Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: С.Б,

Хохирогч: З.А

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Сугирын Бт холбогдох эрүүгийн 2128000000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Гурван сайханы тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч З.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг нь мэдсээр байж түүний биед халдан, түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, бүсэлхий нуруу, баруун гуянд цус хуралт, умайн булчингийн чангарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Бийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаасаа бууж ирсэн. Шөнийн ээлжээс ажлаасаа бууж ирсэн. Гэртээ ирэхэд эхнэр хүүхэд байсан. 30 гаруй хоног ажилдаа яваад бууж ирэхэд халуун цай байхгүй. Гэр орон онгирсон байсан тэгээд маргалдсан. Тэгээд намайг гэнэт Дундговь аймагт хашаа газар, гэр авч өг би явлаа гэж хэлээд миний хүүг чиний хүүхэд биш гэж маргалдсан. Тухайн үед гар хүрснээ хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн өдрийн орой нь надаас 50.000 төгрөг авч дүүгээ дуудаад явсан. Түүнээс хойш холбоогүй байгаа.

Хохирогч З.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.Б гэртээ ирсэн. Би гэрээ цэвэрлэчихсэн, хоол цай хийсэн байсан. Хүүг гарснаас хойш байнга зоддог байсан. Эхэд нь хэлнэ, эх нь тоодоггүй байсан. Модон ор, тэлий, гутлаар цохисон. Байнга зодож маргааш нь уучлалт гуйхаар нь уучлаад амьдардаг байсан. Гомдолтой байна. Хүүхдийн мөнгө аваад идчихдэг. Хүүхдийн дансанд байсан 2.000.000 гаруй төгрөгийг бүгдийг нь авчихсан байсан. Хүүхдийн 100.000 төгрөгийг авч чадахгүй байгаа. Сүүлийн 2 сарын мөнгийг нь над руу шилжүүлсэн. Хүүхдийн мөнгөө нэхэмжилж байна. Орох оронтойгоо болмоор байна. Би 14 хоноод ЭХО-д харуулж байгаа түүнийгээ нэхэмжилмээр байна. Зодуулснаасаа үүдэлтэй хүүхэд доошоо гарах гэж өвдөж сар бүр 200.000-300.000 төгрөгөөр эм тариа авч байна. Миний бодлоор хүүхэд гажигтай гарч ирж магадгүй. Надаас болж ажилгүй болсон гэж уурлаад байсан. Янз бүрийн мессеж бичдэг. Юм нэгээр дуусдаггүй юм, чамайг сайхан амьдрахыг харна гэж байнга заналхийлдэг.

Хохирогч З.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: С.Бтой хамт амьдраад 3 жил болж байгаа юм. Бид 2 дундаасаа 1 хүүтэй. Одоо би дахиад 4 сартай жирэмсэн. С.Б өмднийхөө тэлээг тайлж байгаад миний нуруу болон бөөр хэсэг рүү олон удаа цохьсон. Дараа нь С.Б пийшингийн хажууд байсан нарийхан модыг барьж аваад миний баруун талын гуя руу 3-4 удаа цохиод мөн миний зүүн гарын булчин хэсэг рүү 2-3 удаа цохьсон юм. Тэгээд намайг газарт унасны дараа С.Б миний дээрээс хөлөөрөө дэвсэлсэн. Тухайн үед миний нуруу, бөөр, гэдэс, хэвлий, 2 гар булчин хэсгээрээ, 2 хөл бүдүүн гуя хэсгээр мөн 2 нүд маань хөхөрсөн гэмтэл учирсан юм. Урьд өмнө нь С.Б намайг зодож байх үед би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага мэдээлэл өгч бүртгүүлж байгаагүй. Учир нь С.Б намайг зодсоныхоо дараагаар надаас дандаа уучлалт гуйдаг болохоор би уучлаад өнгөрүүлдэг байсан юм. Би С.Бт цохиулж зодуулсныхаа дараагаар С.Бийн төрсөн ээж болох Өлзийд хэлдэг байсан. Би өөр хэн нэгэнд энэ тухайгаа ярьдаггүй байсан юм. Би өөрийн аав, ээждээ хүртэл энэ тухайгаа хэлдэггүй байсан. Учир нь аав, ээж маань санаа зовчих болов уу гэж бодоод огт ярьдаггүй байсан. Одоо миний гэдэс болон цээж рүү хатгаж өвдөөд толгой байнга өвдөөд байгаа юм. Би 4 сартай жирэмсэн болохоор С.Бт зодуулснаас хойш миний гэдэс ихээр базалж өвдөж байгаад сэтгэл их зовниж байна. Би хувийн эмнэлэгт ЭХО-д үзүүлтэл эмч тонус ихтэй байна, гэдэс чинь их базлалттай байна, ураг зулбах магадлал өндөр байна гэж хэлсэн. Би С.Бт зодуулсандаа маш их гомдолтой байна. Мөн биед учирсан гэмтлүүдээ эмчлүүлэх эм тарианы мөнгийг С.Боос нэхэмжилмээр байна. /хх-ийн 12-13 дахь тал/

Хохирогч З.А мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Одоо яг хэзээ яаж зодуулж байснаа сайн санахгүй байна. Эмнэлэгт үзүүлж байсан зүйл байхгүй. 2021 оны 8 сарын эхээр гар хөл рүү маань гараараа цохиж, хөхрүүлсэн. Хөл нэлээн өвчтэй болоод явж чадахгүй байж байгаад Өмнөговь аймгийн төвд нэг хүнээр бариулаад гайгүй болж байсан. Хавар 4 сард гэдэс хэвлий нуруу руу гараараа цохиж, миний бие хөх няц болж байсан. Ер нь намайг зодох үедээ дандаа толгой, нуруу, гуя гэх зэрэг харагдахгүй хэсэг рүү тэлээгээр болон гараараа, гарт таарсан эд зүйлээрээ цохиж зоддог. 2020 оны 07 сард наадмын үеэр намайг бас 2 гар, 2 хөл рүү маань гараараа цохиж тухайн үедээ хөхөрсөн байсан. Би нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Одоогоор 570.000 төгрөгийг өгсөн байгаа. /хх-ийн 15 дахь тал/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 11 сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 30 гудамж 0477 тоот буюу өөрийн гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байсан. Тус өдрийн шөнө нь 01 цагийн үед манай охин А гэнэт ороод ирсэн. Би ирэх талаар нь сайн мэдээгүй болохоор хараад их гайхсан. Уг нь манай охин Өмнөговь аймагт амьдардаг. Тухайн үед А-ийн хоёр нүд, гар, нуруу, хөлний хэсгээр хөх няц болсон байсан. Тэгэхээр нь би манай охины хамтран амьдрагч Б руу өөрийн утсаар залгаад юу болсон талаар лавлах гэтэл Б “Тэгээд яадаг юм бэ? Цагдаадаа хэлээд шалгуул” гэж хэлээд салгасан. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад манай охин А Б намайг зодсон гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан болохоор биеийнх нь гэмтсэн хэсгийн зурагнуудыг өөрийн iphone 5 загварын утсаар авсан. Тэгээд би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан юм. /хх-ийн 17 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11221 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: З.А-ийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, бүсэлхийн нуруу, баруун гуянд цус хуралт, умайн булчингийн чангарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 28 дахь тал/

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 сарын 04-ний өдөр Оюу толгойгоос ажлаасаа буугаад 14 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр А, хүү Т хоёр гэртээ байсан. Тэгээд гэртээ орж ирэхэд гэр орон залхаг заваан байхаар нь би уурлаад Ад гэр орноо цэвэрлээд халуун цай ундтай байж болдоггүй юм уу? гэж хэлсэн. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Тэгсэн манай эхнэр хэрүүл хийж байхдаа над руу чи Дундговь аймагт хашаа газар аваад өгчих. Би өөрийн төрсөн аав ээж дээрээ очиж чадахгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би тэгвэл миний гэсэн бүх юмыг аваад яв. Би харин хүүгээ аваад үлдэнэ гэсэн чинь чиний хүүхэд биш гээд хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд өмдний тэлээгээ өмднөөсөө тайлж аваад А-ийн нуруу, гар хавиар нь тэлээгээр нэлээн хэдэн удаа шавхарчихаад, хүн хүнээр тоглож болдоггүй шүү гэж хэлчихээд гэрээс гараад явсан. Тэлээгээр ямар ч байсан нэлээд хэдэн удаа нуруу бүсэлхий, гар хөл зэрэгт нь шавхарсан. Модоор цохисноо сайн санахгүй байгаа юм. Уур хүрээд бүр бачуураад байсан болохоор сайн санахгүй байна. Нүүр хэсэгт 3 удаа алгадсан. ...З.Атай саяхан нэг удаа яриад эмчилгээний төлбөр болох 569.800 төгрөгийг өөрийнх данс руу хийнэ гээд өнөөдөр данс руу мөнгө хийсэн. А өөрөө жирэмсэн гээд Улаанбаатар хотод жирэмсний хяналтад орсон гэж байсан. /хх-ийн 34-37-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1410 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дэх тал/

Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50-51 дэх тал/

Хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 52 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 57-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч З.А, шүүгдэгч С.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурвансайханы 18-06 тоотод орших гэртээ маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж түүний биед халдсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч З.А-ийн: С.Б өмднийхөө тэлээг тайлж байгаад миний нуруу болон бөөр хэсэг рүү олон удаа цохьсон. Дараа нь С.Б пийшингийн хажууд байсан нарийхан модыг барьж аваад миний баруун талын гуя руу 3-4 удаа цохиод мөн миний зүүн гарын булчин хэсэг рүү 2-3 удаа цохьсон юм. /хх-ийн 12-13 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Нгийн мэдүүлэгт: ...Тухайн үед А-ийн хоёр нүд, гар, нуруу, хөлний хэсгээр хөх няц болсон байсан. Тэгэхээр нь би манай охины хамтран амьдрагч Б руу өөрийн утсаар залгаад юу болсон талаар лавлах гэтэл Б “Тэгээд яадаг юм бэ? Цагдаадаа хэлээд шалгуул” гэж хэлээд салгасан. Тэгээд би охиноосоо юу болсон талаар асуухад манай охин А Б намайг зодсон гэхээс өөр зүйл хэлэхгүй байсан. /хх-ийн 17 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.А-ийн эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, бүсэлхий нуруу, баруун гуянд цус хуралт, умайн булчингийн чангарал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б, хохирогч З.А нар нь хамтран амьдардаг эхнэр, нөхөр болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий” гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг Гурван сайханы 18-06 тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч З.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, жирэмсэн болохыг нь мэдсээр байж түүний биед халдан, түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун, зүүн гарын бугалганд цус хуралт, бүсэлхий нуруу, баруун гуянд цус хуралт, умайн булчингийн чангарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч З.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ... Хүүхдийн мөнгөө нэхэмжилж байна. ...Би 14 хоноод ЭХО-д харуулж байгаа. Түүнийгээ нэхэмжилмээр байна. Зодуулснаас үүдэлтэй хүүхэд доошоо гарах гэж өвдөж сар бүр 200.000-300.000 төгрөгөөр эм тариа авч байна. ...5.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх тайлбар гаргав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 570.000 төгрөгийг хохирогч З.Ад төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар “хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Хохирогч З.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 5.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй хэдий ч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, жирэмсэн учир зайлшгүй эмчилгээ хийлгэж түүнтэй холбоотой зардал гарч байгаа гэх хохирогчийн тайлбарыг хүлээн авч хохирогч З.А нь 5.000.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч С.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Бийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 53 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолтод: С.Б нь Даланзадгад сумын Баруунсайхан 1 дүгээр баг Гурвансайханы 18-6 тоотод ам бүл 4 оршин суудаг нь үнэн болохыг Хүн ам өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов. /хх-ийн 48 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дэх тал/, 201301091 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч С.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч С.Б нь өөрийгөө өмгөөлж ... Буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч шүүх хуралдаанд ...ингээд торгуулаад өнгөрөх юмуу  гэх тайлбарыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч З.Ад 570.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Сугирын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж түүний биед халдан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтээд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 570.000 төгрөгийг хохирогч З.Ад төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч З.А нь нотлох баримтаа бүрдүүлэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч З.Ад 570.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА