Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 221/MA2016/0401

 

С.Насанбатын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч С.Насанбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Д.Цагаандарь, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Насанбатын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2012 оны орон нутгийн сонгуулиар Аймгийн иргэдийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдон улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилогдон 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Дархан-Уул аймгийн Монгол Ардын намын даргын сонгуульт ажилтай. С.Насанбат миний Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, намайг Сонгуулийн тухай хууль зөрчиж ямар нэг үйлдэл гаргаагүй байхад аймгийн Сонгуулийн хороо албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор  аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13-т “Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхийлөгч, орон нутгийн хурлын төлөөлөгч нэр дэвшиж байгаа тохиолдолд тэдгээрийн хийсэн ажлын тайлан сонгуулийн сурталчилгааны материалын хэмжээнд тооцогдохгүй” гэж хуульд заасан тул Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын Намаас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчдийн 2012-2016 онд хийсэн ажлын тайланг гаргаж иргэддээ тайлагнасан болно. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13 дахь заалт нь төлөөлөгчийн тайлан тавихыг хориглоогүй бөгөөд ажлын тайлан нь сурталчилгааны материал биш гэдгийг тодорхойлж тусгаж өгсөн. Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр бүлэг буюу зөрчил шийдвэрлэх үйл ажиллагаа гэсэн бүлгийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэснийг Сонгуулийн хороо өөрөө зөрчин шийдвэр гаргасан. Мөн Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно, 5 дугаар зүйлийн 5.1.1-д хууль дээдлэх, 5.1.3-т шударга ёсыг сахих зэрэг үндсэн зарчмуудыг хуульчилсан байдаг. Гэтэл аймгийн Сонгуулийн хороо дээрх хуулийн заалтуудыг зөрчин Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.5.1, 70.5.2 дахь заалтуудыг үндэслэн С.Насанбат намайг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн ба Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13 дахь заалттай гаргасан шийдвэр нь зөрчилдөж байна. Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн орон нутгийн сонгуульд С.Насанбат намайг нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн шүүхэд урьд гаргасан тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэр дэвшигч С.Насанбат нь хууль бус сурталчилгаа хийж хэвлэл сэтгүүл тарааж байна гэсэн гомдол Аймгийн Сонгуулийн хороонд ирсэний дагуу Аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г.Соёлмаа, И.Алтанцэцэг, Ч.Энхбат, С.Туяа, Ю.Ариунболд, С.Сүнчин, Д.Зоригтбаатар, Б.Идэржавхлан нарын 8 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан бөгөөд Б.Баттулга чөлөөтэй байсан болно. Хуралдааны гишүүдийн 6 гишүүн нь хасах саналтай 2 гишүүн татгалзсан тул хуралдааны гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшигчийн жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн. Хуралдаанаар С.Насанбатын хууль бус сурталчилгаа хийсэн талаар 12 иргэнээс гомдол ирсэний дагуу шалган хэлэлцэхэд Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 19 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч С.Насанбат нь Сонгуулийн тухай хуулийн 70.1, 70.5-д заасан заалтуудыг зөрчин зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн нь нотлох баримтаар мөн тогтоогдсон учир Аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хассан болно. Иймд иргэн С.Насанбатын Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасныг баримтлан С.Насанбатын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.Насанбатыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 19 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13-т заасныг хэрхэн ойлгож хэрэглэхээс энэхүү маргааны шийдэл хамаарч байна. Хариуцагчийн “ерөнхийгөөс тусгай руу” гэсэн хууль хэрэглээний зарчмыг баримтлах ёстой гэж үзэж байгаа. Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны зүгээс нэр дэвшигч С.Насанбатын ажлын тайлан гэсэн ном болон товхимол нь сонгуулийн сурталчилгааны материал гэж үзэж байна. Нөгөө талаар 77 дугаар зүйлийн гарчиг нь өөрөө “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, түгээх, хүргэх” гэсэн байгаа. Эндээс дүгнэхэд нэр дэвшигч Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүний ажлын тайлан нь өөрөө сурталчилгааны материал мөн болох нь маргаангүй тогтоогдож байна. Хуулийн энэхүү 77 дугаар заалтаар нэг нэр дэвшигчийн өөрийгөө сурталчлах тараах материал, сонин, товхимол зэрэг сурталчилгааны материалын нийт хэмжээг тогтоож өгсөн бөгөөд нэр дэвшигчийн ажлын тайланг тэрхүү хэмжээнээс хасаж тооцож болохыг зааж өгсөн юм. Түүнээс биш ажлын тайлан бол сурталчилгааны материал биш гэж заагаагүй. С.Насанбатыг хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.2-т заасан “зөвшөөрсөнөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх” зөрчлийг гаргасан гэж Сонгуулийн хороо үзсэн нь үндэслэлтэй. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хуульд үндэслэсэн байх ёстой. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлаагүй, зөвхөн тоочиж хэлсэн. Үүнийг нотлох баримтыг шинжлэн судалсан гэж үзэх боломжгүй.  Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шийдвэрийн үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

          Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны “Нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох тухай” 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 19 дүгээр тойрогт С.Насанбатыг Монгол Ардын намаас нэр дэвшигчээр бүртгэсэн байх ба мөн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “хуульд зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн” гэх үндэслэлээр С.Насанбатыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч С.Насанбат нь дээрх Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Тодруулбал,

         Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг хуулийн 158 дугаар зүйлд заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл бүртгэсний дараа илрэх тохиолдолд нэр дэвшигчийг хасах тухай, 159.2-т “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг нэр дэвшигчээр бүртгэсний дараа хуульд тусгайлан заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчийг хасах тухай зохицуулалт гэж тус тус ялгамжтай ойлгоно.

         Харин Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх”-ыг гэж тодорхойлсноор мөн хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх шаардлагатайг хуульчилж өгчээ.

         Гэтэл хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д “энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх; 70.5.2-т “зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх” гэж заасныг зөрчсөн эсэхийг шүүх тогтоогоогүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж нэхэмжлэгч С.Насанбатыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “хууль дээдлэх” зарчимд нийцэхгүй байх ба хууль буруу хэрэглэж гарсан аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байна.

           Захиргааны хэргийн шүүх нэр дэвшигчийг сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил гаргасан эсэхийг тогтоох эрх хэмжээ байхгүй тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.2-т заасан зөрчлийг нэр дэвшигч гаргасан эсэх,  Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.13-т заасныг хэрхэн ойлгох талаар дүгнэлт өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

           Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

            Харин шүүх шийдвэрийнхээ “Тогтоох” хэсэгт хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулсан ба нэр дэвшигч С.Насанбатыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсоноор хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болох сонгуулийн санал хураалтад оролцох боломжоор хангах үүрэгтэйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “159 дүгээр зүйлийн 2” гэснийг “3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

           3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН