Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

  2022          02             22                                          2022/ШЦТ/65

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, Ч.Будхүү,

Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-а, Э.Э- нарт холбогдох эрүүгийн 2138000000599 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Д.Г.

Монгол Улсын иргэн, Э.Э.

Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух хаягтай А.Ү-гийн хашаанаас 207 ширхэг арматурын катан төмрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 517.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух А.Ү-гийн хашаанаас 207 ширхэг арматурын катан төмрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 517.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах гэмт” хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

- Хохирогч А.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эзэнгүй орхиод өнөөдөр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ ирэхэд гялгар цаасанд боож скочдсон катан төмрөөс 207 ширхэг төмөр дутсан байсан учраас цагдаад хандсан. Мөн тухайн төмрийг гэрийнхээ ойролцоо хайхад манай хашааны цаад талын хашаанд усны тэрэгний мөр гараад явсан байсан. Мөн манай дүү С-г манайд очих үеэр манай цаад талын айлын манай гэрийн хажуунаас буюу тухайн катан төмөр байсан газраас эд зүйл хашаа давуулаад өөрийнхөө хашаа руу шидээд байсныг харсан байсан. ...Алдагдсан катан төмрийн хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

- Гэрч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эгч Ү-гийн гэрээр орохоор очтол гэрийнх нь гадаа үл таних эрэгтэй хүн урт цагаан гялгар ууттай зүйл хашаа давуулж шидэх гээд байх шиг байсан. Би тэр хүнд хандаж “та юу хийгээд айлын хашаанд явж байгаа юм бэ” гэхэд тэр хүн “ах нь хашаа давах гэсэн юм аа” гэж надад хэлсэн. Манай эгчийн гэрт хүн байхгүй цоожтой байсан. Удалгүй эгч ирээд нөгөө гялгар ууттай зүйлийг үзээд зөндөө төмөр байхгүй болчихсон байна, хэдхэн төмөр үлдсэн байна гээд шууд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Манай эгчийн хашаанд дээрх хүн ганцаараа л байж байсан. Харин нөгөө талын хашаа руу ороход цаанаас нь бас нэг үл таних хүн хаалгыг нь онгойлгож өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

- Гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 сарын 27-ны орой намайг гэртээ байж байтал урд айлын залуу манай гэрийн хаалгаар шагайснаа “усны тэргээ өгчихөөч усанд явчихаад ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд усны тэргээ өгөөд явуулсан. Тэгээд тэр орой нь усны тэргийг минь гадаа авчраад тавьчихсан байсан. Би өчигдөр орой ажлаасаа ирсэн чинь манай эхнэр надад хэлэхдээ “урд талын айлын хоёр хүн өнөөдөр дахиад манай усны тэргийг ус авна гэж хэлээд авсан” гэж хэлж

байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

- Гэрч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр М- гарч хараад ...хоёр хүн усны тэргэн дээр юм бүтээсэн явж байна гэсэн. Юу ачиж явна гэхэд төмөр зүйл байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Мөрөн сумын 14 дүгээр байх гэртээ 10 сард Д.Г-, Э.Э- нарын хамт архи уусан. Тухайн үед би дэлгүүр явчихаад ирсэн чинь манай гэрийн гадаа хоёр эмэгтэй зогсож байсан. Би юу болсон талаар асуухад тэр хоёр эмэгтэй надад “хоёр эрэгтэй хүн төмөр аваад явчихлаа” гэж Д.Г-, Э.Э- хоёрыг хэлээд байсан. Би гэр рүүгээ ороод Э.Э-аас “та хоёр юун төмөр авчихсан юм бэ” гэж асуухад Э.Э- надад “бид хоёр хажуу хашаанаас төмөр аваад зарсан юм” гэж хэлж байсан. ...Э.Э- гэрийн гаднаас “Д.Г-а ахаа цагдаад намайг төмөр авсан гэж битгий хэлээрэй” гэж хэлээд яваад өгсөн. ...Намайг дэлгүүр явчихаад ирсэн чинь Д.Г-а, Э.Э- хоёр хажуу айлаас төмөр хулгайлаад зарчихсан гэдгээ надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Э.Э- дэлгүүр орж утсаа цэнэглэнэ гээд гарсан. Араас нь Д.Г-а ах усанд явна гээд гарсан юм. Э- эгч бид хоёр хоолоо хийчихээд байж байсан. Э.Э-, Д.Г-а нар ирэхгүй удаад байхаар нь бид хоёр яачихав гэж бодоод худаг руу очиход тэр хоёр худгаас ус авчихсан урдаас ирж байсан. Би нөхөртэйгөө цагдан хорих байранд эргэлтээр уулзахад манай нөхөр надад “Д.Г-а ах бид хоёр төмөрний асуудалд орчихлоо” гэсэн. Д.Г-а ах бас надад “хажуу айлын төмөрний асуудалд орчихлоо” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

- “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2145617200538 дугаартай: “...арматурын 207 ширхэг катан төмрийн үнэлгээг 517.500 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Э.Э-ын хамт хажуу айлын хашаан дотроос төмөрнүүдийг хулгайлж авсан. Тэр төмрүүдийг Э.Э- усны тэргэн дээр түрээд нэг газар аваачиж зарсан. Би хаана зарсныг нь мэдэхгүй, бас хэдэн ширхэг төмөр хулгайлснаа ч мэдэхгүй байна. Төмрүүдийг зарж мөнгөтэй болоод архи худалдан авч уусан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Г-а ах “энэ төмрүүдийг түүхий эд авдаг газарт аваачиж зараад чиний данс руу мөнгийг нь хийчихье” гэж хэлээд надтай хамт яваад 10 дугаар хороонд байх үл таних залууд 30.000 төгрөгөөр зараад мөнгийг нь миний данс руу хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-ын: “...Би тухайн төмрүүдийг авсан нь үнэн гэхдээ зарсан газраа мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Г.Д.Г-а ахынд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хоол идэхээр эхнэрийн хамт очсон. Г.Д.Г-а ах энд ойрхон барилгын хаягдал төмөр байгаа аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд би дэлгүүр орж утсаа  цэнэглэх гээд гэрээс гараад явж байсан чинь  удалгүй  усны тэрэг дээр орны бүтээлэгтэй юм тавьчихсан дээр нь усны хоёр шар сав тавиад урдаас ирээд хоёулаа энэ барилгын хаягдал төмрийг төмөр авдаг газар аваачиж өгье гээд хамт явсан. Би карттай байсан учраас миний данс руу мөнгө хийгээд авъя гэхээр за гэсэн чинь 30,000 төгрөг хийсэн байсан. Тэгээд 10,000 төгрөгөөр нь дэлгүүр орж архи, пиво худалдаж аваад гэрт нь ирсэн. Г.Д.Г-а ах бид хоёр хоол идэх гээд сууж байтал хоёр эмэгтэй хүн ирээд “яагаад манай хашаанаас төмөр хулгайлаад байгаа юм бэ та сая манай хашаанд зогсож байсан” гэж Г.Д.Г-а ахад хэлээд цагдаад дуудлага өгнө гээд тэр хоёр эмэгтэй гараад явсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Г-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Э.Э-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-67 дугаар хуудас/,

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/,

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нараас авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, хохирогчийн эд хөрөнгөө хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нар нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч А.С-, Л.М-, Т.Э-, Д.Э-, Д.Г- нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух хаягтай А.Ү-гийн хашаанаас 207 ширхэг арматурын катан төмрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 517.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах гэмт” хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/, хохирогч А.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, “Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №2145617200538 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-42 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г-ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нарын мэдүүлж байгаа “...зарж борлуулан архи уух гэж хулгай хийсэн” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нарын хувьд амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох, иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг байдал, эд хөрөнгөө хайхрамжгүй байдлаар орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух хаягтай А.Ү-гийн хашаанаас 207 ширхэг арматурын катан төмрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 517.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрсдийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна. 

Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “...уг гэмт хэргийг би үйлдээгүй” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: ...Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ үйлдсэн гэх үйл баримт тодорхой тогтоогдоогүй, ...шүүгдэгч Э.Э-ын хувьд гэрч Л.М-, Т.Э-, А.С-, хохирогч А.Ү- нарын мэдүүлгээр гэм буруугүй болох нь тогтоогдож байна. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтыг баримталж шүүгдэгч Э.Э-т ашигтайгаар тооцож шийдүүлэх” хүсэлтийг гаргаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч А.С-гийн мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч Д.Г-ын мэдүүлэг /хх-ийн 29-30х/, гэрч Д.Э-н мэдүүлэг /хх-ийн 38х/, гэрч Д.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 40х/, шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52х/, шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э- нь шүүгдэгч Д.Г-тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод оршин суух А.Ү-гийн хашаанаас 207 ширхэг арматурын катан төмрийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 517.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Э.Э-ын дээрх үйлдлийг үгүйсгэх, цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Э.Э-ын хувьд хулгайн эд зүйл гэдгийг мэдэж байсан боловч хамт явж заралцсан, зарж борлуулсан орлогыг өөрийн дансаар хүлээн авч, дэлгүүрээс эд зүйлсийг худалдан авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдэх талаар ...урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Э.Э-, Д.Г- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 517.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Ү-: “...Алдагдсан катан төмрийн хохирлыг барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/ хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-, Э.Э- нараас тус бүр 258.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Ү- (...)-д олгох нь зүйтэй байна.  

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-, Д.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Г-д 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлөөгүй байдал, шүүгдэгч Д.Г-ын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, шүүгдэгч Э.Э-ын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшихгүй байгаа байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Э-, Д.Г- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүгдэгч Э.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ял эдэлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, мөн зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 60 хоногийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний эрх чөлөөг тодорхой хугацаагаар, эсхүл бүх насаар нь хязгаарлаж нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгахыг хорих ял гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч Д.Г-, Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-т тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан,

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Ч.Будхүүгийн: “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э-, Д.Г- нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г-, Э.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 700 (долоон зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Э-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 60 (жар) хоногийн хугацаагаар хорих ялд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 (найм) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 (арав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 10 (арав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-, Э.Э- нараас тус бүр 258.500 (хоёр зуун тавин найман мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч А.Ү- (....)-д олгосугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.Э-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР