Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

 

    2022       03         03                                   2022/ШЦТ/197

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Д.Уянга,

Шүүгдэгч А.У /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Уод холбогдох эрүүгийн 2211 00000 0146 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:                   

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн АУ, 1998 оны 05 дугаар сарын 03ы өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 34 дүгээр гудамж 11е тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2-13 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.У /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн нөхөр А.Алтанбаганыг А.Отгончимэгтэй хардаж улмаар А.Отгончимэгийн толгой болон цээж, нуруу хэсэгт олон удаа дэвсэж, өшиглөн зодож, биед нь хамрын нуруу, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А.Уоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/ “ ...Машины хаалгыг нээгээд түлхүүр авсан. Хаалгыг нь 2 удаа нээж хаагаад эргээд гэр рүү нь орсон. Тэгээд би машиных нь хаалгыг очоод таттал Заяагийн найз гэх эмэгтэй сууж байсан. Би тэр эмэгтэйг хараад уурлаад манай нөхөр чамайг санаад байгаа юм биш үү гээд машинаас нь үсдээд буулгасан. Энэ үед хүмүүс ирж салгасан. Би машины урд зогсож байтал манай нөхөр миний ард ирээд тэврээд авсан ба би намайг тайвшруулах гэж байгаа юм байх гэж бодтол намайг хойноос боосон бөгөөд би гар руу нь цохитол түлхээд унагасан. Би нөгөө хүүхэн рүү нь дайраад манай нөхөр чамайг өмөөрөөд намайг зодчихлоо гэж хэлээд тэр хүүхнийг үсдэж чирээд дараад өшиглөж нуруу руу нь цохисон. Энэ үед хүмүүс ирж салгасан. Би цагдаа дуудаж нөхрийгөө хэлэх гэсэн ч хаягийг нь мэдэхгүй болохоор чадаагүй юм. Бид нар гэрт буцаж ороход би тэр хүүхнийг дахиад үсдээд өшиглөсөн энэ үед дахин хүмүүс салгасан ...” гэх мэдүүлэг,

Хохирогч А.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 6 дугаар тал/ “...Энхзаяагийн гэрт нь цамц, гутал, өмд зэрэг зүйлсээ орхисон бөгөөд “юмнуудаа аваад эргээд харъя” гэж бодоод Энхзаяагийн гэрт нь Энхзаяагийн найзууд гээд 3 эхнэр, нөхөр буюу 6 хүн тэгээд Энхзаяа бид нар байсан. Тэгээд би гэрт нь очоод хувцсаа аваад явах гэтэл “найзуудынхаа хүүхдүүдийг аваад ирье, чи байж бай, эргэж ирээд хүргээд өгье” гээд би гэрт нь Энхзаяагийн найз гээд хос буюу эхнэр нөхөр хамтаар бид 3 үлдсэн. 1 цаг гарангийн дараа Энхзаяа нөгөө найзуудтайгаа хүүхдүүдийг нь аваад ирсэн бөгөөд найзуудтайгаа юм ярьж сууж байгаад эргээд “хүргээд өгье” гэж хэлсэн. Би “нойл орчихоод ирье” гэхэд Энхзаяа “хамт явъя, гаръя” гээд найзуудтай юм яриад байсан бөгөөд бид 2 гараад нойл орчихоод ирсэн намайг гараад ороод ирэхэд манай гэрт хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Тэгтэл нэрийг мэдэхгүй Энхзаяагийн найз гээд эмэгтэй “чамаас болоод манай нөхөр намайг зодлоо” гээд над руу ууж байсан пиво цацсан, тэгээд намайг босож ирээд үсдэж байгаад миний толгой руу 1 удаа өшиглөсөн, би цүнхээ аваад гэрээс нь гартал ардаас гарч ирээд дахиад миний ардаас үсдэж аваад татаж унагаад миний цээж рүү 3 удаа дэвссэн, мөн 1 удаа толгой руу дэвссэн. Тэндээс 1 найз нь гарч ирээд Энхзаяа бид 2-ыг “машинд сууж бай” гээд машиныхаа түлхүүрийг өгсөн. Бид 2 машинд нь сууж байтал намайг зодсон эмэгтэйн нөхөр ирж хаалга нээгээд машины түлхүүрийг авсан бөгөөд ардаас нь намайг зодсон эмэгтэй дахиж ирээд “манай нөхөр чамайг санаад байна, чи очооч” гээд намайг үсдээд машинаас чирч буулгаад миний нуруу руу 2 удаа өшиглөсөн. Би гэрт нь гэр рүү нь орсон бөгөөд ардаас дахиж орж ирээд намайг үсдээд авсан, тэгтэл нөхөр нь ирээд “чи болиоч” гэсэн чинь “манай нөхөр чамайг өмөөрч байна” гээд миний рүү нь үсдэж байгаад өшиглөсөн. Би утсаа авч гараад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,  

Гэрч А.Алтанбаганаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хавтаст хэргийн 12 дугаар тал/ “...Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны орой Хайлаастад өөрийн багын найзуудын хамт шинэ жил тэмдэглэж байсан. Тэгээд шөнийн 03 цаг болж байхад А.Отгончимэг миний урдуур гараад явсан чинь манай эхнэр Уран-Од намайг А.Отгончимэгийн биед хүрчихлээ” гээд маргаан болсон. Нэг мэдсэн чинь Уран-Од гэрийн гадаа А.Отгончимэгийн газар унагаачихсан зодож байсан санагдаж байна. Цаашаа юу болсон талаар би сайн санахгүй байна. Уран-Од намайг Отгонцэцэгтэй хардсанаас болж маргаан үүссэн” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1061 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/ “А.Отгончимэгийн биед хамрын нуруу, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,  хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 58 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.У нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн нөхөр А.Алтанбаганыг А.Отгончимэгтэй хардаж улмаар А.Отгончимэгийн толгой болон цээж, нуруу хэсэгт олон удаа дэвсэж, өшиглөн зодож, биед нь хамрын нуруу, зулайн хуйх, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд бүхий хөнгөн зэргийн гэмтлүүд үүсгэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч хохирогчийг зодсоны улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.У нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч А.Отгончимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед “гомдол, саналгүй ...” гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан, шүүгдэгч нь хохиролд 268.000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Боржигон овгийн АУыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 268.000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ё.ЦОГТЗАНДАН