Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          02             25                                            2022/ШЦТ/68

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-ид холбогдох эрүүгийн 2138000000495 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн, Ж.Б.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ж.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай иргэн Ч.Б- байшингийн хаалганы рамны модыг эвдэж, хууль бусаар нэвтрэн хагас автомат угаалгын машин, халуун тогоо, 3 килограмм үхрийн мах, 500 грамм үхрийн борц, 1 килограмм үхрийн сүү, 300 грамм аньс жимс, 2 килограмм сүүлний өөх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 265.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Б-ын байшингийн хаалганы яс модыг эвдэж, хууль бусаар нэвтрэн хагас автомат угаалгын машин, халуун тогоо, 3 килограмм үхрийн мах, 500 грамм үхрийн борц, 1 килограмм үхрийн сүү, 300 грамм аньс жимс, 2 килограмм сүүлний өөх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 265.000 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 18 цагийн үед ажил дээрээ байж байтал манай баруун талын хөршийн охин манай охин руу утсаар дүрст дуудлага хийгээд “танай угаалгын машин байшингийнхаа гадна байна, байшингийн чинь хаалга эвдэрсэн байна, гадаа чинь мах, халуун тогоо зэрэг гаргаад тавьсан байна, та хоёр гэртээ ирэхгүй бол танайд хулгай орсон байна” гэж хэлээд манай охин руу гадаа байгаа эд зүйлсийн зургийг дарж явуулсан байсан. Тэгээд би шууд гэртээ явж очиход манай урд талын хашааны залуу Х- барьж авсан байсан. Тэр залуу бас урд гудамжны айлын хашаанаас хулгай хийх гэж байхад нь барьж авсан гэсэн. Тэр хулгай хийсэн гэх залуу нь намхан, барзгар хар царайтай, бараан хувцастай залуу байсан бөгөөд архи уусан бололтой байсан. ...Би тухайн үед гаргаж тавьсан байсан эд зүйлсээ авсан. ...нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15 дугаар хуудас/,
  • Арван дөрвөн насанд хүрээгүй гэрч Н.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 10 сарын 03-ны өдөр зүүн талын хамар хашааны эгчийн хашаа руу харахад хаалга нь эвдэрсэн угаалгын машин нь байшингийнхаа гадна талд байсан. Тэгэхээр нь би хажуу талын хашааны эгчийн охин руу залгаж “та нар ирсэн юм уу, угаалгын машин чинь гаднаа байна, хаалга чинь эвдэрсэн байна” гэж хэлсэн. Тэгээд дараа нь том хүн ирэхээр нь орж харахад цонхнууд нь онгорхой байсан бөгөөд байшингийн гадаа цонхны дор халуун тогоо, мах зэрэг эд зүйлс гаргаж тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
  • Гэрч Р.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хойд хашаа руу

түлээ буулгахаар ороход байшингийн үүдэнд нэг жижиг биетэй барзгар царайтай эрэгтэй хүн сууж байсан бөгөөд угаалгын машин гаргаад тавьчихсан байсан. Би хойд айлын эгчийн хамаатны хүн нь ирсэн юм байх гэж бодоод өнгөрсөн. Тэр хүнтэй ямар нэг зүйл яриагүй. Тэгээд түлээ буулгаж дуусаад гэртээ орж ирээд байж байтал хойд хашааны эгч залгаад манайд хулгай орсон байна хүнийг нь бариад аваач гэхээр нь би гарч нөгөө хүнийг хайхад манайхаас баруун тийш 2 хаалганы орчим айлын хашаа руу орж явсан. Хойноос нь очиход тэр хашаан дотор байсан машиныг эргүүлж тойруулж үзээд хулгай хийх гэж байгаа юм шиг харагдсан. Би тэр залууг барьж аваад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

  • Хохирогч Ч.Б-ын хулгайд алдсан 1 ширхэг хагас автомат угаалгын машиныг 100.000 төгрөгөөр, 1 ширхэг халуун тогоог 85.000 төгрөгөөр, 3 килограмм үхрийн махыг 30.000 төгрөгөөр, 500 грамм үхрийн борцыг 20.000 төгрөгөөр, 1 килограмм үхрийн сүүг 1.500 төгрөгөөр, 300 грамм аньс жимсийг 4.500 төгрөгөөр, 2 килограмм сүүлний өөхийг 24.000 төгрөгөөр, нийт 265.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой Д.Өнөбатын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай: “...Шинжилгээнд тэнцсэн гарын мөрнүүд нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн З-н Ж.Б-ийн зүүн гарын алганы дардастай эхлэл төгсгөл, нийлэлт, салаалалт, нүд зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна" гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-37 дугаар хуудас/,
  • Шинжээч Д.Өнөбатын: “...Миний гаргасан дүгнэлт мөн. Таны үзүүлж байгаа зураг дээр Жачин овогтой Ж.Б- гэдэг хүн мөн байна. Манай санд зурагтайгаа хадгалагдсан байдаг. Манай сан дээр З овогтой Ж.Б- гэж бүртгэгдсэн байсан учир би сангийн бүртгэл дээр байгаа овгийг нь дүгнэлтэд бичиж тусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Миний санаж байгаагаар нэг мэдэхэд би айлын байшингаас угаалгын машин бариад гарч байсан. Угаалгын машин гаргаж тавиад дахиж ороод хөлдөөгчийг нь уудлаад жижиг сажиг зүйл авсан байхаа. Мөн сервант дээр нь халуун тогоо ч юм уу нэг зүйл байсныг би авч гаргаж тавьсан. ...тэгээд гарч яваад гудамжны урдуур тойрсон. Тэгж яваад нэг танихгүй залууд баригдсан. Тэр залуу намайг барьж аваад “чи айлын үүд эвдчихлээ шүү” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Ж.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-58 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, хохирогч өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б- ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Б-ын байшингийн хаалганы яс модыг эвдэж, хууль бусаар нэвтрэн хагас автомат угаалгын машин, халуун тогоо, 3 килограмм үхрийн мах, 500 грамм үхрийн борц, 1 килограмм үхрийн сүү, 300 грамм аньс жимс, 2 килограмм сүүлний өөх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 265.000 төгрөгийн хохирол учруулан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13, 15 дугаар хуудас/, арван дөрвөн насанд хүрээгүй гэрч Н.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Р.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой Д.Өнөбатын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 180 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-37 дугаар хуудас/, шинжээч Д.Өнөбатын мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Мөн шүүгдэгч Ж.Б-ийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.

Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч Ч.Б-ын байшингийн хаалганы яс модыг эвдэлж нэвтрэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 265.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.Б-нь: “...Би тухайн үед гаргаж тавьсан байсан эд зүйлсээ авсан. ...нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 15х/ гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хавтаст хэрэгт эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд гарсан үнэлгээчний ажлын хөлс болох 30.000 төгрөгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 28х/, “Ихэрмөрөн” ХХК-ийн нэхэмжлэх /хх-ийн 29х/ хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 30.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр 2021 оны 10 дугаар сарын 03-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Ч.Б-ын байшингийн хаалганы яс модыг эвдэж, хууль бусаар нэвтрэн хагас автомат угаалгын машин, халуун тогоо, 3 килограмм үхрийн мах, 500 грамм үхрийн борц, 1 килограмм үхрийн сүү, 300 грамм аньс жимс, 2 килограмм сүүлний өөх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 265.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 54х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-58х/-аар тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Б-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.Б-ид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээ 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх хүсэлт зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Б- нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс шүүгдэгчээр цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-ийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ид оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 30.000 (гучин мянга) төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭРДЭНЭ-ОЧИР