Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогтой Дийн От холбогдох эрүүгийн 2235000000002 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багт Дэвсэг гэх газарт оршин суух хаягтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, Б ургийн овогт Дийн О /РД: ОС94061511/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б, Д.Д нарын эзэмшлийн олон тооны буюу 4 тооны адууг хулгайлж нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг, Дан гэх нэртэй газарт байх иргэн Д.Лгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан хохирогч Ц.Бы нэг тооны морийг хулгайлж, хохирогч Ц.Бд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000002 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 Улсын яллагчаас: Нэг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг, Дан гэх нэртэй газарт байх иргэн Д.Лгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан хохирогч Ц.Бы нэг тооны морийг хулгайлж, хохирогч Ц.Бд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт:

-Моринд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хяргас сумын Толийн эхэн гэх газар гэртээ байхад хүргэн ах Л утсаар ярьж “чиний бор хээр морь алга болчихлоо, О гэх залуу манайд халамцуу ирээд явсан, тэр аваад явсан юм шиг байна, Г /Г/ гэрийн урд талд аргамжаалсан байсан юм” гэж хэлсэн. Тэгээд миний морь алга болсон гэдгийг мэдсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр О гэх залуу айлын бууцанд унтаж байхад нь хүргэн ахын малчин Г очиж барьж аваад миний морийг салгаж авсан гэж сонссон. ...Би От өөрийнхөө адуу малаас унаж хэрэглэж байж гэж хэлж байгаагүй...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

-2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ц.Бы мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Миний 10 настай 1 тооны хээр зүсмийн эр морийг Д.О нь хулгайлсан бөгөөд би уг адуугаа буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

         -2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Д.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед манай гэрт Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн иргэн Д.О буюу О гэх залуу жоохон халамцуу орж ирсэн ба манай гэрийн гадна морьтой ирсэн гэж хэлж байсан. ...О морио аргамжаалчихаад ирье гэж хэлээд гарч явсан. Тэгээд 20-25 минутын дараа манай туслах малчин Г ирж “гэрийн урд талд байсан аргамжаатай морь байхгүй байна, яасан юм бол” гэж асуухаар нь “дөнгөж сая О манайд байж байгаад гараад явсан ш дээ” гэж хэлэхэд “тэгвэл тэрнээс өөр хүн яваагүй, тэр аваад явсан байна, гадас нь байна, уяаг нь тайлаад авч явсан байна” гэсэн. ...2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг Цахир ам гэх нэртэй газарт чиний морийг О уначихсан явна гэж Н хэл хүргэхээр нь би туслах малчин Гт утсаар хэльж ярьсан. Тэгээд Д.Оыг Цахир амны бууцанд согтуу унтаж байхад нь барьж авсан гэж хэлсэн. ...Ямар ч байсан хулгайд алдсан малыг араас нь хөөцөлдөж яваад олж авсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            -2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр орой 19 цагт хонь малаа хотондоо оруулчихаад гэрийн урд зүгт 500 метрийн зайд бор хээр зүсмийн, хөлтэй олом тамгатай адууг аргамжаалсан, хар зүсмийн хоёр гуян дээрээ мухар олом тамгатай адууг чөдөрлөөд тавьсан. Тэгээд эхнэрийнхээ хамт А гэдэг айлд очиж хоол унд идээд сууж байхад “манай гэрт түрүүн Цагаанхайрхан сумын О гэдэг залуу ирээд явлаа... “Л ахын гэр хаашаа байдаг юм бэ” гэж асуугаад явлаа” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр шөнө 22 цаг болж байхад гэртээ харьсан ба тэр өдөр сартай гэгээтэй байсан юм. Гэртээ харих замд тавьсан адуунуудыг харахад хоёулаа байхгүй байсан ба доошоо мотоциклийн гэрэл тусгаж явахад хар зүсмийн морь /чөдөртэй/ анх тавьсан газраас 1 километр орчим явчихсан байсан. Аргамжиж тавьсан бор хээр зүсмийн морь алга байхаар нь анх аргамжаалсан газарт ирэхэд аргамж нь гадастайгаа үлдсэн байсан ба хүн тайлаад авч явсан байна гэж бодоод аргамжааны эргэн тойрныг харахад цасан дээр цагаан ултай гутлын мөр байсан. Тэгэхээр нь Л ахын гэрт орж “аргамжаалсан бор хээр зүсмийн морь алга байна, тайлаад аваад явсан байна, танай гэрт хүн ирэв үү” гэж асуухад “О гэх залуу ирсэн, морио тавьчихаад хононо гэж хэлээд гараад явсан, дахиж орж ирээгүй, гарч яваад 20-30 минут болж байна” гэхээр нь “тэгвэл тэр нөхөр аваад явсан байна, тэнд гутлын мөр үлдсэн байна” гэж Л ахад хэлсэн. Тэгээд Л ах тэр орой манай багийн хүмүүс рүү утсаар ярьж “тэр нөхрийг явж байвал бариад ав, морь хулгайлаад аваад явлаа” гэж хэлж захиад байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай багийн Н гэдэг ах Л ах руу утсаар ярьж “О Цахир ам гэх газар таны морийг унаад явж байна” гэж хэлэхээр нь би морьтой Цахир ам гэх нэртэй газар луу давхиад очсон. Тэгтэл Д.О манай гаднаас авч явсан бор хээр зүсмийн моринд эмээл тохчихсон, хажуудаа хээр зүсмийн даага, дэгрээ тамгатай, шар халтар зүсмийн хязаалан насны, мухар олом тамгатай 2 тооны морийг холбож уясан байдалтай, өөрөө машины кабин дотор ороод унтаж байсан. Тэгээд би Оыг сэрээгээд “яах гэж хүний морь хулгайлж аваад явдаг юм бэ” гэж асуухад “миний унаж явсан морь муудаад танай морийг унаар /уналга/ хийх гэж аваад явлаа, гэртээ дөхөх гэсэн юм” гэж хэлэхээр нь “танай гэр чинь баруун талд байгаа биз дээ, битгий худлаа яриад бай чи, Зүүнговь юм уу, Баруунтуруун явж байгаа биз дээ” гэхэд О надад юм хэлээгүй юм. Тэгэхээр нь “би морио авлаа” гэж хэлээд эмээлийг нь буулгаад От өгч бор хээр зүсмийн морийг аваад явсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө А буюу Атай хамт Хяргас сумын 1 дүгээр багийн нутагт Цахир ам гэх газарт тус багийн иргэн Б эзэнгүй хаваржаан дээр очиход Д.О нь уг хаваржаанд байсан машины эвдэрхий кабин дотор согтуу унтаж байсан ба уг хаваржааны хашаанаас Ц.Бы морийг хээр зүсмийн даага болон шар халтар морь зэрэг нийт 2 тооны адуутай хамт гурвууланг нь цулбуураар холбочихсон байсан юм. Тэгээд би Д.Оаас “яагаад адуу хулгайлаад аваад явж байгаа юм” гэж хэлэхэд “миний морь зогсчихоод явахгүй болсон учраас уг адууг хулгайлсан” гэж хэлсэн юм. Тэгээд би Ц.Бы морийг авсан, харин Д.О нөгөө 2 морины нэгийг нь унаад даагаа хөтлөөд бид гурав Нд очсон” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.О нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны орой харуй бүрий болж байхад 17 цагаас 18 цагийн үед шар халтар морь унасан, цавьдар халзан морио хөтөлчихсөн ирсэн юм. Тухайн үед О нь хойд чиглэлээс нуурын амнаас ирсэн бөгөөд манайд ирэхдээ бага зэрэг архи уучихсан байдалтай ирсэн. Тэгээд хүү П өөрийн хөтөлж ирсэн хүрэн халзан /цавьдар халзан/ морийг зааж “бэлэглэж байна, бэлгийнхээ морийг ав, манай өөрийн морь, манай тамгатай морь” гэж хэлсэн. Тэгээд хоол идэж аваад 21 цагийн үед унаж ирсэн шар халтар морио унаад Нд очно гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй 2-3 цагийн дараа шөнийн 00 цагийн үед буцаж ирээд тэр шөнө манайд хоносон. Тэгээд өглөө нь манайх Хар толгой гэх газар луу өвөлжөө рүүгээ нүүсэн бөгөөд О нь тэр өдөр манайхыг нүүлгэж манайд өнжсөн. Тэгээд өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн үед О нь шар халтар морио унаад Нд очно гэж хэлээд явсан. Оыг явахад нь би түүнд хандаж “энэ морио аваад яваарай, би чамаас адуу авахгүй” гэж хэлсэн. Тэгээд О мордоод явсан юм. Тэгээд өдөр 15 цагийн үед У эгчийн залуу Х нь хээр даага авч ирээд “Оын үлдээсэн даага” гэж хэлж авч ирсэн юм. Тэгээд О ирэхгүй байхаар нь Л ахын эхнэр лүү утсаар залгаж “О танайхаар очвол хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд тэр орой 20 цагийн үед Л ахын эхнэр утсаар “О манайд ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би У эгчийн залуу Хд нөгөө авч ирсэн гэх хээр даагыг нь өгч явуулсан. Тэгээд орой 23 цагийн орчимд Г над руу утсаар залгаад “манай гадна байсан аргамжаатай морь алдагдчихлаа, О аваад явсан юм шиг байна, мөр нь байна, маргааш хайлцаад өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Гтай хамт цасан дээр мөр хараад хайгаад явахад Цахир ам гэх газарт манай сумын Бамбай гэх айлын хаваржааны буйранд Д.О нь эвдэрхий машины кабин дотор унтаж байсан ба уг хаваржаанд Лгийн гэрийн гаднаас авч явсан бор хээр зүсмийн морь болон хээр даага, шар халтар морь зэрэг гурван морийг хооронд нь хүлчихсэн байсан. Г От хандаж “чи яагаад морь аваад явчихдаг юм” гэхэд О нь “ахаа, уучлаарай” гэж хэлж байсан. Тэгээд Г бид хоёр Оыг дагуулаад гурвуулаа 3-4 км орчим явж Нд ирсэн юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр насанд хүрээгүй гэрч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 19, 20-ны үеэр байх өдрийн сайн санахгүй байна. Би гэртээ ганцаараа байж байтал манайд О буюу О гэгч нь өөрийн цавьдар халзан морь уначихсан, хээр даага болон шар хээр морь зэргийг туучихсан манайд ирээд шар хээр морио барьж унаад цавьдар халтар морио хөтлөөд А ахынд очно гээд явсан. О нь хээр даагаа манайд үлдээчихээд явсан юм. Тухайн үед О нь “алдсан хээр даага болон шар хээр морио олж авсан” гэж хэлж байсан юм. Тэгээд хоноод маргааш нь О ирэхгүй байхаар нь би уг даагыг хөтөлж А ахынд очиход О нь А ахын гэрээс гараад явчихсан байсан ба цавьдар халтар морио А ахынд үлдээчихээд явсан байсан. Тэгээд тэр орой 20 цагийн үед О нь Л ахынд байсан гэж сураг гарахаар нь би уг хээр даагыг Лгийн гэрийн гадна аваад очтол О нь тэдний гэрээс яг гарч байсан. Тэгээд би От уг даагыг нь хүргэж өгчихөөд Лгийн гэрт орохгүйгээр гэр лүүгээ шууд харьсан. Тухайн үед О нь шар хээр морьтойгоо Л ахын гадаа очиж байсан юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ц.Лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хээр дааганд ямар нэгэн тамга байхгүй, харин шар халтар зүсмийн 3 настай адуу нь буруу гуяндаа нэг хөлтэй олом тамгатай юм. Би өөрийн хээр зүсмийн даага болон шар халтар зүсмийн 3 настай адууг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр очиж харахад Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг Хуурай булгийн эхэн, Хоёр хөшөөн нурган гэх газарт бэлчиж байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр очиж харахад алга болчихсон байсан. Уг 2 адуунууд нь манай өөрийн адуунуудаас салаад явчихдаг бөгөөд уг 2 адуу нь ижлээсээ салаад алга болоод байдаг. Тухайн 2 адууг би 2021 оны 10 дугаар сарын 20-ноос хойш хайгаад олдохгүй байсан бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хадам дүү Д.Отай сумын төвд таарахаар нь уг 2 морийг үзэгдвэл манайд дөхүүлээрэй, сураг сонсогдвол хэлээрэй гэж захисан. Тэрнээс хойш би адуунуудаа хайсан боловч олоогүй юм. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хадам дүү О нь над руу залгаж утсаар яриад “би таны даага, шар халтар адууг Алагийн завсар гэх газарт явж байхад нь олж аваад танайд хүргэж өгөх гэж яваад замдаа Нд үлдээчихсэн шүү, та очоод авчихаарай” гэж ярьсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа уг 2 адууг Н дээрээс очиж авсан. ...Д.О нь манайхаар байнга орж гарч явж байдаг бөгөөд манай адууны тамгыг бүгдийг нь мэддэг юм. Д.О нь миний уг 2 адууг хулгайлсан зүйл бол байхгүй, уг 2 адууг би От захисан байсан ба О нь миний 2 адууг олж авчихаад манайд хүргэх гэж явж байгаад гэрээс нь дуудахаар нь гэр лүүгээ харьсан байсан. Тэгээд гэртээ очсоны дараа аавынхаа утаснаас ярьж хэлсний дагуу би алдсан 2 адуугаа очиж авсан юм. Надад бол ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй. Миний алга болсон адууг О олж өгсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

            -2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “2021 оны 11 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Хяргас суманд нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...дүү Д.Оын цавьдар халзан зүсмийн морийг унаад Хяргас сумын 1 дүгээр багийн нутагт байх Бадрах гэх айл руу явсан юм. ...Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг Алагийн завсар гэх газарт манай хүргэн ах Лийн 2021 оны 10 дугаар сарын 20-ний үеэр алдсан гэх шар хээр морь, хээр даага болох 2 тооны адуу байхыг олж авсан юм. Уг адуунууд нь манай хүргэн ах Лийн адуунууд бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр ижлээсээ гүйгээд алга болчихсон байсан юм. Манай хүргэн ах Л нь надтай сумын төв дээр таарахдаа “уг 2 тооны адуунд сураг тавьж байгаарай” гэж захисан байсан. Тэгээд би уг 2 адууг олж аваад тэндээсээ Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг А гэх айл руу явж байгаад замдаа манай сумын У эгчийн гэрт очиход тэднийд Х гэх тэдний залуу ганцаараа байсан юм. Ингээд би тэднийд буугаад өөрийн унаж явсан цавьдар морь сульдаад явж өгөхгүй байхаар нь би хүргэн ах Лийн 3 настай, шар хээр зүсмийн морийг барьж аваад цавьдар мориноосоо эмээлийг нь авч тухайн моринд эмээллэсэн. Тэгээд У эгчийн гэрт даагыг нь түр үлдээчихээд цавьдар халтар халзан морио хөтөлж тэднийхээс холгүй байх Аын гэрт очсон. Тэднийд очиход А гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байсан бөгөөд тухайн үед цаг нэлээд орой болчихсон харанхуй болж байсан юм. Би тэднийд очоод тэдний бага хүүхдэд нь өөрийн хөтөлж явсан цавьдар халзан морио бага хүүд нь зааж бэлэглэсэн юм. Би Аын гэрт очих бүртээ адуу өгнө гээд хэлээд байдаг байсан бөгөөд тэр өдөр би өөрийн унаж явсан цавьдар халзан морийг өөрийн гэрийн морь учир зааж үлдээсэн юм. Тэгчихээд би Аын гэрээс харанхуй болсон байхад гарч яваад дээшээ хүргэн ах Лийн морьтой мордож гэр лүүгээ харьж байгаад харанхуй болчихоор нь би эргэж буцаад Аын гэрт очсон юм. Тэгээд би Аын гэрт хоноод маргааш өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө тэдний гэрийг өвөлжөө рүү нь нүүлгэлцсэн. Тэгчихээд би 13:00 цагийн орчимд тэднийхээс шар хээр зүсмийн морио унаад тус багийн иргэн Н гэрт очсон. Тэгээд би тэднийхээс орой 18 цагийн орчимд гараад шар хээр морьтойгоо мордож Хяргас сумын 1 дүгээр багт байх Гын гэрт ороход тэднийд хүн байгаагүй, тэгээд би мөн ар талд нь байдаг Лгийн гэрт шар хээр зүсмийн морьтойгоо очсон юм. Тэднийд очиход Л гэртээ эхнэрийнхээ хамтаар байсан бөгөөд тухайн үед 20:00 цаг өнгөрч байсан байх. Би Лгийн гэрт очоод тэднийд ороод сууж байтал Лгийн эхнэрийн гар утас руу А утсаар залгаж намайг асуугаад “байлгаж байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд байж байтал тэднийх унтацгаахаар болсон бөгөөд намайг “хонох уу” гэхээр нь би “за морио тавьчихаад ирье” гэж хэлээд тэдний гэрээс гарсан. Намайг тэдний гэрээс гарахад урдаас У эгчийн хүү Х нь миний тэднийд үлдээсэн байсан Л ахын хээр даагыг тууж авч ирж өгчихөөд Лгийн гэрт оролгүйгээр буцаад явчихсан юм. Тухайн үед Лгийн гэрийн гадна 10 орчим настай, нас гүйцсэн хээр зүсмийн буруу гуяндаа хөлтэй олом тамгатай 1 тооны эр морь аргамжаатай байсан бөгөөд тухайн үед би Л ахын гэрт хонохгүй Нд очиж хоноё гэж бодоод явах гэсэн чинь миний унаж явсан шар хээр зүсмийн 3 настай морь зогсчихоод явахгүй байхаар нь би Л ахын гэрийн гадна аргамжаатай байсан 10 настай, эр морины аргамжааг нь тайлж уг моринд шар хээр зүсмийн моринд байсан цэрэг загварын эмээлийг тохож эмээллээд Л ахын гадна байсан 10 настай, 1 тооны эр морийг хулгайлсан. Тэгээд уг морийг унаад Л ахын шар хээр зүсмийн 3 настай, эр морь болон хээр даага зэргийг тууж Лгийн гэрээс гараад харанхуйд Н гэрийг чиглэж явж байтал салхи салхилж цас орж цасаар шуурч би замдаа төөрөөд явж байгаад Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг Цахир ам гэх газарт нэг эзгүй хаваржаа байхаар нь уг хаваржаан дээр очсон. Тухайн үед цас орж шуураад байсан учир би хаваржааны хашаанаас унаж явсан морь болон Л ахын шар хээр зүсмийн адуу болон даага зэргийг хооронд нь хүлж уячихаад хаваржаанд байсан пургоны эвдэрхий кабины рам дотор орж унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө босоод би Лгийн гаднаас хулгайлсан морио унаад явж байгаад Н ахтай таарсан ба тухайн үед урьд орой нь цас их орсон байсан юм. Би Нтай таарахад Н ах намайг загнаж “хүмүүс морио хайж байна, чи яахаараа хүний морь аваад явчихдаг юм бэ, түргэн аваачиж өг” гэж хэлэхээр нь би Н ахад “за, за” гэж хэлсэн. Тэгчихээд би буцаад явж нөгөө хаваржаан дээрээ очоод кабинд нь унтаж байтал А, Г нар тус тусдаа нэг морьтой над дээр ирээд Г намайг загнаж “чи яагаад морь хулгайлж аваад явчихсан юм” гэхээр нь би Гт хандаж “уучлаарай, миний буруу” гэж хэлсэн. Тэгээд би А, Г нарыг дагаад хүргэн ах Л ахын шар хээр зүсмийн морийг унаад даагыг нь хөтлөөд, мөн Л ахын гэрийн гаднаас хулгайлсан морийг Г гэх малчинд нь өгөөд бид нар тэндээсээ яваад Н гэрт очсон. Бид нар Н гэрт ирээд Г нь миний хулгайлсан морийг аваад гэр лүүгээ харьсан, харин А мөн гэр лүүгээ харьсан. Би Нд байж байгаад явах гэхэд Н ах надад хандаж “чи хонож аваад маргааш яв, маргааш хүнсний 2 үхэр гаргалцаж өгчихөөд яваач” гэж гуйхаар нь би тэр өдөр буюу 11 дүгээр сарын 20-ний өдөр тэднийд хоносон юм. Тухайн орой намайг тэднийд байж байтал А нь миний тэдний хүүхдэд зааж үлдээсэн цавьдар халзан зүсмийн 6 настай, эр морийг надад авч ирж өгчихөөд явсан юм. Ингээд би тухайн шөнө Н гэрт хоноод маргааш нь 11 дүгээр сарын 21-ний өдөр тэднийд хүнсний 2 үхрийг нядалж өгөөд дуусч байтал манай дүү О сумын төвөөс портер машинтай ирсэн. Тэгээд би О хамт цавьдар халзан морио портер дээр ачаад гэр лүүгээ харьсан юм. Би Н гэрээс явахдаа Н ахад нөгөө шар хээр зүсмийн 3 настай эр морь болон хээр даагыг захиж “Л ахын морь байгаа юм, би замдаа гээгдсэн байсныг олж авсан, Л ах ирж авна шүү” гэж хэлж захиад явсан юм. Тэгээд би гэртээ очоод хүргэн ах Л руу утсаар залгаж нөгөө гээгдсэн 2 адууг олоод, Нд үлдээсэн талаараа ярьж хэлсэн юм. ...Би малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас),

            -Хоёр. Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б Д.Д нарын эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлж нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт:

            -2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн “2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас иргэн А.А, Я.Б, Д.Д нарын 4 тооны адуу хулгайлагдсан гэх гомдол мэдээлэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсүгэй” гэх тогтоолыг  (1 дэх хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

            -2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2019 оны 8 дугаар сард Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Үзүүрийн булаг гэх нэртэй газар байсан юм. 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Үзүүрийн булагийн ар талд байдаг Борлогийн бэл гэх нэртэй газраас өөрийн эзэмшлийн сартай хул морь маань авга ах болох Я.Б, хүргэн ах Д.Д нарын 3 тооны адуутай хамт байж байгаад алга болсон юм. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан ба адуунууд алга болсноос 3 хоногийн дараа ирж эрж хайгаад олоогүй бөгөөд сүүлд Хяргас сум, Зүүнговь, Өндөрхангай, Баруунтуруун сумуудаар хайж байгаад олдоогүй юм. Бид нарын адуу алга болох өдөр аав А хэлэхдээ 2 морь туусан, нэг морь унасан хүн манай гэрийн ар талаар явсан. Тэр хүний явах замд манай адуунууд байсан юм. Тэгээд маргааш нь хайгаад олдоогүй юм гэж хэлсэн ба сүүлд тэр хүнийг хэн бэ гэдгийг нь сураглахад Дийн О гэдэг залуу гэдгийг мэдсэн ба Д.Д гэдэг хүний адууг тууж явсан гэдгийг мэдсэн. Сүүлд нь арга ядаад олдохгүй байхаар нь хайхаа больсон. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хужирт гэх газар манайх хаваржиж байтал О халамцуу манай гэрийн гадна ирж намайг дуудахаар нь би гэрээсээ гараад уулзахад “намайг төв оруулаад өгчих” гэж гуйхаар нь би От “би чамд хар буруу юм санаж явдаггүй, оруулж өгч болно, чи өнгөрсөн намар намайг байхгүй хойгуур миний морийг хулгайлж аваад явсан байна” гэж хэлэхэд О “намайг уучлаарай, миний тууж явсан Дгийн адуунаас салахгүй байхаар нь тууж гэрийн гадна аваачиж барьж авсан. Тухайн үед аав Д, Б нар байсан. Тэгээд бид гурав архи ууж аав бид хоёр тасраад үлдэхэд Б тэр адуунуудыг яасныг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оыг гэртээ дагуулж ороод аав Ат “энэ О манай 4 адууг хулгайлсан байна, өөрөө хүлээн зөвшөөрч байна, төлж өгнө гэж хэлж байна” гэхэд аав хэлэхдээ хохиролд морь авахгүй, чи тугалтай үхэр өгчих гэж хэлэхэд О “за тэгье” гэж зөвшөөрсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),

            -2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Д.О нь надад учруулсан хохирлыг барагдуулж өгсөн. Надад улаан алаг тугалтай улаан үнээ өгсөн. Я.Б ахад хар тугалтай хар зүсмийн үнээ, улаан шүдлэн үхэр өгсөн. Надад одоо гомдол байхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас),

            -2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр миний нэг тооны сартай хүрэн зүсмийн даага А, Б хоёрын адуутай хамт байж байгаад алга болсон юм. Тухайн үед би Агийн хамт нэлээн хайж байгаад олдохгүй байхаар нь тааралдсан хүмүүст захиж үлдээгээд хайхаа больсон. Сүүлд А надад утсаар ярьж “манай 4 адууг Дийн О хулгайлсан гэдгээ өөрөө ирж хэллээ, хохирол барагдуулж өгөхөөр тохиролцоод явлаа” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “хохирол барагдуулж өгвөл гомдол гээд байх зүйл байхгүй” гэж хэлээд орхисон. Тэрнээс хойш бид нарын хохирлыг Д.О барагдуулж өгөөгүй. ...Миний хулгайд алдсан сартай хүрэн зүсний даага нь ямар ч им, тамгагүй бөгөөд би Увс аймгийн Завхан сумын Хүрлээ гэдэг хүнээс 2019 оны 01 дүгээр сард 800,000 төгрөгөөр худалдаж авсан юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...надад учирсан хохиролд 4 тооны ямаа, 1 тооны хонь, нийт 5 тооны бог малыг өөрийн гэрийн гадаа байх малаасаа барьж өгч миний хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэг санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 122 дугаар хуудас),

            -2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Я.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 19-ны өдөр харахад миний алдсан 2 тооны шарга, хул зүсмийн адуу Агийн сартай хул, Дийн сартай хүрэн дааганы хамт Үзүүрийн булагийн ар талд байдаг Борлогийн бэл гэх нэртэй газар байсан. Тэгээд намайг Улаанбаатар хот руу явсны дараа 4 тооны адуу алга болсон байна гэж Агаас сонссон. Тэгээд Улаанбаатар хотоос ирчихээд хайгаад олоогүй юм. Тэгээд бид нар тэр хавиар зөндөө хайсан ба огт олдоогүй бөгөөд хүн амьтанд захиж хэлсэн боловч тухайн үед сураг нь гараагүй юм. Тэгээд сүүлд сонсоход дүү А дээр Дийн О гэдэг залуу өөрөө очиж уулзаж “би танай 4 тооны адууг хулгайлсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлж байсан ба тухайн үед О, өөрийнхөө аав Дтэй хамт очиж уулзаж төлж өгөхөөр болж тохиролцоод явсан гэж А хэлж байсан. ...Миний хулгайд алдсан хул зүсний морь 9 А тамгатай, шарга морь зөв талын ташаан дээр ЦН гэсэн үсэгэн тамгатай, имгүй юм. Шарга морь нь миний унаган адуу, хул зүсмийн морийг А.С гэдэг хүнээс худалдаж авсан юм” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),

            -2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Я.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд 2 тугалтай үхэр, 1 шүдлэн үхэр өгч барагдуулсан. Оаас хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас),

            -2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрч Я.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх 2019 оны 8 дугаар сарын 15-ны үед Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Үзүүрийн булагийн доод талд байх нуурын хөвөөний хажууд нүүж очиж намаржсан юм. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим манай 4 тооны адуу Борлогийн бэл гэх газар байж байсан. Би тухайн үед хонь хариулж байгаад доошоо гэр лүүгээ явж байтал нэг морьтой хүн 2 морь туугаад явж байсан ба тухайн үедээ би тэр хүнийг таниагүй. Сүүлд сураглахад Үзүүрийн булагийн ар талаас Д гэдэг хүний 3 тооны адууг Д.О гэдэг залуу тууж явсан байна лээ. Манай адуунууд тэр хүний явж байгаа зүгт байсан ба тэр орой манай адуунууд алга болсон ба бүгд номхон морьдууд байсан. Маргаашнаас нь хайгаад олоогүй юм. Сүүлд хүү А хотоос ирж хэд хэдэн сумуудаар яваад олоогүй юм. Тэгээд бид нар хайхаа больсон юм. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр манайх хаваржаандаа буусан байтал манай гэрт О гэдэг залуу ирж хүү Атай уулзаж ярилцаж байгаад “би танай 4 адууг хулгайлсан, найздаа битгий юм бодоорой, 4 адууг чинь төлж өгнө, уучлаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь А явж Оын аавыг дагуулж ирэхээр нь би Дд хандаж “чиний хүүхэд манайхны 4 адууг өнгөрсөн намар хулгайлсан байна” гэж хэлэхэд Д “өвлөөс хойш тийм яриа гараад байна, ёстой муухай юм болсон байна, би энэ хүүхдэд адуу малыг нь хулгайлсан юм бол очиж уулзаарай гэж хэлэхэд энэ юм дуугарахгүй байсан” гэж хэлсэн. Танай адууг төлж өгье оронд нь нэг морь өгье гэж хэлэхээр нь мориор яах юм бэ, ахдаа тугалтай үхэр өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Д нэг хээлтэй халзан үнээ байгаа тэрийг төрөхөөр нь аваарай гэж хэлээд тохиролцсон” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас),

            -2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.О нь 2019 оны 8 дугаар сарын 19-30-ны хооронд Шүрэвтийн хар мод гэх газар манай гэрт байсан. Тэгээд 9 дүгээр сарын эхээр О гэрээс яваад 11 дүгээр сарын 20-ны үед манайх өвөлжөөнд буусны дараа Хашигийн бэл гэх газар айлд байхад нь бид нар очиж Оыг гэртээ дагуулж ирсэн. Би энэ хугацаанд гэртээ байсан ба гэрээсээ ийш тийшээ гараагүй юм. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед Я.А гэдэг хүний хүүхэд манай гэрт ирж намайг дагуулж яваад аавынхаа гэрт очсон. Тухайн үед миний хүү Д.О тэдний гадна байсан ба А “таны хүү миний номхон 4 морийг минь хулгайлж авсан байна, өөрөө хүлээж байна” гэхээр нь би тухайн үед Оыг загнаж “чи тэр 4 морийг хаана алга хийсэн бэ” гэж загнахад юм дуугарахгүй уйлаад байсан. Би “хүний юм авсан юм бол төлж өг” гэж хэлэхэд “за” гэж хэлээд тугалтай үнээ өгөхөөр болж тохиролцсон. Тэгээд бид хоёр гэртээ харьсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

            -2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Б нь 2019 оны 8 дугаар сард тэдний 3 тооны адуу алга болсон гэж хайж байгаад Үзүүрийн булагт байна гэдэг сураг сонсож миний хүү Отай хамт тууж авч ирэх гэж Бын мотоциклтой яваад О Бын нэг адууг нь унаж, хоёрыг нь хөтөлж ирсэн. Б мотоциклтой маргааш өглөө нь ирсэн. Тэр намар А, Б нарын 4 тооны адуу Үзүүрийн булагаас алга болсон гэж байсан ба сүүлд миний хүү О “би хулгайлаад авчихсан” гэж хэлээд байгаа юм. Тэр морийг бид нар яасан эсэхийг мэдэхгүй байна. Би хүү Оаас асуухаар хэлж өгөхгүй байгаа юм. Тэгээд бид нар Оын хохирлыг төлөхөөр болж Л.Б, А.А нарт 2 тугалтай үхэр, 1 шүдлэн үхэр өгсөн. Тэр хүмүүс ч гомдол саналгүй гээд яваад өгсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрч О.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Тухайн үед манай хүү Д.О нь Бтай хамт өөрийнхөө цагаан өнгийн Мустанг загварын мотоциклтой Үзүүрийн булаг руу Бын гээгдсэн 3 адууг очиж авахаар яваад тэр шөнө манай хүү Д.О нь Бын 3 мориноос 1 морийг нь унаад 2 морийг нь хөтөлж гэртээ ирсэн, харин Б нь маргааш нь Оын мотоциклтой ганцаараа ирсэн юм. Тухайн шөнө О нь Бын 3 адуунаас өөр адуу авч ирээгүй, Б, О бид гурав архи уусан зүйл байхгүй юм. Тухайн үед Д.О нь А.Ад худал хэлсэн байх. Д.О нь 1994 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн манай том хүү бөгөөд эхээс дөрвүүлээ юм. Д.О нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, 2012 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн алба хааж байхад нь гэрээт цэрэгт зодуулж тархиндаа цус хурсан гэмтэл авч хагалгааг Улаанбаатар хотод хийлгэж цэргийн албанаас халагдсан. Тэрнээс хойш Д.О нь гэртээ хөдөө мал малладаг бөгөөд ам бүл 3 аав, ээжийн хамт амьдардаг юм. Д.О нь даруу төлөв зантай, сүүлийн үед хэнэггүй зангаасаа болоод ч юм уу, эсхүл тархины өвчнөөсөө болоод тэнээд алга болчихдог, айл амьтан хэсээд л байж байдаг. Ухаан санааны хувьд хэвийн, урьд өмнө 1 удаа малын хулгайн хэрэг үйлдэж 5 сар баривчлах ял авч байсан юм. ...Адууг хулгайлсан талаар хүлээн зөвшөөрдөг, гэхдээ чухам яаж авсан, хэнд өгсөн, Бтай хамт хулгайлсан эсэх талаар ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 133-135 дугаар хуудас),

            -2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрч Ц.Цоггэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сард байх сумын төвд явж байхад Я.Б надтай тааралдаж ах нь айлуудын нийлсэн 4 тооны адуу алдчихлаа, чи чих тавьж байгаа ч олдохгүй байна гэж надад хэлж байсан. Тэрнээс хойш надтай огт тааралдаагүй бөгөөд сүүлд манайх 2020 оны 11 дүгээр сард Даланхуруу багийн Долоогийн өвөр гэх газар намаржиж байхдаа А.А, Я.Б нар ачааны машинтай Дийн гэрт ирж өөрсдийнхөө алдсан адуугаа төлүүлж байна гэж үхэр аваад явж байсан. Би сонсохдоо Д.О 2019 оны 8 сард адуу хулгайлж бусдад зарж борлуулаад өөрөө хүлээн зөвшөөрч төлж өгч байна гэж сонссон. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. О өөрөө би хулгайлсан юм гэж хэлээд зөвшөөрөөд төлж өгсөн юм байна лээ. Чухам яаж хулгайлж, хаана худалдан борлуулсан талаар мэдэх зүйл байхгүй. О нь урьд бас малын хулгайн хэрэгт холбогдож ял шийтгэл авч байсан. О нь байж байгаад гэрээсээ гараад алга болоод 1-3 сар явж байгаад ирдэг. Сураг сонсоход Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Хяргас сумуудаар явдаг, тухайн сумуудад танил ихтэй гэж сонсож байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 140 дугаар хуудас),

            -2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр гэрч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутагт байх Я.А гэдэг айлд эхнэр Дын хамт өөрийнхөө малаа төлүүлж байсан. Энэ хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байх 14 цагийн орчим Я.Аийн гэрт сууж байтал Д.О гэх залуу халамцуу архи үнэртүүлсэн байдалтай явган гүйж ирсэн ба Атай ярьж байгаад “би танай 4 адууг хулгайлсан, миний буруу, төлж өгнө” гэж хэлэхээр нь А миний машиныг унаж яваад Оын аав Дийг дагуулж ирээд нүүрэлдүүлсэн. Тэгтэл Оын аав Д төлж өгөхөөр болж тугалтай үхэр өгөхөөр болж тохиролцоод явсан. О өөрөө тухайн үед хэлж байхдаа “би 2019 оны 8 дугаар сарын сүүлчээр Борлогийн бэл гэх газар байхдаа Багийн 3 тооны адууг тууж явахдаа танай 4 тооны адууг хамт хөөж ирсэн. Намайг авчирах үед аав гэртээ согтуу унтаж байсан. Би бас тухайн үед халамцуу байсан гэж хэлж байсан. Чухам тухайн 4 тооны адууг хаашаа явуулсан талаар яриагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 147 дугаар хуудас),

            -2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О бид хоёр цагаан өнгийн мотоциклтой Анхилцагийн гол гэх газраас Үзүүрийн гол руу явсан. Тэндээс цагаан зүсмийн морь, шарга алаг морь, сартай цагаан шартай хүрэн морь буюу 3 тооны адуугаа олоод нэг морийг унаад 2 морийг хөтлөөд явсан би мотоцикл унаад дагаад Толь гэх нэртэй газарт очиж би айлд хоносон. Д.О адуугаа аваад гэр лүүгээ явсан. О бид хоёр адуунуудыг тууж явах замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед О надад хүний адуу замдаа хулгайлаад ачуулаад явууллаа гэж хэлж байгаагүй. ...Би Отай нийлж хулгайн гэмт хэрэг хийгээгүй. Өөрийн аав Дгийн адууг олж аваад буцсан. Өөр хүний адуу мал туугаагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 163-164, 168-170 дугаар хуудас),

            -Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин Я.Нарантуяагийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “2019 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Цагаанхайрхан суманд нас гүйцсэн морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 800,000 /найман зуун мянга/ төгрөг, даага 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөг болохыг тус тус тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас),

            -Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “1. Д.О нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. Д.О нь одоогоор Мэдрэл, сэтгэцийн өвчин эмгэггүй байна. 3. Д.О нь одоогоор тухайн болсон явдлынхаа талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. 4. Д.О нь хэрэг хариуцах чадвартай. 5.  Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйлс дурьдагдаагүй” гэх шинжээчдийн 37 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 188-190 дугаар хуудас),

            -2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сард Бын адуунаас 3 тооны адуу бэлчээрээс алга болчихсон байсныг Б нь хэсэг хугацаанд хайж байгаад 2019 оны 8 дугаар сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр над дээр ирээд “хоёулаа Үзүүрийн булаг орчихоод ирэх үү, манай гурван морь тэнд сураг гараад байна, хоёулаа хамт чиний мотоциклоор яваад ирэх үү” гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрч Б бид хоёр тэр өглөө нэлээд эртхэн миний улсын дугаар, номергүй цагаан өнгийн Мутсанг-5 загварын мотоциклоор Үзүүрийн булаг руу явж тэнд байсан Бын 3 адууг барьж авсан юм. Тухайн үед манайх байсан Хангилцаг гэх газраас Үзүүрийн булаг гэх газар хүртэл нэг талдаа 50 гаруй километр зайтай байсан юм. Бид хоёр Бын адууг барьж аваад миний мотоциклийг Б жолоодож би Бын гурван адуунаас нь 10 настай, шарга зүсмийн 1 тооны морийг нь барьж аваад эмээлгүй зайдан унаад нөгөө үлдсэн 2 адууг нь тууж явсан. Бид хоёр Үзүүрийн булагаас 10 гаруй километр зайнд яваад Борлогийн бэл гэх газрын наад талд ирээд Б малаа харна гээд миний мотоциклтой түрүүлээд явсан. Тэгээд би цааш яваад Борлогийн овооны доод зам дээр нэг цагаан өнгийн ачааны машинтай 3 хүнтэй таарсан бөгөөд тухайн хүмүүс нь манай нутгийн биш, танихгүй 30-40 орчим насны цагаан ачааны машинтай хүмүүстэй байсан. Тэгээд тэр хүмүүс надад “бид нар ийшээ мал хар худалдаж аваад буцаад хот руу явж байна” гэж хэлээд машины кабинаасаа нэг шил архи гаргаж ирж надад задалж өгсөн. Тэгээд тэр хүмүүс надад “мал хар авч явна, мал зарчих хүн байна уу, тарган адуу байвал 1 саяд авмаар байна, наад адуунуудаа зарах уу” гэхээр нь би “үгүй ээ, энэ адуунууд хүний адуунууд юм” гэж хэлсэн. Тухайн үед намайг Борлогийн бэлд явж байхад Борлогийн овооны доод талд 500-800 орчим метр зайд бэлчээрт 4 тооны адуу байсныг би хараад тэр хүмүүст хандаж “та нар шууд хот явж байгаа юм уу, энэ доор миний таньдаг ахын 4 адуу байна, та нар үзэх үү” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүмүүс “тэгье” гэж хэлээд бид нар тэндээсээ хөдөлж Борлогийн овооны доод талд байх эзгүй хаваржаан дээр ирээд тэнд бэлчээрт байсан хоёр хул зүстэй, мөн шарга зүстэй, мөн хүрэн зүстэй нийт 4 тооны адууг барьж уг эзэнгүй хаваржаанд шахсан. Тэгээд тэр залуучууд уг 4 тооны адууг хараад нэгийг нь 1,000,000 төгрөгөөр, 1 даагыг нь 400,000 төгрөгөөр авахаар болж тохиролцсон. Тэгээд тэд нар надад архи өгөөд би нэлээд согтоод ойр зуур ухаан балартаад сэрэхэд тэр залуучууд уг 4 тооны адууг машин дээрээ ачсан байдалтай байсан. Ингээд би тэр залуучуудад хандаж “та нар яагаад мөнгө төгрөгийг нь өгөлгүй, хүний адуу ачиж байгаа юм бэ” гээд уурлахад тэнд байсан залуучуудаас нэг нь “бэлнээр 2,500,000 төгрөгийг нь өгнө, үлдсэн 900,000 төгрөгийг төв газар орж байгаад шилжүүлнэ” гэхээр нь би тэр залууд хандаж “би согтсон байна бэлэн мөнгө авахгүй, бүгдийг нь миний данс руу шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгээд нэг залуу нь надад жолооны үнэмлэхээ үзүүлээд, цаасан дээр утас, нэр, регистрийн дугаараа бичиж өгсөн бөгөөд би цаасан дээр бичсэн нэрийг үнэмлэхний нэртэй тулгахад таарч байсан, мөн би тэр залуучуудын зураг, машины дугаарыг нь хүртэл гар утсан дээрээ дарж авсан юм. Тэгээд би тэр залуучуудад өөрийн дансны дугаарыг цаасан дээр бичиж өгөөд явуулсан ба тэр залуучууд төв замд сүлжээнд ороод над руу мөнгө хийнэ гэж хэлчихээд явцгаасан ба хар зам тал руу чиглээд явсан. Тухайн үед 16:00-17:00 цаг болж байсан. Тэр залуучууд уг адуунуудыг өөрсдийнхөө оосор, сураар барьж аваад машиндаа ачсан байсан. Тэгээд би тэндээсээ хөдөлж яваад Бын гурван морьтой Хангилцаг гэх газар луу явсан бөгөөд намайг тухайн 4 тооны адууг хулгайлж зарж байхад Б байгаагүй, түрүүлээд мотоциклтойгоо явчихсан байсан юм. Би тэгээд цааш явж байтал Б нь миний мотоциклтой Толь гэх газарт байх Хяргас сумын Ргийн гэрт очсон байсан ба гэрийнх нь гадна миний мотоцикл байсан ба гэрийн гадна Р ах мориныхоо хажууд байсан. Би тэдний дээр зогсохгүйгээр шууд зөрөөд цааш явсан. Тэгээд би явсаар байгаад тэр шөнө нэлээд харанхуй болсон байхад Хангилцагт гэртээ ирээд адуунуудыг гэрийн гадна авч ирээд уяж хонуулсан. Тэр шөнө Б гэртээ ирж хоноогүй. Тэгээд Б нь маргааш өглөө нь ирээд өөрийнхөө 3 адуугаа манайхаас ирж аваад, миний мотоциклийг өгчихөөд отрын гэр лүүгээ явсан юм. Тэгээд би маргааш өглөө нь нөгөө адуу зарсан хүмүүсийн бичиж өгсөн цаасыг гаргаж утасны дугаар луу нь залгахад холбогдохгүй байж байгаад нэг залгахад утсаа аваад залгаад “за мөнгийг чинь хийнэ” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөөс хойш тэр хүмүүстэй ярихгүй байж байгаад удалгүй 2-3 хоногийн дараа би өөрийн гар утасыг өөрийнхөө морийг хайж яваад өврөөсөө унагаачихаад утсаа хайгаад олоогүй, мөн нөгөө хүмүүсийн бичиж өгсөн утасны дугаар, нэр, регистрийн дугаартай цаасыг мөн утастайгаа хамт гээчихээд олоогүй юм. Тухайн үед би утас, цаас хоёрыг гээсэн учир тэр хүмүүстэй дахин холбогдож чадаагүй бөгөөд тэр хүмүүс ч гэсэн надтай холбогдоогүй, над руу ямар нэгэн мөнгө төгрөг явуулаагүй. Би уул нь уг 4 тооны адууг нийт 3,400,000 төгрөгөөр зарсан боловч тэр хүмүүсээс уг мөнгийг авч чадаагүй. Одоо би тэр хүмүүсийг танихгүй бөгөөд, нэр утас гээд мэдэх зүйл байхгүй, тэр өдөр согтуу байж байгаад хулгайн хэрэг хийчихсэн юм. Уг адуунуудын тамгыг би нэг бүрчлэн хараагүй бөгөөд хальт харахад гуяндаа Ц, X, Ц Н, А гэх мэт дандаа үсэг голдуу тамгатай адуунууд байсан юм. Тухайн үед Б нь мотоциклтой түрүүлээд явчихсан байсан бөгөөд би араас нь явж байх замдаа Борлогийн овооны наад талд тэр хүмүүстэй таараад Борлогийн бэлд байсан адуунуудыг хулгайлж ачиж өгч явуулсан. Б нь энэ хэрэгт ямар ч хамаарал байхгүй, намайг адуу хулгайлж зарсан гэдгийг ч мэдээгүй, би энэ талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй юм. Би малын хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 05-06 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа: -Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 39-59 дүгээр хуудас)-ыг шинжлэн судалсан болно.

   Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

   Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

            Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг, Дан гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө иргэн Д.Лгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан хохирогч Ц.Бы нэг тооны морийг хулгайлж, хохирогч Ц.Бд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан моринд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 04-05 дугаар хуудас), хохирогч Ц.Бы мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 12-13, 15 дугаар хуудас), гэрч Д.Лгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), гэрч О.Гын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-25, 27-28 дугаар хуудас), гэрч Б.Аын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас), насанд хүрээгүй гэрч Д.Хын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас), гэрч Ц.Лийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,  

            Мөн Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б Д.Д нарын эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны бод мал хулгайлсан үйл баримт болсон нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч А.Агийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-113, 114-115 дугаар хуудас), хохирогч Д.Дийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 117-118, 122 дугаар хуудас), хохирогч Я.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124-125, 126-127 дугаар хуудас), гэрч Я.Аийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 128 дугаар хуудас), гэрч О.Дийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 129, 130-131, 133-135 дугаар хуудас), гэрч Д.Дгийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147 дугаар хуудас), гэрч О.Бын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 163-164, 168-170 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Прокуророос яллах дүгнэлтийг үйлдэхдээ шүүгдэгч Д.Оыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө хохирогч Ц.Бы өмчлөлийн 1 тооны адууг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б, Д.Д нарын 4 тооны адууг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилжээ.

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Оын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хулгайлсан 4 тооны адуу нь тооны чанарын хувьд олон тооны бод мал гэдэгт хамаарч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөгдсөн /уг нэмэлт өөрчлөлт орохоос өмнө 24 бог, 8 бодоос дээш гэж хуульчилсан тайлбарт заасан байсан/ байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны нэмэлт өөрчлөлт ороогүй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилсэн гэж ойлгоно.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг байна.

Нийтлэг давталт гэдэг нь гэмт этгээдийн урьд нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн нөхцөл байдлыг түүний сүүлд үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулдаг ба үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, 12.3 дугаар зүйлийн 2.2-т “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэж зохицуулсан байна.

Тусгай давталт гэдэг нь гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэнийг ойлгох бөгөөд уг шинжийг Эрүүгийн хуульд заасан зарим хэрэгт “байнга”, “байнга тогтвортой”, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж өөр өөрөөр заасан боловч эдгээр нь дээрх нөхцөл байдлыг илэрхийлсэн эрх зүйн утга, ач холбогдлын хувьд ижил ойлголтууд юм.

Эрүүгийн хуулиар тогтоосон дээрх хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэнэ.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч Д.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд шүүгдэгч Д.Оыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б, Д.Д нарын эзэмшлийн 4 тооны адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг, Дан гэх нэртэй газарт байх иргэн Д.Лгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан хохирогч Ц.Бы нэг тооны морийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдлүүд нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг буюу өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хууль бусаар, амар хялбар аргаар орлого олох зорилгоор, хохирол, хор уршигт зориуд хүргэж шунахайн сэдлээр авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг, Дан гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө хохирогч Ц.Бы 1 тооны адууг хулгайлан авч түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 330 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар хуудас)-ээр, Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б, Д.Д нарын эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж хохирогч нарт нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 176 дугаар хуудас)-ээр тус тус тогтоогдож байна.

Хохиргч Ц.Бы “Миний 10 настай 1 тооны хээр зүсмийн эр морийг Д.О нь хулгайлсан бөгөөд би уг адуугаа буцаан авсан тул надад нэхэмжлэх зүйл, гомдол санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 15 дугаар хуудас), хохирогч А.Агийн “Д.О нь надад учруулсан хохирлыг барагдуулж өгсөн. Надад улаан алаг тугалтай улаан үнээ өгсөн. Надад одоо гомдол байхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас), хохирогч Д.Дийн “...надад учирсан хохиролд 4 тооны ямаа, 1 тооны хонь, нийт 5 тооны бог малыг өөрийн гэрийн гадаа байх малаасаа барьж өгч миний хохирлыг төлж барагдуулсан. Надад одоо ямар нэг санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 122 дугаар хуудас), хохирогч Я.Бын “...хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд 2 тугалтай үхэр, 1 шүдлэн үхэр өгч барагдуулсан. Оаас хохирлоо бүрэн барагдуулж авсан байгаа” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас) тус тус гаргасан байх тул шүүгдэгч Д.Оыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

            Шүүгдэгч Д.Оын хувийн байдлын талаар гэрч Б.О “Д.О нь цайлган, дөлгөөн даруухан хүн бөгөөд хүнд тусархуу хүн юм. Хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, жоохон худлаа хэлдэг. ...2015 оны хавар байх цэрэгт явсан ба цэргийн алба хааж байхдаа жорлонгийн нүх рүү унасан гэж халагдсан ба дараа нь Баруунтуруун суманд явж байгаад хүнд зодуулсан гэж аймагт хагалгаанд орж толгойны баруун талын гавлын ясыг авахуулсан. Толгойны баруун талын яс байхгүй. Тэрнээс хойш жоохон орон гаран юм ярьдаг болсон. Хийсэн үйлдлээ заримдаа мэддэг, заримдаа мартдаг болчихсон. Оын ганц муу зуршил гэвэл архи уусан үедээ гэртээ 1-3 сар харьдаггүй, энэ тэнд явж байна гэж аав ээж нь хэлж байдаг ба араас нь хөцөлдөж байгаад гэртээ авч явдаг юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дугаар хуудас), гэрч Г.Уын “...би Оыг багаас нь танидаг бөгөөд бид нар нэг багт тоглож өссөн. Бие биенийхээ гэрт байнга орж гардаг, байнга харилцаатай байдаг юм. Саяхан малын тоогоор явахад өөр дээрээ 250 гаруй бог, 20 гаруй бод мал тоолуулсан. Аав Дтэй хамт мал нь байдаг юм. ...О ах дүү нартайгаа нийлэмжтэй, эвсэг, харьцаатай, тусархаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дугаар хуудас), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “1. Д.О нь сэтгэцийн хувьд эрүүл. 2. Д.О нь одоогоор Мэдрэл, сэтгэцийн өвчин эмгэггүй байна. 3. Д.О нь одоогоор тухайн болсон явдлынхаа талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадна. 4. Д.О нь хэрэг хариуцах чадвартай. 5. Тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйлс дурьдагдаагүй” гэх шинжээчдийн 37 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 188-190 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 23 дугаар хуудас), Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас), Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн Засаг даргын “Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн иргэн Д овогтой О нь ам бүл 1, тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багт мал маллан амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь нотлогдож байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа бол мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Оын хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Д.От Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Борлогийн бэл гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 20-ны орой иргэн А.А, Я.Б, Д.Д нарын эзэмшлийн олон тооны буюу 4 тооны адууг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Оын дээрх үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн цаг хугацаанд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих,

2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр багийн нутаг, Дан гэх нэртэй газарт байх иргэн Д.Лгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан хохирогч Ц.Бы нэг тооны морийг хулгайлж, хохирогч Ц.Бд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Увс аймгийн Цагаанхайрхан сумаас гарахгүй байх хязгаарлалт тогтоох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялыг дэмжиж байгаа бөгөөд хугацааг багасгаж оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Хэдийгээр шүүгдэгч Д.Оын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн бусдын 4 тооны адуу хулгайлсан гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор батлагдан гарсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамрагдаж байгаа боловч шүүхээс шүүгдэгч Д.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар нэг удаа ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байхаар шийдвэрлэв.

            Иймд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогч нараас нэхэмжлэх хохирол төлбөргүй, бусад хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах зүйтэй байна гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.От зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

            Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан морины үнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж улсын орлого болгох, шүүгдэгчийн эзэмшлийн 6 настай морийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хэвээр үлдээх саналыг гаргажээ.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд харин анхнаасаа хохирогч А.А, Я.Б, Д.Д нарын 4 тооны адууг хулгай хийх зорилгоор явж байсан гэх, мөн иргэн Д.Лхавгасүрэнгийн гэрийн гаднаас аргамжаатай байсан хохирогч Ц.Бы 1 тооны адууг зөвшөөрөлгүйгээр, нууцаар, далд аргаар хулгайлж авах гэмт санаа зорилгоор адууг уналга болгон ашигласан нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч мал хулгайлахаар урьдаас төлөвлөөгүй, тухайн цаг үед үүссэн гэмт санаа сэдлийн улмаас үйлдсэн гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан морины үнийг гаргуулж улсын орлогод оруулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олсон гэх үйл баримт тогтоогдохгүй энэ талаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс өөрөөр нотолсон баримт байхгүй байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэв. 

            Шүүхээс шүүгдэгч Д.Оаас гаргуулах хохиролгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгон хураах эд хөрөнгө, ашиг орлого байхгүй тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Д.Оын эзэмшлийн 6 настай эр морь битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын 1 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Дийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.От зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Оын эзэмшлийн 6 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН