Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 0079

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н

Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б.

Гуравдагч этгээд: “ЧНБ” ХХК /Б.А зоогийн газар/

Прокурорын дүгнэлт: “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 0146327 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЧНБ ХХК-ийн “Б.А” рестораны гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох, зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулахыг хүссэн” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.н, дүгнэлт гаргагч М.Н, хариуцагч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч прокурор М.Н шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтэдээ: “...Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н би, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б Баянгол дүүргийн засаг даргын баталсан А/426 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Магсаржавын гудамж, 20 байр *******од байрлах “ЧНБ” ХХК-ий “Б.А” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар “ЧНБ” ХХК-ийн “Б.А” ресторан нь цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил илэрсэн болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг, менежер Д.О-гийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг зэрэгт тусгагдаж материалд хавсаргасан байна.

Эрх бүхий албан тушаалтан шалгалтаар илэрсэн дээрх зөрчилд “ЧНБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйл нь Эрүүл ахуйн тухай хуулийн ******* зүйлийн 20.1 дэх хэсгийн Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдох дараахь зүйлийг хориглоно гэж заасан 9-н заалт нь гадаад орчны талаар хориглох зүйлсийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан торгох шийтгэл оногдуулахаар заасан байна.

Гэтэл Хүнсний тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.12 дахь заалтад “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийг ,

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1.6 дахь заалтад “хүнсний сүлжээ” гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгохоор зохицуулсан байна.

“Б.А” рестораны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл нь /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан”/ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-11.9 Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг зөрчсөн байгаа нь “Эрүүл ахуйн тухай хууль бус Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасан эрүүл ахуйн зохистой дадлыг зөрчсөн” байна гэж үзхээр байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б*******гийн 0146327 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “Б.А” рестраны гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байна гэж үзэж байна гэв.

Хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Баянгол дүүргийн Засаг даргын  баталсан А/426 тоот захирамжийн дагуу БГД-ийн 1 дүгээр хороо, Магсаржавын гудамж, ******* байр, ******* байранд байрлах ЧНБ ХХК-ийн “Б.А” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчилд ЗТХ-ийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл. “Эрүүл ахуйн тухай хууль зөрчих” 6.17.9 дэх /Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нын гаргасан Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйл нь Эрүүл ахуйн тухай хуулийн ******* зүйлийн 20.1 дэх хэсгийн Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахтай холбогдох дараах зүйлийг хориглоно гэж заасан 9-н заалт нь гадаад орчны талаар хориглох зүйлсийг иргэн, хуулийн этгээд зөрчсөн тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулан торгох шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу “ЧНБ”ХХК-д ЗТХ-ийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байна гэж үзсэнд тайлбар гаргаж байна.

1.”ЧНБ” ХХК-ийн “Б.А” зоогийн газрын цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчил нь МУ-ын Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.3 “Эрүүл ахуйн нөхцөл шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандарт заагдсан хэм хэмжээг хангасан байхыг” 3.1.4 “эрүүл мэндийн эрсдэл” гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүй улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг тус тус ойлгоно, мөн Эрүүл ахуйн тухай ******* зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх” заалтыг зөрчсөнд холбогдох арга хэмжээг авсан. ЭАХХХУБ-ын хувьд МУ-ын Эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1.1 “Эрүүл ахуй” гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чигэлсэн нөхцөл, шаардлагыг”, ойлгоно гэж заасныг баримтлан ажилладаг учир тухайн заалт нь хуульд бүрэн нийцсэн гэж үзэж байна. 2.Холбогдогчоос авсан мэдүүлэг болон эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар ЗШША-ны тэмдэглэлд цэвэрлгээ, үйлчилгээ хангалтгүй эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл “Эрүүл ахуйн тухай хууль зөрчих” 6.17.9 дэх заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь ЗТХ-ийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” заалтыг баримтлан холбогдох арга хэмжээг авсан болно.

3. “Б.А” рестораны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчил нь Эрүүл ахуйн тухай хуулийн ******* зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх” заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан /Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-11.9 Цэвэрлэгээ угаалга, халдваргүйтэлд тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл.”Эрүүл ахуйн тухай хууль зөрчих” 6.17.9 дэх заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзнэ гэв.

Гуравдагч этгээд: Манай ресторан нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол ******* байрны 1-*******од зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу тус дүүргийн цагдаа, дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс болон мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б нар хамтарсан шалгалт хийсэн болно. Уг шалгалтаар цагдаа болон үйлдвэр үйлчилгээний хэлтсээс ямар нэгэн зөрчил дутагдал байхгүй байна гэж үзсэн. Харин мэргэжлийн хяналтын байцаагч Б.Б нь өөрийн чиглэлээр үзлэг шалгалт хийж гал тогоог цэвэрлэгээ хангалтгүй заваан байна гэж үзээд 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгосон. Цаашид цэвэрлэгээг тогтмол сайн хийж тэмдэглэл хөтлөх талаар заавар зөвлөгөө өгсөн. Манай “ЧНБ” ХХК нь 2018 оноос хойш одоог хүртэл нийтийн хоолны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил тэр дундаа хоолны хордлого огт гарч байгаагүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад Баянгол дүүргийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Нын гаргасан дүгнэлтийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын баталсан А/426 тоот захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Магсаржавын гудамж, ******* байр, ******* байранд байрлах ЧНБ ХХК-ийн “Б.А” зоогийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд шалгалтаар эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдсон байна.

Дээрх гаргасан зөрчилд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Б нь эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангуулаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүл ахуйн хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу ЧНБ ХХК-ийн “Б.А” зоогийн газрыг 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу хариуцагчаас дээрх торгуулыг гуравдагч этгээд ЧНБ ХХК–ийн “Б.А” зоогийн газарт 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгууль ногдуулсныг гуравдагч этгээдээс гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа нэн даруй төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Прокурорын дүгнэлтээр Эрх бүхий албан тушаалтан шалгалтаар илэрсэн дээрх зөрчилд “ЧНБ” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.3 “Эрүүл ахуйн нөхцөл шаардлага” гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг” 3.1.4-д “эрүүл мэндийн эрсдэл” гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг тус тус ойлгоно” мөн хуулийн ******* зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх”-ийг хориглоно гэснийг зөрчсөн, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан /Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-11.9 Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг тус тус зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйл “Эрүүл ахуйн тухай хууль зөрчих” 6.17.9 дэх заалтын дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 0146327 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэг “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэнтэй нийцэж байх тул Баянгол дүүргийн хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9, Эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.3, 3.1.4, ******* зүйлийн 20.1.1, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан дүгнэлт гаргагч Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Наас Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Бгийн 0146327 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ЧНБ ХХК-ийн “Б.А” рестораны гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох, зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулахыг хүссэн” шаардлага бүхий дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.ОЮУНГЭРЭЛ