Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга /Сонгинохайрхан/,

шүүгдэгч Ж.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ж-ын Ж.Ү-д холбогдох эрүүгийн 2108022611520 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Баруун туруу 3-25 тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 650 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Т овогт Ж-ын Ж.Ү /РД: *************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Ү нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” пабаас хохирогч Ж.М-ийн өмчлөлийн Самсунг А-20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол,

-2021 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” зочид буудлын угаагчаар ажиллаж байсан хохирогч Г.У-ийг “гар утсаа өгч байгаач, интернэт банкаар тооцоогоо хийе” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Самсунг А-31 загварын гар утсыг залилан авч 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ү мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

2. Хохирогч Г.У-ийн:

“...2021 оны 10 дугаар сарын 03-наас 2021 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 9 дүгээр хороо “**********” зочид буудалд зохион байгуулагч, угтагчийн ажил хийж байсан. Шөнө 4 цаг өнгөрч байхад Ж.Ү гэх хүн орж ирээд өрөө асуусан. Өрөө байгаа талаар хэлэхэд “нэг өрөө авна, үнэ хэд вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би 45.000 төгрөг гэж хэлсэн чинь тухайн залуу “би мөнгөө интернэт банкаар хийх гэсэн юм, та гар утсаа өгч бай, би интернэт банкийг чинь ашиглаж тооцоогоо хийнэ” гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Самсунг А-31 загварын гар утсаа өгсөн. Тэр залуу надад хандаж “өрөөний мөнгө хийх гэж байна, нэмээд ундаа авъя” гэж асуух үед зөвшөөрч хөргөгч рүү ороод хаалга онгойлгосон чинь хүн гүйх чимээ гарсан. Би эргэж хараад өөрийн гар утсыг авсан залууг харсан чинь байхгүй тэр залуу зугтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

3. “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГД-21-880 дугаар хөрөнгийн үнэлгээний “...Самсунг А-31 загварын гар утсыг 520.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн тайлан /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

4. Шүүгдэгч Ж.Ү-ын:

“...2021 оны 10 дугаар сарын 03-наас 2021 оны 10 дугаар сарын 04-нд шилжих шөнө 03 цагийн үед такси бариад ганцаараа Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “******” нэртэй зочид буудлын гадаа буусан. Би буудал руу ороод буудлын угтагч ажилтанд хандаж “өрөө байгаа юу” гэж асуусан чинь байгаа гэж хэлсэн. Би буудлын угтагч ажилтан Г.У-т хандаж “нэг өрөө авна надад бэлэн мөнгө, утас алга таны гар утасны интернэт банкийг ашиглан тооцоо хийх гэсэн юм” гэхэд надад өөрийн эзэмшлийн Самсунг А-31 загварын гар утсаа өгсөн. Би буудлын эгчид хандаж “ундаа авах гэсэн юм ундааны мөнгө, буудлын өрөөний төлбөрийг хамтад нь таны данс руу хийе” гэж хэлэхэд буудлын эгч цаашаа хөргөгч рүү ундаа авахаар явсан. Тэгэхээр нь би тэр хүний гар утсыг аваад гараад гүйсэн чинь утасны эзэн миний араас хөөсөн. Намайг зугтаад явж байхад урдаас эргүүлийн цагдаа гарч ирээд намайг бариад авсан... би өөрийн хийсэн зүйлдээ маш ихээр гэмшиж байна дахиж ийм үйлдэл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

5. Гэрлэсний, үл хөдлөх хөрөнгийн, иргэний үнэмлэхийн улсын бүртгэлийн лавлагаанууд /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох албан бичиг, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 35-40 дахь тал/,

7. Хохирогч Ж.М-ийн:

“...2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хорооллын 1000 нэрийн дэлгүүрийн урд байрлах интернэт тоглоомын газарт цагаар тоглож байхад Ж.Ү гэж өөрийгөө танилцуулж байсан эрэгтэйтэй танилцсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ээж” гэх нэртэй интернэт тоглоомын газар тоглож байхад надтай урд өдөр нь танилцсан Ж.Ү гэх эрэгтэйтэй дахин тааралдаад уг тоглоомын газраас гарах гээд тооцоо хийх болсон тэгэхэд Ж.Ү надад “бэлэн мөнгө байна би тооцоог чинь хийчихье харин чи миний Хаан банкны данс руу шилжүүлчих” гэхээр нь ************ тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд тоглоомын газраас хамт гараад “********” гэх зоогийн газарт хамт ороод 4 ширхэг лаазтай пиво аваад үйлчлүүлж суухдаа би уг зоогийн газрын ажилтан эмэгтэйд утсаа өгөөд цэнэглүүлчхээд ариун цэврийн өрөө орчхоод гараад ирэхэд миний Самсунг А-20 загварын гар утсыг Ж.Ү текен дээр байсан эмэгтэйд “ахын утсыг өгч бай” гэж хэлээд аваад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дахь тал/,

 8. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

9. Шүүгдэгч Ж.Ү-ын:

“...Уг үйлдлээ зөвшөөрч байна мөн Баянгол дүүрэг дэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Ү-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ж.Ү нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.М-д 390.000 төгрөгийн хохирол, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Г.У-т 520.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах, Ж.Үаас 390.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.М-д олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Ү-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.Ү нь:

- 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” пабаас хохирогч Ж.М-ийн өмчлөлийн Самсунг А-20 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгийн хохирол,

- 2021 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” зочид буудлын угаагчаар ажиллаж байсан хохирогч Г.У-ийг “гар утсаа өгч байгаач, интернэт банкаар тооцоогоо хийе” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Самсунг А-31 загварын гар утсыг залилан авч 520.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь: 

- Хохирогч Ж.М-ийн “...тоглоомын газраас хамт гараад “*******” гэх зоогийн газарт хамт ороод 4 ширхэг лаазтай пиво аваад үйлчлүүлж суухдаа би уг зоогийн газрын ажилтан эмэгтэйд утсаа өгөөд цэнэглүүлчхээд ариун цэврийн өрөө орчхоод гараад ирэхэд миний Самсунг А-20 загварын гар утсыг Ж.Ү текен дээр байсан эмэгтэйд “ахын утсыг өгч бай” гэж хэлээд аваад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Хохирогч Г.У-ийн “...тухайн залуу “би мөнгөө интернэт банкаар хийх гэсэн юм, та гар утсаа өгч бай, би интернэт банкийг чинь ашиглаж тооцоогоо хийнэ” гэж хэлэхээр нь би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Самсунг А-31 загварын гар утсаа өгсөн. ...хүн гүйх чимээ гарсан. Би эргэж хараад өөрийн гар утсыг авсан залууг харсан чинь байхгүй тэр залуу зугтаж байсан...” гэсэн мэдүүлэг,

- “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГД-21-880 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Мөн залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Ү нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Ү-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ут 520.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Ү нь хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байна. Харин хохирогч Ж.М-д 390.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Ү нь хохирол төлбөр төлөөгүй байх тул түүнээс 390.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-д  олгох  нь зүйтэй гэж үзэв.

I. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ж.Ү-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар дээрх ялыг нэмж нэгт шүүгдэгч Ж.Ү-ын биечлэн эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох” гэсэн дүгнэлтийг гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ж.Ү нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Ү-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 570 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Шүүгдэгч Ж.Үа- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ж-ын Ж.Ү нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ж.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 570 /таван зуун далан/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ү-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ү-аас 390.000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-д олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ