Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00951

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02674 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаар магадлалтай

Д.Оын нэхэмжлэлтэй,

Д.Зт холбогдох,

2 800 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Д.Зын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэ, хариуцагч Д.З, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь 2014.01.16-ны өдөр хариуцагчаас Хан-Уул дүүргийн Засаг даргын 224 тоот захирамжтай №0183527 тоот дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл уг гэрчилгээ нь хууль бус байсан. Мөн 2009.8.04-ний өдөр зээлсэн мөнгөний үлдэгдэл 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэгчийн худалдан авсан №0183527 тоот гэрчилгээ бүхий газрыг 2013 оны 9 сард 40 000 000 төгрөгөөр Б.Жавхлан, Баярхүү гэх иргэдэд мөн давхар худалдсан байсан тул бидний хэлцэл хэрэгжих боломжгүй болсон юм. Хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь зээлсэн мөнгөний асуудалтай байсан бөгөөд цувуулж төлсөөр үлдэгдэл 200  000 төгрөг үлдсэн байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээрх газар нь миний эзэмшлийнх болох нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, Дээд шүүхийн тогтоолоор тогтоогдож Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017.08.24-ний өдрийн №769 албан тоотоор баталгаажсан. БОАЖ-ийн сайдын 2018.01.08-ны өдрийн а/07 тоот тушаалаар Д.Оын уг газрыг ашиглах эрх нь цуцлагдаж, надад олгогдсон юм. Нэхэмжлэгчээс 1 600 000 төгрөг зээлсэн нь үнэн. Нэхэмжлэгч нь 2014.01 сард мөнгө өгсөн 2 баримтаа үрэгдүүлсэн гээд нэг бичигт гарын үсэг зуруулсан. Үүнээс хойш 2014.02.19-ний өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн ба 2015.02.10-ны өдөр 400 000 төгрөг өгч 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Нэхэмжлэгч нь 2014.02.19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2015.02.10-ны өдөр 400 000 төгрөг авсан эх баримт Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байсан хэргийн материалд байгаа. Газрын гэрчилгээ худалдан авах зорилгоор гэсэн, газаргүй гэрчилгээ авсан гэж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Д.Эрдэнэ мэдүүлж байсан. Гэтэл 2014 онд уг гэрчилгээ газартай байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2 400 000 төгрөг өгсөн авсан баримт байхгүй. Зээл 200 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. 2014.01.16-ны өдөр 2 400 000 төгрөг авсан гэсэн нь зээлсэн 1 600 000 төгрөгийг хэлж байгаа юм. Баримтын он сар өдрийг анхаарч үзнэ үү. Гэрээ байгуулсан боловч мөнгө авсан зүйл байхгүй. Хашааны мөнгө өгөөгүй тул 200 000 төгрөгийг төлөх ёсгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02674 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Д.Заас зээлийн гэрээний үүрэгт 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 6 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Оад олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/02674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Заас 2 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Оад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “6 650” гэснийг “56 550” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Занбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХХШТ хуулийн 120-ийн 2 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна.

Магадлалын 3 дугаар хуудсанд ...Харин газар ашиглах эрх буюу нэмжлэгчийн өөрийнх нь тайлбарласнаар гэрчилгээ худалдан авахаар 2 400 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр шилжүүлж, нэгэнт гэрээ хэрэгжээгүй тул уг мөнгийг буцаан гаргуулах шаардлагаа нэхэмжлэгч Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар бичгийн баримтаар нотолсон байхад уг баримтын агуулгыг талуудын тайлбартай харьцуулан дүгнээгүй нь анхан шатны шүүхийн буруу юм.

Магадлалд “...Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан баримт... гэрчилгээ худалдан авах зорилгоор төлбөрт 2 400 000 төгрөг хүлээлгэн өгсөн байна, бичилтийн агуулга тодорхой ойлгомжтой, мөнгийг хүлээн авсан гэж хариуцагч гарын үсэг зурсан, өөрийнх нь гарын үсэг мөн гэж зөвшөөрсөн.” гэсэн байна.

Энд шүүх зөвхөн миний гарын үсэг байгаа гэдгийг гол болгосон. Гэтэл гарын үсгийг айлган сүрдүүлэх, дарамтлах, албадан зуруулж болохыг тайлбарлах гэж оролдсныг авч үзсэнгүй.

Шүүх хурал дээр надад өөрийгөө хамгаалж, мэтгэлцээнд орох боломж олгосонгүй. Шүүгч О та мөнгө авсан гэж гарын үсэг зурсан чинь үнэн биз дээ. Надад тайлбарлах боломж олгохгүй энэ асуултаа 4-5 дахин давтаж тийм гэсэн хариулт авахыг маш их хүссэн нь харагдаж байлаа.

Нэхэмжилж буй баримт нь зориуд бэлдсэн болох тухай:

Д.О мөнгө зээлдүүлсэн өмнөх хоёр баримтаа үгүй болгосон байна. “Иймээс би нэгтэж бичээд ирлээ гэж надаар гарын үсэг зуруулсан.

Ямар ч санхүү мөнгөний баримтанд авсан мөнгөнийхөө тоог гараар бичдэг бөгөөд хаалтан дотор үгээр тодорхойлдог журамтай. Үүний нотолгоо нь мөнгө зээлсэн 2009 оны хоёр баримт, мөн буцааж төлсөн 2014, 2015 оны хоёр баримт юм. Гэтэл би 2,4 сая төгрөг авлаа гэж бичээгүй байгаа.

2014 оны баримтан дээр хоёр тал өөрийн хүсэл зоригоор гарын үсэг зурсан хэмээн нэхэмжлэгч бичиж, түүнийг нь магадлалд зөв хэмээн дүгнэсэн байдаг. Би өөрийн хүсэл зоригоор бус аргагүй байдалд орж зурсан. Нэгдүгээрт зээлсэн мөнгөө төлөлгүй удаасан, уг нь тэр дор нь төлчихсэн бол өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байсан. Даанч надад мөнгө байгаагүй. Хоёрдугаарт, ажил дээгүүр хэл ам татлаад яваад байвал надад хэцүү болно гэж бодсон, хожим бодоход үүнийг ч бас Д.О нар тооцоолсон байх. Гуравдугаарт 2 400 000 гэж бичснийг мөнгөө бүргэн авахын тулд нэмж бичсэн байна гэж ойлгосон, гэтэл хожмоо энэ нь газрыг маань авах зорилготой байжээ гэдэг дүгнэлтэнд хүргэсэн билээ. Дөрөвдүгээрт зээлсэн мөнгөө аль болохоор хурдан төлөөд гарын үсэг зурсан баримтаа авчихна гэж бодож байлаа.

Хашааны мөнгө 200 000 төгрөг нэмж өгсөн гэж баримтан дээр бичсэн байгааг гарын үсгэнээс доош бичсэн учир хүчингүй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч үүнийгээ бичээч хариуцлагагүй байсан хэмээн шүүх хуралд тайлбарласан байгаа. Би 2011 онд ШШГГазраас ирж миний газрыг чөлөөлүүлэн надад хүлээлгэн өгсөн дариу хашаагаа барьсан. Харин нэхэмжлэгч 2014 онд надад хашааны мөнгө өгсөн гэж бичсэн анхаарах зүйл биш үү. Энэ нь баримтыг урьдчилан бэлтгэсэн байгааг, өөрөөр хэлбэл намайг оролцуулалгүйгээр урьдчилан бэлдснийг баталж байгаа юм.

Аль болохоор авахаар улайрч буй мөнгөө нэмэхийн тулд хашааны мөнгө гэж 200 000 төгрөг нэмж байгаа нэхэмжлэгч яагаад 5 жил орчим аваагүй явж байсан зээлийнхээ 1 600 000 төгрөгөө нэмж бичээгүй юм бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүний учрыг тайлбарлахад хялбар. Яагаад гэвэл 1 600 000 төгрөг өгсөн гэсэн 2 баримтаа үрэгдүүлээд би нэгтгээд бичээд ирлээ гэж гэрчилгээ авах 2 400 000, мөн хашааны 200 000 гэсэн учраас нэмж бичиж чадаагүй нь ойлгомжтой.

Газаргүй гэрчилгээ авахаар тохирсон гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь хийгдсэн бүх шүүх хуралд дээр мэдэгддэг. Тэгсэн хэрнээ газраа 40 000 000 төгрөгөөр зарсан учраас гэрээ биелсэнгүй гэдэг. Эндээс нэг л дүгнэлт гарна. Д.О нар газартай гэрчилгээ байсан гэдгийг өөрсдийн энэхүү мэдэгдлүүдээрээ гэрчилж байгаа юм. Ийм хэмжээний үнэ хүрэх газрыг би 2 400 000 төгрөгөөр зарах байсан гэж үү.

2 400 000 төгрөг би аваагүй гэдгийг нотлоё:

...баримтан дээр... “үнэн болно” гэж тодорхойлсон шинж чанартай үг бий. Энэ бол мөнгө өгсөн авсан гэсэн баримт биш. Тэгэхлээр мөнгө өгсөн авсан гэх баримт нь өмнө нь байна гэсэн үг. Яагаад гэвэл мөнгө авлаа гэж гараараа бичсэн хоёр баримт өмнө нь байгаа нь зээлийн баримт юм.

Хэрэв үнэхээр баримтан дээр бичигдсэн 2 600 000 төгрөг надад өгсөн бол би 1 600 000 төгрөгийг төлөөд 1 000 000 сая төгрөгтэй байх байсан байх.

Баримтан дээр гарын үсгээ зурснаас хойш 35 хоногийн дараа 2014 оны 2 дугаар сарын 19-нд 1 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 15-нд 400 000 төгрөг өгсөн билээ. Энэ бол надад мөнгө өгөөгүй гэсэн нотолгоо болох юм.

Үлдэгдэл 200 000 төгрөгийг төлөөгүй шалтгаан буюу нэхэмжлэгч нарын зорилгын тухай:

2015 оны 4,5 сараас эхлэн дүүргийн засаг дарга газар олгосон нь буруу газрыг БОАЖ-ын сайдын тушаалаар олгох нь зөв гэсэн яриа /2008 оноос газар олголоо гэсэн цуу яриа/ хурдтай тархаж асар олон айл гаднаас нүүн ирж суурьшсан билээ. Тэдгээр айлуудад газар ашиглах эрх олгох ажлыг зохион байгуулж, газрын гэрчилгээ шинээр олгох, дүүргээс олгосон гэрчилгээг солих ажил явагдсан. 2012 онд зүрхний хурц шигдээс болж, дурангийн хагалгаанд орж 2 гуурс тавиулсан. Иймээс зуны амралтаараа цэвэр агаарт явах ёстой байлаа. 6 сард амраад 8 сарын 25-нд ирэхэд Д.О нар миний газар дээр гэрчилгээ бичүүлэн авсан байдаг. Ингээд захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явж, эцэст нь миний газар гэдэг нь тогтоогдон миний нэр дээр гэрчилгээ бичигдэн гурвалжилсан гэрээ байгуулсан, бүх л материалууд одоо надад байна.

Гэтэл Д.О нар Хан-Уул дүүргийн шүүхэд 2018 оны 10 сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ Хаяг, утас: ХУД 11 хороо, Соёмбот 2-4б тоот... гэсэн байгаа харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2019 оны 01 сарын 31-ний өдөр гаргасан гомдолдоо.... Хан-уул дүүргийн 11-р хороо 51 байр 131-н тоотод оршин суудаг хэмээн бичсэн байгаа. Энэ нь миний газрыг авахыг эртнээс санаархсан гэдгийн харуулж байгаа юм. Миний дээр дурдсан гаргалгаанууд, нотолгоог анхан шатны шүүх нухацтай судлан үзэж шийдвэрээ гаргасан юм.

Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Д.О нь Д.Зт холбогдуулан 2 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 200 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусдыг төлөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 200 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2 600 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Д.Заас Хан-Уул дүүргийн Засаг даргын даргын 224 тоот захирамжтай №0183527 тоот дугаартай газрын гэрчилгээг 2 400 000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг гэрчилгээ нь хууль бус байсан, мөн өмнө авсан зээлийн үлдэгдэл 200 000 төгрөг, хашааны банзны үнэ 200 000 төгрөг, нийт 2 800 000 төгрөг болж байгаа...” гэж тайлбарлажээ.

Зээлийн үлдэгдэл 200 000 төгрөгийн талаар зохигч маргаагүй тул дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. дэх заалтад нийцжээ.

Хашааны банзны үнэ 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй, баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь буруу биш байна.

Харин газрын гэрчилгээний үнэд төлсөн төлбөрөө буцаан шаардсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэгт байгаа баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Хэргийн 8 дугаар талд Д.З нь Д.Оаас газрын гэрчилгээ худалдан авах зорилгоор өгсөн  2 400 000 төгрөгийг хүлээн авсан тухай баримт авагдсан байх бөгөөд тус баримтад хариуцагч нь гарын үсэг зурсан талаар маргаагүй, харин гарын үсгийг айлган сүрдүүлж, дарамталж, албадан зуруулсан гэжээ.

Хариуцагч нь тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй үндэслэлээр дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Иймд магадлалыг хүчингүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 423 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Зын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56 550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД