| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/20 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/20
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: А.Г,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ын Гд холбогдох 2228000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч А.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Титэм баарны гадна Э.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт цохиж, биед зулайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.Гг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: хоёр залуу ирээд надаас тамхи гуйхаар нь би хоёр ширхэг тамхи өгсөн. Тэгэхэд цаанаас нь Г гарч ирээд надаас алив нааш нь нэг тамхи хая даа гэхэд нь би хаях тамхи байхгүй гэж хэлэхэд чи муу ганц тамхин дээр горойгоод байгаа юм уу гээд хоорондоо маргалдсан. Цаанаас нь 5, 6 залуучууд гарч ирээд намайг хүрээлж зогссон. Г миний энгэрээс зуураад тийшээ явъя гээд намайг дагуулж “Титэм” баарны урд талд байдаг улаан контенерын хажууд очоод “уучлаарай хөгшөөн жаахан эвгүй харьцчих шиг боллоо” гээд надаас тамхи авч татаж байгаад “за за орж сууцгаая” гээд цаашаа яваад нөгөө залуучуудын хажууд очоод юм яриад зогсож байхад нь би ах Н-г ирээд аваач гэж хэлсэн. Удалгүй ах машинтай ирсэн. Би Г-г нөгөө бөөн залуучуудтай хамт зогсож байхад нь очоод толгойны орой хэсэгт нь цохьчихоод эргэхэд нөгөө залуучууд нь яаж байна гэхэд Н ах миний араас тэврээд намайг машин руугаа авч явсан. Тэгээд машинд суухын хооронд л миний толгойны ар дагз хэсэг рүү цохьчих шиг болсон. Тэгэхэд Н ах яаж байна гэж хэлээд намайг машинд суулгах гэхэд нь миний толгойг хагалчихлаа шүү дээ гэж хэлээд эргэж зодолдох гэж машинаас гарахаар зүтгэхэд Н ах загнаад буулгаагүй. Тэр хооронд цагдаа нар ирээд Цагдаагийн газар руу авч явсан. /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Хаалганы хажууд манай дүү Ц болон хажууд нь 4 залуу, нэг эмэгтэйтэй зогсож байхаар нь дүүгээ аваад явах гэхэд араас нь нэг залуу ирээд манай дүүг татсан чинь цаанаас нөгөө хэд нь ирээд манай дүүг нэг нь цохьсон. Тэгэхээр нь би яаж байна гээд эргээд дүүгээ аваад машинд суулгах гэхэд нэг залуу нь газраас чулуу авах шиг болохоор нь дүүгээ машин руу гялс суулгахад дүү миний толгой хагарчихлаа гэсэн. Тэгж байтал цагдаа нар ирээд бид нарыг Цагдаагийн газар руу авч явсан. /хавтаст хэргийн 13 дахь тал/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед Г-ийн төрсөн өдөр болоод Хан-Уул караокед дуулж сууж байгаад гараад үргэлжлүүлээд Гандирс худалдааны төвийн доод талын бааранд ороод 23 цагийн үед баарны гадна тамхи татах гээд гарч ирэхэд баарны гадна зодоон болж байсан чинь манай найз Ж салгахад нэг өндөр залуу нь Ж рүү дайраад газраас чулуу аваад шидэхээр нь болиоч чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд чи юу гээд байгаа юм бэ гээд намайг түлхээд газраас чулуу авахаар нь гарыг нь бариад чулууг нь тавиулах гэсэн боловч дийлээгүй. Тэгэхээр нь цааш нь түлхчихээд зугтсан. Тэгээд цагдаагийн газар дуудлага өгсөн. /хавтаст хэргийн 15 дахь тал/
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай Г-ийн төрсөн өдөр болоод Г, Х, Ж бид нар хамт тэмдэглэж Хан-Уул рестораны караокед сууцгааж байгаад гараад Гандирс худалдааны төвийн доод талд байдаг бааранд ороод 0,5 литрийн шилтэй пиво ууцгааж байхад Х, Ж хоёр тамхи татах гэж гарсан. Тэгэхээр нь би бас тамхи татах гээд 5-6 минутын дараа баарнаас гарахад цагдаа нар ирчихсэн өндөр залуу, бас саарал эрээн цамцтай намхан залуу хоёрыг барьчихсан зогсож байсан. /хавтаст хэргийн 17 дахь тал/
Гэрч М.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 сарын 21-ний орой 22 цагийн үед “Титэм” бааранд Ганбилэг, М, М, Х нарын хамт орж сууж байгаад тамхи татах гээд гарахад баарны гадна нэг өндөр залуу Гтай маргалдаад байсан. Тэгж байтал нэг машинтай залуу ирээд нөгөө өндөр залууг авч явах гэхэд нөгөө залуу нь эргэж ирээд Гг цохьчихоор нь бид нар болиулаад машинтай ирсэн ах машинд суулгах гээд аваад эргэхэд Г араас нь очоод толгой руу нь цохьчихсон. Тэгж байтал цагдаа нар ирээд нөгөө өндөр залууг авч явсны дараа Х Цагдаагийн газар руу явцгаая гэхээр нь хамт ирсэн. /хавтаст хэргийн 19 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Ц-ийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны З-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Э.Ц-ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Э.Ц-ийн биед учирсан зулайн шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй /хавтаст хэргийн 24 дэх тал/
Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 21-ний орой Титэм баарны гадна Жтэй хамт тамхи татах гээд байрнаас гарахад Цээс нэг тамхи хаячих гэхэд надад хаях тамхи байхгүй гэхээр нь хоёулаа жаахан зайтай уулзъя гээд дагуулж яваад юм ярих зуураа нэг тамхи авч татчихаад буцаж очоод Х, Ж нартай хамт юм яриад зогсож байхад Ц-ийн ах машинтай ирсэн юм билээ. Тэгээд ахыгаа хараад сагсуураад над руу ирээд миний толгойны орой хэсэгт цохьчихоод цаашаа эргээд явахаар нь би араас чулуу шидэх гээд хайсан боловч шидчихээр чулуу олдохгүй болохоор нь гүйж очоод машинд суух үед нь толгой руу нь гараараа цохьсон. Тэгсэн чинь ах нь эргэж хараад яаж байна гэхээр нь би буцаж эргээд чигээрээ явсан. Намайг явсаны дараа цагдаа нар ирээд Цийг ахтай нь, мөн манай найз Ж, Х нарыг авч явсан юм билээ. Тэрийг би сүүлд нь мэдсэн.” /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 65 дахь тал/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургууль /хавтаст хэргийн 64 дэх тал/
Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 36 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46 дахь тал/
Э.Ц-ийн гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Э.Ц, шүүгдэгч А.Г нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Титэм” баарны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч А.Г нь хохирогч Э.Ц-ийн толгой хэсэгт цохьсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч Э.Ц-ийн: ...Тэгээд машинд суухын хооронд л миний толгойны ар дагз хэсэг рүү цохьчих шиг болсон. Тэгэхэд Н ах яаж байна гэж хэлээд намайг машинд суулгах гэхэд нь миний толгойг хагалчихлаа шүү дээ гэж хэлээд эргэж зодолдох гэж машинаас гарахаар зүтгэхэд Н ах загнаад буулгаагүй. /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Э.Нгийн: ...Тэгэхээр нь би яаж байна гээд эргээд дүүгээ аваад машинд суулгах гэхэд нэг залуу нь газраас чулуу авах шиг болохоор нь дүүгээ машин руу гялс суулгахад дүү миний толгой хагарчихлаа гэсэн. /хавтаст хэргийн 13 дахь тал/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...23 цагийн үед баарны гадна тамхи татах гээд гарч ирэхэд баарны гадна зодоон болж байсан чинь манай найз Ж салгахад нэг өндөр залуу нь Ж рүү дайраад газраас чулуу аваад шидэхээр нь болиоч чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд чи юу гээд байгаа юм бэ гээд намайг түлхээд газраас чулуу авахаар нь гарыг нь бариад чулууг нь тавиулах гэсэн боловч дийлээгүй. /хавтаст хэргийн 15 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Ц-ийн эрүүл мэндэд зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны 3-р хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Г нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Титэм баарны гадна Э.Ц-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгой хэсэгт цохиж, биед зулайн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалтад яллагдагч Алтантуяагийн Г гэх боловч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, бусад нотлох баримтуудаар А-ын Г болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч Э.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэснээр шүүгдэгч А.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ггийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Ггийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн...” /хавтаст хэргийн 34 дэх тал/, Сум дундын 15 дугаар шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 36 дахь тал/ иргэний үнэмлэхийн хуулбар / хавтаст хэргийн 65 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай тодорхойлолтод: ...2011-2012 оны хичээлийн жилд Б.Гэрэлт-Од багштай 7а ангид суралцаж төгссөн нь үнэн болно /хх-ийн 64 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн А-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Г нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА