Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00950

 

Д.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож,  Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаар магадлалтай

Д.Сийн нэхэмжлэлтэй,

М.Гт холбогдох,

Автомашины үнэ, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардалд нийт 8 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч М.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Гтай 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдөр аман гэрээ байгуулж, 0014705 дугаартай, 0504614 тоот хөдөлгүүртэй, УАЗ-31512 маркийн 28-02 ГАА улсын дугаартай, Орос улсад үйлдвэрлэсэн, 12.000 километр явсан цагаан саарал өнгийн УАЗ-469 машинаа өгсөн.

Хариуцагч Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Өлзийт интертрейд ХХК-ийн барьж байсан орон сууцнаас 2 өрөө байр өгнө гээд машиныг урьдчилгаанд авсан.

Энэ талаар тэмдэглэлийн дэвтэртээ гарын үсгийг нь зуруулж авсан нь машиныг авсан нь үнэн гэсэн хамгийн том зөвшилцөл юм.

Үүнээс хойш М.Г сураггүй алга болохоор нь хайж явсаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад М.Г байрнаасаа нүүж явсан төдийгүй, хаяг нь тодорхойгүй болсон байсан.

Тиймээс Тахарын албанд хандахад регистрийн дугаарыг олж өгсөн нь цаашид Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах боломжтой болж удаан хугацаанд эрэн сурвалжлаад, Маам овогтой болохыг нь мэдэж, Аймгийнхаа Шүүх, Цагдаа, Иргэний бүртгэлийн газарт дахин хандсанд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол-1692, 33 дугаар байрны 112 тоотод амьдардаг болохыг мэдсэн.

Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад М.Г дээрх хаягт оршин суудаггүй нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолтоор тогтоогдож, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд М.Гын оршин суух хаяг олдоогүй тул Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвөөс машиныхаа дугаараар хайлгахад 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Жаргалантын 12 дугаар байр, 16 тоотод амьдардаг ГМ-85103012 регистрийн дугаартай, Батцэнгэл овогтой Лхагвацэндийн нэр дээр болгож өгсөн байсан.

Б.Лхагвацэнд нь М.Гын хүргэн бөгөөд машиныг 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн Мукарат овогтой Ерландад зарж, Улсын бүртгэлд бүртгэгдснийг мэдсэн.

Иймээс М.Гаас машины үнэ, ирж буцах зардалд 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх энэ байрны талаар миний багын найз, М.Гтай найзууд, байр авах гэж байгаа бол түүнээс ав, барилга барьж байгаа гээд уулзуулсан.

Ингээд бид ярилцаж тохироод, байрны урьдчилгаанд манай нөхрийн өмчлөлийн 28-02 ГАА улсын дугаартай, УАЗ-469 машиныг Говь-Алтай аймгаас унаж ирэхэд, байрны гаднаас М.Г өөрийн биеэр ирж, бичиг баримттай нь хамт аваад явсан.

Түүнээс хойш ямар нэгэн хэл сураг тасарч олдоогүй тул шүүхэд хандахад хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн аваагүйн улмаас эрэн сурвалжлуулсан.

Энэ хугацаанд захиалсан байр ашиглалтанд орж, надад хэлсэн байрыг өөр хүнд давхардуулж өгснийг мэдсэн бөгөөд хариуцагч утсаа авахгүй, олдохгүй байсан учраас хүүхэд, ээж, эхнэр бүгдтэй нь ярьж хэлж байсан.

Машинаа өгсний дараахан М.Гтай холбогдоод ярихад чи хүлээж байгаач, ямар тэвчээргүй юм гэж загнаад, уурлаад байхаар нь байрыг ашиглалтанд орохыг хүлээсэн ч байрандаа орж чадаагүй үлдсэн.

Үнэхээр хэцүү байна. Гэр бүлд үүнээс болоод маргаан үүсэж, арга барагдаад би Булган аймаг хүртэл машинаа хайж очоод, олоогүй, зарагдсаныг мэдсэн.

Муу машин байсан гээд байна. Тийм бол эзэнд нь учрыг нь хэлээд өгөхгүй яасан бэ? Муу байтал хаа байгаа Баян-Өлгий аймаг руу 6.000.000 төгрөгөөр зарагдах уу? Эдний хүргэн энэ хоёрын хийсэн асуудал.

Хариуцагчийг хайх, машинаа олж авахын тулд маш их цаг хугацаа орсон мөн хот руу олон удаа ирж, буцсан. Бид тэтгэврийн хоёр хөгшин амьдардаг. Чирэгдэл их учирч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2011 онд “Өлзийт интертрейд” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байсан.

Д.Сийн эхнэр Б.Наранцэцэг 28-02 ГАА улсын дугаартай, цагаан саарал өнгийн УАЗ-469 машиныг надад үзүүлээд орон сууцны урьдчилгаанд өгөөд орон сууцанд орох гэсэн юм гэж хэлсэн.

Би машиныг аваад даргадаа үзүүлэхэд муу машин байна гэж голоод аваагүй. Машиныг буцааж өгөх гээд Д.Сийн эхнэртэй утсаар ярихад ирж аваагүй. Барилгын хашаанд харуул хамгаалалтгүй, хотод хадгалах газар олдоогүй тул Булган аймагт аваачиж тавьсныг манай хүргэн Б.Лхагвацэнд зарсан байсан.

Нэхэмжлэгчтэй машиныг Булган аймаг руу авч явсан, зарсан талаар ярилцаагүй. Өөрсдөө машинаа ирж аваагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/00132 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Гаас 7 386 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 614 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 133 126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00132 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлд заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалаас харвал автомашины үнийг тодорхойлохдоо К.Батбилэгийн тодорхойлолтыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ. Уг нотлох баримт нь үнэлэх боломжгүй нотлох баримт байгаа юм байна. Тэгвэл давж заалдах шатны шүүх уг нотлох баримтыг яагаад заавал үнэлэх гээд байгаа юм бэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэг хүлээсэн байдаггүй юм уу.

Магадлалын хянавал хэсэгт “ ...иргэн К.Батбилэг, М.Ерлан нарын оршин суугаа газрын хаяг, утасны дугаарыг бичиж өгчээ. /хх-97/ Энэ тохиолдолд шүүх нотолгооны ажиллагаанд оролцож, өөрөөр хэлбэл шүүхэд гаргаж өгч буй дээрх нотлох баримттай холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байжээ” гэжээ. Энэ нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх өөрөө тодруулж байх тухай зохицуулалт байхгүй. Энд дурдагдаад байгаа бичиглэл нь ХХ-ийн 95-р талд байгаа баримт юм шиг байна. Уг баримтад хүсэлт гаргаж байгаа талаар дурдаагүй бөгөөд уг хүмүүсийн хаяг ч байхгүй (Гэрч асуулгахаар хаяг утасны дугаарыг нь бичээд өгөхөд асуудаггүй байхад яахаараа зүгээр нэр бичсэнийг тодруулах, асуух ёстой вэ). Мөн дээр дурдснаар нэхэмжлэгч нь өөрөө нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй.

Магадлалын хянавал хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67-р зүйлийн 67.1.1-д зааснаар шүүгч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг тайлбарлах үүрэгтэй ... мөн хуулийн 44-р зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан байх ёстой” гэжээ. Талуудын эрх, үүргийг тайлбарлан өгөх үүрэгтэй гэж хуульд заасан. Гэхдээ шүүх нэхэмжлэгчийн өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг нь нотлоод өг гэж заагаагүй. Тэгээд ямар нотлох баримтыг хэлбэрийн шаардлага хангуулж авах гээд байгаа нь тодорхойгүй. К.Батбилэгийн тодорхойлолтыг авахуулах гээд байгаа юм уу. ХХ-ийн 112 дугаар талд байх гэрч Г.Жамсранжавын мэдүүлэгт “ ...1 200 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулаад авсан ... Лхагвацэндээс авсан” тухай хэлээд байхад уг тодорхойлолт дээр мөн Лхагвацэндээс авсан гэж худлаа бичээд байхад нотлох баримтын шаардлага хангасан баримтыг нь үнэлэхгүй. Шаардлага хангаагүй баримттай нь холбоотойгоор л хуулийг буруу тайлбарлан хэрэглээд байна.

Ганц тодорхойлолтыг дүгнэх боломжгүй нь бусад нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэсэн үг биш байх гэж бодож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.5-д “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж заасан байна. Харин магадлалын хянавал хэсэгт бичсэн зүйл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл, ойлголтод хамаарахгүй.

Давж заалдах шатны шүүх нь миний давж заалдах журмаар гаргасан гомдолд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Тиймээс уг үндэслэлээ дахин тодруулах шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал:

Анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал болон нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагч надад илтэд хохиролтой, нэхэмжлэгчид илтэд ашигтай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Миний бие зүрхний өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэж, эм тарианы болон бусад зардлаа арайхийн олж, амьдралаа залгуулдаг. Гэтэл шүүх төлөх ёсгүй мөнгийг надаар төлүүлэхээр шийдвэрлэж, иргэн намайг илтэд хохироолоо.

Шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Д.С нь М.Гтай ярилцаж, тохиролцоод байрны урьдчилгаа төлбөрт УАЗ-469 маркийн автомашиныг өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна гэж бичсэн байдаг. Хариуцагч миний хувьд удаа дараагийн шүүх хуралдаанууд дээр Д.С гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй талаараа олон удаа хэлсэн боловч миний үгийг тоож авч хэлэлцээгүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичиж байгаа баримтууд дээрээ болон шүүх хуралдаанд оролцохдоо Д.С бус Б.Наранцэцэг гэдэг хүн байсан гэж тайлбарлаад байгааг мөн шүүх анхаарч үзээгүй.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.С нь 2 өрөө орон сууцыг авахаар надтай хэлцэл хийсэн гээд бичээд уг хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар харилцан тохиролцсон гээд бичсэн нь үндэслэлгүй. Би барилгын компанийн захирал биш учраас уг байгууллагыг төлөөлөн хэлцэл хийх эрх надад олгогдоогүй. Би зүгээр л тухайн байгууллагын ажилтан. Тийм ч учраас тухайн үед Наранцэцэгийн гуйлтын дагуу “Өлзийт интертрэйд” ХХК-ийн захирлуудтай нь уулзуулж өгсөн билээ. Надад тухайн машиныг авах хүсэл зориг байгаагүй. Өөрөө авахаар ч хэлцэл хийгээгүй. Ийнхүү уулзуулж өгсөн өдөр Д.Наранцэцэг нь тухайн барилга баригдаж байгаа газрын хашаанд машинаа орхиод явсан. Товчхондоо М.Г би машиныг өөртөө авахаар хэлцэл хийгээгүй. Машиныг өөртөө аваагүй. Мөн бусдад худалдаагүй. Машинаас ганц ч төгрөгийг өөртөө наагаагүй. Маргаад байгаа машин нь М.Г миний нэр дээр шилжиж ирсэн удаа байхгүй. Машины өмчлөлийг М.Г надад өгсөн бол надаас нэхэмжлэх ёстой. Д.Наранцэцэг нь машиныг “Өлзийт интертрэйд” ХХК-ийн барилгын хашаанд үлдээгээд явчихсан. Маш удаан хугацаанд машинаа аваагүй учраас байгууллагын зүгээс та тэр хүнийг дагуулж авчирсан учраас машиныг нь буцаан өг гэсэн. Тэгээд л би өөрийн зардлаар Булган аймагт аваачиж орхисон.

Мөн анхан шатны шүүх нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үзэж байгааг зөвшөөрөхгүй. Дээр дурдснаар уг машин миний өмчлөлд ирсэн удаагүй. Д.Наранцэцэгээс компанийн эзэмшилд шилжиж, дараа нь Булган аймаг руу хүргэх үед миний эзэмшилд шилжиж. дараа нь өөр эзэмшигчид шилжсэн. Харин өмчлөл нь надад шилжиж ирээгүй. Би уг машинтай холбоотойгоор зардал л гаргаснаас нэг ч төгрөгийн орлого олоогүй. Би захиран зарцуулаагүй.

Мөн 6 000 000 төгрөгөөр зарагдсан нь баримтаар тогтоогдсон тул машины үнэд 6 000 000 төгрөг, ирж буцах 27 удаагийн зардал, эрэн сурвалжлуулсны зардалд 1 386 000 төгрөг гээд нийт 7 386 000 төгрөг гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь ямар баримтаар тогтоогдсон гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Би худалдаагүй. Зардлын хувьд нэхэмжлэгч нь Д.С. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зардал гээд баримтууд өгснийг Д.Сийн зардал гэж тооцоод байгаа юм уу л гэж ойлгож байна. Д.Наранцэцэгийн нэхэмжлэлээр эрэн сурвалжилсан нь Д.Сийн нэхэмжлэлд ямар хамаатайг ойлгохгүй байна. Д.С нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой л итгэмжлэл өгсөнөөс өөрөөр итгэмжлэл өгч байгаагүй байдаг. Гэтэл субъектүүдийг нь хооронд хольж хутгаад, эсхүл зориуд хамаатуулаад шийдвэрлээд байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын Хөөн Хэлэлцэх хугацаа нь аль хэдийн дууссан байхад дуусаагүй гэсэн үндэслэлгүй тайлбар хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал: ХХ-ийн 11-р талд байх “Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.9.15-ны өдрийн 328 шийдвэрээс харвал Б.Наранцэцэг гэдэг хүн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, түүнийг нь шүүх шийдвэрлэж байсан байна. Энэ хугацаа нь анх тохиролцсон гэх 2011.8.22-ноос тоолоход ч, нэхэмжлэгчийн тодорхойлоод байгаа хайж байгаад олж бичиж хийлгэсэн гэх 2012.2.19-ний өдрөөс тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч Д.С нь өөрөө эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байсан мэтээр нэхэмжлэл дээрээ худлаа зүйл бичсэн байсан байна. Энэ нь нотлох баримтаар тогтоогдоно. Харин Д.С гэдэг хүн 2013.7.3-нд машинаа компанид шилжүүлэн өгсөн байх бөгөөд түүнээс хойш эрх зөрчигдсөн гэж үзэж, аливаа нэгэн байгууллагад хандаж байгаагүй бөгөөд ХХ-ийн 14-р талд байгаа 2018.4.6-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжаас харвал 2018 онд л анх нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс Д.С гэдэг хүний хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.С нь М.Гт холбогдуулан автомашины үнэ, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардалд нийт 8 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 7 386 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байх тул  шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаж буй автомашиныг байрны урьдчилгаанд 5 000 000 төгрөгт тооцож өгсөн гэж, мөн Баян-Өлгий аймгийн иргэн М.Ерлан 6 000 000 төгрөгөөр бусдаас худалдаж авсан байна гэж, нэхэмжилж буй 8 сая төгрөгийн задаргааг тайлбарлахдаа машиныг  5 750 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашиныг хэдэн төгрөгөөр үнэлж хариуцагчаас нэхэмжилсэн болох, энэ шаардлагаа ямар баримтад үндэслэж байгаа талаар тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх байжээ.

Давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133 126 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД