| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0022/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/26 |
| Огноо | 2022-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/26
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Б.А,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Б-ийн А-д холбогдох ........тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг, Хан-Уул тоот гэртээ хамтран амьдрагч А.Аг үснээс зулгаасан гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Аийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой А-ийн ах Э нь эхнэр М-ийн хамт манай гэрт байхад А-ийн найз Т 17 цагийн үед манайд ирсэн. Тэгээд бүгдээрээ хөзөр тоглож байгаад 22 цагийн үед дуусаад Э ах эхнэртэйгээ харихаар явсан. Харин Т, А хоёр дэлгүүр явж “Экс” нэртэй 0.5 литрийн шилтэй архи, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч ирсэн байсан. Би хүүхдээ унтуулчихаад амбаарт гарч ирээд ирээд аяга тавгаа угааж дуусахад А, Т хоёр 0.5 литрийн шилтэй архиа уугаад дуусч байсан. Тэгээд намайг суу гээд одоо амрах гэж байгаа юм чинь үүнийг хуваагаад уучих гээд 2.4 литрийн савтай “Сэнгүр” пиво задалсан. Түүнийг хамт ууж байхад А гэртээ орсон. Би Ттай юм ярьж сууж байгаад 30 орчим минут болсон байх. Гэрт хүүхэд уйлахаар нь ороод хүүхдээ хөхүүлэх гэхэд А газар засчихсан байсан орон дээрээ хөндлөн элгээрээ хэвтчихсэн байхаар нь 2, 3 удаа дуудсан чинь сэрэхгүй байхаар нь толгойныхоо ар хэсэгт боочихсон байсан үснээс нь татаад бос гэсэн чинь А уурлаад яагаад байгаа пизда вэ гээд намайг сууж байхад миний нүүр рүү хоёр удаа цохихоор нь яагаад намайг зодоод байгаа юм бэ гэхэд хүүхэд сэрээд уйлсан. Тэгэхээр нь би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан чинь чигээрээ унтчихсан байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ээжтэйгээ утсаар яриад А намайг зодсон талаар хэлэхэд одоо зодож байгаа юм чинь цаашдаа яах юм, цагдаагийн газар мэдэгд гэхээр нь би цагдаагийн газар дуудлага өгсөн. Зодуулсан дараагаар баруун нүд хөхөрч, цус хуралттай, хавдсан байсан. Одоо бол ямар нэгэн зовиургүй болсон. /хх-ийн 10-11, 13 дахь тал/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...А орон дээрээс босоод Агийн гараас татаад газар зассан ор руу суулгахдаа нүүр рүү нь цохьчих шиг болсон. Тухайн үед би хүүхэд тэвэрчихсэн байсан болохоороо хүүхдийг нь гялс газар зассан байсан орон дээр тавиад Аийг боль гэж хэлсэн. Тэгэхэд А гэрээс гарч явсан. Харин А хүүхдийнхээ хажуугаар ороод хэвтэж байсан. Тэгээд би орондоо ороод унтсан. 2021 оны 12 дугаарын 19-ний өглөө босоод Аээр хүргүүлэхдээ харахад Агийн зүүн билүү баруун нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. /хх-ийн 15-16 дахь тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Агийн биед 2 нүдний дээд болон доод зовхи, хамрын уг дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 24 -25 дахь тал/
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө бурууг мэдэж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой найз Ттай хамт дэлгүүрээс 0.5 литрийн “Экс” архи, 2.4 литрийн “Нийслэл” пиво аваад гэртээ ирэхэд эхнэр А хүүхдээ унтуулчихсан байсан. Тэгэхээр нь гэрт оролгүй үүдний амбаартаа Ттай хамт 0.5 литрийн “Экс” архийг уугаад сууж байхад эхнэр А гэрээс гараад ирсэн. Би Ттай хамт 0.5 литрийн архиа ууж дуусгаад гэртээ ороод хүүхдийнхээ дэргэд унтаж байхад эхнэр үснээс татаж сэрээсэн. Тэгэхээр нь би уурлаад босч ирээд эхнэрээ яаж дуудаад байгаа юм бэ, зүгээр дуудчихаж болдоггүй юм уу гэхэд эхнэр А “чамайг оронд чинь оруулах гэж байна” гэж хэлээд танайхан, манайхан гээд хэрүүл хийгээд байхаар нь чи больчих хүүхэд сэрээлээ гэхэд үг авахгүй, надтай хэрэлдэж намайг өшиглөх гэж, самардах гэж дайраад байхаар нь нүүр рүү нь 2 удаа цохьсон. Тэгэхэд А уйлаад суугаад үлдсэн. /хх-ийн 42-43 дахь тал/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 28-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 29 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дэх тал/
201318200 суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 57 дахь тал/
201507365 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 58 дахь тал/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 59-61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч А.А, шүүгдэгч Б.А нар нь 2021 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг, Хан-Уулын 10-5 тоот гэртээ үснээс зулгаасан гэх шалтгаанаар маргалдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Б.А нь хохирогч А.Агийн нүүрэн тус газарт нь гараараа цохьсон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Агийн мэдүүлэгт: ...Гэрт хүүхэд уйлахаар нь ороод хүүхдээ хөхүүлэх гэхэд А газар засчихсан байсан орон дээрээ хөндлөн элгээрээ хэвтчихсэн байхаар нь 2, 3 удаа дуудсан чинь сэрэхгүй байхаар нь толгойныхоо ар хэсэгт боочихсон байсан үснээс нь татаад бос гэсэн чинь А уурлаад яагаад байгаа пизда вэ гээд намайг сууж байхад миний нүүр рүү хоёр удаа цохихоор нь яагаад намайг зодоод байгаа юм бэ гэхэд хүүхэд сэрээд уйлсан. /хх-ийн 10-11, 13 дахь тал/
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...А орон дээрээс босоод Агийн гараас татаад газар зассан ор руу суулгахдаа нүүр рүү нь цохьчих шиг болсон. ...2021 оны 12 дугаарын 19-ний өглөө босоод Аээр хүргүүлэхдээ харахад Агийн зүүн билүү баруун нүд нь хөхөрчихсөн харагдаж байсан. /хх-ийн 15-16 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Агийн эрүүл мэндэд 2 нүдний дээд болон доод зовхи, хамрын уг дахь цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 24 -25 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум 2 дугаар баг, Хан-Уулын 10-5 тоот гэртээ хамтран амьдрагч А.Аг үснээс зулгаасан гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогч А.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нэхэмжлэх зүйлгүй....” гэснээр шүүгдэгч Б.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Аийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 45 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дэх тал/, 201318200 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбарт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг үндэслэн суурь боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 57 дахь тал/, 201507365 дугаартай мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбарт: цахилгаанчин мэргэжил эзэмшсэн тул үнэмлэх олгов /хх-ийн 58 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Б.А нь өөрийгөө өмгөөлж ...хэлэх зүйлгүй гэх тайлбарыг гаргав.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч А.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Я овгийн Б-ийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч А.А хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА