Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

Шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт С-ын З-ад холбогдох эрүүгийн 2107 00000 0271 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******л аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, халх, дээд боловсролтой, Уул уурхайн нөхөн сэргээлт мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 1, ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/,

******* овогт С-ын З.

 

            Холбогдсон хэргийн талаар:                                                                       

 

Шүүгдэгч С.З нь *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн амралтын газарт ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХХК-ийн ажилчид амрахаар өгсөн захиалгын урьдчилгаа төлбөр 1.400.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.126.000 төгрөг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н гэх хүний хуримын үйл ажиллагаа хийхээр өгсөн захиалгын урьдчилгаа төлбөр болох 2.500.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний 1.300.000 төгрөг нийт 7.326.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дугаартай данс руу шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч С.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуустал ажилласан. Ажиллаж байх хугацаандаа удирдах албаныхаа даалгасан ажлын хийж ирсэн. Ажлын хүртээмж өндөртэй ажиллаж ирсэн. 2021 оны 10 дугаар сарын 3 удаагийн урьдчилгаа мөнгийг авсан. Хамгийн эхний мөнгийг аваад цахим мөрийтэй тоглоом тоглож алдсан. Тэрийгээ олохын тулд удаа дараагийн ийм асуудал үүссэн. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....З нь манай жуулчны баазад рестораны зохион байгуулагчаар ажиллаж байсан. Жижиг захиалгуудыг аваад орой нь бид нартай тулгаж тооцоогоо хийдэг байсан. Энэ хэрэг гарахаас өмнө уг ажлыг хийдэг байсан. Шүүгдэгч сая хэлсэн. Эхлээд би мэдээгүй. Дараа нь шүүгдэгч цагийг нь тулгаж хэлж, төлбөр тооцоо нэхэгдээд ийм асуудал үүссэн. Манай компанийн зүгээс өртэй байгаа тул хохирол төлбөрөө яаралтай авмаар байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн гэм бурууг нотлохоор дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллага *******ны нутаг дэвсгэр Онгоцтын аманд үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр жижиг байгууллагын хүлээн авалт, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуримын хүлээн авалт зохион байгуулсан. Тухайн үед байгууллага учраас нэхэмжлэх бичиж өгөөд сүүлд тооцоо нь байгууллагаас хийгдэх байх гэж бодоод явуулсан. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тооцоог хуримын үйл ажиллагаа дууссаны төлбөрөө авах гэтэл танай ажилтны данс руу шилжүүлсэн гэхээр нь тодруулахад С.З нь өөрийн хувийн дансанд шилжүүлж авсан байсан. Тэгэхээр нь С.З гэх ажилтан дээрээ очоод өөрлүү чинь мөнгө шилжүүлсэн байна байгууллагын данс руу шилжүүл гэхэд дансанд нь мөнгө байхгүй учраас шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тооцоог С.З дансандаа шилжүүлж авсан байсныг сүүлд нь мэдсэн. Тэгээд би С.З гэх хүнийг мөнгө шилжүүлэхийг хүлээж байгаад өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-8-10/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагын 30 орчим ажилтан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амралтын газар амарч, хоноод явсан....2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгааг С.З гэх хүний данс руу байгууллагын данснаас 1.400.000 төгрөг шилжүүлж, захиалга баталгаажуулсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн амралтын газраас яваад 15-ны өдөр С.З гэх хүн рүү үлдэгдэл 2.126.000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан...” /хх-14-16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тухайн амралтын газарт очиж С.З гэх хүнтэй уулзаад захиалга өгөхөд данс руу урьдчилгаа байршуул гэхээр нь тухайн амралтын газар дотор байхдаа 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуримын үйл ажиллагаа болоод дууссаны дараа ойролцоогоор 22 цагийн орчимд тухайн амралтын газраас явахынхаа өмнө С.З гэх хүний данс руу үлдэгдэл 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн амралтын газарт нийт 3.800.000 төгрөгийн төлбөр төлсөн. З гэдэг хүний данс руу шилжүүлсэн...” /хх-19/ гэх мэдүүлэг,

 

Мөнгө шилжүүлсэн гэх тооцооны баримтууд /хх-37-39/,

Депозит дансны хуулга /хх-41-46/ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэгт гэм бурууг нотлуулахаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан: Хохирогч Д.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тооцоог хуримын үйл ажиллагаа дууссаны төлбөрөө авах гэтэл танай ажилтны данс руу шилжүүлсэн гэхээр нь тодруулахад С.З нь өөрийн хувийн дансанд шилжүүлж авсан байсан. Тэгэхээр нь С.З гэх ажилтан дээрээ очоод өөрлүү чинь мөнгө шилжүүлсэн байна байгууллагын данс руу шилжүүл гэхэд дансанд нь мөнгө байхгүй учраас шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгааг С.З гэх хүний данс руу байгууллагын данснаас 1.400.000 төгрөг шилжүүлж, захиалга баталгаажуулсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тухайн амралтын газраас яваад 15-ны өдөр С.З гэх хүн рүү үлдэгдэл 2.126.000 төгрөгийг шилжүүлж тооцоо дууссан...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.З гэх хүнтэй уулзаад захиалга өгөхөд данс руу урьдчилгаа байршуул гэхээр нь тухайн амралтын газар дотор байхдаа 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуримын үйл ажиллагаа болоод дууссаны дараа ойролцоогоор 22 цагийн орчимд тухайн амралтын газраас явахынхаа өмнө С.З гэх хүний данс руу үлдэгдэл 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн амралтын газарт нийт 3.800.000 төгрөгийн төлбөр төлсөн. З гэдэг хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Мөнгө шилжүүлсэн гэх тооцооны баримтууд, шүүгдэгчийн Депозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар  Шүүгдэгч С.З нь *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн амралтын газарт рестораны менежерээр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “*******” ХХК-ийн ажилчид амрахаар өгсөн захиалгын урьдчилгаа төлбөр 1.400.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.126.000 төгрөг, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н гэх хүний хуримын үйл ажиллагаа хийхээр өгсөн захиалгын урьдчилгаа төлбөр болох 2.500.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний 1.300.000 төгрөг нийт 7.326.000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дугаартай данс руу үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч “*******” ХХК ны үйлчилгээ үзүүлсэн төлбөрт өгсөн мөнгөн хөрөнгийг  дур мэдэн цахим мөрийтэй тоглоомд зарцуулсан үйл баримт тогтоогдлоо гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.З-ад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.З-ын энэхүү үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч С.З-ад холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар” гаргасан дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар  шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд тухайн зүйлд заасан ял шийтгэлүүдээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан 7.326.000 төгрөгийг нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй байна гэж ханган шүүгдэгч С.З-аас тус хохирлыг гаргуулан “*******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт С-ын З-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зад 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-ад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.З нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.З-аас 7.326.000 төгрөгийг гаргуулан “*******” ХХК –д олгосугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД