| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2021/0111/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/23 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: И.Б,
Өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: П.Т,
Өмгөөлөгч: Н.Баатардорж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн И-ийн Б-д холбогдох 2128001960103 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг “Гучин Сүүжийн ус” гэх газарт байх А.Б-ийн гэрт Б.Б-тэй үл ялих зүйлийн улмаас маргаж, Б.Б рүү аяга шидсэний улмаас гэрийн үүдэнд байсан бага насны буюу 3 настай Т.Г-ын толгойн тус газарт онож, биед нь тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Быг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хагассайн өдөр очиж хүнс авна гэсэн. Малд яваад ирэхэд гэрт ирчихсэн байсан. Гэрт орж очоод за яаж явна гэсэн хүнс авах гэж ирлээ гэсэн. Манайх хагассайнд хүнс гаргадаггүй юм. Ер нь намайг жаахан дээрэлхээд байдаг юм. Хүүхдийн эмчилгээний зардлыг яаж ийгээд цаашид өгнө. Хөнгөн шийдэж өгвөл сайн байна. Хөдөө ганцаараа байдаг. Чулуунцэцэг гэдэг хүн манай төрсөн эгч байгаа юм. Тэгээд утсаар ярихаараа хүүхэд цалингийн зээлтэй байрны зээлтэй гээд утсаар дарамтлаад байдаг. Өын ээж нь байгаа юм. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай охины биеийн байдалтай танилцаагүй, өмнөх шүүх хурлаас хойш хохирол төлбөр өгөөгүй. Хамгаалалтын малгай даруй хэрэгтэй байгаа. 8-11 сая төгрөгийн малгайг онлайн худалдаагаар хайж олоод Солонгос улсаас 2.500.000 төгрөгөөр захиалсан байгаа. Ингээд амьдрал ахуйг нь харж үзээд байхад холбогдохгүй байгаа. Дааж давшгүй мөнгө нэхээгүй шүү дээ. Баримттай гарсан зардал 6.000.000 орчим төгрөг гарсан байна. Мөн өмгөөлөгчийн хөлс зэрэг ороод 10.000.000 төгрөгт багтаж байгаа. Үүнийг тийм их мөнгө гэж бодохгүй байна. Миний хүүхдийн биеийн байдалтай танилцаагүй. Үүн дээр гомдолтой байна. Хүүхдэд хүнд гэмтэл учирчихаад байхад шалбархай төдий юм яриад, баримт нотолгоогүй зүйл яриад байна. Энэ хэрэгт хамаагүй зүйл яриад байх юм. Миний байр суурь ийм байна. ...10.000.000 төгрөгөөс 2.500.000 төгрөг төлсөн байгаа. Энэ дүн хасагдана. 7.500.000 төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Н.Өтай 2016 онд танилцаж үерхээд 2017 онд гэр бүл болж Улаанбаатар хотод хамтран амьдрах болсон юм. Бид хоёр 2018 онд охинтой болж миний охин Г төрсөн. ...Манай эхнэр, хүүхэд хоёр хөдөө аав, ээж дээрээ амарч байгаад 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эмээ Эд очиж золгохоор явсан юм байна лээ. Тухайн үед Эгийнх нь Цогт-Овоо сумын нутагт байсан гэсэн. Эмээгийндээ очоод байж байхад нь Н.Ө-ын нагац ах Б нь хүргэн Б болон тэнд байсан хүмүүст уурлаад Б рүү аяга шидсэн чинь гэрийн хаалган дээр очиж хагараад хагарсан аяганы хэсэг нь эргэж ойгоод миний охины толгойг оносон гэсэн. Би өөрөө тухайн үед байгаагүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Эхнэрийн хэлснээр ярьж байна. /хх-ийн 12-13 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч П.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний охин Т.Г нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр И.Бы бусад руу шидсэн аяганд оногдож толгойдоо хүнд гэмтэл авсаны улмаас Улаанбаатар хотод ГССҮТ-ийн тархины тасагт хэвтэж эмчлүүлж эмчилгээ хийлгэж, хагалгаанд орсон. Миний охины эмчилгээний зардал болон Улаанбаатар, Даланзадгадын чиглэлд явсан тээврийн зардал, унаа, хоол хүнсэнд нийт 6 орчим сая төгрөг орсон. Үүн дээр нэмэгдээд цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Мөн хүүхдийн толгой хамгаалах малгай авмаар байна. Энэ малгай нь Монгол улсад хийдэггүй. Америкийн нэгдсэн улсад хийдэг бөгөөд үнийн хувьд монгол мөнгөөр 9-11 сая орчим төгрөгний үнэлгээтэй байдаг юм байна. Эдгээр мөнгийг нэхэмжилж байна. /хх-ийн 16-17 дахь тал/
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Б намайг чи муу төмрийн сэгтэй баян хүн гэх мэтээр дахин өдөөд эхлэхээр нь чамд төмрийн сэг байхгүй юмуу гэж хэлсэн чинь гартаа бариад сууж байсан айрагтай аягаа над руу шидсэн. ...Аягатай айраг гэрийн баруун хаалганы хацавч хэсэгт онож, хагарсан. Аяганы хагархай нь буцаж ойгоод Гын баруун талын духанд оносон. Гын духнаас цус гараад Г орилоод ээж Ө нь уйлаад бөөн орилоон болсон. /хх-ийн 18 дахь тал/
Гэрч Н.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Бид нар очоод гэр рүү орж цай уучихаад гараад ямаа саалцаж байхад эмээ гэр рүү ороод хоол хийсэн. Бид нар ямаа сааж дуусгаад гэрт ороод хоол унд идчихээд байж байхад Б, О нар мотоциклиор хүрээд ирсэн. Б гаднаас ирээд бид нартай мэндэлчихээд гэрт ороод хэсэг юм ярьж суусан. Тэгж байхдаа хүргэн Бийн аймгаас авч очсон айрагнаас ууж сууж байгаад гэнэт та нар баян цатгалан хүмүүс байж намайг тоохгүй байна гэж уурлаад байсан. Тэгээд хүргэн Б рүү дайраад байхаар нь Б гэрээс гараад явсан. Б гэрт байсан. Бид нар руу та нар намайг том жижиггүй тоодоггүй гээд байсан. Тэгж байхад Б гаднаас орж ирээд гэрийн баруун урд талын хаяанд суусан. Тэгсэн чинь Б-ийг янз бүрээр хэлээд бид нарт уурлаад байхаар нь би гэрээс хүүхдээ аваад гарах гээд гэрийн баруун талаар явж байхад тас гэсэн чимээ гарсан. Тэгсэн манай хүүхэд час хийгээд уйлаад эхэлсэн. Би хүүхдээ хөтлөөд гэрээс гараад харсан чинь миний охины баруун талын дух хэсэг цаашаа цөмрөөд орсон байдалтай цус гарч байсан. Би охиныгоо тийм байдалтай байгааг хараад шоконд орсон. Би хүүхдийнхээ цусыг сальфетикаар дараад цусыг нь арчаад зогсож байхад гэр дотор хүмүүс муудалцаад байх шиг байсан. Хэн хэнтэйгээ муудалцсан талаар мэдээгүй. Удалгүй хүргэн Б, эгч О нар гарч ирээд бид нар шууд Цогт-Овоо сум руу явсан. Цогт-Овоо сумын эмнэлэг дээр орой очоод үзүүлсэн чинь эмч нь анхан шатны тусламж үзүүлээд бид нарыг аваад аймаг руу явсан. Аймагт ирээд БОЭТ-ийн хүлээн авах дээр ирж үзүүлэхэд охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд Мэс заслын тасагт хэвтүүлсэн. Маргааш нь манай охины толгойд 4 оёдол тавьж өгсөн. Тэгээд 1 дэх өдрийн өглөө буюу 2021 оны 08 дугаар сарын 09-ний өглөө мэс заслын эмч Батцэнгэл үзээд яаралтай Улаанбаатар яв гэж 13/А маягт хийж өгсөний дагуу охин бид хоёр эгч Оийн хамтаар эмнэлгийн машинаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очоод ГССҮТ-ийн хүлээн авах дээр нь очиход шинжилгээнүүд аваад тэр оройгоо ГССҮТ-ийн тархины тасагт хэвтүүлсэн. Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтээд 3 хоног эмчилгээ хийгээд 4 дэх хоног дээр нь миний охинд тархины хагалгаа хийсэн. Хагалгаа амжилттай болоод охин бид хоёр 8 хоног хэвтэж эмчлүүлээд эмнэлгээс гэртээ гарсан. Гэртээ гараад харъяа дүүргийн эмнэлэг дээр 3 хоногт 1 удаа боолт хийлгэж байгаад оёдлоо авхуулсан юм. /хх-ийн 24-25 дахь тал/
Гэрч И.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: И овогтой Б 1982 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд И 3 дахь хүү болж төрсөн бөгөөд бага насаа ээж Э, эмээ А нарын гар дээр мал аж ахуй эрхэлж өссөн. Ханхонгор сумын ерөнхий боловсролын сургуульд 1990 онд 1 дүгээр ангид орсон боловч эхний 2 сар суугаад сургуулиас гарсан бичиг, үсэг огт мэдэхгүй хүн байгаа юм. Ээж, эмээ нарын хамтаар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт мал маллаж амьдарч байгаад 2013 онд Н гэдэг хүнтэй гэр бүл болж хамт амьдарсан боловч хүүхэд гаргаагүй. Тэр хоёр гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй. Н, Б нар 7-8 жил хамт амьдарч байгаад салсан юм. Одоо Б аминдаа 200 орчим малтай. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт ганц биеэрээ амьдардаг юм. И.Бд 5 ханатай 1 гэр, 4 ханатай гэр байгаа. 200 гаруй мал байгаа 1 мотоцикль, 1 муухан портер машин байх ёстой. Өөр хөрөнгө байхгүй. ...Сүүлд сонсоход аяга шидээд нөгөө аяга нь ээжийн гэрийн хаалгыг онож хагараад манай төрсөн эгчийн охин Өын охин Гын толгойд гэмтэл учруулсан гэж сонссон. /хх-ийн 31 дэх тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Гын биед тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Т.Гын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Т.Гын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 34-35 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Гын биед духны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух ясанд цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Т.Гын биед учирсан гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Т.Гын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 40-41-р хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 34/21 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжээчид тавьсан асуулт: а/ И.Б нь сэтгэл, мэдрэл .Эрүүл мэндийн хувьд эрүүл эсэх? Хэрэв өвчтэй бол ямар өвчтэй вэ? б/ И.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх? в/ Й.Б нь хэрэв сэтгэцийн өвчтэй бол цаашид ямар эмчилгээнд хамрагдах шаардлагатай эсэх. Түүнд өгсөн хариулт, түүний үндэслэл: а/ И.Б нь сэтгэцийн хувьд эрүүл болно. И.Б нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай /хх-ийн 46-р хуудас/
Шүүгдэгч И.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Бага насны хүүхдийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. /хх-ийн 53-р хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай албан тоот /хх-ийн 56-р хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/
Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 81-р хуудас/
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/
Өвчний түүх /хх-ийн 91-101, 103-116-р хуудас/
Хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /хх-ийн 126-127-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч И.Бы үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь:
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдсэн буюу шууд бус санаатайгаар үйлдсэн гэх тайлбар гаргаж байх боловч 2015 оны Эрүүгийн хуулинд гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэх ойлголтын талаар хууль тогтоогч хуульчлаагүй байх бөгөөд хуулинд байхгүй гэм буруугийн хэлбэрийн талаар тайлбарлаж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэх дүгнэлт гаргаж буйг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Өөрөөр хэлвэл санаатай гэмт хэргийн гол шинж нь өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж хүсч үйлдсэн байхаас гадна, хохирол, хор уршигт “зориуд” хүргэсэн байх учиртай.
Шүүгдэгч И.Б нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг “Гучин Сүүжийн ус” гэх газарт байх А.Эгийн гэрт Б.Бтэй үл ялих зүйлийн улмаас маргаж, Б.Б рүү аяга шидсэн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсч үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Б.Б рүү шидсэн аяга нь гэрийн хаалганд онож хагарсан ба хагарсан аяганы хэлтэрхий нь бага насны буюу 3 настай Т.Гын толгойн тус газарт онож, биед нь тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэхүү хүнд гэмтэл, хохирол хор уршгийг “зориуд” учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
“Зориуд” гэх үг нь “Монгол хэлний их тайлбар толь”, Я.Цэвэлийн толь зэрэгт тайлбарласнаар “зорилготойгоор санаатайгаар үйлдэх байдлыг ойлгоно” [1] гэжээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Бы үйлдэлд бага насны хохирогч Т.Гыг хохирол хор уршигт “зориуд” хүргэсэн гэх санаатай гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Тгийн: ...Н.Өын нагац ах Б нь хүргэн Б болон тэнд байсан хүмүүст уурлаад Б рүү аяга шидсэн чинь гэрийн хаалган дээр очиж хагараад хагарсан аяганы хэсэг нь эргэж ойгоод миний охины толгойг оносон гэсэн. /хх-ийн 12-13 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Н.Өын: ...Тэгж байхад Б гаднаас орж ирээд гэрийн баруун урд талын хаяанд суусан. Тэгсэн чинь Бийг янз бүрээр хэлээд бид нарт уурлаад байхаар нь би гэрээс хүүхдээ аваад гарах гээд гэрийн баруун талаар явж байхад тас гэсэн чимээ гарсан. Тэгсэн манай хүүхэд час хийгээд уйлаад эхэлсэн. Би хүүхдээ хөтлөөд гэрээс гараад харсан чинь миний охины баруун талын дух хэсэг цаашаа цөмрөөд орсон байдалтай цус гарч байсан. ...Аяганы хэлтэрхийгээр цохиулаад духны баруун хэсэг дотогшоо цөмөрч гэмтсэн /хх-ийн 24-25 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бийн: ...аягатай айраг гэрийн баруун хаалганы хацавч хэсэгт онож, хагарсан. Аяганы хагархай нь буцаж ойгоод Гын баруун талын духанд оносон /хх-ийн 18 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч И.Бы Б.Б рүү шидсэн аяга гэрийн хаалганд онож хагарч, аяганы хагарсан хэлтэрхий бага насны хохирогч Т.Гын духанд онож гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа авсан гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Улсын яллагчийн яллах дүгнэлтэд шүүгдэгч И.Б нь ...Б.Б рүү аяга шидсэний улмаас гэрийн үүдэнд байсан бага насны буюу 3 настай Т.Гын толгойн тус газарт онож гэмтэл учруулсан гэсэн нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байдлаар бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч И.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Бортээг багийн нутаг “Гучин Сүүжийн ус” гэх газарт байх А.Эгийн гэрт Б.Бтэй үл ялих зүйлийн улмаас маргаж, Б.Б рүү аяга шидэж, шидсэн аяга гэрийн хаалганд онож хагарч, аяганы хагарсан хэлтэрхий бага насны хохирогч Т.Гын духанд онож биед нь тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Бы гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Т.Гд тархи доргилт, баруун талын дух ясны цөмөрсөн хугарал, хуйханд шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хамгаалалтын малгай даруй хэрэгтэй байгаа. 8-11 сая төгрөгийн малгайг онлайн худалдаагаар хайж олоод Солонгос улсаас 2.500.000 төгрөгөөр захиалах боломжтойг судалсан. Баримттай гарсан зардал 6.000.000 орчим төгрөг гарсан байна. Мөн өмгөөлөгчийн хөлс зэрэг ороод нийт 10.000.000 төгрөгт багтаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад И.Б нь 2.500.000 төгрөг төлж барагдуулсан. Үүнийг хасаж тооцож одоо 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 2.500.000 төгрөгийг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар “хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй” боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 7.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлээс өмгөөлөгчийн төлбөр 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бага насны хохирогч Т.Г нь хүнд гэмтэлтэй холбогдуулан эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардал болон хамгаалалтын малгай захиалж авах зардалд нийт 5.500.000 төгрөгийг шүүгдэгч И.Баас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т, бага насны хохирогч Т.Г нарт олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч И.Б нь шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 5.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэх тайлбарыг гаргасан тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч И.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэж, 2 сарын дотор хохирол төлбөр болох 5.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч И.Бы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч И.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч И.Бы хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн...” хх-ийн 67 дахь тал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай албан тоот /хх-ийн 56-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Бд эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх талаар санал гаргаагүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан тул шүүх эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх нь хууль ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн хүний ...бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ гэж заасан.
Эрх гэдэг нь хүнээс төр, нийгэм хүмүүстэй харьцах, түүний эдийн засаг, нийгэмшил, улс төр, соёлын хүрээн дэх зан үйлийн боломж юм.[2]
Мөн “хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй ...байна”[3] гэж Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тунхагласан.
Өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй, хязгаарлалт тогтоогоогүй бүгдийг хүний эрх, эрх чөлөөтэй холбон тайлбарлах ба дээрхээс дүгнэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх эсэх нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой ойлголт гэж үзэв.
Шүүгдэгч И.Б нь тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...шүүгдэгч И.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна гэх дүгнэлт гаргасан боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.
Харин шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байхаар хуульчилжээ.
Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч И.Бы архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа … хугацааг тоолно гэж заасны дагуу шүүгдэгч И.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараагаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолж эхлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн эдлэх эрх хасах ялд хяналт тавьж ажиллахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн шүүгдэгчийн төлбөрийн чадвар, төлөх нөхцөл боломжийг тодруулах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгээгүй учир шүүх торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч И.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлага хангаагүй буюу хохирол төлбөрөө төлөөгүй байгаа байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч И.Бд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Тд 2.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч И.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч А овгийн И Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бы архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бы архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хорих ял эдэлж дууссанаас хойш энэхүү хугацааг тоолох болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Баас 5.500.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т /Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 28-р хороо, ...... тоотод оршин суух, регистрийн дугаар:ГМ/ болон бага насны хохирогч Т.Г нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч И.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэж, 2 сарын дотор хохирол төлбөр болох 5.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бага насны хохирогч Т.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Т нарт 2.500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
[1] “Монгол хэлний их тайлбар толь” УБ.,2016 41 дэх тал