаагаас өргөдөл, гомдлоо буцаагаад авсан байхад 6 хоногийн дараа надад 200.000 төгрөг л шилжүүлсэн. Нийт 836.000 төгрөгийн хохирол төлбөр надад төлчихсөн байгаа. Хамар ба шүдний эмчилгээ нийт 3.550.000 төгрөг нэхэмжилж байгаа. Баримт одоохондоо байхгүй байгаа. Шүүгдэгчтэй цуг эмнэлгээр явахад төлбөр хийгээгүй тохиолдолд ямар нэгэн баримт гаргаж өгөхгүй гэж байсан. Надад тэр их хэмжээний мөнгийг өөрөөсөө гаргаж эмчилгээ хийлгэх боломж байхгүй” гэв.
Гэрч Ж.Энхтайвангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 12 дугаар тал/ “...2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр миний 99660210 дугаарын утас руу манай ажлын залуу Цэрэнпунцаг 19 цагийн орчимд залгаад “ахаа та хаана байна” гэж асуухаар нь би “сургууль дээр үе үеийн төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд орж байгаа” тухай хэлсэн. Гэтэл “би яваад очих уу” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсний дараа 20-30 минут орчим болоод Цэрэнпунцаг хүрээд ирчихсэн надтай гар бариад “сайн уу, ахаа” гэж хэлээд тэврэлдээд сайн муугаа мэдэлцээд байж байтал манай ангийн залуу гэх Энхтүвшин рүү “юу байна хөгшөөн” гээд цээж рүү нь гараараа цохиод байхаар нь Энхтүвшин “чи яагаад байгаа юм” гэж хэлээд тохойгоороо хоёр удаа эрүүн тус газар луу нь цохисон ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1669 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ “...Б.Цэрэнпунцагийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 50 дугаар сургуулийн заалны гадна “цээж рүү түлхэж, согтуурхлаа” гэх шалтгаанаар Г.Цэрэнпунцагийн эрүүн тус газар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, нэг шүдний эмтрэл гэмтэл бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг зодож, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Цэрэнпунцаг нь 3.878.000 төгрөг нэхэмжилснээс эрүүл мэндийн зардалтай холбоотой 838.000 төгрөгийн 3 ширхэг баримт, шатахууны зардалтай холбоотой 96,320 төгрөгийн 1 ширхэг баримт тус тус гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулжээ.
Үүнээс шүүгдэгч Б.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол баримтаар гарсан 838.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/-аар нотлогдож байна.
Хохирогч Г.Цэрэнпунцаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөх Мөрөн овгийн БЭг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хохирогч Г.Цэрэнпунцаг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 838.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН