Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0090/З |
Дугаар | 02 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 02
“Галакси консалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0690 дүгээр магадлалтай, “Галакси консалтинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлйийн 11.1.6, 11.1.23, 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.3-т тус тус заасныг баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийн “Галакси консалтинг” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0690 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 514 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Галакси консалтинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийн Галакси консалтинг ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Галакси консалтинг ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.
1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...хуульд заагаагүй шалтгаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Тухайлбал, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гол үзэл баримтлал нь Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайг төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байлгах үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 хэсэгт заасан Засгийн газрын бүрэн эрхийнхээ хүрээнд 2014 онд Засгийн газрын 239 дүгээр тогтоол баталж, төрөөс тогтоосон солбицол хязгаарын хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн талбайн зураг гаргах нь өргөдөл гаргагчийн үүрэг юм. Энэ ч үүднээсээ төрийн захиргааны байгууллага Кадастрын зураг зүйн шүүлт хийхэд баримталдаг гол хууль болох Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Кадастрын зургийн нарийвчлал нь тухайн масштабын 0,1 мм-т ногдох хэмжээнээс ихгүй байна” гэж заасантай өргөдөл гаргагч “Галакси консалтинг" ХХК-ийн өргөдөл гаргасан талбайн зураг 50 метр хоосон орон зай үүсгэсэн нь дээрх хуулийн үзэл баримтлал, холбогдох хуулийн шаардлагуудад нийцэхгүй байгааг харуулж байна.
2. “Галакси консалтинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүд нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх”, 17.3-д “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно” гэж заасан шаардлагуудыг хангаагүй байна. Энэ талаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хийсэн мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Хэмжээлшгүй орд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардлагыг хангаагүй байсныг тодорхойлсон мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн Дотоод хяналтын хуудас зэргээс дээрх хоёр үндэслэлийг хангахгүй байсан нь нотлогдож байна.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Орон нутгийн тусгай хэрэгцээний газартай 50 метр хиллэхгүй байгаа нь тогтоогдож байх боловч тус талбай нь бусдын эзэмшил газар болон тусгай хэрэгцээний газартай дундуураа зайгүйгээр хиллэх ёстой гэх шаардлага байхгүй юм” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд шулуун шугам биш байж болох ч тус зүйлээр ... газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь ... гэсэн нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хиллэсэн байх ёстой гэсэн хуулийн шаардлага байгаа бөгөөд 50 метр хоосон орон зай үүсгэсэн нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байгааг харуулж байна.
4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийн талбайг шууд хиллүүлэн асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь 13.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно:” 13.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх; ” гэсэн хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд гарсан хилийн маргааны асуудал байгаа дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд хэрэглэх боломжгүй байгаа хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан байна гэж үзэхээр байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Маргаан бүхий захиргааны актыг 6 сараар түдгэлзүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцжээ.
Хэргийн нөхцөл байдал тодорхой, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдож байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа дахин шинэ акт гаргах хүртэл тухайн актыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан зохицуулалтын агуулгад нийцээгүй, зөрчилтэй шийдвэр болсон талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч “Галакси консалтинг” ХХК-ийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг “Өндөр уул” нэртэй газарт 1030 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хиллэж байгаагаас давхцал үүсгэхгүйн тулд тодорхой цэгүүдээр шулуун биш шугамаар хүрээлүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан “....17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн “...улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар...”-тай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болох” талаарх шаардлагыг зөрчөөгүй байна.
Дээрх хуулийн гол үзэл баримтлал нь “...давхцал үүсгэхгүй...”-д чиглэгдсэн, давхцал байвал хиллэж байгаа хэсгээрээ шулуун биш шугамаар хүрээлэгдэж болох нь хуулиар зөвшөөрөгдсөн байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрээр “талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй, ...өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хиллээгүй ...хоосон зай үлдээсэн...” гэх хуульд заагаагүй үндэслэлээр “Галакси консалтинг” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.2.1-д заасантай нийцэхгүй болно.
Хариуцагч нь “...хоосон зай үлдээсэн нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй ...” хэмээн хяналтын журмаар гаргасан гомдлоо энэ хуульд үндэслэснийг хүлээн авах боломжгүй.
Учир нь, хайгуулын тусгай зөвшөөрөл авах, хайгуулын талбайд тавигдах шаардлагыг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна”, 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”; 17.2.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй”; 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байхаар, 17.3-т “....17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн “...улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар...”-тай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болох”-ыг тусгайлан тодорхойлсон, шүүхүүд маргааны үйл баримтыг энэ хуульд нийцүүлэн дүгнэсэн нь зөв болно.
Тодруулбал, хэргийн оролцогчид кадастрын зураг зүйн шүүлт хийсэн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар маргаагүй, харин зөвхөн захиргааны байгууллагын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой байхад хариуцагч нь “бүх төрлийн кадастрын зураглал үйлдэх, газрын кадастр эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах” зорилт бүхий энэ маргаанд хамааралгүй хуулийг гомдлынхоо үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, маргааны үйл баримтад хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0690 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ