Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: О.Б

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч: Г.О,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн О-ийн Бд холбогдох 212800000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум хүрэх хатуу хучилттай авто замын дагуу байрлалтай “Петровис” шатахуун түгээх станцын баруун талд иргэн Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний нүүр, толгойн хэсэг рүү нь гараараа цохих, ташиж унагаах, толгойн тус газарт нь хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Быг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 11 дүгээр сарын 26-ны өдөр 3 найзтайгаа гадуур гараад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд энэ ах нартай таараад маргалдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэг хийхгүй.

Хохирогч Г.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 26-нд шилжих шөнө би гэрээсээ гарч яваад Өнөр бүл дэлгүүрт найзтайгаа уулзаад зогсож байсан. Тэндээс такси барих гээд байж байхад П машинтай хүрээд ирэхээр нь хүргүүлэх гээд явсан. Баяндалай сум явдаг Петровис колонк дээр бензин, тос хийгээд гарах гэж байтал П хүнтэй яриад хүнд юм хүргэж өгнө гээд тэр хүмүүс дээр очсон.

Хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би машинаас буугаад зүс таних О гэж хүнтэй уулзаад байж байхад О-тай хамт байсан хүмүүс нь П машинд суугаад явж байгаад удалгүй буцаад ирэхээр нь би та нар яагаад хүн аваад явчихдаг юм гээд би уурласан чинь нэг танихгүй залуу өөдөөс хэрүүл хийгээд байхаар нь барьж байсан пивоо нүүр рүү нь шидсэн чинь тэр залуугийн толгой хавьд оносон байх. Тэгсэн тэр О-тай хамт явсан залуучууд намайг зодох гээд машин тойруулж элдээд байсан. Би нүүр рүү нь пиво шиддэг залуу намайг ташиж унагаасан. Би нүүрээ дараад хэвтэж байхад хэсэг хүмүүс ирээд миний толгой чих, эрүүний хэсэгт хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй. Нэг мэдсэн өөрийнхөө гэр рүү орж байсан. Намайг хэн хүргэж ирсэн талаар мэдэхгүй байна. Миний чих, хамраас их цус гарсан байсан. Би гэртээ түргэн дуудаж үзүүлсэн чинь өвчин намдаах гариа хийгээд та архи уусан байна өглөө ирж үзүүл гэсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн үед эмчид ирж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. /хх-ийн 07 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 14 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаанд манай эхнэр Б.Б намайг 14 хоног эмнэлэгт сахьсан. Мөн гэрт гарсан дараагаар 14 хоног намайг гэрээр сахиж байсан юм. Манай эхнэр “Тансаг” хүнсний дэлгүүрт туслах ажилтнаар ажилладаг юм. Манай эхнэр 28 хоног ажилгүй байсан учраас эхнэрийн ажилгүй байсан 28 хоногийн цалин болох 800.000 төгрөг, мөн би Өмнөговь тээврийн нэгдэл ХХК-д ажилладаг бөгөөд миний сарын цалин болох 1.500.000 төгрөг. Өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Намайг 2022 оны 06 дугаар сард тархины яс нөхөх хагалгаанд орно гэж эмч хэлсэн учраас би хагалгаанд орох зардлыг нэхэмжилнэ. Намайг хөдөлмөрийн чадвар алдагдалтай байна гээд 2022 оны 03 дугаар сард хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар оруулж хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсаныг тодорхойлно энэ хугацаанд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж болохгүй гэсэн учраас ажил хөдөлмөр эрхэлж болох хүртэлх цалингаа нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өнгөрсөн эмчилгээнд гарсан 6.400.000 төгрөгийг О.Б төлж барагдуулсан байгаа. /хх-ийн 10 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Г.О 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гадуур явж байгаад орой 23 цагийн үед гэртээ ирэхдээ зүүн талын чихнээс цус гарсан байдалтай, 2 талын шанаа хэсгээр их хавдартай, өмсөж явсан хувцас нь газар унаад норж шороо болсон байдалтай гэрт орж ирээд ухаан алдаад унасан. Тэр үед нь түргэн дуудаж үзүүлсэн. Тэгээд эмч үзээд та согтуу байна эрүүл болоод эмнэлэгт ирж үзүүлэх хэрэгтэй байна гээд явсан. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэгт үзүүлэх гээд очсон чинь эмч нь эзгүй байна гээд хүлээж байгаад орой 20 цагийн үед үзүүлсэн эмч цагдаад дуудлага өгсөн байсан. /хх-ийн 12 дахь тал/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Хүрмэн сумаас Даланзадгад суманд ирж тэмээний уралдаанд орчихоод 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Даланзадгад сумын баруун талд Б, Ууганаа, Отгоо гэж дуудаад байдаг хүний машинд пиво уугаад сууж байгаад Ууганаа гэж хүн нь хүнтэй утсаар яриад нэг хүн одоо ирнэ гэж хэлж байсан. Удалгүй 21 цагийн үед саарал өнгийн приус маркийн машинтай 3 хүн ирээд уулзсан. Тэр ирсэн машины жолооч нэг эмэгтэй хүн нь надтай хамт явсан Ууганаа гэж хүнийг миний машиныг унаад яв гэсэн. Тэгээд тэр ирсэн машинд би, Б, тэр жолооч эгч, хамт ирсэн нэг хүний хамт Ууганаа гэж хүн машиныг нь унаад хөдлөөд явах гэсэн чинь нөгөө машин барьж ирсэн эмэгтэй хүнтэй хамт явсан нэг ах машины жолоо булаацалдаад байхаар нь зогссон. Миний сууж байсан машины жолооч Отгоо гэж хүн тэр эмэгтэй хүнтэй хамт ирсэн Оогий гэж хүн 2 машины гадаа юм яриад зогсож байгаад Оогий, Отгоо нар алхаад ирсэн. Бид дөнгөж хөдлөөд зогссон байсан юм. Оогий гэж хүн хүрч ирэхэд Б таниад сайн уу гэсэн чинь Оогий гэж хүн ууж явсан пиво барьсан гараараа нүүр рүү нь цохиод авсан чинь Бы хамраас нь цус гарсан. Бид яаж байна гээд хэлсэн чинь Оогий гэж хүн нь цаашаа зугтахаар нь Б араас нь туулгаад ташиж унгаагаад Оогий гэж хүнийг Б толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж аваад хөлөөрөө толгой хэсэгт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Б Оогий гэж хүнийг газар унагаад цохиж аваад салах үед нь Оогий гэж хүний зүүн талын чихнээс цус гарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. /хх-ийн 14-15 дахь тал/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Даланзадгад сумын төвд тэмээ уралдуулчхаад Даланзадгад сумын төв Далангийн ойролцоо байх О гэх найз дээрээ очоод байж байсан А, Б нар уулзъя гэхээр нь О-тай хамт яваад Зүүнсайхан хороололд байх “Баясах” нэртэй дэлгүүрийн хажууд А, Б нартай уулзаад дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн пиво аваад Даланзадгад сумаас Баяндалай сум явах зам дагуу байдаг Петровис шатахуун түгээх газрын баруун талд ойролцоо зогсоод авсан пивоо уух гээд байж байсан чинь П гэж хүн над руу залгаад тэмээний медалиа ав гэсэн. Хаана байна гэсэн би Петровис шатахуун түгээх газрын баруун талд байна гэсэн. Би яг наана чинь явж байна гэсэн. Тэгээд удалгүй бид нар дээр хүрээд ирсэн. П машинд О, Ш гээд байсан нийт 3 хүн нэг хүүхэд байсан. Тэр хүмүүс бид нартай уулзаад байж байгаад О нь Оыг машинаас буугаад ир уулзъя гээд тэр 2 машины ойролцоо тусдаа уулзаад байж байсан. Намайг А гэрт хүргээд өгөөч гэхээр нь би П машиныг унаад, А Б, П, Ш гээд байсан залуугийн хамт хөдлөөд жаахан явсан чинь Ш гэж залуу араас татаад зогс хүнээ үлдээчихлээ гээд байхаар нь зогсоод машинаас буусан чинь О, О нар алхаж ирсэн. Б Оыг сайн уу ах гээд мэндэлсэн чинь О Быг лаазтай пиво барьсан гараараа цохиж аваад барьж байсан пивоо шидсэн Б Оыг хэд хэд цохиод авсан. Гадаа харанхуй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Тэгсэн О зугтаад явсан. Араас нь Б хөөгөөд гүйж байгаад Оыг газар унагаасан байсан. /хх-ийн 22 дахь тал/

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 11 дүгээр сарын 26-ны орой намайг гэртээ байж байхад У гэрт ирсэн. Тэгээд хамт байж байгаад 22 цагийн үед У бид 2 миний машинаар гараад явж байгаад замдаа Баясах нэртэй дэлгүүрийн хажууд У 2 найзаа авсан. Би танихгүй хүмүүс байсан. Би машинд ороод танилцсан Б, А гэж нэртэй хүмүүс байсан. Тэгээд дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад Даланзадгад сумаас Баяндалай сум явах зам дагуу байдаг Петровис шатахуун түгээх газрын баруун талд ойролцоо зогсоод байж байхад П приус-20 маркийн машинтай О бас нэг эрэгтэй хүн нэг жижиг хүүхдийн хамт хүрээд ирсэн. О бид 2 машинаас буугаад машины ойролцоо юм яриад зогсож байсан чинь П машин хөдлөөд жаахан яваад зогсоод хүмүүс нь машинаас буусан. О бид 2 алхаад очсон чинь Б гэж залуу нь Оыг сайн уу гэсэн чинь та нар яагаад орхиод хөдлөөд явж байгаа юм гээд О уугаад бариад явж байсан пивоо Бы өөдөөс шидсэн. Б Оыг зөрүүлээд цохиод авч байгаа харагдсан. Тэгсэн О цаашаа зугтаасан чинь Б араас нь хөөгөөд явсан. У бид 2 араас нь гүйгээд очиход О газар унасан хэвтэж байсан. /хх-ийн 25 дахь тал/

Гэрч Э.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэгээд байж байхад О, О нар ирж байгаа байсан. Би машинд сууж байхад гадаа хоорондоо муудалцаад байх шиг байсан. Гадаа харанхуй болсон байсан. Тэр үед О машинаас хойшоо зугтаад гүйсэн чинь нөгөө танихгүй 2 залуу Оын араас гүйгээд Оыг газар унагаасан. Нөгөө хөөж явсан 2 залуу очоод хөлөөрөө өшиглөөд байх шиг харагдсан. Би Ууганаад очиж салгаач гэсэн чинь Ууганаа О нар гүйж очиж салгаж байгаа харагдсан. Ууганаа, О 2 Оыг миний машинд дагуулж ирээд машинд суулгаж өгчихөөд машин руугаа явсан. Би тэгээд машин унаад Ш гээд байсан залуу О нарын хамт яваад Оыг гэрийн хашааны үүдэнд буулгаж өгчихөөд дараа нь Шг гэрийн гадаа хүргэж өгсөн. /хх-ийн 27 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 640 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Оын биед зүүн зулай, чамархай, суурь, хацар ясны хугарал, зүүн зулайн тархины эдийн няцрал, хуйхны, зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 32 дахь тал/

Шүүгдэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2002 оны 01 дугаар сарын 19-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр хөдөө өнгөрөөгөөд 2008-2017 онд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 9-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн юм. 2020-2021 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн 0184-р ангид хугацаат цэргийн алба хаасан. Би Цэргээс 2021 оны 05 дугаар сард халагдаж ирээд хөдөө мал маллаж байгаа юм. Би одоо ээж, дүү нарын хамтаар Хүрмэн сумын Жанжин багт мал маллаж амьдардаг. Би хохирогч Оын эмчилгээний зардалд гарсан 5.500.000 төгрөг төлсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Би хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй иймд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 48 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 04 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/209 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51 дэх тал/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53 дахь тал/,

201722605 дугаартай Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 54 дэх тал/

Эвлэрлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.О, шүүгдэгч О.Б нар нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум хүрэх хатуу хучилттай авто замын дагуу байрлалтай “Петровис” шатахуун түгээх станцын баруун талд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Оын нүүр, толгой хэсэгт гараараа цохьсон, ташиж унагаасан, толгойн тус газарт нь хөлөөрөө дэвсэж өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.  

Тодруулбал: Хохирогч Г.Оын: ... Би нүүрээ дараад хэвтэж байхад хэсэг хүмүүс ирээд миний толгой чих, эрүүний хэсэгт хөлөөрөө өшиглөөд байсан. Миний чих, хамраас их цус гарсан байсан. Би гэртээ түргэн дуудаж үзүүлсэн чинь өвчин намдаах гариа хийгээд та архи уусан байна өглөө ирж үзүүл гэсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цагийн үед эмчид ирж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. /хх-ийн 07 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Бын: Манай нөхөр Г.О 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гадуур явж байгаад орой 23 цагийн үед гэртээ ирэхдээ зүүн талын чихнээс цус гарсан байдалтай, 2 талын шанаа хэсгээр их хавдартай, өмсөж явсан хувцас нь газар унаад норж шороо болсон байдалтай гэрт орж ирээд ухаан алдаад унасан. /хх-ийн 12 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Аийн: ...Оогий гэж хүн хүрч ирэхэд Б таниад сайн уу гэсэн чинь Оогий гэж хүн ууж явсан пиво барьсан гараараа нүүр рүү нь цохиод авсан чинь Бы хамраас нь цус гарсан. Бид яаж байна гээд хэлсэн чинь Оогий гэж хүн нь цаашаа зугтахаар нь Б араас нь туулгаад ташиж унгаагаад Оогий гэж хүнийг Б толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж аваад хөлөөрөө толгой хэсэгт нь 1 удаа өшиглөж байгаа харагдсан. /хх-ийн 14-15 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Уын: ...Б Оыг сайн уу ах гээд мэндэлсэн чинь О Быг лаазтай пиво барьсан гараараа цохиж аваад барьж байсан пивоо шидсэн Б Оыг хэд хэд цохиод авсан. Тэгсэн О зугтаад явсан. Араас нь Б хөөгөөд гүйж байгаад Оыг газар унагаасан байсан. /хх-ийн 22 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Оын: ...Б Оыг зөрүүлээд цохиод авч байгаа харагдсан. Тэгсэн О цаашаа зугтаасан чинь Б араас нь хөөгөөд явсан. У бид 2 араас нь гүйгээд очиход О газар унасан хэвтэж байсан. /хх-ийн 25 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.П: ...Тэр үед О машинаас хойшоо зугтаад гүйсэн чинь нөгөө танихгүй 2 залуу Оын араас гүйгээд Оыг газар унагаасан. Нөгөө хөөж явсан 2 залуу очоод хөлөөрөө өшиглөөд байх шиг харагдсан. /хх-ийн 27 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Оын эрүүл мэндэд зүүн зулай, чамархай, суурь, хацар ясны хугарал, зүүн зулайн тархины эдийн няцрал, хуйхны, зүүн шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 640 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дахь тал/-ээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум хүрэх хатуу хучилттай авто замын дагуу байрлалтай “Петровис” шатахуун түгээх станцын баруун талд иргэн Г.Отай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүний нүүр, толгойн хэсэг рүү нь гараараа цохих, ташиж унагаах, толгойн тус газарт нь хөлөөрөө дэвсэх, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...9.540.600 төгрөг авсан. Тархины нөхөөс хийх хагалгааны үнэ, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилнэ” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч О.Бы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.От хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно... гэж заажээ.

Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.От гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 9.540.600 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, хохирогч нарын тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Б, хохирогч Г.О нар нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд: “...О.Б нь Г.Оыг цаашид хагалгаанд ороход гарах зардал болон шаардагдах эм тариа, эмчилгээний зардлыг тухай бүр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Г.О нь тус гэмтлийн улмаас группт орж хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгосон тохиолдолд холбогдох баримтаа бүрдүүлэн сар бүр О.Баас төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно” гэжээ.

Иймд хохирогч Г.О нь хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн тохиолдолд дээрх Эвлэрлийн гэрээнд заасны дагуу хагалгааны зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч О.Бы хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хавтаст хэргийн 57 дахь тал/, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/209 дугаартай тодорхойлолтод: О.Б нь ам бүл 3 амьдардаг. Жанжин багийн иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 51 дэх тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53 дахь тал/, 201722605 дугаартай Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 54 дэх тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж хуульчилжээ.

Иймд шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хувааж, хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эсгий түрийтэй хар өнгийн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бд буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.От 9.540.600 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн О-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр хувааж, хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эсгий түрийтэй хар өнгийн гутал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Бд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.От 9.540.600 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.О нь хүнд гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн буюу хагалгааны зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүү зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА