Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01731

 

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01731

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, иргэдийн төлөөлөгч Х.Баатарыг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, П.Жасрайн гудамж …тоот өөрийн байранд байрлах “Наранбулаг трейд” ХХК-ийн,

         Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчдийн .., өөрийн байранд байрлах “Алтандөл” ХХК-д холбогдох,

         Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 6 дугаар хороо … тоотод байрлах, орон сууц ашиглалтын “Ксимс” ХХК

         45 метр бохирын шугам, засвар үйлчилгээний 4 худгийн өмчлөгчөөр тогтоож, бохирын шугамыг салган, “Алтандөл” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчлийн өмнөх байдлыг сэргээх үндсэн нэхэмжлэлтэй,

         Худагт засвар, үйлчилгээ хийлгээгүйгээс учирсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, Н.Бямбасүрэнгийн газрыг оролцуулан бохирын шугам татсан болохыг тогтоолгох, нийтийн эзэмшлийн шугам хоолойд засвар, үйлчилгээ, өргөтгөлийг саадгүй хийлгэхийг “Наранбулаг трейд” ХХК-д даалгах тухай “Алтандөл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын захирал С.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ёндонжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа /ШТҮД:1011/, хариуцагч байгууллагын захирал Р.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /ШТҮД:1270/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байгууллагын захирал Г.Баасанжав нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         “Наранбулаг трейд” ХХК-ийн эзэмшлийн Нийслэлийн газрын албаны 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/387 тоот шийдвэртэй, 000306063 дугаартай гэрчилгээгээр баталгаажсан газарт байрлах, тус компанийн өмчлөлд бүртгэгдсэн бохир усны 45м шугам, засвар үйлчилгээний 4 худагт “Алтандөл” ХХК нь манай байгууллагад мэдэгдэлгүй, хулгайгаар өөрийн барьсан орон сууцны 3 барилгын бохир усыг холбож, их хэмжээний бохир усыг газрын хөрсөнд шингээж, 2011 оноос эхлэн одоо болтол холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. “Алтандөл” ХХК-ийг Газрын болон байгаль орчны тухай хууль зөрчиж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж шалгуулахад тус компанийг их хэмжээний бохир ус газрын хөрсөнд алдаж Байгаль орчны хууль зөрчиж байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Иймд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаа байгууламж болох “Алтандөл” ХХК-ийн бохир усны шугам хоолойг салгаж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг даалгах, 2011 оноос өнөөг хүртэл тус компанийн эзэмшлийн шугам хоолойг ашигласан нөхөн төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч “Алтандөл” ХХК нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

         Манай компани 1995 онд хуучнаар Төмөр замын халуун усны объект буюу “Ган зам” ББХК-ийн нэг хэсгийг дулаан бохирын системтэй нь хамт худалдаж аван 2008 он хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд одоогийн ашиглаж байгаа бохирын хоолой худаг зэргийг ашиглан цэвэр ус бохирын төлбөрөө холбогдох газарт нь төлж байсан. Уг бохирын шугам хоолой нь манай компани болон “Ган зам” ББХК-ийн хамтын эзэмшлийн шугам байсан. Гэхдээ энэ үеүдэд хоолой ашигласны төлбөрийг УСУГ-т төлж ирсэн. “Наранбулаг трейд” ХХК нь 2003 онд “Ган зам” ХХК-ийн байранд анх байгуулагдсан. 2006-2008 оны хооронд “Алтандөл” ХХК нь өөрийн эзэмшил газар болон “Ган зам” ХХК-ийн нэг гишүүн Л.Шанзбаатарын өв залгамжлагч Н.Бямбасүрэнгийн газрыг оролцуулан шинээр орон сууцны цогцолбор барих төлөвлөгөө захирамж гаргуулан хуучин 1955 оноос хойш ашиглаж ирсэн “Алтандөл” ХХК болон “Ган зам” ХХК-ийн хамтран эзэмшиж байсан бохирын ф300 хоолойг тэр хэвээр нь ашиглахаар УСУГ-т хандаж зургийг дахин баталгаажуулж бохирын хоолойг хуучин байдлаар ашиглахаар болсон юм. Энэ үед “Наранбулаг трейд” ХХК нь мөн шинээр барилга барихаар бохирынхоо шугамыг Н.Бямбасүрэнгийн газрыг оролцуулан шинээр төлөвлөж, тусад нь шинээр хийсэн учраас бидний хуучин шугам “Наранбулаг трейд” ХХК-ийн шугамтай ямар ч хамааралгүй, саад болох ч зүйл байхгүй байгаа болно.

2011 онд “Алтандөл” ХХК Н.Бямбасүрэн нар анхны барилгаа ашиглалтанд оруулж өгсний дараа бохирын шугам удаа дараа бөглөрч байсан учир бид эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулахад хуучин зурагт заагдсан ф300-ын шугам “Наранбулаг трейд” ХХК-ийн эзэмшил газрын хэсэгт ф100-ын шугам болж нарийссан, худгийн суурь нь хоолойноос доор байрлалтай гэсэн дүгнэлт гарч, засварлах, өргөтгөх шаардлагатай гэсэн шаардлагыг бидэнд тавьсан болохоос газрын хөрсөнд бохироо их хэмжээгээр шингээсэн гэсэн дүгнэлт гараагүй. Харин, манай газар, манай эзэмшил гэдэг нэрээр нийтийн эзэмшлийн төхөөрөмжинд засвар үйлчилгээ хийлгэхгүй өнөө болтол нийтийг хохироож байгаа болно. 2011 онд анхны барилгаа улсын комисст хүлээлгэн өгсний дараа Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу тусгай эрх авсан байгууллага үйл ажиллагааг хариуцдаг учир дулааны шугам, цэвэр ус, узель, бохирын шугамын ашиглалтыг тэр үед “Ксимс” ХХК-д хүлээлгэн өгч, одоогоор тэд хариуцаж байгаа.

Дээрх учир шалтгаанаар маргаж буй бохирын шугам “Наранбулаг трейд” ХХК-ийн өмч биш, энэ хэсэгт үйл ажиллагаа явуулж буй оршин суугч нар болон “Алтандөл” ХХК, иргэн Н.Бямбасүрэн, магадгүй С.Цэрэндорж нарын дундын өмчлөлийн шугам болно. Гэхдээ С.Цэрэндорж шинээр бохирын шугам өөр газраар татсан учир дундын эзэмшлээс сайн дураараа гарсан гэж үзэх талтай. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрнө. Мөн бидний эзэмшиж байгаа талбай ч орон сууц гэдгээр нийтийн эзэмшил байх ёстой. Хуулийн зүгээс нь зөв дүгнэлт гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус компанийн захирал С.Цэрэндорж би 1990 оны эхээр Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн олон улсын болон орон нутгийн суудлын галт тэрэгний цагаан хэрэглэлийг угааж бэлтгэх ажлыг сайжруулан хэвийн ажиллуулах үүрэг авч, УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 167 тоот шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Октябрын районы АДХ гүйцэтгэх захиргааны 1990 оны 36 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ган зам” хоршооны мэдэлд угаалгын цех болон халуун усны газрыг өгсөнтэй холбогдуулан бохир, цэвэр усны худгуудыг хоршооны эзэмшилд авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн болно. Компанийн тухай хууль шинэчлэгдэн гарснаар 1996 оны 3 дугаар сарын 27-нд бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, хязгаарлагдмал хариуцлагатай “Ган зам” компанийн дүрмийг хэлэлцэн баталж, С.Ц Л.Шанзбаатар гэсэн 2 гишүүнтэй ХХК байгуулагдсан ба С.Цэрэндорж компанийн дүрмийн сангийн 60 хувь, Л.Шанзбаатар 40 хувийг эзэмшихээр тогтсон, Ерөнхий захирал нь би болсон.

“Ган зам” компанийг үүсгэн байгуулах тухай 1996 оны гэрээнд гишүүдийн дүрмийн сангийн хувь хэмжээг тогтоосныг үндэслэн 2004 онд өмч хөрөнгөө хувааж гишүүд тусдаа компани байгуулан гарцгаасан болно. Ингэж өмч хуваахад бохир усны 45м шугам засвар үйлчилгээний 4 худаг С.Цэрэндоржийн мэдэлд үлдэж, улмаар “Наранбулаг трейд” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болно. Гэтэл “Алтандөл” ХХК-ийн захирал Р.Батжаргал 2008 онд УСУГазраас авсан техникийн нөхцлийн 7 дугаар заалтыг “...төвийн бохир усны 1000мм-н шугамын худагт ХЕТ+-р баригдах орчны барилгуудтай уялдуулж холбох, алжын зургийн явцад зөвшилцөх” гэснийг зөрчиж, улмаар манай компанийн өмчлөлийн 300мм-н худагт хууль бусаар зөвшөөрөлгүй холболт хийсэн.

“Алтандөл” ХХК-ийн барилгуудын бохир усны гадна шугам сүлжээний “цуглуулах шугам” хоолой нь ашиглалтын шаардлага хангахгүй тул шаардлагатай арга хэмжээг авахыг мэргэжлийн бйагууллагууд удаа дараа шаардсан ч ямар ч арга хэмжээ авахгүй байсаар байна. Иймд анх “Ган зам” хоршооноос эхлэн өнөөгийн “Наранбулаг трейд” ХХК эзэмшиж байсан 45м бохирын хоолой шугам, засвар үйлчилгээний 4 худгийг “Алтандөл” ХХК нь хамтын эзэмшлийн гэж маргаж байх тул “Наранбулаг трейд” ХХК-ийн эзэмшлийн болохыг тогтоож өгнө үү. Манай өмчлөх, эзэмших эрхийг зөрчиж УСУГ-аас олгосон техникийн нөхцлийг зөрчсөн “Алтандөл” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, бохир усны шугам хоолойг салгаж, зөрчлийн өмнөх байдалд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа:

1995 онд “Алтандөл” ХХК нь “Ган зам” ББХК-иас бохир болон дулааны шугамд бүрэн холбогдсон үйлдвэрийн зориулалттай барилгыг худалдаж авсан бөгөөд энэ үеэс эхлэн маргалдаж буй бохирын 45м цуглуулах шугам нь хуучин хэрэглэгчид “Алтандөл” ХХК болон “Ган зам” ХХК-ийн дундын эзэмшлийн шугам учир нэг хүний өмчлөлд байх ёсгүй. “Наранбулаг трейд” ХХК нь 2006-2011 оны хооронд энэхүү дундын эзэмшлээс сайн дураараа гарсан. “Алтандөл” ХХК нь хуулийн дагуу эрх бүхий хангагч байгууллага болох УСУГ-ын албан ёсны зөвшөөрлийн дагуу бохирын шугамын холболт болон өргөтгөлийг хийсэн, “Наранбулаг трейд” ХХК-ийн дураар салгах асуудал хуульд заагдаагүй. Нэхэмжлэгч нь хожим хойно буюу 2006 онд газрын эзэмших эрхийг 1955 оноос доогуур нь бохир болон дулааны шугам, цэвэр усны шугам явж байсан газар дээр авсан. Иймээс уг 45м бохирын шугам 2006 оноос өмнөх хэрэглэгчдийн дундын эзэмшил байх ёстой. Дээрх үндэслэлээр одоо энэхүү шугам нь “Алтандөл” ХХК, иргэн өв залгамжлагч Н.Бямбасүрэн, мөн 250 айлуудын нийтийн эзэмшлийн шугам болно гэжээ.

Хариуцагч “Алтандөл” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал С.Цэрэндорж нь түрүүлж барилга барьсан гэдэг нэрийдлээр нийтийн эзэмшлийн бохир усны хоолойн засвар, шинэтгэл, өргөтгөлийг хийлгэхгүй, 2011 оноос хойш манай газар миний өмч гэдэг нэрийдлээр эсэргүүцэн манай компанийг хүндрэлд оруулсан. Үүнээс үүдэн нийтийн эзэмшил худгууд бөглөрч, оршин суугч нарын тав тухыг алдагдуулах, бөглөрөх асуудал удаа дараа гарч, түүний бөглөрөлтөөс бидний барьсан барилгын подвал бохироор халих, үүнээс үүдэн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм байнга алдагдаж байгаа болно. Дээрх бөглөрөлт нь “Наранбулаг трейд” ХХК-ийн барьсан барилга дээврийн болон талбайн борооны ус зайлуулах сувагчлал, зайлуулах хоолой хийгээгүйгээс үүдэлтэйгээр бохирын худагт суулт өгсөн байна гэсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг үндэслэн гэм хорын хохирлыг болон маргаан бүхий зарим асуудлаар “Алтандөл” ХХК-ийн зөрчигдөж буй эрхийг хамгаалах үүднээс: Нийтийн эзэмшлийн бохир усны шугаманд засвар шинэтгэл өргөтгөл хийлгээгүйгээс үүдэн үүссэн хохирол болох 6,000,000 төгрөг гаргуулах, цаашид 2013 онд засвар шинэтгэл хийж чадаагүйгээс үүссэн үнийн өсөлтийн зөрүү 4,000,000 төгрөг гаргуулах, “Наранбулаг трейд” ХХК нь өв залгамжлагч Н.Бямбасүрэнгийн газрыг оролцуулан бохирын шугам шинээр татсан болохыг тогтоож өгөх, хуучин ашиглагдаж байсан бохирын шугам, хүйтэн усны шугам, дулааны шугам дээр “Наранбулаг трейд” ХХК, өөрийн зээмшлийн барилгуудыг барьсан болохыг тогтоолгож, нийтийн эзэмшлийн шугам хоолойд засвар үйлчилгээ, өргөтгөлийг “Алтандөл” ХХК-ийг саадгүй хийлгэж байхыг “Наранбулаг трейд” ХХК-д даалгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК-ийн захирал С.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ёндонжамц, өмгөөлөгч Ж.Ариунаа нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Энэ 45 метр шугам 4 худгийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх байршил тодорхойгүй байна гэж тэмдэглэснийг манайх Улаанбаатар хотын газар доорхи шугам сүлжээний зургийн фондоос хэсэгчлэн авах эрхтэй байгууллагаар татуулж хавтас хэрэгт нотлох баримт болгон өгсөн. “Алтан дөл” ХХК манай хуучин шугамыг ашиглаж, хууль зөрчсөн хэргээс бултахын тулд 2004 онд энэ шугамыг шинээр бий болгосон мэт давж заалдах шатны шүүхэд худал тайлбар өгч, анхан шатны шүүхийн шийдвэрийг зориуд мушгин гуйвуулж тайлбар хийснийг энэ зургаар нотлон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсныг нотолсон байна.

Хэргийн 21, 22, 24, 25, 26 дугаар тал дахь цэвэр, бохир усны шугам байгуулалт техникийн нөхцөлөөс маргаан бүхий шугам, худаг нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК-ийн эзэмшлийн хэсэгт байршилтай байгаа нь ойлгомжтой тодорхой харагдахгүй байна гэжээ. УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын, Барилга орон сууцны 2 дугаар ангиас 1991 оны 8 дугаар сарын 29-ны өдөр “Ган Зам” Хоршоо худалдаж авсан өмчөөс 2004 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Л.Шанзбаатар 40 хувь С.Цэрэндорж 60 хувиар хувааж, тус тусдаа салсан. Л.Шанзбаатар өөрийн мэдлийн 40 хувиас үйлдвэрийн зориулалттай 265,44 метр квадрат байрыг 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баримтаар “Алтан дөл” ХХК-д өгсөн байдаг. Энэ баримтанд бохир усны шугам худаг өгсөн тухай байхгүй, “Алтан Дөл” ХХК-ийн өмчийн бүртгэлд бохир усны шугам худгийн бүртгэл байхгүй байгааг, анхан шатны шүүх үнэлсэн. Харин С.Цэрэндоржийн мэдлийн 60 хувийн эзэмшил газрын доор 45метр шугам, дээр нь 4 худаг байгааг Нийслэлийн засаг даргын А76 тоот захирамж, 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шилжсэн Нийслэлийн засаг даргын 541 дүгээр захирамж , кадастерийн зургууд, Улаанбаатар хотын газрын доорх шугам сүлжээний түүхчилсэн зургууд нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсныг нотолж байгаа. Л.Шанзбаатрын бохир усны шугам, худаг нь одоо Бямбасүрэнгийн эзэмшил газрын доор байгааг энэ зурган дээр нотолж байгаа, Харин “Алтан дөл” ХХК-ийн эзэмшил газарт, бохир усны шугам худаг байхгүй байхад Р.Батжаргал Анхан шатны шүүх буруу шийдвэр гаргасан гэж зориуд мушгин гуйвуулж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нотлох баримтгүй худал тайлбар өгч хууль зөрчсөнийг энэ зураг давхар нотолж байгаа. “Ган Зам” ББХК, гүйцэтгэх захирал С.Цэрэндорж гэж хуулийн дагуу баталгаажсан байхад “Алтан дөл” ХХК-ийн захирал Р.Батжаргал “Ган Зам” ББХК-ийн биш баланкыг ашиглан тамгыг нь дарж, өмчийн 60%-ийн эзэмшигчийн эрх цуцлагдаагүй байхад, миний оронд өөр хүнээр гарын үсэг зуруулж 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 тоот тодорхойлолтыг хулгайн аргаар бүрдүүлсэн тул наториат батлаагүй, хууль зөрчсөн энэ баримтыг манайх шүүх хурлын дараа шүүхийн криминалистикийн шинжилгээний газраар шалгуулж, цагдаагийн байгууллагад хандан, газрын эзэмшлийн асуудлыг тавина. Энэ хууль зөрчсөн баримтаар манай өмч газарт халдаж, хууль зөрчсөнийг Анхан шатны шүүх үнэлж манай талд шийдвэрээ гаргасан.

Манай эзэмшил газар буюу 3 барилгын дунд энэ шугам, трас ашиглагдаж байгаа, шинжээчийн дүгнэлтээр 6 метр шугамыг тусгаагүй байсан тул Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Жасрайгийн 1 дүгээр гудамж 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн кадастрын зураг, Нийслэлийн засаг даргаар 39 метр бохирын шугам, 4 худаг, манай эзэмшлийн 3 барилгын дунд трас холбосон байдаг тул 39 метр бохирын шугам, 4 худгийг манай өмчлөлийн болохыг тогтоолгох хүсэлтэй байгаа юм. "Алтан дөл" ХХК анхнаасаа манай шинээр хийсэн шугам дээр хөрөнгө оруулалт хийгээд, хөрөнгөө оруулалтаа хувааж гарган энэ шугамыг дундаа ашиглах боломжийг ашиглаагүй. 1956 онд хийгдсэн, ашиглах хугацаа дууссан шугам дээр 2  барилгын бохир усны  шугамыг шинээр хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул энэ үйлдлийг таслан зогсоолгох хүсэлтэй байгаа юм. Энэ хоолойг ашиглах боломжгүй гэдгийг Ус сувгийн удирдах газраас томилогдсон шинжээч тогтоосон. Одоо болтол “Наранбулаг трейд” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байдаг.  Ган зам гэдэг хоршоог С.Цэрэндорж ганцаараа хувьчилж авсан, хувьчлалаар хүлээлгэж өгсөн эд хөрөнгүүд нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Тэр эд хөрөнгүүдийг үндэслэн 2004 онд үндсэн хөрөнгийн бүртгэлдээ оруулсан баримт хэрэгт байгаа. Яагаад хөрөнгө нь байсаар байтал өмчлөгчөөр тогтоолгох гэж байна вэ гэвэл шүүхээр тогтоолгох хүсэлтэй байгаа юм. Манай компани энэ хөрөнгийг худалдаж авсан гэдгийг хариуцагч тал тоохгүй байгаа учир шүүхээр 45 метр бохир усны шугам, 4 худгийн өмчлөгч гэдгээ тогтоолгох шаардлага гаргасан.

Нийтийн барилга баригдаж холбосон гэдгээрээ нийтийн эзэмшлийнх болдоггүй юм. Г.Бямбасүрэн бол Л.Шанзбаатар гэдэг хүний эхнэр нь бөгөөд өмнө нь 1990 онд хөрөнгө хувааж байсан хоёр хүний нэг тал нь Г.Бямбасүрэн юм. Л.Шанзбаатар гуай нас барсан тул Г.Бямбасүрэн төлөөлдөг ба шүүх хуралдаанд оролцохыг хүсдэггүй. Учир нь С.Цэрэндоржтой найз нөхдийн холбоотой, дээр үеэс хойш бид бүх асуудлаа шийдээд болоод байсан. Г.Бямбасүрэнгийн газар дээр бохирын худаг тавьсныг тогтоолгох шаардлага нь “Алтан дөл” ХХК-ийн гаргах нэхэмжлэл биш юм. Г.Бямбасүрэн гэдэг хүн өөрөө эрх ашиг нь зөрчигдөж байна гэж үзвэл нэхэмжлэл гаргах эрхтэй.

Сөрөг нэхэмжлэлийг ажил хийлгэх гэж төлсөн компаниасаа шаардах эрхтэй. Энэ 6,000,000 төгрөг төлсөн төлбөрөө “Наранбулаг трейд” ХХК-иас нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Шинээр 17,000,000 төгрөгийн үнэтэй худаг татсан баримт нь хэрэгт авагдсан. “Алтан дөл” ХХК 164/08 дугаар техникийн нөхцлийн дагуу тухайн үед буюу 2004 онд хийх ёстой байсан гэдгийг нотолж өгсөн. Өөрөөр хэлбэл 29,29-1, 28 дугаар барилгуудаа техникийн нөхцлийн дагуу худгаа бариад 3 байрныхаа холболтыг Ф1000-н шугамд холбох байсан гэдгээ батлаад өгсөн. Эхний 2 барилгаа 1956 оны хуучин шугам руу холбочихоор ачааллаа дийлэхгүй байгаа. Ийм учраас шинэ шугам хийж Ф1000-н шугамд холбосныхоо мөнгийг нэхээд байгаа юм. Барилга хэвийн ашиглах нөхцөл бүрдүүлэх зүйл хийснийгээ бусдаас нэхэмжлэх эрх байхгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Хариуцагч “Алтандөл” ХХК-ийн захирал Р.Батжаргал, өмгөөлөгч Б.Энхтүвшин нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“Наранбулаг трейд” ХХК шинээр барилга барих гэж байсан учир шинээр шугам бариулахаар техникийн нөхцөл авч, ажлын зураг баталгаажуулан шинэ шугам холбосон байдаг. Тийнхүү ажлын зураг баталгаажуулахдаа хуучин 300 мм өргөнтэй вааран шугам байгаа учраас зайлуулах шугамыг шинэчлүүлэхгүйгээр 2 гаргалгаа хийж ажлын зургийг эрх бүхий байгууллага баталгаажуулж өгсөн. Энэ үед Ус сувгийн удирдах газар “Наранбулаг трейд” ХХК-д шинээр зайлуулах шугам хийж өгсөн чөлөөтэй хэрэглэ гэсэн тул бид хулгайгаар холбосон зүйл байхгүй. 1990-2008 он хүртэл энэ шугамыг бид дундаа хэрэглэж байсан. Гэтэл нэг өдөр анхны барьсан барилгын бохирын шугам бөглөрөхөөр би энэ бөглөрлийг тодорхойлж өгөөч гэж Ус сувгийн удирдах газарт албан бичиг өгөхөд хариу шаардах хуудас өгөхдөө шинэчилж өөрчил гэсэн. Иймд бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бөглөрлийг нарийн тогтоолгохоор хандахад “шугамын өргөн болж байна. Шугаман дээр байгаа 4 худагны 2 нь доош суулттай болсон тул янзлах шаардлагатай” гэж, мөн “Наранбулаг трейд” ХХК-д нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж өг гэсэн байдаг. Эргэн тойронд байшингууд баригдсан ба байшингийн дээврийн усны зайлуулалтын систем хийгээгүйгээс цугларсан ус нь доош шингэн хөрсийг зөөлрүүлж дээгүүр нь машин явж байгаа тул суулт өгсөн байгаа учир шинэчил” гэсэн үүрэг даалгаврыг хугацаатай өгсөн.

Үүний дагуу засвар үйлчилгээ хийх гэсэн боловч “Наранбулаг трейд” ХХК-ийн захирал “манай газрын доор байгаа худаг бидний өмч тул зөвшөөрөлгүй халдаж болохгүй” гэсэн. "Наранбулаг трейд" ХХК өөрсдөө Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргуулахад “... барилгын бохир усны шугам Ус сувгийн удирдах газрын олгосон техникийн нөхцлүүд нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 дахь хэсэгт заасан хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах заалтад нийцсэн байна. Дээрх 2 компаниудын барилгын бохир усны гадна шугам сүлжээнүүд нь техникийн нөхцөл, ажлын зургийн дагуу угсрагдсан байгаа нь Барилгын тухай хуулийн 15.1.1, барилга байгууламж барих газрын зөвшөөрөл авах техникийн нөхцөл бүрдүүлэх зураг төсөл захиалга, заалт тус тус нийцсэн байна гэдгийг шинжээч томилоход техникийн зураг зөвшөөрлийн дагуу хийгдсэн боловч хуучны ашиглалт хангахгүй байна...” гэж дүгнэсэн байдаг.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2 удаагийн дүгнэлтээр энэ шугамын бөглөрлийн талаар дүгнэлтээ гаргасан. Үүнийг “Наранбулаг трейд” ХХК хөрсөнд ус алдсан, хөрсөнд бохирдол үүссэн гэж дүгнэдэг. Барилга байгуулалтын тухай хуулинд бохирын шугам барилгаас 5 метрээс гадагш байрлалтай байх ёстой гэснийг ажлын зураг хангаж байгаа. Хэрэв 5 метрээс дотогш байвал суурийг гэмтээх боломжтой. Зөвшөөрөгдсөн техникийн нөхцөл зургийн дагуу өмнөх шугамаа бид 13 жил маргаангүй дундаа ашигласан байдаг. Орон сууц, нийтийн үйлчилгээний зориулалттай барьсан байгууллагууд дулааны шугам, усны шугам эсэхээс үл хамаарч, шинээр ашиглалтад оруулсны дараа шууд эрх бүхий байгууллагад албан ёсоор хүлээлгэж өгнө гэсний дагуу бид энэ шугамыг конторт хүлээлгэж өгсөн. 2013 оны 8 дугаар сард бид суусан худгаа засуулъя гэж мэргэжлийн байгууллагатай гэрээ хийж 6,000,000 төгрөг өгөөд янзлах гэтэл өмчлөл тогтоогдоогүй тул янзлах боломжгүй гээд хойш тавиулсан. Конторт хүлээлгэж өгөөд бохир усны шугамын төлбөрийг эрх бүхий контор хэрэглэгчдээс, мөн манай байгууллагаас авч байгаа. Манай байгууллага бохир усны талаар хэрэглэгчтэй хийсэн гэрээ байхгүй. Би хуулийн дагуу хүлээлгэж өгсөн тул  энэ шугамыг тасдаж болохгүй юм. Энэ шугам бид гурвын дундын өмчлөл байсан бол одоо нийтийн эзэмшлийнх болохыг тогтоож өгөөч гэж хүсч байгаа юм.

Энэ шугамыг засахад “Наранбулаг трейд” ХХК-д ямар ч асуудал учруулахгүй. Бид засварын ажлыг хийе гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хэрэгт шинэ болон хуучин худгийн талаар баримт байгаа. Бид хуучин худаг, шугамын талаар маргаж байгаа. Шугам сүлжээ, худагны талаар тусгайлсан хууль буюу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар зохицуулсан. Энэ хуулинд өмчлөл нь ямар байх талаар заасан. Бид энэ хуулийн дагуу энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна. Мөн энэ хууль тогоомжийн биелэлтэд Мэргэжлийн хяналтын газраас Р.Батжаргалын хэлснээр хэд хэдэн дүгнэлтүүд гаргасан. Энэ дүгнэлтээр “Наранбулаг трейд” ХХК шинэ шугам татсан ба хуулийн дагуу шинэ шугамыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Төрийн өмч орон нутгийн өмчид шилжих ёстой гэдгийг хэлж байна гэсэн юм.

Энэ маргаан бүхийн “Алтан дөл” ХХК-ийн татсан шугам зураг төслийн дагуу хийгдсэн. Сүүлд авагдсан шинжээчийн дүгнэлтээр хүртэл зураг төслийн дагуу хийгдсэн гэдэг нь нотлогдсон. Ганц хөрс нь суулт өгөөд бохир доошоо орж чадахгүй бөглөрөөд байна гэдэг. Энэ бөглөрлийг бид засвар хийлгэх гэхэд саад болоод байгаа үйлдлийг таслах зогсоолгхоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр С.Цэрэндорж гуай “... шинэ худаг гаргахад надтай хамтарч мөнгө гаргаагүй, 1956 оны шугамыг хулгайгаар холболт хийсэн, хамтарч шинэ холболт хийгээгүйд гомдоод байна” гэж хэлж байна. Заавал бид энэ хүний шугамыг холбоход мөнгө гаргаж өгөх албагүй. 1956 онд тавигдсан шугам хоолойг бид өөрсдөө хийгээгүй юм. Бидэнд бохир ус зайлуулах шугам хэрэгтэй байна. Барилгын тухай хууль болон Ариутгах татуургын хуульд зааснаар бохир ус зайлуулах шугам хэрэгтэй байна гээд техникийн нөхцөл өгдөг. Үүнийг үндэслээд энэ хоолойг ашигла гэсэн ажлын зураг гарсан. Бид хоолойноос нь  хулгай хийгээгүй юм. Хуульд заасны дагуу техникийн нөхцөл болон зургийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Энэ нь зохих журмын дагуу ажлаа хийсэн тул, мөн өмчлөгч биш учраас эрхийг нь зөрчихгүй. Шинэ тавьсан хоолойгоор өмчлөлд шилжүүлэх ёстой гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Өнөөдөр өөрсдийн ойлголтоор мөнгө өөгөх ёстой, зөвшилцөх ёстой гэж хэлж байна. Өмнө нь ийм зүйл ярьж байгаагүй. Зөвхөн хууль зөрчсөн гэдэг асуудал яригддаг байсан. Л.Шанзбаатарын өмнөөс сэтгэж бодож бид чадахгүй. Жишээ нь нэг давхарт 3 айл амьдардаг байлаа гэхэд бүгд 1 шугамаар бохирын хоолой нь явах ёстой. Түрүүлж орсон айл нь зөвхөн манайх, эсхүл надад мөнгө өг гэж ярьж болохгүй. Нэг давхарт байгаа 3 айл нэг хоолойгоор бохир урсаж байгаа ба энэ нь 2002 оны хуулиар салгаж үл болох хөрөнгө юм. Энэ хөрөнгийг салгачихвал үл хөдлөх хөрөнгөтэй байхын хэрэг байхгүй шүү дээ. Бохиргүй газар бол балгас болно шүү дээ. Ийм 00-той байснаас гэр хороололд тусдаа 00-той үл хөдлөх хөрөнгөтэй байсан нь дээр шүү дээ. Үл хөдлөх хөрөнгийн орон сууцны үйлчилгээний зориулалт алдагдах гээд байгаа юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлээр 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа асуудал огт байхгүй. Арга буюу өөр шугам хоолойг 3 дахь барилга руу холбосон асуудал байгаа юм. Бидний сөрөг нэхэмжлэлд дурдаад байгаа үйл ажиллагаа хийлгээгүй гэдэг асуудлаар 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. 2013 онд байгуулагдсан гэрээнд Захиалагчаас болж ажил саатсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаахгүй гэсэн байгаа. Нэхэмжлэгч бол энэ хүн манай юмыг эвдэх гээд байсан учир засвар хийлгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага 39 метр шугам хоолой, 4 худаг буюу нэхэмжлэлийн үндэслэл болсон манай эзэмшил дээрх 4 худаг гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр 1 худгаас бусад нь нийтийн эзэмшил болон цэцэрлэгийн газар дээр байрлаж байгаа. Хэрэв 4 худгийн өмчлөгч гэж тогтоовол жишээ нь цэцэрлэг худаггүй болох нь байна. Нийтийн эзэмшил гэхээр Иргэдийн төлөөлөгчдийн хурал, эсвэл Дүүргээс гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх нь тодорхойгүй байна. Худгийг хувийн өмчлөлийн газар, амины орон сууц дээрээ өмчилж болно. Гэтэл олон хүнийг хамарсан орон сууцны барилга дээр холбогдох хуулинд зааснаар төрийн болон орон нутгийн өмч байх ёстой. 2005 он хүртэл бид эзэмшиж байсан, 1956 оны худгийг өмчилж авсан гэдэг тайлбар нь байж боломгүй ойлголт юм. Үл хөдлөх хөрөнгийг өмчилнө үү гэхээс биш бохир усны шугам хоолой бол өмчлөлийн зүйл биш юм. Эдгээр нь дагалдах эд анги бөгөөд өмчлөлийн гэрчилгээ гарахгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага бол огт үндэслэлгүй, зөвхөн өөрийн ойлголтоор мөнгө төлөх ёстой гэж шаардаж байгаа юм.  Сөрөг нэхэмжлэлийн хувьд бид зохих журам, зураг төслийн дагуу засвар үйлчилгээ хийж ашигламаар байна. Бид худаг болон бохирын шугамыг нийтийн эзэмшлийнх байх ёстой гэж тайлбарлаж байгаа ба “Наранбулаг трейд” ХХК нь засвар үйлчилгээ хийхэд саад болсон тул учирсан хохирлоо нэхэмжилж байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Гуравдагч этгээд “Ксимс” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон тус компанийн захирал Г.Баасанжав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

         Бид Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Алтандөл” ХХК-ийн барьж ашиглалтанд өгсөн “Алтан орд өргөө” хотхоны 29, 29-1, 29-2 дугаар байруудын нийт 180 айл, өрхийн орон сууцны ашиглалтыг 2013 оноос эхлэн хариуцан ажиллаж байна. Барилгын компани нь орон сууцны барилгыг барьж ашиглалтын байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд “Алтандөл” ХХК нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болох Ус сувгийн удирдах газраас олгосон техникийн нөхцөл, огтолгоо хийх гэрээ, бусад холбогдох зураг төсөл, норм дүрэм, журмын дагуу орон сууцуудыг барьж улсын комисст хүлээлгэн өгч, улмаар хангагчтай гэрээ байгуулан ажиллаж байгаад, манайд гэрээгээ шилжүүлсэн. Манай байгууллага тусгай зөвшөөрлийн хүрээнд бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд айл өрх, оршин суугчдын тав тухтай амьдрах байдлыг ханган ажиллаж байгаагийн хувьд маргаан бүхий бохирын шугам хоолойг салгах нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. УСУГ-аас техникийн нөхцөл нь олгогдоод, барилга баригдаж, улсын комисс хүлээн авч, иргэд оршин суугчид худалдан авалт хийн, тухайн орон сууцны өмчлөгчид болсон байгаа. Бидний ашиглалтыг нь хариуцаж байгаа тухайн орон сууцны байруудын бохирын шугам хоолойд салгалт хийвэл манай байгууллагын хуулиар олгогдсон ашиглалтын эрх зөрчигдөж, улмаар 180 айл өрх, оршин суугч, иргэдийн орон сууцны өмчлөл, хэрэглэгчийн эрх болон эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг үндсэн эрх зөрчигдөнө гэж үзэж байна. Манай байгууллага бохирын шугам хоолойн өмчлөлийн асуудал дээр оролцох зорилгогүй бөгөөд хуулиар олгогдсон эрх, үүргийн дагуу айл өрх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалж Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 19.3-д “ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөх эрх өөрчлөгдөх нь эдгээр барилга байгууламж, шугам сүлжээний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэл болгож байна. Хэрэв бохирын шугам хоолойг салгаж, айл өрх, оршин суугч, хэрэглэгчийн эрхэнд халдаж, хохирол учирсан тохиолдолд хохирлыг буруутай байгууллагууд хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд дээрх байруудын нийт оршин суугчид, айл өрхийн орон сууцны өмчлөлийн эрхийг хамгаалж, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 15.1.1-д “гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх...” гэж заасан хэрэглэгчийн эрхийг ханган оршин суугчдын эрх, ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК нь хариуцагч “Алтандөл” ХХК-д холбогдуулан, бохир усны шугам хоолойг салгаж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг даалгах, 2011 оноос хойш ашигласны нөхөн төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, маргаан бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 45м урт бохир усны шугам, засвар үйлчилгээний 4 худгийг өөрийн өмч болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэх шаардлага гаргажээ.

         Хариуцагч “Алтандөл” ХХК нь нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг аль алиныг эс зөвшөөрч маргах бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр, маргаан бүхий бохир усны засвар үйлчилгээний худагт засвар хийлгээгүйгээс учирсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, иргэн Н.Бямбасүрэнгийн газрыг оролцуулан бохирын шугам татсан болохыг тогтоолгох, нийтийн эзэмшлийн шугам хоолойд засвар, үйлчилгээ, өргөтгөлийг саадгүй хийлгэхийг “Наранбулаг трейд” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

         Шүүх дараахь үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

         Маргааны зүйл болох бохир усны 45 метр шугам болон засвар үйлчилгээний 4 худаг нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй талаар зохигчид хэн аль нь тайлбарлах бөгөөд, анх Улаанбаатар төмөр замын мэдэлд “халуун ус, угаалгын газрын барилга, тоног төхөөрөмж”-д хамаарч байгаад, 1991 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Үндсэн хөрөнгө хүлээлцэх комиссын акт”-аар 7 нэр төрлийн хөрөнгийг, тодруулбал: актын №6-д “уурын зуухны бохир ус зайлуулах шугам” нэрээр “Ган зам” ХХК-д худалдсан болох нь тухайн акт болон “УБТЗ” ХНН-ийн 2006 оны 1-108 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1-р хх 170,171,206/

         Нэхэмжлэгч тал дээрх хөрөнгийг “Ган зам” ХХК-иас “Наранбулаг трейд” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд шилжүүлсэн учир маргаан бүхий бохир усны шугам болон засвар үйлчилгээний 4 худгийн өмчлөгч “Наранбулаг трейд” ХХК байна гэж тайлбарлахдаа, 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо” гэх баримтыг нотлох баримтаар гаргаж, үүнийг үндэслэн шаардах эрх үүссэн гэж маргана.

Гэвч уг баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана” гэж, мөн хуулийн 14.4.2-т “бүх хөрөнгийг заавал бүртгэсэн байхыг шаардана” гэж тус тус заасанд үл нийцсэн бөгөөд, одоогийн байдлаар маргаан бүхий хөрөнгө “Наранбулаг трейд” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдсэн талаарх санхүүгийн тайлан болон бусад баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч хуульд заасны дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан болохоо баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

         Маргаан бүхий 1956 оны хуучин засвар үйлчилгээний худагт хариуцагч байгууллага бохирын шугамыг 2011 онд залгасан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох бөгөөд үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд дээрх шугам, засвар үйлчилгээний худаг “Наранбулаг трейд” ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эсэх нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, 2008 оны “Бүртгэлийн товчоо” гэх баримтаар энэ байдал бүрэн тогтоогдохгүй байна.

         Түүнчлэн, нэхэмжлэгч тал нь “Ган зам” ХХК-ийн нэр 2003 онд “Наранбулаг трейд” ХХК болж өөрчлөгдсөн, үүний дагуу “Ган зам” ХХК-ийн үндсэн хөрөнгө “Наранбулаг трейд” ХХК-д шилжсэн гэж тайлбарлан, Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга Х.Төмөрбаатарын тодорхойлолт, татварын улсын байцаагч Г.Бурмаагийн 2006 оны 2 дугаар сарын 13-ны тодорхойлолт, “Наранбулаг трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан. /1-р хх-40, 53/

         “Наранбулаг трейд” ХХК нь 2003 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд шинээр бүртгэгдсэн байх бөгөөд Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3/2866 тоот лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас  2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн 9/1128 тоотоор “Ган зам” ХХК нь 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үйл ажиллагаа эрхлээгүйн улмаас татан буугдсан гэх үндэслэлээр улсын бүртгэлээс хасагдсан болох нь бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул “Ган зам” ХХК нь “Наранбулаг трейд” ХХК болон өөрчлөгдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар няцаагдаж байна. /2-р хх-140, 1-р хх-67, 68/

         Үүнээс гадна, тус шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШТ2017/00118 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүхийн тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий Баянгол дүүрэг, П.Жасрайн гудамжинд байршилтай, газрын нэгж талбарын дугаараар хайлт хийж, “...нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны мэдээлэлд нэгж талбарын 18640310313129 дугаар бүхий 1810 м.кв талбайтай газар нь “Наранбулаг трейд” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18640310242146 дугаар бүхий 2406 м.кв талбайтай газар нь “Алтандөл” ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн ... “Наранбулаг трейд” ХХК-ийн гэх 4 худаг 45 м урт шугамыг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр тодорхойлоход 4 худгийг холбосон бохирын шугамын нийт урт 39м байна... бохирын шугамыг нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээлэлтэй давхцуулж үзэхэд:

1-ээс 2 дугаар худаг хүртэл 4м урт газар нь нийтийн эзэмшлийн газартай,

1-ээс 2 дугаар худаг, 2-оос 3 дугаар худаг хүртэл нийт 11м урт газар нь нэгж талбарын …дугаар бүхий 1191,3 м.кв талбайтай иргэн С.Анхбаярын нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэгдсэн газартай,

2-оос 3 дугаар худаг хүртэл 8м урт газар нь нийтийн эзэмшлийн газартай,

3-аас 4 дүгээр худаг хүртэл 12м газар нь нийтийн эзэмшлийн газартай,

3-аас 4 дүгээр худаг хүртэл 4м газар нь нэгж талбарын … дугаар бүхий “Цэцэрлэг”-ийн нэр дээр газар эзэмших эрхтэй бүртгэгдсэн газартай тус тус давхцаж байна” гэж дүгнэн, зурган мэдээллийг хавсралтаар хүргүүлжээ. /2-хх 215-230/

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий бохирын шугам болон засвар үйлчилгээний худгууд байрлах газар бусдын эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн газартай давхцаж байгаа талаар дүгнэсэн байх бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам, сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж заасны дагуу маргааны зүйл болох бохир усны шугам, засвар үйлчилгээний худгууд нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарах тул “Наранбулаг трейд” ХХК өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

         Иймд дээрх үндэслэлээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, П.Жасрайн гудамжинд байршилтай 45м урт бохирын шугам, засвар үйлчилгээний 4 ширхэг худаг зэргийн өмчлөгчөөр тогтоолгох, улмаар “Алтандөл” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхийг хүссэн “Наранбулаг трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

         Хариуцагч “Алтандөл” ХХК нь нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК-д холбогдуулан, маргааны зүйл болох бохир усны засвар үйлчилгээний худаг бөглөрөхөд засвар хийлгээгүйн улмаас учирсан хохиролд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 6,000,000 төгрөг, үнийн зөрүү 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж, засвар үйлчилгээ хийлгэхээр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргасан.

         Нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК-ийн ямар гэм буруутай үйлдлээс “Алтандөл” ХХК-д хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтаар болон дээрх баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байна.

         “Наранбулаг трейд” ХХК нь “Алтандөл” ХХК-ийг бохирын шугамд засвар үйлчилгээ хийлгээгүйгээс хариуцагчийн ямар эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй байх тул хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, нийтийн эзэмшлийн шугам хоолойд засвар үйлчилгээ өргөтгөлийг саадгүй хийлгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Түүнчлэн, нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК-ийг иргэн Н.Бямбасүрэнгийн эзэмшил газрыг оролцуулан бохирын шугамыг татсан болохыг тогтоолгохоор шаардах эрх хариуцагч “Алтандөл” ХХК-д олгогдоогүй бөгөөд, Н.Бямбасүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзсан учир хариуцагчийн гаргасан энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, П.Жасрайн гудамжинд байрлах 45м бохирын шугам, засвар үйлчилгээний 4 ширхэг худгийн өмчлөгчөөр тогтоолгон, “Алтандөл” ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх тухай нэхэмжлэгч “Наранбулаг трейд” ХХК-ийн үндсэн нэхэмжлэл,

“Наранбулаг трейд” ХХК-ийн худагт засвар, үйлчилгээ хийлгээгүйгээс учирсан хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах, Н.Бямбасүрэнгийн газрыг оролцуулан бохирын шугам татсаныг тогтоолгох, нийтийн эзэмшлийн шугам хоолойд засвар үйлчилгээ өргөтгөлийг саадгүй хийлгэхийг даалгах тухай хариуцагч “Алтандөл” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,150 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр уншин танилцуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд зохигчид хэрэв шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах журмаар годол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ                       А.САРАНТУЯА

ШҮҮГЧИД                       З.ДОРЖНАМЖИН

  Х.ЭНХЗАЯА