Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02049

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02049

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хороолол, Онол булгант төвийн 103 тоотод байрлах Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 65-р байрны 125 тоотод оршин суух, регистр ЧТ76122960, Боржигон овогт Саранчулууны Насанжаргалд холбогдох  82 697 840 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани С.Насанжаргалтай 2015 оны 2-р сарын 06-ны өдөр ЗГ15/020 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг зээлдүүлсэн.  С.Насанжаргал нь 2017 оны 6-р сарын 30-ны өдөр хүртэлх хуримтлагдсан зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул үндсэн зээл 49 906 580 төгрөг, зээлийн үндсэн хүү 30 218 710 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2 572 550 төгрөг нийт 82 697 840 төгрөгийг түүнээс гаргуулан өгч манай ажилд туслалцаа үзүүлэн барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж 18-р байрны 04 тоот 71.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.  

           Хариуцагч С.Насанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  2015 оны 2-р сарын 06-ны өдөр Кибернетик ББСБ ХХК-тай байраа барьцаалан 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Эхний жил зээлийн хүүгээ төлж байсан боловч сүүлийн  1 жил бизнесийн доголдол болж зээлээ мөн хүүгээ төлөлгүй 82 697 840 төгрөг болсон. Кибернетик ББСБ ХХК-тай харилцан тохирсны дагуу дээрх мөнгийг 2017 оны 10‑р сарын 20-ны дотор төлж барагдуулахаар болсон юм. Төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

           Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Насанжаргалаас 82 697 840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. С.Насанжаргал нь уг төлбөрийг төлөхийг бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ороны сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК нь С.Насанжаргалд холбогдох 82 697 840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

               Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  шатанд  хариуцагч  С.Насанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 82 697 840 төгрөгийг 2017 оны 10‑р сарын 20-нд бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 82 697 840 төгрөгийг 2017 оны 10‑р сарын 20-нд бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч С.Насанжаргал зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Хариуцагч С.Насанжаргал нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж 18-р байрны 04 тоот 71.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  571 440  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 285 720 төгрөг, хариуцагч С.Насанжаргалаас 285 720 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Кибернетик ББСБ ХХК-д олгосугай.

 

            4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА