Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Г.Майхүү,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Н.Гансүх, түүний өмгөөлөгч  А.Ариунаа,

шүүгдэгч О.Мөрөн, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Гансүх, Батхаан овогт Оюунцэцэгийн Мөрөн нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1320 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01ий өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 78 гудамж, 879 тоотод оршин суух, Боржигон овогт Нэргүйн Гансүх, /РД:УК95060331/

2. Монгол улсын иргэн, 1994 оны 11 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Юнител группэд оператор ажилтай, ам бүл 7, ээж, эхнэр, 4 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12 гудамж, 209 тоотод оршин суух,   Батхаан овогт Оюунцэцэгийн Мөрөн, /ШУ:94111816/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.Гансүх нь О.Мөрөнтэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк Сэйд /Рark said/ хотхоны ар талын шороон зам дээр 15 настай, иргэн Г.Төгөлдөрийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Айфон-6 маркийн гар утсыг нь дээрэмдсэн,

шүүгдэгч О.Мөрөн нь Н.Гансүхтэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк Сэйд /Рark said/ хотхоны ар талын шороон зам дээр 15 настай, иргэн Г.Төгөлдөрийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Айфон-6 маркийн гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Парк сайд хотхоны ард талын шороон зам дээр манай найз О.Мөрөн тэр хүүхдээс цаг асуухад 9 цаг өнгөрч байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүүхэд утсаа буцаагаад халаасандаа хийхэд утасных нь тал цухуйсан байхаар нь би утсыг нь булаах зорилготой авсан. Би тухайн үед найзтайгаа хэлэлцэж тохиролцоогүй энэ хэргийг үйлдсэн. Манай найз юу ч мэдээгүй. Тэгээд би хохирогчийн халааснаас утсыг нь авч найзыгаа зугтаарай гэж хэлээд зугтаад гүйж явж байгаад баригдсан гэв.

Шүүгдэгч О.Мөрөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бид Үндэсний цэцэрлэгт хүлээнд уулзаад бие засах гээд явсан. Сити Тоулет руу орох гэсэн боловч хаалттай байсан. Тэгээд бид нар харанхуй газар руу орж бие засах санаатай явж байсан. Мөн би найз охинтойгоо уулзах гээд цаг товлосон байсан учир хохирогчийн утсаар ярих гэсэн боловч нэгжгүй байна гэсэн. Би шүүгдэгч Н.Гансүхийг тийм үйлдэл хийнэ гэдгийг мэдээгүй. Шүүгдэгч Н.Гансүхийг зугтаагаарай гэхэд нь хэт сандарсандаа шүүгдэгч Н.Гансүхийн машин руу гүйсэн. Тэгээд би шүүгдэгч Н.Гансүхийн машин дээр нь ирээд хүлээсэн боловч машин дээрээ ирэхгүй байхаар нь гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь цагдаад баригдсан гэв.

Шүүгдэгч Н.Гансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед найз Мөрөнтэй цэцэрлэгт хүрээлэнд уулзсан. Зам хөндлөн гараад байрнуудын харанхуй хэсэг рүү явж байхад нэг хүүхэд утсаар яриад зогсож байсан. Бид хоёр биеэ засчихаад явж байхад тэр банди зогсож байсан. Тэгээд манай найз Мөрөн надад “хоёулаа энэ хүүхдийн утсыг авчих уу” гэхэд нь “тэгье” гэж хэлсэн. Тэр банди дээр очоод Мөрөн тэр бандиас “цаг хэд болж байна” гэж асуусан. Тэр банди юм дуугараагүй хойшлоод алхаад байсан. Тэгэхээр нь Мөрөн тэр бандийн гарнаас бариад зогсож байхад нь би хажуу талаас нь тэр бандийн хөл рүү хөлөөрөө хавирч унагаад өмднийх нь урд талын халаасанд байсан Айфон 6 маркийн гар утсыг нь аваад шууд цаашаа гүйгээд зугтаасан. Байрны урдуур гүйж байхад хамгаалагч араас хөөгөөд намайг барьж авсан ...” гэх мэдүүлэг , /хх 29-32 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Мөрөнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Гансүхтэй уулзсан. Уулзаж юм ярьж байгаад 22 цагийн үед байран дундуур, харанхуй хэсэгт очиж бие засаж байхад хажуугаар нэг хүүхэд утсаар яриад явж байсан. Тэгээд бид буцаад байрны дундаас гарах гээд явж байхдаа би найз Гансүхэд “хоёулаа түрүүний хүүхдийн утсыг гуйгаад ярих уу” гэж хэлэхэд “тэгье” гэсэн. Тэгээд бид нөгөө хүүхдийн урдаас алхаж очсон. Тэр хүүхэд ганцаараа зогсож байсан. Би тэр хүүхдээс “цаг хэд болж байна” гэж асуухад “9 цаг өнгөрч байгаа байх” гэж хэлэхээр нь би “утасаараа яриулаач” гэж хэлэх гэтэл Гансүх тэр бандийн хөл рүү нь хөлөөрөө хавирч унагаасан. Тэр хүүхдийн утсыг  Гансүх өмдний халаасанд нь гараа хийгээд авсан. Би гайхаж байгаад зугтсан. Гансүх урд гүйж байхаар нь би хажуу тийшээ эргээд гүйж байгаад эргэж харахад хүн байгаагүй. Гансүхийн машин дээр гүйж ирэхэд Гансүх ирээгүй байсан. Нилээн хүлээж байгаад ирэхгүй болохоор нь баригдсан юм байна даа гэж бодоод гэр рүүгээ харьсан гэх мэдүүлэг , /хх 33-36 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дэлгүүрээс дэвтэр авах гээд явж байхад үл таних 2 залуу араас алхаж ирээд нэг нь надаас цаг асуусан , тэгэхээр нь би жоохон айгаад хойшоо болж зогсоод “21 цаг болж байна” гэж хэлээд цаашаа 2-3 алхам алхахад араас нэг залуу гүйж ирээд намайг хөлөөрөө хавсарч унагаад миний халаас руу гараа хийгээд Айфон 6 маркийн гар утсыг аваад зугтаасан. Би араас нь гүйхэд тэр 2 залуу цаашаа зугатааж байгаад салаад гүйсэн. Тэгэхээр нь би утас авсан залуугийн араас гүйсэн. Замд Нарлаг Өргөөгийн хамгаалагч нар таарахаар нь би “тэр хүн миний утсыг аваад зугтаачихлаа” гэхэд хамгаалагч нар араас нь гүйгээд барьж авсан. Тэгээд би утсаа эргүүлж аваад 102-т дуудлага өгч цагдаа дуудсан. Би гар утсаа Тэдигээс 2016 оны 01 дүгээр сард 1.700.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг,  /хх 16-17 дугаар хуудас/

Гэрч Е.Мягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Нарлаг өргөө” хотхон дээр харуулын үүрэг гүйцэтгэж байхад 2016 оны 04 дүгээр сарын 10-ны 23 цагийн үед засмал замын хэсэгт объектоо эргээд явж байхад нэг хүүхэд “миний утсыг авчихлаа …. гээд  гүйж байсан. Тэгээд урд нь нэг залуу гүйгээд явж байхаар нь би араас нь хөөж байгаад барьж авсан. Тэр хүүхэд араас ирээд шууд гар утсаа авсан. Би тэр залууг барьж аваад тэр хүүгээр цагдаа дуудуулаад цагдаад хүлээлгэж өгсөн ” гэх мэдүүлэг, /хх 18 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 3 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 12 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38, 46 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 13, 14 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Мөрөнгийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх 39-44 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Гансүхийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх 47-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон өөрчилж, шүүгдэгч О.Мөрөнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Гансүх нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк Сэйд /Рark said/ хотхоны ар талын шороон зам дээр 15 настай,Г.Төгөлдөрийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Айфон-6 маркийн гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.Мөрөнгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Гансүхтэй уулзсан. Уулзаж юм ярьж байгаад 22 цагийн үед байран дундуур, харанхуй хэсэгт очиж бие засаж байхад хажуугаар нэг хүүхэд утсаар яриад явж байсан. Тэгээд бид буцаад байрны дундаас гарах гээд явж байхдаа би найз Гансүхэд “хоёулаа түрүүний хүүхдийн утсыг гуйгаад ярих уу” гэж хэлэхэд “тэгье” гэсэн. Тэгээд бид нөгөө хүүхдийн урдаас алхаж очсон. Тэр хүүхэд ганцаараа зогсож байсан. Би тэр хүүхдээс “цаг хэд болж байна” гэж асуухад “9 цаг өнгөрч байгаа байх” гэж хэлэхээр нь би “утасаараа яриулаач” гэж хэлэх гэтэл Гансүх тэр бандийн хөл рүү нь хөлөөрөө хавирч унагаасан. Тэр хүүхдийн утсыг  Гансүх өмдний халаасанд нь гараа хийгээд авсан. Би гайхаж байгаад зугтсан” гэх  мэдүүлэг , шүүгдэгч Н.Гансүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Парк сайд хотхоны ард талын шороон зам дээр манай найз О.Мөрөн тэр хүүхдээс цаг асуухад 9 цаг өнгөрч байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүүхэд утсаа буцаагаад халаасандаа хийхэд утасных нь тал цухуйсан байхаар нь би утсыг нь булаах зорилготой авсан. Би тухайн үед найзтайгаа хэлэлцэж тохиролцоогүй энэ хэргийг үйлдсэн. Манай найз юу ч мэдээгүй. Тэгээд би хохирогчийн халааснаас утсыг нь авч найзыгаа зугтаарай гэж хэлээд зугтаад гүйж явж байгаад баригдсан” гэх мэдүүлэг,насанд хүрээгүй хохирогч Г.Төгөлдөрийн болон гэрч Ё.Мягмарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Харин шүүгдэгч О.Мөрөн нь Н.Гансүхтэй бүлэглэж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна. Тухайлбал,хохирогч Г.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад анх өгсөн тайлбарт “үл таних хоёр залуу гарч ирээд надаас цаг хэд болж байна гэж асуухаар нь 21 цаг болж байна гэж хэлэхэд нэг нь намайг барьж аваад хавсарч унагаагаад миний өмдний халаасанд гараа хийж гар утсыг аваад явсан” гэх , мөн түүний  хохирогчоор мөрдөн байцаалтад мэдүүлсэн “нэг нь намайг хавирч газар унагаасан. Нэг нь надад гар хүрээгүй, дээрэмдээгүй. Нөгөөдөх нь дээрэмдсэн” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч О.Мөрөнгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Мөрөн нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 болгон зүйлчлэлийг өөрчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.  

            Шүүгдэгч Н.Гансүхийн өмгөөлөгч “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй” гэж тайлбар гаргаж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.Тухайлбал шүүгдэгч Н.Гансүх нь хохирогчид хүч хэрэглэн хавсарч унагаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч О.Мөрөнгийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд хохирогчийн биед уг үйлдлийн улмаас онц ноцтой гэмтэл учраагүй ч тухайн үйлдэл нь хүчирхийллийн шинж чанарыг агуулсан байна.Харин булаах гэмт хэргийн дээрэмдэх гэмт хэргээс ялгагдах шинж нь хохирогчид хүч хэрэглээгүй,довтолгооны өмнө айлган сүрдүүлээгүй байдаг.Иймд шүүгдэгч Н.Гансүхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Н.Гансүхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан,үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Н.Гансүхийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан,гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Гансүхийн урьд  цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, О.Мөрөнг 10 хоног цагдан хоригдсоныг дурдаж, О.Мөрөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Улсын яллагч яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримтыг дурдана гэснийг бүрэн хангаагүй байгааг дурдах нь зүйтэй. Тухайлбал Айфон 6 маркийн гар утсыг дээрэмдэж 1.2 сая төгрөгийн хохирол учруулсан хохирлын үнэлгээний талаар дурдаагүй байгааг тэмдэглэж байна.