Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Б.А,

Өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Б-ийн Ат холбогдох эрүүгийн 21280015 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүш гэх газарт “мал нийлүүллээ” гэх шалтгаанаар иргэн Ц.Хтай маргаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь эрүү, завж хэсэгт цус хуралт, уруул завжны дотор салстад язарсан шарх, 43, 44, 45 дугаар шүдэнд доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай мал Баруун хойно бэлчиж явсан. Тухайн үед бороо их орсон байсан. Тэгээд би малаа гэрийн зүг дарчихаад гэр рүүгээ яваад хувцсаа солиод буцаад ирсэн чинь манай мал А гээд айлын малтай нийлсэн байсан. Би мал дээрээ очсон чинь А гэдэг хүн намайг малаа харахгүй хүний малтай нийлүүлчих юм гэж хэлсэн. Тэгээд би малаа бөөгнүүлээд ялгах гээд мотоцикльтой тууж явсан чинь А гэдэг хүн мотоцикльтой ирээд зүүн талаас мөргөж унагаагаад мотоциклоосоо бууж ирээд нүүр тус газар руу 2-3 удаа цохьсон. Тэгээд миний эрүүнд нэг өшиглөсөн. Би чамайг алсан байхад 3 жилийн ял авна. Надад мөнгө байна чамайг би нутгаасаа зайлуулна гэж хэлсэн. Эрүү зуурсан, эрүү хавдаж хоол идэж чадахааргүй болсон. Доод 3 араа хөдөлсөн. Толгой өвдсөн. Одоо тархи толгой өвдөөд байгаа. Тухайн үед эмчид үзүүлэх гэсэн чинь корона гарсан бас наадмын амралт гээд хувийн эмнэлэг ажиллахгүй байсан. Намайг цохьсон хүн надаас ирээд уучлалт гуйна гэж бодсон боловч надаас уучлалт гуйгаагүй. Толгой өвдөж, шүд хөдөлсөн эрүү зуурсан байсан учир би эрүүл мэндээрээ хохирсон байсан тул өргөдөл гаргасан. /хх-ийн 25 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр намайг цохихдоо чамайг алсан байхад 3 жил ял авна. Мөнгөө төлөөд гараад ирнэ. Надад 600.000.000 төгрөг байгаа. Төлөөд гараад ирнэ гэж хэлсэн. Тухайн үед зодуулахад 3 шүд суларч хөдөлж байсан. Завжны дотор тал ялзралттай байсан. Эрүү хавдаж хөхөрсөн байсан. Би гэрт долоо хоног хоол унд идэж чадахгүй, эрүү хавдаж толгой их өвдөж байсан. Гомдолтой байна. Энэ хүн надаас уучлалт гуйгаагүй. Ойр орчны айлуудад намайг 2 удаа сайн зодсон, нутгаас хөөж явуулна гэж хэлсэн байсан. /хх-ийн 28 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой малаа эргүүлэх гээд мал дээрээ очиход Аын малтай нийлсэн байсан. А гэдэг айл руу малаа туугаад явж байсан чинь А мотоцикльтой хүрч ирээд зүүн талаас мөргөөд унагаасан. Тэгээд би босоод мотоциклоо босгох гэж байхад А чи яагаад байгаа юм гэж ирээд миний шанаа руу гараа 2-3 удаа цохьсон. Тэгээд юүдэнтэй цамцнаас доошоо дараад эрүү рүү өшиглөөд хөөж туугаад эхэлсэн. Дараа нь малаа ялгаж авсан. Тухайн үед эрүү хавдаж баруун шанааны 3 шүд суларсан. Завжны дотор тал язарч хавдсан байсан. Хоол унд идэж чадахгүй байсан. А миний бие эрх чөлөөнд халдаж бэртэл авсан тул эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж, мөн явсан зардал нийтдээ 353.090 төгрөгийн зардал гарч хохирсон. Мөн 500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. Нийт 853.090 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 30 дахь тал/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Эрүү тус газар өшиглөсөн. Түүнээс үүдэлтэй шүд хавдаж хөдөлгөөн орсон, толгой өвдөж байна. Юм идэж чадахгүй байсан гэж хэлж ирсэн. Тэгэхээр нь та яагаад тухайн үед цагдаад мэдэгдээгүй юм бэ гэхэд аймаг явах унаа олдоогүй. Тэгээд одоо ирж байна гээд тухайн үед эрүү хавдсан байсан. Зургийг нь барьж ирсэн. Би үзлэг хийхэд хацар орчмын хавдар алга болсон байсан. Салстын шарх зүгээр байсан. Тэмтэрч үзэхэд буйлны гадна дотор талд хөндүүртэй байсан, тогшиж үзэхэд мэдрэг буюу өвдөлттэй байсан. Баруун талын эрүүний Соёо, 1-р бага араа 2-р бага араа хөдөлгөөнтэй байсан. 1-р бага араа нь хамгийн их хөдөлгөөнтэй байсан. Нийт 3 шүд хөдөлж байсан. Салст, ам ангайлт болон ойр орчмын зөөлөн эд зүгээр байсан. Гаднаас харагдахад ямар нэгэн шарх сорви байгаагүй. Үзлэг хийгээд дууссаны дараа тухайн хүнд амбулаторийн карт байгаагүй учир бичгийн цаасан дээр шинж тэмдэг зовиур бичээд тамга дараад явуулсан . /хх-ийн 34 дэх тал/

Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Ханхонгор сум Жаргалант баг Хүүш гэх газарт манай зуслан байдаг юм. А гэдэг айл манайхаас хойш 1 км хүрэхгүй шахуу газар байдаг. 2021 оны 07 сарын 04-ний өглөө 09 цагийн үед манай нөхөр Х хониндоо явсан. Тэгээд 17 цагийн үед бороонд норсон байдалтай ирсэн. Тэгээд цайгаа уугаад хувцсаа солиод буцаад 18 цагийн үед явсан. Орой хоньтойгоо ирэхдээ А гэдэг хүн намайг зодчихлоо гэж ирсэн. Малгайтай цамцны энгэр нь урагдсан эрүү нь хавдаж шалбарсан, хоёр шүд их хөдөлгөөнтэй завжны дотор тал урагдсан шүд өвдөөд байна гэхээр нь би өвчин намдаах эм өгөөд хавдартай хэсэгт нь төмсний зузаан хальс тавьж боосон. Хоёулаа очъё гэж хэлсэн чинь Х яах юм бэ хэрүүл хийгээд дэмий гэж хэлээд тэгээд очоогүй. А согтуу байсан юм уу гэж асуухад эрүүл байсан гэж хэлсэн. Тэгээд би өөрийн гар утсаар Дарханаа ахад үзүүлэх гээд утсаараа зургийг нь  дарж авсан юм. /хх-ийн 36 дахь тал/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг, Зүүн сайханы энгэрт байдаг юм. А манайтай саахалт айл байгаа юм. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед манайд А эхнэртэйгээ хамт ирээд цай ууж сууж байгаад А малын бэлчээрээс болж; маргалдаж Хыг 1-2 удаа цохьсон. Тэгсэн сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн талаараа надад хэлсэн. /хх-ийн 38 дахь тал/

Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Ханхонгор сум Жаргалант баг Зүүн хуудас гэх газарт Г гэдэг айлаас адуу сурахаар 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр очсон. Тэгсэн Гын эхнэр Цэцэг гэдэг хүн гэртээ ганцаараа байсан. Тэгээд би адуу сураад ойр зуур юм яриад сууж байгаад Цэцэг эгч надад А гэдэг хүн Хыг мотоциклоор мөргөж унагаагаад 2 удаа сайн цохьсон гэж хэллээ. Тэр үнэн юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй ойрд тэр айлаар очоогүй болохоор сайн мэдэхгүй гэж хэлсэн. /хх-ийн 40 дэх тал/

Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой би хотод ажилтай явж байхад Дүү Х 20-21 цагийн хооронд 98379988 дугаараас миний 80240808 дугаар руу залгаад А намайг малгайтай цамцны малгайнаас доошоо дарж байгаад нүүр рүү өшиглөж цохьсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунаас болж тэгж цохиж байгаа юм бэ гэхэд мал нийлүүлснээс боллоо гэсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирээд юу болсон талаар асуусан чинь Х надад А намайг мотоцикльтой мөргөөд өшиглөж зодсон гэж хэлсэн. /хх-ийн 44 дэх тал/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт Жаргалант гэх газарт зуслан дээр байдаг. Манайхаас урагш 500 метр хүрэхгүй газарт Х гэдэг айл байдаг. Тэдний мал байнга манай малтай нийлдэг байсан. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Х гэдэг айлын малтай манай мал нийлсэн. Тэгээд Х мал тууж ирж байсан. Би гэрээс гараад ирэхэд хотны захад мотоцикльтой зэрэгцээд зогсчихсон А, Хын малгайтай цамцнаас татчихсан, Х Аын энгэрээс татсан зогсож байсан. Тэгээд би тэр хэд рүү явж байхад охин Аын ард сууж байгаад буугаад салгасан. Би охинтойгоо малаа ялгаад эхэлсэн. Х, А хоёр хоорондоо юм яриад сууж байгаад хүрч ирээд малаа ялгалцсан. /хх-ийн 59 дэх тал

Насан хүрээгүй гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 02-ны орой гэрт кино үзээд сууж байсан чинь аав “мал айлын малтай нийлсэн байна хамт явъя гэсэн. Тэгээд аавын мотоциклийн ард суугаад мал руугаа явсан. Мал дээрээ очиход Х ах мал дээр ирсэн. Манай гэр рүү тууж явсан. Тэгээд аав бид хоёр бас хамт малаа туугаад гэрийн гадаа ирсэн. Х мотоцикльтой зогсож байхад аав бид хоёр мотоцикльтой хажууд нь очоод зогсох гэсэн чинь замын ховил таараад гулгаад тулаад зогссон. Тэгээд аав бид хоёр мотоциклоосоо буугаад аав Х ах руу очсон. Мотоцикль дээрээ сууж байхад нь малгайтай цамцны малгайнаас татаад буугаад ир чи гэж хэлсэн. Тэгсэн Х аавын дээлийн захаас татсан. Би аавын гараас татаад боль боль гэж хэлсэн. Тэгсэн ээж гэрээс гарч ирээд наадахаа тавь тавь хурдхан шиг малаа ялгая гэж хэлээд би ээжтэй хамт малаа ялгахаар мал руу явсан. Араас аав Х ах хоёр ирээд бид хэд малаа ялгасан. Тэгээд явсан. /хх-ийн 62 дахь тал/

Хохирогч гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Асуулт: Өмнөговь аймаг Ханхонгор сум Жаргалант баг Жаргалант гэх газарт 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр юу болсон талаар үнэн зөв тодорхой ярина уу?

Хариулт: А гэдэг айл манайхаас хойш 500 метр хүрэхгүй газар байдаг. Өмнө өдөр нь манай эхнэрийн дүүд утсаар А залгаж Хүдрээгийн нэг хонь байна гэж хэлээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд Би хонио хариулангаа замаараа А гэдэг айлд очсон чинь А гэдэг айл хонио ноосолж байсан. …Би буцаад мал дээрээ очиход манай мал Аын малтай нийлсэн байсан. Тэгсэн Атай таарсан. Тэгсэн А малаа харахгүй яасан юм гэж намайг загнасан. Баларсан юм аа гэж хэлсэн. Тэгээд чи малаа гэр рүү туугаад явж бай би гэрээс хүүхэд аваад ирье гээд явсан. Би малыг нь туугаад Аын гэрт ойрхон ирсэн байсан. Тэгсэн А нэг хүүхдээ сундлаад мотоцикльтой ирсэн. Би мотоциклоо нормалдаад мотоцикль дээрээ суугаад байж байсан чинь А ардаа охиноо сундалсан мотоцикльтойгоо зүүн талаас ирээд мөргөсөн. Би мотоцикльтойгоо баруун тал руугаа унасан. Тэгээд А ардаа байсан охиноо бууж бай гэж хэлээд мотоциклоо данхраадаж тавьчихаад над дээр хүрээд ирсэн. Би мотоциклоо босгох гэж байсан. Тэгсэн А миний малгайтай цамцны малгайнаас татаад баруун гараараа шанаа тус газар руу нэг цохьсон. Намайг тонгойход миний толгойны орой хэсэг рүү гараараа цохьсон. Тэгсэн эхнэр хүүхэд нь ирээд боль гэж салгах гээд Аыг барьж авсан чинь А энэ мууг алаад хаячихад надад 600.000.000 төгрөг байна. Алаад хаячихад 3 жил явна гээд миний малгайтай цамцны малгайнаас доошоо дарахад би тонгойсон чинь зүүн талаас эрүү рүү өшиглөсөн. Тэгээд би өөдөө болсон чинь зүүн талын шанаа руу гараараа нэг цохьсон. Тэгсэн эхнэр нь наана чинь ямар ч буруу байхгүй эхнэрт нь буруу байгаа гэж хэлсэн. Тэгсэн А энэ мууд байгаа үүнийг алаад хаячихъя гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нь дагуулж явсан охинтойгоо хамт мал ялгах гээд явсан. А ах одоо больё гэж хэлсэн чинь битгий хуц пизда минь гээд салаавч өгөөд чи намайг ямар их дээрэлхдэг хулгайч вэ гээд өшиглөж цохих гэж хөөгөөд чамайг би энэ нутгаас хөөж явуулна. Энэ миний нутаг гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь ахаа одоо больё гээд хөөж туугдаж байгаад одоо ах больё гээд хэлсэн А суугаад тамхи татсан. Тэгэхээр нь би хажууд нь очиж суугаад одоо больё ах малаа ялгаж авъя. Надад бас буруу байгаа байх. Таны ч бас буруу байгаа байх гэж хэлээд очиж малаа ялгасан. Тэгсэн нэг газрын зоо заагаад энэ зоог гаталж малаа гаргаж ирсэн байх юм бол ална шүү малаа гаргаад үзээрэй ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу ч дуугараагүй малаа туугаад гэр рүүгээ явсан. Тэгээд би багтай маск өмсөөд гэртээ очоод эхнэртээ манай мал Аын малтай нийлсэн байна гэж хэлсэн чинь эхнэр чи малаа наашаа дараагүй юм уу гэж асуусан чинь дарсан боловч очоод нийлсэн байна гэж хэлээд маскаа авсан чинь эхнэр чиний наад эрүү чинь яасан юм гэж асуусан. Тэгэхээр нь А намайг эрүүн тус газар руу өшиглөж зодсон гэсэн. 2 араа 1 шүд хачин хөдөлгөөнтэй байсан. Тэгээд толгой өвдөөд байхаар нь би өвчин намдаах эм байна уу гэж асуугаад нэг эм өгөхөөр нь тэр эмийг нь уугаад хэвтсэн.

Асуулт: Та өмнө Атай маргалдаж хэрэлдэж зодолдож байсан уу?

Хариулт: 2021 оны 07 дугаар сарын 02-нд байх. Цагаан хайрхан гэдэг газар манай мал бэлчиж явахад би урд толгод дээр сууж байсан чинь доороос А машинтайгаа өгсөж гарч ирээд сигналдаад манай малыг хөөсөн. Тэгээд намайг дуудахаар нь би очсон. Тэгсэн чинь эхнэр нь бэлчээрээр шахаад байх юм. Цаашаа явуулж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зүүн тал руугаа ногоо байхгүй, зохицоод идье гэж хэлсэн. Тэгсэн Аын эхнэр тэр эхнэртээ малаа наашаа битгий явуулаад бай хэл амаа татаж яв гэж хэлээрэй гэсэн. Би наад үгээ тэр хүндээ л хэл гэж хэлсэн.

Асуулт: Атай 2021 оны 07 дугаар сарын 04-нөөс хойш уулзсан уу?

Хариулт: 2021 оны 07 дугаар сарын 04-нөөс хойш 2 хоногийн дараа байх. А эхнэртэйгээ бэлчээр дээр байхад нь очсон. Аын гэрийн хүн танай нэг хонь манайд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд будаггүй хонь байна гэж хэлсэн. Тэгээд урд толгойд сууж байсан чинь А над дээр ирээд танай нэг өттэй ишиг байна гээд хэлсэн. Тэгэхээр нь би очиж үзээд нөгөө ишгээ аваад тэврээд явж байсан чинь Аын эхнэр Ууганаа надад ишгээ өгчихөөд явж хонио барь гэж хэлсэн. Тэгээд би ишгээ өгчихөөд хонио бариад явж байсан чинь А мотоцикльтой ирээд хонио бариад ард суучих гэхээр нь би хонио бариад ард нь суугаад өөрийн хонины захад аваачиж тавьсан.

Б.Ааас асуулт: 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг Ханхонгор сум Жаргалант гэх газар юу болсон талаар үнэн зөв тодорхой ярина уу?

Б.А хариулт: 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манайх хонио ноосолж байсан чинь Х хэдэн хонь барьж өгчихөөд явсан.

Б.Ааас асуулт: Хтай хэзээ хаана яаж маргалдсан бэ? Хын бие эрх чөлөөнд халдсан уу? Х таны бие эрх чөлөөнд халдсан УУ?

Б.А хариулт: 2021 оны 07 дугаар сарын 02-ны 19 цагийн үед Өмнөговь аймаг Ханхонгор сум Жаргалант баг Жаргалант гэх газар гэрийн баруун жалганд Хын малтай манай мал нийлсэн байсан. Тэгэхээр нь би гэрээсээ хүүхдээ авах гээд буцаад гэр рүүгээ явж байсан чинь Х мотоцикльтой ганцаараа гараад ирсэн. Тэгэхээр нь би малаа гэр рүү тууж бай гээд би гэрээс Хонгорзул охиноо аваад буцаад мал дээрээ очоод малаа тууж байгаад Хыг мотоцикльтойгоо зогсож байхад нь би мотоцикльтойгоо Хын хажууд очоод тормослосон чинь бороо орсон байсан тул гулгаж очоод урд дугуй Хын мотоциклийн урд өвдөгний хамгаалалтыг хүрээд зогссон. Тэгсэн Х цаашаа хазайгаад зогссон. Тэгээд би мотоциклоо данхраадаад тавиад Хын малгайтай цамцнаас татаад чи буугаад ир гээд хэлсэн. Өдрийн хэдэн удаа малаа нийлүүлдэг юм бэ гээд татсан. Тэгсэн охин Хонгорзул боль боль гээд эхнэр цаанаас боль боль гээд харанхуй болохоос өмнө малаа ялгая гэж хэлсэн. Тэгээд очоод малаа ялгасан.

Б.А асуулт: 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хын мал танай малтай нийлсэн үү? Тэр өдрийн сар өдрийг яаж санаж байгаа юм бэ?

Б.А хариулт: 2021 оны 07 дугаар сарын 01-нд Хонгорзул, Ариунцэцэг хоёрт ковид 19-н вакцин хийлгэсэн юм. Тэгээд маргааш нь Хын малтай манай мал нийлсэн.

Ц.Х асуулт: Та Аын дээр мэдүүлснийг сонслоо 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Атай уулзаж мотоцикль хальтирч шүргэж зогссон гэж байна. Энэ өдөр тийм юм болсон уу. Та 2021 оны 07 дугаар сарын 04-нд болсон гэдгийг яаж мэдэж байгаа вэ?

Ц.Х: Энэ үйл явдал 2021 оны 07 дугаар сарын 04-нд болсон үйл явдал байгаа юм. Миний мотоциклийг мөргөж зогссон. Шаварт хальтрахаар тийм хэмжээний бороо ороогүй. 2021 оны 07 дугаар сарын 02-нд ямар нэгэн асуудал болоогүй. 2021 оны 07 дугаар сарын 04-нд зодуулаад гэртээ ирээд өөрийн 98379988 дугаартай гэрийн Жи-мобайлын утсаар ах 80240808 дугаар руу залгаад намайг дээрэлхээд зодсон гэж хэлсэн. Тэгсэн ах тийм уу очиж байгаад болъё гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Самсунг S4 маркийн гар утсаар өөрийнхөө зургийг дарж авсан. Тэр он сар өдөр байгаа юм.

Б.А асуулт: Та Хын мэдүүлэг сонслоо. 2021 оны 07 дугаар сарын 04-нд цохиж бие эрх чөлөөнд нь халдсан уу? Маргалдаж муудалцсан уу?

Б.А хариулт: 2021 оны 07 дугаар сарын 04-нд би Хыг цохиогүй. Цохьсон гэж худлаа ярьж байна.

Оролцогчоос асуулт байна уу гэхэд Ц.Х надад асуух асуулт байна:

Асуулт: 2021 оны 07 дугаар сарын 04-нд А гэдэг хүн намайг мөргөөд унагачихаад унагаагүй гээд цохьчихоод цохиогүй гээд яагаад худлаа яриад байгаа юм бэ?

Хариулт: 2021 оны 07 дугаар сарын 04-нд цохиж зодоогүй ээ, мөргөөгүй. 2021 оны 07 дугаар сарын 02-нд шүргээд зогссон. /хх-ийн 66-70 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Хын биед тархины доргилт, 44, 45-р шүдний доргилт, баруун хацар, завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4,1 заалтаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 76 -77 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Хын 2021.07.23-ны Өмнөговь аймгийн БОЭТ-н КТГ-н дүгнэлтэнд тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь 2021.07.24-ны өдрийн шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан 370 дугаартай дүгнэлтэд заасан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Ц.Хын 2021.07.23-ны өдрийн Өмнөговь аймгийн БОЭТ-н КТГ-н дүгнэлтэд тогтоогдсон тархи доргилт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 2021.07.09-ний Шим билиг ӨЭМТ-н эмч А.Аын үзлэгт дурдсан 43-р шүдний сулрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Ц.Хын биед учирсан 43-р шүдний сулрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 82 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-тйн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 259 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Малгайтай ноосон цамц 20.000 төгрөг /хх-ийн 117 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 754 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Хын биед эрүү, баруун завж хэсэгт цус хуралт, уруул завжны дотор салстад язарсан шарх, 43,44,45-р шүд хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. Д.Хын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Хын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өмнөговь        аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 431 дугаартай нэмэлт дүгнэлтүүд гаргах үед үзүүлэгчид тархи доргилт оношлогдох боломжгүй. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 370 дугаартай дүгнэлтэд тусгагдсан тархи доргилтоос бусад гэмтлүүдийн гэмтлийн зэрэг үндэслэлтэй, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 431 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 92-93 дахь тал/

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тархи доргилт гэмтэл хөдөлмөрийн чадвар алдагдуулах шалгуур үзүүлэлтэд үнэлдэггүй. Харин Эрүүл мэндийн хугацаа түр сарниулах гэсэн шалгуур үзүүлэлтээр гардаг. 2021 оны 07 дугаар сарын 24-нд Үзлэгээр дагзны булчингийн хөшингө шинж тэмдэг илэрч байсан тул тархины доргилт гэж дүгнэсэн. Дараа нь нэмэлтээр гаргасан Б.Баярхүү эмчийн томограффикийн дүгнэлтэд бас тархины доргилт гэж дүгнэсэн бөгөөд дүгнэлт зөрөөгүй байна. Амбулаторийн эмчийн картад 43, 44, 45 дугаар шүд хөдөлгөөнтэй гэсэн байсан боловч миний үзлэгээр 43 дугаар шүдэнд хөдөлгөөн байгаагүй. 44, 45 дугаар шүд хөдөлгөөнтэй байсан. Шүдний доргилт нь шүдний хөнгөн зэрэгт хамаарна. 2 шүд болон 3 шүд байсан ялгаа байхгүй. Баруун хацар, завжны зөөлөн эдийн гэмтэл, 44, 45-р шүдний гэмтэлтэй нэг үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой байрлалын хувьд харалдаа гэмтлүүд юм. Гэмтлийн зэргийг тусад нь тогтоох ач холбогдолгүй.

Шинжээч С.Шүрцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Баруун хацар, завжны зөөлөн эдийн гэмтэл, 44, 45-р шүдний гэмтэлтэй нэг үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой байрлалын хувьд харалдаа гэмтлүүд юм. Гэмтлийн зэргийг тусад нь тогтоох ач холбогдолгүй. /хх-ийн 127 дахь тал/

Шинжээч Б.Баярхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тархи доргилт гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. С.Шүрцэцэг эмчийн дүгнэлтэд үзлэгээр тархи доргилт гэмтлийг тогтоон үзэж дараагийн дүгнэлтэд томограффикийн шинжилгээгээр батлагдаж тархи доргилт гэмтлийг оруулсан байна. Баруун хацар, завжны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, салстын язралт гэмтэл, 44, 45 дугаар шүдний гэмтэлтэй нэг үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл, гэмтлийн зэргийг тусад нь тогтоох ач холбогдолгүй. ...Тархи доргилт гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. С.Шүрцэцэг эмчийн дүгнэлтэд үзлэгээр тархи доргилт гэмтлийг тогтоон үзэж дараагийн дүгнэлтэд томограффикийн шинжилгээгээр батлагдаж тархи доргилт гэмтлийг оруулсан байна. Баруун хацар, завжны зөөлөн эдийн гэмтэл, 44, 45-р шүдний гэмтэлтэй нэг үйлчлэлийн улмаас үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл бөгөөд гэмтлийн зэргийг тусад нь тогтоох ач холбогдолгүй. Гэмтлийн зэргийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 106, 130 дахь тал/

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 04-нд Ц.Хын малтай манай мал нийлсэн. Тэгээд Ц.Хтай маргалдсан. Бид хоёр барилцаж аваад малгайтай цамцнаас буугаад ир гэж татсан. Ц.Хын толгой хэсэг рүү цохьсон. Х мотоциклоосоо бууж ирээгүй. Тэгээд би очиж малаа ялгасан. Мөргөж зогсоогүй. Зөв талаас нь очиход шаварт хальтраад шүргэж зогссон. Тэгсэн Х мотоцикльтойгоо баруун тал руугаа хазайгаад хөлөөрөө тулаад зогссон. Гараараа нүүр тус газар руу нь нэг цохиход бий болсон байх. Манай гэрийн зүг рүү Хын мал өдөр болгон ирж нийлдэг. Тухайн үед уур хүрээд маргалдсан. Ц.Хыг цохьсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 147-148 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09 дэх тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 154 дэх тал/

Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 172 дахь тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 180-181 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 165 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Ц.Х, шүүгдэгч Б.А нар нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүш гэх газарт “мал нийлүүллээ” гэх шалтгаанаар маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Хын биед халдсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогч Ц.Хын: 2021 оны 07 дугаар сарын 04-ний орой малаа эргүүлэх гээд мал дээрээ очиход Аын малтай нийлсэн байсан. А гэдэг айл руу малаа туугаад явж байсан чинь А мотоцикльтой хүрч ирээд зүүн талаас мөргөөд унагаасан. Тэгээд би босоод мотоциклоо босгох гэж байхад А чи яагаад байгаа юм гэж ирээд миний шанаа руу гараа 2-3 удаа цохьсон. /хх-ийн 30 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Эын: …Орой хоньтойгоо ирэхдээ А гэдэг хүн намайг зодчихлоо гэж ирсэн. Малгайтай цамцны энгэр нь урагдсан эрүү нь хавдаж шалбарсан, хоёр шүд их хөдөлгөөнтэй завжны дотор тал урагдсан шүд өвдөөд байна гэхээр нь би өвчин намдаах эм өгөөд хавдартай хэсэгт нь төмсний зузаан хальс тавьж боосон. /хх-ийн 36 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Гын: 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед манайд А эхнэртэйгээ хамт ирээд цай ууж сууж байгаад А малын бэлчээрээс болж; маргалдаж Хыг 1-2 удаа цохьсон. Тэгсэн сумын хэсгийн төлөөлөгч над руу залгаад хүрээд ир гэж хэлсэн талаараа надад хэлсэн. /хх-ийн 38 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Д-ын: …А намайг малгайтай цамцны малгайнаас доошоо дарж байгаад нүүр рүү өшиглөж цохьсон гэж хэлсэн. ... 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирээд юу болсон талаар асуусан чинь Х надад А намайг мотоцикльтой мөргөөд өшиглөж зодсон гэж хэлсэн. /хх-ийн 44 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.У-ийн: …Би гэрээс гараад ирэхэд хотны захад мотоцикльтой зэрэгцээд зогсчихсон А, Хын малгайтай цамцнаас татчихсан, Х Аын энгэрээс татсан зогсож байсан. /хх-ийн 59 дэх тал

Насан хүрээгүй гэрч А.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Мотоцикль дээрээ сууж байхад нь малгайтай цамцны малгайнаас татаад буугаад ир чи гэж хэлсэн. Тэгсэн Х аавын дээлийн захаас татсан. /хх-ийн 62 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Хын эрүүл мэндэд эрүү, завж хэсэгт цус хуралт, уруул завжны дотор салстад язарсан шарх, 43, 44, 45 дугаар шүдэнд доргилт бүхий хөнгөн учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч Ц.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: … эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж, мөн явсан зардал нийтдээ 353.090 төгрөгийн зардал гарч хохирсон. Мөн 500.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан. Нийт 853.090 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. /хх-ийн 30 дахь тал/, хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ... нийт 779.370 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 259.370 төгрөгийн баримт хэрэгт байгаа. Мөн цамцны мөнгө 20.000 төгрөг, өмгөөллийн зардал 500.000 төгрөг байгаа гэх тайлбарыг гаргав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Хт хөнгөн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, хохирогчид учирсан гэмтэлтэй холбогдуулж эмчилгээ хийлгэсэн зардлын баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 269.370 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Хт олгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт ...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Хохирогч Ц.Хт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал нь хор уршигт тооцогдох тул хохирогч Ц.Хын нэхэмжлэлээс нийт 269.370 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Б.Ааас гаргуулан олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөх санал хүсэлтийг гаргаж, түр завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан хэдий ч гэм буруутай этгээдээс гаргуулж болохгүй гэсэн үг биш. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т ...өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахаар хуульчилсан гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэдэгт мөрдөгч, прокурор, шүүх өөрийн санаачилгаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан, өөрийн санаачилгаар өмгөөлөгч томилсонтой холбоотой гарсан зардлуудыг төр хариуцахаар хуульчилсан тул иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүх нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу өмгөөлөгчийн төлбөр 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хавтаст хэрэгт ирүүлсэн хохирол төлбөрийн баримтаас маскны үнэ 10.000 төгрөгийн баримт нь хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардал биш байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Аын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 165 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18 дахь тал/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 154 дэх тал/, Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 172 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Б.А мал маллаж амьдардаг тул 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Я овгийн Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас 269.370 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Хт олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Б.А биелүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Хын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 510.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Х-т төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА